П.АМГАЛАН

УИХ-ын  Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос МУИС, Шинжлэх Ухааны Академитай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Уг хэлэлцүүлгээр МУИС, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн, судлаачид ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, гарц, шийдэл, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, оролцогчид нээлттэй хэлэлцэн, зөвлөмж хүргүүлэх юм. УИХ-ын дарга  Г.Занданшатар  "Аливаа хуулийн амин сүнс нь ёс суртахуун мөн.  Нийгмийн хөгжлийн үндэс нь хүний хөгжил бөгөөд хүний хөгжлийн суурь нь ёс зүйн боловсрол  юм. Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” сэдэвт хэлэлцүүлэг нь цаг үеэ олсон ач холбогдолтойг онцлохын сацуу нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах ёстой тул УИХ--асТөрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж 2023 оны  долдугаар сарын 03-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлж байна.  Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно хэмээн Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа тунхаглаад 30 гаран жилийг өнгөрөөсөн ч сүүлийн үед ёс суртахууны доройтлоос үүдэлтэй сэтгэл сэрдхийлгэм хэрэг, явдлууд гарч буй нь монгол хүний хүнлэг энэрэнгүй зан, ёс зүйн хэм хэмжээ, үнэт зүйлийн талаар эргэцүүлэн бодоход хүргэж байна. Түүнчлэн нийгмийн анхдагч нэгж болсон гэр бүл нь хүүхдэд хүмүүжил төлөвшил олгох үндсэн орчин, эцэг эх, асран хамгаалагч нь гол сурган хүмүүжүүлэгч нь болж улмаар цэцэрлэг,  сургуулийн орчин, багш нар нь хүүхдэд үлгэр дуурайл авах манлайлагчид нь байдаг" гэлээ.

Иймд ёс зүйн боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд хүн бүрийн идэвх, зүтгэл чухал хэмээн тэмдэглээд, УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар баталсан Боловсролын ерөнхий хуульд “Монгол Улсын боловсролын зорилго нь хүн бүрт чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, насан туршдаа суралцаж, ажиллах, ёс суртахуунтай, сайн зан чанартай иргэнийг төлөвшүүлэхэд оршино” хэмээн зааж өгсөн гэдгийг тодотголоо. УИХ-ын дарга, монгол хүний үнэт зүйл ёс суртахуунд нь оршдог тул тэрхүү үнэт зүйлийг баттай төлөвшүүлэхэд онцгой анхаарч, салбар бүрт ёс зүйн дүрмээ чанд мөрдөн ажиллах үр дүнтэй механизмыг хэрэгжүүлэх хэрэгтэйг онцлов. Уг хэлэлцүүлгээр “Өнөөгийн Монголын нийгэм дэх ёс суртахууны тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, “Гадаад орны ёс зүйн боловсролын туршлагаас” гэсэн үндсэн сэдвүүдээр илтгэл танилцуулж, хэлэлцүүлэх юм.

Эх сурвалж:www.polit.mn