Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Эрдэс баялгийн салбарын өнөөгийн хөгжлийг тодорхойлох, хөрөнгө оруулалтыг нэмэх “Mongolian Mining week 2023”-ийн гурав дахь өдрийн хуралдаанаар нүүрс, газрын тосны салбарын талаар хэлэлцэв. Хурлаар "Монголын нүүрсний өрсөлдөх чадвар, ирээдүйн чиг хандлага", "Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт болон хангамж" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн ирэх жилүүдэд нүүрсний экспортын орлогоо нэмэгдүүлэх гарц, шийдэл, эрчим хүчний салбарыг найдвартай хангахын тулд нүүрсний уурхайнуудын үр ашгийг сайжруулах, зардлыг бууруулах, үнийг зах зээлийн зарчимд нийцүүлэх талаар холбогдох арга хэмжээг авах талаар хэлэлцлээ.

“Хүн бүр өөрийнхөө төрсөн нутагт газрын тосны хайгуул хийлгэх нь тийм ч сайхан зүйл биш. Гэхдээ монголчууд дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй гаднаас импортолж байгааг санах хэрэгтэй. Тиймээс дотоодынхоо салбарыг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй болов уу. Бусад орны жишгээр Монгол Улс газрын тосны хайгуулаа гадаадын хөрөнгө оруулагч нараар хийлгүүлэхийг зорих ёстой. Энэ бизнесийг дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэхэд хэтэрхий эрсдэлтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголыг мөлжинө гэж бодож болохгүй. Улс дотроо газрын тосны салбарын талаарх ойлголтыг нэмэгдүүлж, түүний ач холбогдлыг иргэдэд сайтар ухуулах хэрэгтэй байна” хэмээн "Петроматад" компанийн захирал Майк Бак хэлсэн юм.

Энэ үеэр УУХҮЯ, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, сайн жишгүүдийг дэмжиж нэвтрүүлэх, даган мөрдөж бодитой төлөвшүүлэх болон салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллах юм байна. 

Чуулганы үеэр УУХҮЯ-ны уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр, Үндэсний геологийн албаны дарга Б.Мөнхтөр, Монгол нүүрс ассоциацийн УЗ-ийн дарга О.Оюумаа, “Тэлмэн Ресурс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Ганзориг нарын байр суурийг сонирхлоо.

 

М.Мэндбаяр:Хуулийн шинэчлэл хөрөнгө оруулалт татах зорилго агуулсан

-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлээр нэлээд өөрчлөлт орж байгаа. Үүний цаад зорилго нь хөрөнгө оруулалтыг татахад оршиж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт ажиллах харилцааны дүрмийг тодорхой болгохыг зорьсон. Нөгөөтэйгүүр хөрөнгө оруулагч гэдэг нь зөвхөн гадныханд хамаарахгүй. Дотоодын томоохон хөрөнгө оруулагчдад ч боломжийг адилхан нээх ёстой гэж харсан. Ер нь аливаа зүйл цэгцтэй, тодорхой дүрэмтэй байхад аль ч талдаа амар байдаг шүү дээ.

Нөгөөтэйгүүр хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, төлөвшүүлэх ажлыг төрийн захиалгаар Швейцарийн хөгжлийн агентлаг төсөл хэрэгжүүлэн төлөвшүүлсэн гэж болно. Ингээд бичил уурхайчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж өдгөө зарим бичил уурхай энгийн уурхайгаас том болж зарим асуудал гарч эхэлсэн. Энэ бүхэн цаад талдаа хариуцлагатай уул уурхайн асуудлыг ярихаас аргагүйд хүргэсэн юм. Үндсэндээ хариуцлагагүй уул уурхай гэдэг нь зөвхөн нөхөн сэргээлт хийхгүй байгаагаар илэрхийлэгдэхгүй. Учир нь нийгэм, эдийн засаг гээд тоочвол олон асуудалд хариуцлагатай хандах шаардлага үүсч байгаа юм. Мэдээж үүнд байгаль экологийн асуудал томоохон байр суурийг эзэлнэ. Тэгэхээр хуулийн шинэчлэлд уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэгчид бүхий л талаараа хариуцлагатай байхыг тусгах шаардлагатай гэж харсан.

 

Б.Мөнхтөр: Хайгуулын салбар ашиг олохоос илүү эрсдэлтэй ч уул уурхайгаас түрүүлж алхах ёстой

-Геологи хайгуулын салбарт суурь судалгааны ажил хийгдэж түүний дараагаар эрэл хайгуулын ажиллагаа явагдана. Эндээс гарсан үр дүнгээс хамаарч олборлолтын үйл ажиллагаа явагдах ёстой. Тэгэхээр төрийн бодлогоор суурь судалгааны ажлаас гадна сэдэвчилсэн судалгааны ажлыг түлхүү хийж байна. Үүнийг үе шаттайгаар хийж байгаагийн гол зорилго нь шинээр орд газрууд бэлтгэхээс гадна хайгуулын салбарыг тэлэх юм.  Геологи хайгуулын салбар уул уурхайн салбараасаа 15-20 жил түрүүлж алхах учиртай. Учир нь улсын эдийн засгийн эргэлтэд оруулах орд газруудыг бэлтгэх нь энэ салбарын ажил гэж болно. Хайгуулын салбар уналтад орсон нь тогтолцооны шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсныг илтгэж байгаа юм.

Түүнчлэн хайгуулын салбар ашиг олохоос илүү эрсдэлтэй гэдгийг сал­барынхан төдийгүй нийтээрээ мэддэг болов уу. Гэхдээ нэг талдаа эрсдэлтэй ч нөгөө талдаа эдийн засгийн асар ач холбогдолтой учраас хөрөнгө оруулах сонирхол байж л байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг та­тахын тулд энэ салбарт хууль эрх зүйн орчин тогтвортой байх ёстой. Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн най­руулга батлагдсанаар хай­гуулын салбарт хөрөнгө оруулалт татах хэд хэдэн зохицуулалт орж ирнэ. Нөгөөтэйгүүр орон нутагтай ха­рил­цахад тодорхой боломжуудыг бий болгосон. Ингэснээр орон нут­гийн­хантай ойлголцон ажиллах хөшүүргийг хуулийн шинэчлэлд тусгасан юм.

 

О.Оюумаа:Хөрөнгө оруулалтыг дэмжих хөшүүрэг нь татварын орчин

-Энэ удаагийн чуулганд нүүрс, газрын тосны салбарын асуудлыг хэлэлцэж байгаа нь сайшаалтай. Тэгэхээр нүүрсний салбарт тулгамдаж байгаа асуудал нь зардал байдаг. Аливаа хөрөнгө оруулалтыг дэмжих хөшүүрэг нь татварын орчин. Хэрэв хөрөнгө оруулалтын орчныг тодорхой болгохын сацуу тэнд байгаа зардлыг хасах шийдвэр гаргавал энэ салбарын хөрөнгө оруулалт өсөх боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр компаниуд дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, авто болон төмөр зам, цахилгаан станц гэх мэт том бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэнэ. Жишээлбэл, Шивээ хүрэн терминалийг есөн компани 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар босгож байна. Үүний зэрэгцээ Шивээ хүрэн боомтод 60 сая ам.долларын хөрөнгө оруулалттай төмөр замын төслийг эхлүүлж байна. Энэ мэтчилэн төрөөс тусламж үзүүлдэггүй юм гэхэд аж ахуйн нэгжүүдийг бодлогоор дэмжин хөрөнгө оруулалтын зардлыг хөрөнгөнд нь бүртгэж өгвөл бодит ажил хэрэг болно. Цаашилбал, нийгэм, эдийн засагт ч эерэгээр нөлөөлөх юм. Түүнээс гадна энэ салбарт боловсон хүчний асуудал тулгамдаж байгаа. Үүнийг аж ахуйн нэгжүүдийн өөрийн нөөц бололцоогоор шийдвэрлэхийг зорихоор нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөс эхлээд суутгаж тооцох бүхий л татварыг нь авдаг. Энэ нь компаниудад татварын дарамт болж ирдэг л дээ. Үүнийг ч мөн шийдвэрлэх гарц олох шаардлагатай.

 

В.Ганзориг: Өөрчлөлт гарахгүй бол хөрөнгө оруулалт татах тухай яриад ч хэрэггүй

-Хөрөнгө оруулалтын орчин эргэлзээтэй байгаа учраас гадны хөрөнгө оруулагчид ажиглалтын байдалтай байна. Тэгэхээр гадна талд манай улсын нэр хүнд төдийлөн сайн биш байгааг харуулж байна. Учир нь Монгол Улсаас амжилттай гарсан төсөл байдаггүй гэдэг мэдээлэл давамгайлдаг. Нөгөө талаас нь харвал хууль эрх зүйн орчин ойлгомжгүй. Магадгүй хэт олон дагавар хуультай байхаас гадна хоорондоо уялдаа холбоогүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулалтыг ашиггүй, үр өгөөжгүй байдалд хүргэж байна гэж үздэг. Үүнийг олон талаас нь харах хэрэгтэй. Ихэвчлэн орон нутгийн асуудал тулгамдаж байгаа мэт яригдаж бас харагддаг. Гэтэл хуульд байгаа заалт олон шат дамжлагатай байгаа нь гацаа үүсгэдэг юм.

Энэ жил уул уурхайн салбарт сэргэлт ажиглагдаж байна уу гэж анзаарлаа. Энэ удаагийн чуулганд оролцогч гадны зочид хөрөнгө оруулах боломж байгаа эсэхийг л тандаж байгаа хэрэг л дээ. Тэгэхээр бид тэдэнд харуулах сайн жишигтэй байх ёстой. Мэдээж цаг хугацаа шаардлагатай байх хэдий ч улсын эдийн засгийг нуруундаа авч яваа учраас хичээх учиртай. Харин газрын тосны салбарын тухайд дэлхийн зах зээл дээр урт хугацааны өсөлт ажиглагдаж байгаа учраас Монгол Улс илүү мэргэжлийн түвшинд судалгааны ажил хийж дараагийн шатанд орох юм. Ингэснээр газар зүйн байршлын давуу талаа ашиглан газрын тосны салбараа түшиглэн хөгжих боломж бий гэж хардаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 203 (7188)