П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ж.Ууганбаатарыг урилаа.
Блиц:
Овог, нэр: Жамбаагийн Ууганбаатар
Боловсрол:
-2002 онд ЦЛБДС-д Монгол хэл, уран зохиолын багш, судлаач
-2007 онд МУИС-д Утга зохиол судлалын магистрын зэрэг хамгаалсан.
Мэргэжил:
Монгол хэл, уран зохиолын багш, судлаач
Ажлын туршлага:
-2005-2010 онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан,
-2010-2011 онд ОХУ-ын Байгалийн чанадах Улсын Сурган хүмүүжүүлэх-Хүмүүнлэгийн ухааны Их сургуульд зочин багш,
-2012, 2017 онд БНХАУ-ын Баруун хойд Үндэстний Их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд (тодорхой хугацаагаар) зочин багш,
-2011 оноос ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан
-“Монголын уран зохиолын харилцаа, холбоо: Уламжлал ба өнөө” олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Монголын орчин үеийн жүжгийн зохиол дахь “deus ex machina”-г ажиглах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Илтгэлдээ Монголын орчин үеийн уран зохиол судлал, жүжгийн зохиолын судалгаанд зохиол бүтээлийн туурвил зүйг үнэлдэг уран зохиол судлалын зарим аргын тухай тусгалаа.
Тайз, дэлгэцийн бүтээл тэр дундаа жүжгийн зохиолыг түүхэн хөгжил, туурвил зүйн талаас нь судлахыг хичээдэг. Хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний түүхийн нэг, үгийн урлагийн бүтээлийн дотроос жүжгийн зохиол нь хүний сэтгэл санааны орчлонг хөгжил хөдөлгөөнд нь нээн, баатруудын хэл яриа, аяс хандлага, дохио зангаа, үйлдэл хөдөлгөөнөөр дамжуулан, гадаад ертөнц, хүний аж төрлийн юмс үзэгдэл тэдгээрийн зөрчлийг одоо цагт болж буй мэтээр жүжиглэн харуулахын зэрэгцээ уянгын зохиолын дүрслэлийн элемент санаа сэтгэл, хандлага, сэтгэлийн хөдлөлийг нээх нийлмэл өвөрмөц төрөл. Аливаа зохиолын зохиомж, өгүүлэмж хоёр салшгүй холбоотой, нэг нь нөгөөгүйгээр үл байх, тийм эсрэгцсэн харьцаанд оршдог. Зохиолдоо ямар зохиомжийг ашиглах, яаж хэрэглэх зэрэг нь зөвхөн тухайн зохиолчоос л хамаарна. Ингэснээр тэрхүү зохиолын дүр, баатрын зан төрхийн шинж чанарт нөлөөлөхгүй, харин ч зохиомжийн оновчтой, зөв сонголт хийснээр баатрын зан төрх нь тодорно. Тэгвэл өгүүлэмж нь зохиолчийн бүтээсэн дүрийн зан төрх, явдал суудал, замнал үйл хөдлөлийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл зохиолчийн бүтээсэн тэр дүр ямар зан төрхтэй байна, түүний дагуу л хийж буй үйл хөдлөлийг хэлж байгаа хэрэг. Уран зохиолын онолын бүтээлд “deus ex machina” гэж зохиолын өгүүлэмжид гэнэтийн дүр, үйл явдал гарч ирснээр шийдэгдэх боломжгүй мэт зөрчил, эсвэл үйл явдлыг зохиомол шийдэлд хүргэхэд ашиглагдаг зохиомжийн нэг хэрэглүүр. “Deus ex machina” нэр томьёо өргөн утгаар хэрэглэгдэж байна. Жүжгийн зохиол дүрээр амилж, үйл явдлаар тайлагдана. Гэтэл дүрийг ялгаруулан дүрслэх, зөрчил, уран сайхан, ур чадвар муутай, зохиол бичих нь жүжгийн зохиолчийн хувьд хараахан мэргэшиж чадаагүй, нөгөө талаас зохиолчийн мэдлэг, ур чадвартай холбоотой. Заримдаа зохиолч тухайн үйл явдалд хөндлөнгөөс оролцож зохиолын төгсгөлийг хүчээр өөрчилж бичдэг. Зохиолыг өөрчилж бичихэд уран сайхан нь алдагдах, үйл явдлын мөн чанар хувирах нь бий. Энэ нь чадварлаг зохиолчдоос илүү залуу зохиолч, анхлан бичигчдэд илүү тохиолддог. Энэ байдал бүх цаг үед байсан. Гэхдээ илүү их ажиглагдаж буй нь Монголын орчин үеийн жүжгийн зохиолд баатарлаг шинжтэй зохиол илүү хөгжиж бичиж байсан 1940 оны жүжгүүд. Тиймээс зохиолч зохиолынхоо агуулга, үйл явдал, зохиомжид илүү анхаараасай гэсэн үүднээс ийнхүү зохиолчийн туурвил зүйг хөндлөнгөөс судалж, шүүмжилж байгаа юм.
Театрын хурдыг гүйцэх бүтээл хэрэгтэй байна
Манай улсын хувьд театрын менежмент дэлхийн бусад улстай харьцуулахад зарим талаараа хангалттай хэмжээнд бүрэн хүрч чадаагүй ч сүүлийн үед шинэ театрууд байгуулагдаж өрсөлдөөний зарчим явагдаж байна. Өөрөөр хэлбэл, Монголын театр хэмээх том айл менежментийн хувьд шинэчлэлтийн уур амьсгал орж байна гэсэн үг. Гэвч энэ хурдыг гүйцэх бүтээл хэрэгтэй байна. XXI зууны сэтгэлгээ, хандлагад тохирсон бүтээл яагаад төрөхгүй байна вэ. Тэгэхээр бид жүжгийн зохиолчид, ялангуяа одоо уран бүтээлээ туурвиж байгаа зохиолчид уран бүтээлдээ шинэчлэл хийх хэрэгтэйг харуулж байна. Найруулагчид зохиолгүй байгаа учраас өрнө дорнын зохиолуудаас сэдэвлэн, орчуулж, жүжиг болгон үзэгчдэд хүргэдэг байдал үргэлжилсээр байна. Тиймээс жүжгийн мэргэшсэн зохиолчид хэрэгтэй байна.
Утга зохиолын ертөнц дэх дэлхийн чиг хандлага ч хувьсан өөрчлөгдөж буй. Өнгөрсөн зуунд яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын туурвилын аргыг өөрчилсөн модернизмын дараагийн шинэ үе бий болсон. Тухайлбал бичвэрүүд илүү чөлөөтэй, илүү бүтээлч, илэрхийлэх чадвараар онцгой, дотогшоо чиглэсэн шинж чанартай болж, зохиолчид оршихуй, шашин шүтлэг, нийгмийн тухай сэдвүүдийг сонгон бичих болсон. ХХ зуунд үүссэн уран зохиолын урсгал чиглэл дотор сюрреализм, креационизм, экспрессионизм, дадаизм, модернизм ялгарч байв. Энэ үеийн уран зохиол нь дэлхийн I, II дайн, технологийн дэвшил, аж үйлдвэрийн хувьсгалд автсан ертөнцөд хөл тавьсан юм. Тийм ч учраас даян дэлхийн үгийн урлаг, оюун санааны эрэлхийлэгч, сэтгэгчид сюрреалист хөдөлгөөнд нэгдэх болсон. Мөн зохиолчид улс төрийн элдэв хувьсгалд нэгдэж, зарим нь шүүмжлэлтэй хандах болсноор уран зохиол нь нийгэм, улс төрийн тодорхой өнгө аястай болж, үзэл суртлын гэх бүрхэвч дор уран бүтээлүүд төрөх болов. Дэлхийн II дайны эхлэлтэй зэрэгцэн утга зохиолын ертөнцөд хүний оршихуйн тухай, мөн чанарыг эрэлхийлсэн бүтээл туурвил давамгайлж, үүний зэрэгцээ феминизмийн эхлэл тавигдсан.
Өнөөдөр ХХI зуунд AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан технилогийн дэвшлүүд, аж үйлдвэрлэлийн IV хувьсгал, нийгмийн харилцааны шинэчлэлүүд, түүнчлэн виртуал орчинд өөрсдийн гараг ертөнц, дэлхийг бүтээсэн энэ цахим эринд утга зохиолын чиг хандлага“Модернизм” ба“Постмодернизм”-ын дараа үе “Метамодернизм” руу чиглэгдэж байна хэмээн судлаачид тодорхойлж байна. Учир нь “Модернизм”, “Постмодернизм” аль аль нь мухардалд орсон учир энэхүү хямралт байдлаас гарахын тулд шинэ гарц шаардагдах болжээ. Тэгэхээр дээрх утга зохиолын ертөнцийн түүхэн хөгжил, сэтгэлгээний хувьслыг даган, энэ цаг үетэйгээ нийцсэн хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, чиг хандлага, илэрхийллийг харуулсан зохиол туурвих хэрэгтэй. Өнөө үед залуус хайр сэтгэл, утга уянгын гэх мөнхийн сэдвийн зэрэгцээ илүү хүн төрөлхтний танин мэдэх эрмэлзэл бүхий гүн ухаан, танин мэдэхүйн шинжтэй зохиолыг унших сонирхолтой байгаа нь ажиглагдсан. Тиймээс нэг талаас уншигчдынхаа хүсэл, сонирхолд нийцсэн бүтээл туурвих, нөгөө талаас тэдний оюун санаа, мэдрэмжийг хөтөлсөн бүтээл туурвих болж байна. Үүний тулд зохиолч, уран бүтээлчид утга зохиолын ертөнцийн хөгжил, сэтгэлгээний хувьслыг мэдэрч, туурвилын шинэ аргыг эрэлхийлж, бид дэлхийн утга зохиол, соёл урлагийн ертөнцөд хаа явна, хаана байх ёстой гэдгээ танин мэдэх нь зөв байх.
ЕБС-ийн уран зохиолын цаг бага байна
-Ерөнхий боловсролын сургуульд уншлагын цаг, уран зохиол судлах цагийг нэмэх шаардлагатай байна. Жишээлбэл, Франц улс эх хэлнийхээ баялаг өв сонгодог бүтээлүүдээ сургуулийн бүх шатанд уншлагын цаг гарган, хэл уран зохиолын хичээлийн харьцааг илүүтэйгээр зохицуулан, францын уран зохиолоор дамжуулан франц иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч байна. ОХУ-д 2015, 2016 оныг Оросын Уран зохиолын жил болгон зарласан. Хүүхдийн уран зохиол бол дархлаа (вакцин) мөн гэж илэрхийлсэн. Японы эрдэмтдийн хийсэн социологийн судалгаа байна. Үүнд хүүхдийн хамгийн их унших сонирхолтой болгох нас 6-11 нас, унших дадал хэвшилтэй болгох тийм чухал үе 1-5-р анги байна. Гэтэл манайд Ерөнхий боловсролын сургуулийн уран зохиол судлах цаг бага учир энэ үед нь хүүхдийг уран зохиолоос хөндийрүүлдэг. Монгол хүүхдийн сэтгэлгээнд тохируулан танин мэдүүлэх, хэл сэтгэхүйг хөгжүүлэх, хүмүүжүүлэх, монгол сэтгэлгээ, хэл соёлоо дээдлэх үндэсний дархлааг суулгах зохиол бүтээл бичих нь чухал. Ингэхдээ нас сэтгэхүйн тодорхой үе шат бүрийг харгалзан, тэдгээрт тохирсон зохиол туурвих, үндэсний онцлогийг хадгалахын дээр дэлхийн улс түмний хүүхдийн зохиолчдын дэвшилтэт чанараас суралцах тэдэнтэй адил хэмжээнд туурвин тусгаж байх, мөн туурвил зүйн шинэлэг арга барилд эрчимтэй суралцаж хүүхдийн бүтээлийн чанар чансааг сайжруулах болон зөвхөн албан ёсны сургалтын хүрээнд заагдсан хэлбэрт баригдах бус, чөлөөтэй эрэл хайгуул хийж, хүртээмжийг сайжруулах талаар нэгдсэн бодлого баримтлах нь зүйтэй.
Нөгөөтэйгөөр уран зохиолын цаг багассан учраас сургалтын хэрэглэгдэхүүнүүд нь хомс болсон. Сургалтын хөтөлбөрт нь багтаасан эх зохиол нь сурагчдын гарын дор хангалттай байхгүй. Уран зохиолын цагийг уртасгаж, эх зохиолуудын “унших бичиг”-ийг хүртээмжтэйгээр хэвлэн нийтэлж, уншуулмаар байна. Хүүхдэд утга зохиол, гоо зүйн боловсролыг хүргэх бодлогыг сайжруулахын тулд багш, эрдэмтэн судлаачдын хамтын үйл хэрэг чухал гэж бодож байна.
Аль ч улс үндэстний утга зохиолд “Хүүхдийн” гэсэн тодотгол бүхий уран зохиол байдаг нь нэг талаар энэхүү уран зохиолын үндсэн зориулалтыг буюу биеэ даасан байдлыг илтгэж буй. Харин нөгөө талаар энэ нь уг уран зохиолын төрлийн өвөрмөц онцлог шинжийг давхар илэрхийлж байна. Учир нь хүүхдийн уран зохиол гэдэг бол хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийг маш тод, уран хурц, гярхай байдлаар үзүүлэхийн зэрэгцээ орчлон ертөнц, нийгэм ахуйг танин мэдүүлж, түүгээр дамжуулан хүүхэд багачуудыг хөгжүүлэн хүмүүжүүлдэг нэгэн гол субъект, хүчин зүйл юм. Тийм учраас тухайн туурвилыг бүтээгчээс асар нарийн мэдрэмж, авьяас шаарддаг ба энэ нь хүүхдийн өмнөөс буюу тэдний нүдээр, тэдний бодол санаагаар ертөнцийн юмс үзэгдлийг оновчтой илэрхийлэн дүрслэх онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тэдний сэтгэлгээний өөрчлөлтийг нь мэдэрсэн, хэрэгцээ сонирхолд нь тохирсон, анхаарал, дур сонирхлыг бүх талаас нь татсан содон бүтээл болж чадвал тэрхүү бүтээл нь сая хүүхдийн хэмээх тодотгол бүхий уран зохиолын төрөлд хамаарч чадах юм. Жишээлбэл, Япон улсад Ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээлээрээ хувь хүний бодол санаа, сэтгэхүй, соёл гоо зүйн сэтгэлгээг багаас нь зааж байна. Манай улсад энэ талаар хоцорч байгаа учраас хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг боловсруулах шаардлага гарч байна.
Төрөөс хүүхдэд зориулсан урлаг, уран зохиол, уран сайхны талаар баримтлах бодлого байгаа хэдий ч, тэр нь өнөөгийн шаардлагыг тэр бүр хангахгүй байна. Түүнчлэн хүүхдийн уран бүтээлчид өөр хоорондоо мэдээлэл солилцох, туршлагаа түгээх, ур чадвараа сайжруулах зэрэг зохион байгуулалтын нэгдэл сул байна. Мөн ихэнх хүүхдийн зохиолчдын сэтгэлгээ хоцорч, өнөө үеийн хүүхдийн хүсэл сонирхолд нийцэх, давж гарах талаар дутмаг байгаатай холбоотой юм. Хүүхдэд зориулсан ихэнх уран бүтээл тухайлбал, хүүхэлдэйн кино, хүүхдэд зориулсан кино, контентийн өртөг өндөр байна. Үүнээс үүдээд зарим уран бүтээл нийт хүүхдүүдийн хүртээл тэр бүр болж чадахгүй байна. Тиймээс дээрх бэрхшээлийн сөрөг нөлөөг багасгаж, давуу тал, боломжуудыг аль болох үр дүнтэй ашиглахад төр засгаас дэмжлэг үзүүлэн эрдэмтэн судлаачид, багш нартайгаа хамтран хүүхдүүддээ хандсан ямар их ажил хийх хэрэгтэйг харуулж байна.
Хүн төрөлхтний дэвшилтэт сэтгэлгээнд ойрхон зохиол туурвих хэрэгтэй
-Ардын жүжигчин, Төрийн шагналт, эрдэмтэн зохиолч Э.Оюун “Соёлоо мартвал хүн араатан болно” гэж хэлсэн нь бий. Соёл гэдэг ойлголтод урлаг, утга зохиол гээд бүгд багтаж байгаа. Олон улсын томоохон эрдэмтэн шинжилгээний хурлуудад манай эрдэмтэн судлаачид сонирхолтой илтгэл хэлэлцүүлж байна. Цаашид эрдэмтэн судлаачдын шинэ санаа, шинэлэг судалгаа монголын уран зохиол судлалын хүрээнд эрдэм шинжилгээний эргэлтэд ороод явах байх. Зохиолын судлал, шүүмж хөгжихгүй бол олон зохиол бичээд ч тухайн бүтээл сайн, муу ямар цэгт явааг мэдэхэд хүндрэлтэй. Гэхдээ зохиолыг сайн, муу гэж ярих бас харьцангуй ойлголт. Хүн төрөлхтний дэвшилтэт сэтгэлгээнд ойрхон шилдэг бүтээлтэй дүйцэх зохиолууд бичиж туурвих ёстой байх. Монголын уран зохиол дахь судлал, шүүмжийн хөгжилд төрөл зүйл ба арга чиглэлээр мэргэшсэн судлаачдаа бэлтгэхэд илүү анхаарч, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулахдаа тодорхой нэг сэдвийг тойрч ярих нь илүү өгөөжтэй юм гэдгийг сүүлийн жилүүдэд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын судлалын салбараас санаачлан зохион байгуулсан олон ажлаас харж болно. Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн яруу найргийн өдөрт зориулж утга зохиол судлалын тодорхой сэдвүүдээр тогтмол эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, дугуй ширээний ярилцлага зэргийг зохион байгуулж ирсэн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 2. ДАВАА ГАРАГ. № 195 (7180)