Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Монгол улсын төлөө” буландаа ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Гамшиг судлалын төвийн дарга, хошууч Б.Батбаярыг урилаа.
-Саяхан танай байгууллага Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч эрсдэл өндөртэй голын хажууд самбар байрлуулсан. Энэ ажлын судалгааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Манай Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтарч үер усны ослын эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотын Туул голын ай сав орчмын 10 цэгийн усны гүнийг тодорхойлсон. Мөн тухайн цэгийн гурван үгт хаягийг оновчтой сонгох судалгааг өнгөрсөн наймдугаар сард явуулсан байгаа. Ингээд Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн Туул голын ай сав орчмын 10 цэгийн усны гүн болон үерлэсэн үеийг нь тодорхойлохоор Нийслэлийн аврах 105 дугаар ангийн алба хаагчидтай аврах завиар Туул голд хөвж тухайн цэгт аврагч шумбаж, хэмжээст модон сэлүүрээр болон завин дээрээс хэмжээс тэмдэглэсэн олсны үзүүрт хүнд зүйл уяж гүнд хийх зэрэг хоёр аргаар хэмжилтийг тодорхойлсон. Улаанбаатар хотын Туул голын ай сав дагуу Баянзүрх дүүргийн таван цэг, Хан-Уул дүүргийн таван цэгийг сонгож судалгаанд хамруулж, байршлын усны гүнийг тодорхойлсон.
-10 цэгт байршуулсан мэдээллийн самбар хэзээ байршуулсан бэ?
-Судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх инновац болгох хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Туул голын үерлэх, иргэд осолдох эрсдэл өндөртэй 10 цэгт мэдээллийн самбар байршуулах ажлыг өнгөрсөн сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгууллаа. Самбар байрлуулсан нь цаг хугацаа нь тохиромжгүй мэт санагдаж мэднэ. Гэхдээ усны осол зуны улиралд тохиодоггүй. Өвлийн улиралд гол ус цөмрөх эрсдэл гардаг. Тиймээс аль ч цаг үед сонор сэрэмжтэй, мэдээлэлтэй байх хэрэгтэй. Самбарын төсвийг улаан загалмайн байгууллагаас гаргасан. Харин манайхаас мэдээллийг нь бэлтгэсэн. Гамшгийн эрсдлийг бууруулах өдрийг угтаж энэ ажлыг хэрэгжүүлсэн байгаа.
-Байршуулсан самбарт ямар мэдээллүүд багтсан бэ?
-Хамгийн түрүүнд усны ослын статистик мэдээлэл багтсан. Мөн байршил заах гурван үгт хаяг, сэрэмжлүүлэг мэдээлэл бий. Цэг тус бүрийн усны гүний мэдээллүүд орсон. Самбарын мэдээлэл монгол, англи хэл дээр бичигдсэн учраас жуулчид уншиж ойлгох боломжтой. Мөн үерийн усны түвшин хэмжих багана бий. Анхны тусламжийн хайрцагтай, хажууд нь өлгүүр байрлуулсан. Иргэд нэгнийхээ мартсан зүйлийг энд байрлуулах байдлаар ашиглаж болно. Мөн самбарт хүмүүс ямар эрсдэлээс болж усанд энддэг талаар болон жилд дунджаар хэдэн хүн усанд осолддог мэдээллийг оруулсан. Иргэд голын дагуу амарч явахдаа тухайн байршлаа сайн мэддэггүй, алба хаагчдад дуудлага өгөхдөө баримжаа хэлдэг. Тиймээс иргэд байгаа газраа гурван үгт хаягаар мэдэх боломжтой. Үүнийг хэрхэн ашиглах талаар самбартаа оруулсан байгаа. Их ач холбогдолтой ажил болсон, иргэд мэдээлэл авч, үер усны осолд өртөхгүй байх боломжтой. Энэ ажлын үр дүнг жилээр тооцно. Цаашид орон нутагт энэ ажлаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Гурван үгт хаягийн давуу тал юу вэ?
-Тухайн иргэний байгаа байршлыг тодорхой заана. Мөн ашиглахад хялбар. Манайхаас линк явуулахад ашиглаж болно. Өмнө нь иргэд дуудлага өгөхдөө баримжаагаар хэлдэг байсан. Харин одоо байрлуулсан самбарын тусламжтайгаар байгаа газраа мэдэх боломж бүрдсэн. Мөн иргэд хүүхдүүд хэрэглээндээ ашиглах боломжтой. Тухайлбал, хүүхдээ хаана явааг нь энэ апплейкшнээр мэдэж болно.
-Ямар судалгаанд суурилж тус ажлыг хэрэгжүүлэх болов?
-Онцгой байдлын газар нь алба үүргээ гүйцэтгэхээс гадна гамшгийн судалгаа явуулдаг. Энэхүү судалгааны ажлын гол ач холбогдол нь Монгол улсын хэмжээнд усны ослын шалтгаан нөхцлийг тодорхойлж, эрсдэлийг үнэлэн усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлийг гаргахад чухал ач холбогдолтой. Жил бүр үер усны ослоор хүмүүс хохирдог тоо буурахгүй байна. Тухайлбал нийслэл хотын иргэд урин дулааны улиралд голын ойр орчимд аялж амардаг. Тиймээс ихэнх усны осол нь нийслэлд бүртгэгдсэн байна. Манай хүрээлэн өнөөдөр хүртэл 400 гаруй судалгаа хийсэн. Үүнээс 100 орчмыг нь нийтэд мэдээллийг нь хүргэсэн байдаг. Манай судлаачдийн гаргасан усны ослын судалгааны үр дүнд үндэслэж эрсдэлтэй цэгийг тодорхойлсон. Сэрэмжүүлэх самбар нь судалгааны үр дүнгээ нийтийн хүртээл болгоход чухал нөлөөтэй.
-Ер нь үер устай үед тусламж үзүүлэхээс гадна өөр ямар ажил хэрэгжүүлж байна?
-Үер усны сэрэмжлүүлэг мэдээллийг холбогдох байгууллагад нь дамжуулна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл түгээнэ. Манай ОБЕГ жил бүр гол усны дагуу урьдчилан сэргийлэх эргүүл явуулдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)