Чойжилсүрэнгийн ГАНТУЛГА
Эмэгтэй хүний амьдралыг ээж болохын өмнөх, ээж болсны дараа гэж хоёр хуваадаг гэсэн үг зүгээр ч нэг гараагүй гэлтэй. Үнэхээр бүсгүй хүн өөрөөсөө ургуулсан тэрхүү цэцгийг хараад энэ орчлонг илүү гэрэл, гэгээтэйгээр хардаг нь лавтай. Тиймээс ч өөдөсхөн үрийнхээ төлөө энэ амьдралаа зориулдаг биз ээ. “Зууны мэдээ” сонины “Ээжүүд зүгээр суудаггүй” булан яг л тэдгээр ээжийг алдаршуулж, хийж бүтээсэн бүгдийг нь нийтэд таниулах зорилготой билээ. Бид өмнөх дугаартаа хөргөгчний наалт, хичээлийн хуваарь бичдэг самбар, гацуур модны чимэглэл гээд хэвлэлийн үйлчилгээ үзүүлдэг, хоёр хүүхдийн ээж Э.Энхмандахыг онцолж байсан бол энэ удаад эсгийгээр үлгэрийн ном, эко тоглоом урладаг хөдөлмөрч ээж Ж.Өлзийдүрэнг та бүхэнтэй танилцуулъя.
Онлайнаар эсгий урлал сурчээ
Гэрийн хаалгаар ороход нам гүм орчин угтах нь таатай. Өдрийн цагаар хааяа нэг гар машины чимээ гарахыг эс тооцвол гэрт амар амгалан ноёрхоно. Ж.Өлзийдүүрэнгийн хамгийн бүтээлч үе нь энэ цаг хугацаа. Учир нь тэрбээр өглөө хоёр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ийнхүү гэртээ төвлөрөн суугаад үйлээ урлах дуртай. Гэхдээ түүний урлал нь дээл хувцас биш. Тэрбээр эсгийгээр бяцхан багачуудад зориулсан үлгэрийн ном, хүүхэлдэйн киноны баатрууд болон хуруу тоглоом хийдэг уран ээж ажээ. Хананы тавиур дээр өнхрүүшийн тухай үлгэрийн ном харагдана. Хажууханд нь “Чоно ба долоон ишиг”. Заналт чоно ээжийг нь байхгүй хойгуур хөөрхий ишигнүүдийг айлгаж байгаа тухай үлгэрийг тун ч сонирхолтойгоор эсгий номонд өгүүлжээ. Түүний хажууд байхад яг л цэцэрлэгийн насны жаахан охинтой ярьж буй мэт хөнгөн мэдрэмж төрж байв. Учир нь өнөөх номоо тайлбарлаж байхдаа өөрөө баярлан хөөрч, үлгэрийн бүхий л үйл явдлыг нэг бүрчлэн ярьж өгч байгаа нь яасан хүүхэд шиг гэгээхэн сэтгэлтэй эмэгтэй вэ гэсэн бодлыг төрүүлж байсан юм. Ж.Өлзийдүүрэн англи хэлний багш мэргэжилтэй, бага насны хоёр хүүхдийн ээж юм. Ээжийн үүргээ биелүүлэхээс гадна ийнхүү өөрийнхөө сонирхлын дагуу эсгий урлал хийж эхэлжээ. Гадуур эсгийгээр урлал хийдэг хүн олон байгаа ч түүнийх шиг ном хийдэг нь хараахан байхгүй. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхсэн, олон хүнд өөрийн мэддэгээ сургахсан гэсэн хэтийн зорилго тээж буйгаа бидэнд ярьж байсан юм. Тэрбээр “Би Дархан хотод төрж, өссөн. Хүүгээ төрүүлээд хотод суурьших болсон. Хотын айл болоод хоёр ойрхон амаржсан. Мэдээж ажил хийж байсан, олны дунд байсан хүн чинь гэртээ хоёр хүүхэд хараад сууна гэдэг үнэхээр чанга байсан. Төрсний дараах сэтгэл гутрал гэдэг нь л тэр байсан байх. Удаан бодсоны эцэст өөрийгөө чөлөөлж, стрессээ тайлах зүйл хайж эхэлсэн юм. Ингээд интернэт ухаж, олон сургалт судалсан. Түүнээсээ эсгий сургалтыг онцолсон. Багш нь Германд байдаг тул онлайн сургалтад нь бүртгүүлээд анх энэ урлалтай танилцаж байлаа. Нэг ёсондоо энэ урлалыг хийх болсноор би стрессээ зөв тайлж, өөрийгөө хөгжүүлж, чөлөөт цаг гарвал үр бүтээлтэй өнгөрүүлдэг болсон” гэв.
Анхны бүтээлээ хүүдээ зориулсан
Ж.Өлзийдүүрэнгийн хувьд эхний хоёр жил эсгийгээ дарж сурахаас эхлээд олон бэрхшээлтэй тулжээ. Ийнхүү хоёр жилийн дараа арай дөртэй болсноор хамгийн анхны номоо хүүхдэд зориулж урласан байна. Түүнээс яагаад заавал эсгий урлалын сургалтыг онцолсон юм бэ гэхэд “Миний ээж их уран хүн байсан. Анх биднийг жаахан байхад Норвегийн тусламжийн байгууллагаас хүмүүс Дарханд ирж ноосон бүтээгдэхүүн хийх сургалт явуулахад ээж маань хамрагдаж байсан юм. Үүний дараагаар ээж эсгийгээр углааш хийдэг байсан нь санаанд буусан. Тэр үед ээж чаддаг байсан юм чинь би ч чадах байх гэсэн бодлоор сургалтад бүртгүүлж байлаа” гэсэн юм. Ж.Өлзийдүүрэн анх зөвхөн ном хийж байсан бол өдгөө номноос гадна хүний бие, нарны есөн гараг, хүүхдийн тоглоом, мини хуруу тоглоом гээд төрөл зүйлүүд нь нэмэгдсээр байгаа тухай онцолж байсан юм. Энэхүү ном болон тоглоомыг хийхийн тулд эхлээд ноосоо авч самнадаг ажээ. Түүнийгээ хавтгайруулж байгаад гараараа нэг бүрчлэн эсгийрүүдэг гэнэ. Ж.Өлзийдүүрэнгийн бүх бүтээл гар аргаар бүтсэн эко. Сүүлийн үед тэрбээр номныхоо зургуудыг машинаар хэвлээд, ард нь эсгийгээ хайчилж, гар аргаар оёх болжээ. Энэ нь угааж, цэвэрлэхэд тун хялбар гэж байв. Тэрбээр “Эсгий тоглоом бол хамгийн эко. Ямар ч будаг гарч, урагдаж, харшил өгдөггүй. Мөн хог гардаггүй учир байгальд ээлтэй, хурдан задардаг давуу талтай. Миний хувьд эсгийнийхээ өөдсийг тоглоомонд нь хийчихдэг юм. Үүнээс гадна гар аргаар хийсэн учир илүү чанартай, олон жилийн эдэлгээ даана гэсэн үг” гэв. Ж.Өлзийдүүрэнгийн хамгийн үнэнч чанар шалгагч нар нь хоёр хүүхэд нь ажээ. Дөнгөж гаргасан бүтээлээр нь хоёр хүүхэд нь тоглоно. “Хэрэв манай хоёрын гарын аясыг дааж байвал чанартай тоглоом гарчээ гэж ойлгодог” хэмээн тэрбээр хошигнож байсан юм. Мөн бага насны хүүхэд юу сонирхож байгааг хоёр хүүхдээсээ харж, ямар тоглоом урлахаа шийддэг гэж байв.
Урлантай болох хүсэлтэй
Ж.Өлзийдүүрэнгийн эдгээр эсгий ном нь цэцэрлэгийн багш нарт гарын авлага болохоор ажээ. Багш нар тухайн номон дээрээс үлгэр ярьж өгч, хуруун тоглоомоор нь ангидаа бяцхан театр ч ажиллуулж болмоор сонирхолтой санагдсан юм. Ж.Өлзийдүүрэн нэг ном хийхийн тулд 10-14 хоногийг зарцуулдаг гэж байв. Харин үлгэрийн ертөнцөөр аялуулах энэхүү ном 80 мянган төгрөгийн үнэтэй гэнэ. Тэрбээр саяхан Хүүхдийн төв номын сантай хамтарч “Нүүдэлчин монгол” үзэсгэлэнд оролцжээ. Энэ үеэр өөрийн бүтээлүүдийг дэлгэхээс гадна бяцхан багачуудад сургалт хийсэн гэнэ. Хоёр өдрийн турш түүний сургалт хүн ихтэй байсан бөгөөд ирсэн хүн бүрт эсгий гэртэй түлхүүрийн оосор хэрхэн хийхийг заасан байна. Ж.Өлзийдүүрэнгийн хувьд яг л өөр шиг нь бүтээлч найз олонтой гэж байв. Тэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдийн X цэцэрлэгийн нэг ангийг өөрсдийн бүтээлээр тохижуулж, бяцхан багачуудад тохилог орчин бүрдүүлж өгчээ. Ж.Өлзийдүүрэнгийн гэр бүлийн хүн нь түүнийг хамгийн ихээр дэмждэг ажээ. Мэдээж ар гэрийн дэмжлэг байхгүй бол бүсгүй хүн энэ их ажлыг амжуулахад хэцүү. Гэргийнх нь хувьд ч нөхрийнхөө хүсэл сонирхлыг хаадаггүй, нэг нэгнээ дэмждэг тэд үлгэр жишээ гэр бүл юм байна. Ж.Өлзийдүүрэнгийн ойрын хүсэл нь гэрийнхээ ойролцоо өөрийн урлантай болох. Тэгвэл илүү олон хүнд эсгий урлалаа зааж, энэ салбарыг хөгжүүлэхэд өөрийн хичээл зүтгэлээ зориулах юм. Өнөөдөр мянга мянган ээж гэртээ хүүхдээ хараад юу хийх, хаанаас хэрхэн эхлэхээ мэдэхгүй эргэлзэж суугаа. Тэдэнд хандаж энэ удаагийн хөдөлмөрч ээж Ж.Өлзийдүүрэн “Би ч ялгаагүй яг л энэ ээжүүдийн нэг байсан. Тиймээс энэ өдөр хэзээ ч хэвээр үргэлжлэхгүй. Юунд ч бүү бууж өгөөрэй. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө хүчтэй байгаарай гэж хэлмээр байна. Нэг л өдөр зорилгоо тодорхойлоод, зоригтой эхлээрэй. Хүүхэд үргэлж жаахан хэвээрээ байдаггүй шүү” гэсэн юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)