Т.БАТСАЙХАН
МАН, АН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцлээ. Эрх баригч намын бүлгийн хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож байр сууриа илэрхийлсэн бол АН-ын бүлгийн хуралд ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлэл өгчээ. Бүлгийн хурлаар гаргасан шийдвэрүүдийг хүргэе.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Франц-Монгол Улсын хооронд ураны салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг дэмжих тухай асуудал байсан. Маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар гарын үсэг зурах ёслол болно. Тийм учраас МАН-ын бүлэг хамтран ажиллахыг дэмжсэн. Хоёрдугаарт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, хуулийн дагуу УИХ-аар дөрвөн хэлэлцүүлгээр шийднэ. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах ёстой гэж санал нэгдсэн.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Дөрвөн хуульд өөрчлөлт оруулж, ялын бодлогыг чангатгана
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн үүрэг даалгаврын дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, хэлэлцүүлэхэд бэлэн боллоо. Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай хууль, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө. Мөн 1984 оны Эрүүгийн хуулиас хойш өөрчлөгдөөгүй байсан бага насны хүүхэд гэдэг насны ангиллыг 14 байсныг 16 болгож өөрчлөх саналыг оруулж байна. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байсан бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байна. Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа аливаа үйлийг гэмт хэрэгт тооцно. Цаашид зөрчил биш болно. Ямар хэмжээний согтууруулах ундаа хэрэглэснээс үл хамаарч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол гэмт хэрэгт тооцохоор боллоо.
АН: Ураныг эдийн засгийн шинэ гарц гаргалгаа болгох нь зөв
Бүлгийн хуралд Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг хэлэлцжээ. Мөн 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг танилцуулсан байна. Түүнчлэн бүлгийн хурлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улс дахь айлчлалтай холбоотойгоор тус улстай ураны чиглэлд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэн ураныг эдийн засгийн шинэ гарц гаргалгаа болгох нь зөв хэмээн гишүүд дэмжсэн байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийн төслийн талаар АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл “25 жилийн хорих ял оноосноор хүүхдийн эсрэг гэмт хэргийг нуун дарагдуулах сэдэл гүнзгий төрнө. Нуун дарагдуулна гэдэг нь тухайн хүний амь насанд халдах зэргээр олон сөрөг үр дагавар гарна. Тэгэхээр хуулийн хариуцлагаас гадна бусад уян зөөлөн зохицуулалтыг яаж бий болгох хэрэгтэй. Төсвийн хуулийн тухайд ирэх оны төсөв 30 хувиар тэлж байгаа. Иргэдийн орлоготой харьцуулахад төрийнхний зарцуулах мөнгө яагаад ийм их хэмжээгээр өсөж байгаа юм бэ гэдгийг Сангийн сайдад тавьсан. Мөн ХЗДХ-ын сайд Б.Энхбаярт "Ерөнхий сайдын бус Монгол Улсын хуулийн илд болж ажиллах"-ыг захилаа” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 10. МЯГМАР ГАРАГ. № 201 (7186)