Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Өнөөдөр бид ямар замаар алхаж, ирээдүй болсон хүүхдүүддээ ямар нийгмийг бүтээж байна вэ. Балчир үрсээ зөвхөн багшид нь даатгаад, анхаарал халамж, цаг зав гаргахгүй байгаа юм биш биз. Энэ асуултыг эцэг эх болсон хүн бүр өөрөөсөө асуух цаг болжээ. Учир нь бага насны хүүхдүүд хэрэгт холбогдож, гэмт хэргийн золиос болж байгаа нь харамсалтай. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон багш нарт үзүүлж буй сэтгэлзүйн эмчилгээ хэр байгаа билээ. Олон улсын жишгийн дагуу сэтгэлзүйчид хүүхэд бүрт хүрч ажиллаж чадаж байгаа бил үү?
Багш нарт ч сэтгэлзүйч хэрэгтэй
Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад өсвөр насны хүүхдүүдийн гэмт хэрэгт холбогдсон байдал 2021 онд 3.7 хувь байсан бол 2022 онд энэ үзүүлэлт 5.4 хувь болж нэмэгджээ. Энэ тоо жилээс жилд өсч байгаа тухай албаны хүмүүс онцолж байсан юм. Тэгвэл өнөөдөр бид ирээдүй болсон өсвөр насны хүүхдүүдээ аливаа эрсдэлээс хэрхэн хамгаалах вэ. Дунд болон ахлах ангийн сурагчдын хувьд өдрийн ихэнх хугацааг сургууль дээрээ өнгөрүүлдэг. Тиймээс сургуулийн зүгээс хараа хяналт тавихаас гадна сэтгэлзүйн онцлогт нь тохирсон зөвлөгөөг өгөх мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулах зайлшгүй шаардлага тулгараад байгааг сүүлийн үед гарч буй хэргүүд нотлоод байна. Хэдийгээр хотын төвийн сургуулиуд энэ орон тоо байдаг ч хотоос зайдуу бүсийн сургуулиуд болон орон нутагт сэтгэлзүйч дутмаг байсаар байгаа юм. Сургуульд мэргэжлийн сэтгэлзүйч ажилласнаар сурагчдын дасан зохицох чадвар нэмэгдэж, эерэг хандлага бий болгон, бэрхшээлийг даван туулах чадварт сургах боломжтой. Ингэснээр хүүхдүүдийн сурах идэвх, сурлагын амжилт ч нэмэгдэнэ гэж Сэтгэлзүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Ариунжаргал онцлов. 1992 оноос хойш сэтгэлзүйч мэргэжлээр МУИС-ийг 600 гаруй оюутан төгссөн бол өдгөө 50 хувь нь л мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн судалгаа гарчээ. Харин МУБИС-ийг 2200 орчим хүн төгссөнөөс 36 хувь нь мэргэжлийн ажлаа хийж байгаа юм байна. Сэтгэлзүйч Б.Батдулам “Би 2006 онд МУИС-ийг төгссөн.Өдгөө мэргэжлээрээ сэтгэлзүйчдийн фирм байгуулаад ажилладаг. Үүнээс өмнө гурван жил хоёр ч ерөнхий боловсролын сургуульд ажилласан. Энэ хугацаанд ихэвчлэн 13-17 насны хүүхдүүдтэй болон багш нартай ажилладаг байлаа. Хүүхдүүдийн хувьд ихэвчлэн орчны дээрэлхэлт, хүүхдүүдийн буруу ойлголт болоод гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар зөвлөгөө авдаг байсан. Харин багш нар хүүхдүүдтэй адил сэтгэлзүйн асуудалтай болчихсон байдаг. Учир нь хүүхдүүдтэйгээ ойлголцохоос гадна ажлын стресс, эцэг эхчүүдийн шахалт их. Тиймээс хүүхдүүдтэйгээ эн тэнцүү багш нарын сэтгэлзүйд анхаарах цаг болсон” гэсэн юм.
Япон, ОХУ-д явуулын сэтгэлзүйчид ажиллаж эхэлжээ
Тэгвэл олон улсад явуулын сэтгэлзүйчдийг ажиллуулах болжээ. Жишээлбэл, Японы ерөнхий боловсролын сургуулиуд явуулын сэтгэлзүйч ажиллуулах болсноор сурагчдаас гадна багш нарын сэтгэлзүйд ч эерэг нөлөө гарсан байна. Явуулын сэтгэлзүйч нь нэг сургууль дээр долоо хоногт хоёр удаа очих хуваарьтай бөгөөд энэ хугацаандаа сурагчид болон багш нарыг сонсож, тохирсон зөвлөгөөг өгдөг бөгөөд хэрэв цаг хүрэлцээгүй тохиолдолд цахим хэлбэрээр эргээд харилцдаг аж. Энэ жишгийг бидний хөрш ОХУ хэрэгжүүлээд эхэлсэн байна. Тиймээс манай улсын хувьд ялангуяа орон нутгийн сургуулиудад явуулын сэтгэлзүйчдийг ажиллуулбал үр дүнтэй арга байж болох юм. Энэ тухай нийслэлийн ерөнхий боловсролын 46 дугаар сургуулийн нийгмийн ажилтан Б.Оюунчимэг “Манай сургуульд сэтэлзүйч гэсэн орон тоо байдаггүй. Өнгөрсөн жил бид Сэтгэлзүйн фирмээс нэг сэтгэлзүйч авч, сард нэг удаа багш нар болон хүүхдүүддээ сургалт, зөвлөгөө өгч үзсэн. Үүний үр дүнд одоогоор манай сургуульд хүүхдүүд болон багш нарт сэтгэлзүйн асуудал гарахгүй байгаа. Тиймээс явуулын сэтгэлзүйчдийг хөгжүүлээд, боловсролын салбарт бодлогын хэмжээнд анхаарвал илүү үр дүн гарах байх” гэв. Үнэхээр өнөөдөр Монгол Улсын хэмжээнд сурагчдаас гадна багш нарын сэтгэлзүйг дэмжих, анхаарал хандуулах шаардлага тулгараад байгаа нь үнэн. Учир нь нэг анги дүүргэлт доод тал нь 38 ба түүнээс дээш 45 хүрдэг. Ажлын хэт их ачааллаас гадна хүүхдүүд болон эцэг эхчүүдтэй нь ойлголцохоос эхлээд багш нарт бухимдах, стресстэх асуудал тулгардаг. Тиймээс сургууль бүрт сэтгэлзүйч ажиллуулж чаддаггүй юм гэхэд явуулын сэтгэлзүйчдийг ажиллуулаад хэвшчихвэл сурагч, багш, эцэг эхийн хоорондох хамгийн зөв гүүр болох юм гэж нийгмийн ажилтан Б.Оюунчимэг онцоллоо.
Кейс 1
-Би ерөнхий боловсролын сургуульд математикийн багшаар ажилладаг. Ихэвчлэн дунд ангийнханд хичээл ордог. Мэдээж бидний хувьд хичээлээ заахаас гадна бичиг цаасны ажил хэтэрхий их. Мөн өсвөр насныхантай харилцахад тун хэцүү. Өөдөөс бүгд л хүүхдийн эрх ярьж, утсаа барьдаг болчихсон үе. Үнэндээ хичээлийн шаардлага тавихад хүлээж авахгүйгээс шалтгаалаад үл ойлголцол гарах үе ч байна. Энэ үед мэдээж багш хүн өөрийгөө барьж, аль болох эвээр ойлголцохыг чухалчилдаг.
Кейс 2
-Би долдугаар ангид сурдаг. Үеийнхнээсээ нуруугаар намхан учир ангийнхан маань үргэлж шоолдог. Надаас гадна хоёр ч намхан хүүхэд байдаг юм. Бүгд л бидэнд таагүй хандаж, дорд үзэж буй мэдрэмж төрдөг. Үүнээс болоод хааяа хичээлдээ явмааргүй санагддагаа ээждээ хэлсэн ч хичээлээ тасалж болохгүй, хөвгүүд ахлах ангид ороод өсдөг гэж хэлсэн. Хэрэв жаахан өндөр болчихвол ангийнхан маань гадуурхахгүй байх гэж бодож байна.
Кейс 3
-Би бага ангийн багш мэргэжилтэй. Одоогоор хоёрдугаар анги дааж авсан. Манай анги нийт 43 хүүхэдтэй. Дөнгөж долоон настай хүүхдүүд учир мэдээж миний үгэнд орж, томоотой сууна гэж байхгүй. Гэхдээ ажилдаа дуртай учир тэр их чимээ шуугиан, стрессийг аль болох тэвчиж, хичээлээ заахыг хүсдэг. Хүүхдүүдээс гадна манай эцэг эхчүүдэд их учир бий. Аав ээжийн шахалт л хэцүү санагддаг. Энэ олон хүүхдийн аав, ээжтэй ойлголцож, санал хүсэлтийг нь биелүүлэх их хэцүү.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Сэтгэлзүйч Т.Баяржаргал: Орон нутгийн сургуулиудад мэргэжлийн сэтгэлзүйч дутмаг
-Хүүхдийн сэтгэл зүй өсвөр насанд өөрчлөгддөг. Сэтгэл хөдлөл, зан үйлийн хариу урвалууд гэж бий. Үүнийг л эцэг, эх зөвөөр ойлгож, чиглүүлж чадвал хүүхэд ямар нэг асуудалгүй энэ үеэ давчихдаг. Харин сайн тусалж, дэмжихгүй, хэт хараа хяналт тавьж, цагдан хорих. Эсвэл хэт эрхлүүлж, хүссэн болгоныг нь авч өгөөд, эрх дураар нь тавих. Үгүй бол хайр халамжаар дутааснаас болж сэтгэл зүйн эмгэгээр өвдөх эрсдэлтэй. Харин сургуулийн орчинд хүүхдүүдтэй сэтгэлзүйч тулж ажиллах нь зөв. Ялангуяа орон нутгийн сургуулиудад мэргэжлийн сэтгэлзүйч тун дутмаг. Сургуулийн эмч энэ ажлыг давхар хийх нь бий. Тиймээс явуулын сэтгэлзүйчдийг ажиллуулах нь чухал. Хөдөө малчдын хүүхдүүд ихэвчлэн дотуур байранд амьдардаг. Эдгээр сурагчдад гэрээ санахаас эхлээд сэтгэлзүйд нь өөрчлөлт ордог. Үүнээсээ болж оргох, сургуулиасаа завсардах эрсдэл ч байна. Тиймээс сургуулийн дотуур байранд ч явуулын сэтгэлзүйчид ажилладаг болчихвол үр дүнтэй гэж бодож байна.
Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд ТББ-ын мэргэжилтэн Г.Адилбиш: Стрессээ зөв тайлж сурах тухай голчилж асуудаг
-Өнөөдөр бид тун осолтой нийгэмд амьдарч байгааг өдөр бүр цацагдаж буй хар бараан мэдээллээс харж болно. Ялангуяа бага болон өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой таагүй мэдээлэл олон бий. Тиймээс өсвөр үеийнхнийгээ хайрлаж, хамгаалахын тулд сургууль бүрд сэтгэлзүйч ажиллах нь туйлын үр дүнтэй гэж харж байна. Ялангуяа алслагдсан дүүргийн болон орон нутгийн сургуулиудад зайлшгүй шаардлагатай байна. Миний хувьд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуульд сэтгэлзүйчээр ажиллаж байсан. Энэ үед хүүхдүүд ихэвчлэн дээрэлхэлтийн талаар, хэрхэн стрессээ зөв тайлж сурах тухай голчилж асуудаг байсан. Сурагчдаас гадна багш нарт ч мөн сэтгэлзүйн зөвлөгөө шаардлагатай. Тиймээс олон улсын зөв туршлага шиг явуулын сэтгэлзүйч олон болчихвол өдөр бүр биш юм гэхэд ядахдаа долоо хоногт хоёр удаа тухайн сургууль дээр ажиллаад байх боломжтой гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)