Б.АЛТАНГЭРЭЛ
“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо, ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, "Дүүргийн Засаг дарга нар ТҮЦ эрхэгчдийн эрхийг хязгаарласан захирамж гаргаж байна. Үүн дээрээ зөвшөөрөл гэдэг үг хэрэглээд байна. "Зөвшөөрөл" гэдэг үг хуульчлагдчихсан учраас хуулийн хүрээнд ашиглах хэрэгтэй. Бид нар бүх зүйлээ зөвшөөрүүлж амьдрах ёстой юм уу. Өнөөдрийн байдлаар, 300 гаруй мянган худалдаа эрхлэгч байгаа, ихэнх нь өр зээлтэй. Үүнээс шалтгаалсан гэмт хэрэг зөрчил их гардаг. ТҮЦ эрхлэгчид амьдрах гэж л байгаа хүмүүс. Асуудлыг хуулийн дагуу шийдэхийн оронд цэвэрлэнэ, ачна, хорьж шийтгэнэ гээд байна. Хүний эрхийг дээдэлсэн шийдвэр гаргамаар байна" гэлээ.
Улаанбаатарт 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 2400 гаруй ТҮЦ байсан. Эдгээр ажлын байрны ард 10 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна. 2016 оноос эхлэн удаа дараа албан бичиг холбогдох байгууллагуудад хүргэсэн. Худалдаа эрхлэгч бидэнд зөвшөөрөл олгож, стандарт тогтоож өгөөч. Бид татвараа төлье, орчин нөхцөлөө сайжруулж ажиллах боломжтой гэсэн хүсэл өгдөг боловч шийдэж өгөхгүй байна хэмээв.
Эх сурвалж www.polit.mn