“Зууны мэдээ”сонины тоймч Базарбямбын Нямсүрэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаас мэдээлж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний чуулганы үеэр зөвхөн Ерөнхий санал шүүмжлэлээс гадна олон улсын дээд хэмжээний хэд хэдэн чуулга уулзалтууд болсон. Манай улсаас Эдийнй засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дээд хэмжээний чуулга уулзалтуудад оролцож байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд голлон хариуцаж ажиллаж байгаа Эдийн засгийн хөгжлийн сайдаас НҮБ-ын төв байрны гадаа сэтгүүлчид мэдээлэл авсныг хүргэе.

 

- Тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулган болж байна. Монгол Улсын хувьд ямар тайлан, үр дүн танилцуулж байгаа вэ. Мөн бусад улс орны хувь голлон ярьж байгаа ямар сорилт бэрхшээлүүд байна вэ?

-Манай улсын хувьд Тогтвортой хөгжлийн Үндэсний Тайлангаа наадмын дараахан танилцуулсан.

Дээд хэмжээний уулзалт дээр яригдаж байгаа гол асуудал бол 2030 он гэхэд дэлхийн улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтоо бүрэн хангаж чадахааргүй гэсэн асуудлыг голлон ярьж байна. Нийтдээ Тогтвортой хөгжлийн зорилтын биелэлт нь 15 хувьтай байна. Манай улсын хувьд нэг үзүүлэлт дээр буюу ядуурлыг бууруулах чиглэлд ухарсан үзүүлэлттэй байгаа. 2030 он гэхэд нэлээд хичээгээд ажиллахад нийт зорилтын 50 хувьд хүрчих болов уу гэсэн таамаг бий. Дэлхий нийтээр сорилт бэрхшээл байгаагийн хамгийн гол шалтгаан бол нэгдүгээрт ковид. Хоёрдугаарт, дэлхий дахинд болж байгаа зөрчилдөөн, том гүрнүүдийн хоорондын геополитикийн зөрчилдөөн юм гэж нийтлэгээр дүгнэж байна. Ямартай ч энэ чуулганд оролцож үг хэлж байгаа улс орнууд яавал Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрхэн хурдасгах вэ гэдгээ ярилцаж байна. Тухайлбал, өнөөдрийн хуралдаанаас харахад цаашид Тогтвортой хөгжлийн санхүүжилтийг ямар байдлаар босгох вэ гэдэг санал санаачлагуудыг их ярьж байна.

-Ядуурлын үзүүлэлт хэд байсан нь хэрхэн өөрчлөгдсөн юм бэ?

-Ковидын өмнө ядуурлын үзүүлэлт 30 орчим хувиас 20 гаруй болж буурчихсан байсан. Харин сүүлийн үед буюу ковидын дараа ядуурлын хэмжээ илүү нэмэгдсэн. Шууд хэлэх үнэлгээ сүүлийн үед хийгээгүй ч гэлээ ард иргэдийн орлого буурсан нь тодорхой харагдаж байгаа. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа энэ оны хагаст л орлого өссөн дүн харагдлаа. Энэ бол ард иргэдийн орлого буурсан, ядуурал нэмэгдсэн гэсэн нэг дүгнэлт хийх шалтгаан мөн.

-Хөгжлийн төлөөх дээд хэмжээний уулзалт, дэлхийн банкны томоохон хуралдаанд та оролцож байна. Энэ үеэр яг ямар асуудлууд голлон яригдаж байх юм?

-Улс орнуудын хувьд ерөөсөө энэ хөгжлийн санхүүжилтийн схем болохгүй байна гэдэг зүйлийг ярьж байна. Өнөөдөр гэхэд хөгжлийн төлөөх санхүүжилтийн асуудлаар Валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын байгууллагууд оролцсон томоохон хуралдаанд оролцлоо. Улс орнуудын хувьд ярьж байгаа нэг нийтлэг асуудал нь олон улсын байгууллагуудад олгодог санхүүжилтээ нэмэгдүүлээчээ гэдгийг л ярьж байна. Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байден үг хэлэхдээ Дэлхийн банкаар дамжуулж 25 тэрбум ам.долларын санхүүжилт өгнө гэдгээ мэдэгдсэн. Бусад улс орнуудыг ч санхүүжилтээ нэмэхийг уриалсан. Дэлхий нийтээр ядуурал нэмэгдсэн, хөгжиж буй орны ялгаа хөгжилтэй орныхоос эрс доогуур болсон гээд ижил асуудлуудыг ярьж байна. Тиймээс Хөгжлийн хувьд хоцорч байгаа, далайд гарцгүй, хөгжиж байгаа эдгээр орнуудад анхаарал тавих шаардлагатай байна гэдэг байр суурийг олон хүн хэлж байна.

-Та Монголын үзүүлэлтийн талаар дурдахдаа зөвхөн ядуурлын талаар хэллээ. Бусад зорилгын хувьд ямар үзүүлэлттэй байгааг товчхон хэлэхгүй юу?

-Дэлхий нийтээр 2030 он гэхэд хэрэгжүүлэх 17 амлалт, зорилтыг 2015 онд баталсан. Үүний нэг нь далайтай холбоотой заалт байдаг учраас манай улсад нэг их хамаарахгүй. Манай улсын хувьд үндсэндээ 16 зорилгыг тавьсан гэж хэлж болно. Бид Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан ард иргэдийг оролцуулсан үнэлгээг хийдэг. Тэр үнэлгээнийхээ тайланг саяхан танилцуулсан. Мөн наашаа ирэхээс өмнө Үндэсний хэмжээний хэлэлцүүлгээ хийсэн.

-Үндэсний хэлэлцүүлгийн үеэр 10-11 сорилт бэрхшээл байгаа талаар дурдаж байсан. Та өнөөдөр нэгийг нь л хэлж байх шиг?

- Үндэсний хэлэлцүүлгийн үеэр 10 орчим зорилтод голлон анхааръя гэсэн шийдлийг хэлсэн. Монгол Улсын хувьд боловсролын салбарт голлон анхаарах байр суурьтай байгаа. Зөвхөн Монгол ч биш бусад олон орны илтгэлийг харж байхад санхүүжилт ярихаас илүү боловсролдоо анхааръя гэдэг асуудлыг их хөндөж байна. Хоёрдугаарт,

Эрүүл мэндийн салбар байна. Ковидыг хамарсан цар тахлын дараа ард түмнийхээ эрүүл мэндийг анхаарах, дундаж наслалтыг нэмэгдүүлэх нь хөгжлийн төлөөх чухал алхам болж байна.

-Сорилт бэрхшээлээс гадна амжилттай сайн хэрэгжсэн ямар зорилт байна вэ?

-Боловсролын салбарын хувьд хангалттай сайн байгаа гэж дүгнэж байгаа. Эрүүл мэндийн чиглэлээр бас ахиц гарсан.

-Бусад улс орнуудын жишээ, илтгэлүүдээс сонсч байхад авууштай санаа хэр гарч байна вэ?

-Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдэх талаар багагүй ололт амжилттай зүйл ярьж байна. Ялангуяа, бүх зүйлийг зээлээр хийнэ гэдэг бүтэхгүй. Бүгдийг төр хийнэ гэдэг хандлага бас буруу. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг яаж татаж, хөгжлийг түргэсгэх вэ гэдэг асуудалд онцгой анхаарах нь зүйтэй гэдгийг манайхаас гадна олон улсын илтгэлд дурдаж байна. Дараагийн нэг зүйл бол улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн бодлогоо зөв болгох талаар чухалчилж ярьж байна. Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг сайн хангаж ажиллавал Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирна. Зээлжих зэрэглэл сайжирна гэдэг зөвхөн зээл авахад хэрэгтэй гэсэн үг биш. Энэ бол Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхэд эргээд мөнгөө олж авах боломжтой юу гэдгийг гаргах гол үзүүлэлт гэж ойлгож болно. Тэгэхээр энэ зээлжих зэрэглэлд бид анхаарч сайжруулж чадвал хөрөнгө оруулалтыг татах тэр дундаа хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг татах боломжтой болж байна. Мэдээж хөрөнгө оруулалт татахгүй байсан ч хөгжих байх, гэхдээ гадны хөрөнгө оруулалт татвал илүү хурдан л хөгжинө гэсэн үг. Илүү хурдан хөгжих үү, аажуу удаан урагшлах уу гэсэн хоёр сонголт л байна гэсэн үг. Мэдээж манай улсын хувьд хүлээгээд суух шаардлага байхгүй.

-Та дээд хэмжээний чуулганд тавьсан илтгэлдээ юуг голлон анхаарч байна. Хөгжлийн төлөөх санхүүжилт гэхээр томоохон төслүүдийн санхүүжилт байгаа байх?

-Одоо бүх улс орнууд инфляцтай уялдуулах гээд бологын хүүгээ өсгөчихсөн. Бодлогын хүү өснө гэдэг энгийнээр хэлвэл мөнгө улам л үнэтэй болж байна гэсэн үг. Үүнийг дагаад Монгол гаднаас мөнгө авна гэвэл хүү өндөр төлнө. Нөгөө талаар дэлхий бодлогын хүүгээ өсгөөд байхад манайх буулгаж болохгүй. Буулгавал манай төгрөгийн ханш унана. Тэгэхээр өндөр хүүтэй үед зээл авах нь бидний гарц биш юм. Тэгэхээр яах аргагүй дээр хэлсэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна гэдгийг би өнөөдрийн хэлсэн үгэндээ нэлээд онцолсон. Хоёрдугаарт, бодлогоо  тодорхой болгох хэрэгтэй. Төр хувийн хэвшлийн түншлэлээр янз бүрийн төслүүдийг хийх нь илүү үр дүнтэй гэдгийг Монголчууд өөрсдөө харчихлаа. Бид Тавантолгойгоос Сайншанд чиглэсэн төмөр зам өөрсдөө барих гэж зөндөө юм хийлээ. Тэгвэл урагшаа Сайншандаас Ханги Мандал чиглэсэн төмөр замыг төр хувийн хэвшлийн шинэчлэлээр наймхан сарын дотор 260-аад км төмөр зам барьчихлаа. Эндээс харахад аль нь хэрэгтэй байна вэ. Тэгэхээр хувийн хэвшилд анхаарах нь хөгжлийг хурдасгах гол арга зам гэж харж байгаа. Хөгжлийн түншүүд болох олон улсын банк санхүүгийн байгууллагуудыг Засгийн газарт биш хувийн хэвшилд зээл олгооч гэсэн санал тавьсан. Бусад улс орнуудын хөгжлийн сайд нартай ч би их уулзаж байгаа. БНХАУ-ын Даян дэлхийн хөгжлийн санаачлагын хүрээнд 77 орны оролцсон хуралд  амжилттай оролцлоо. Бүс ба замын санаачлагаар тэр хуралд оролцож буй бусад улс орныхонтой санал солилцлоо. Мөн Монголоос ОХУ руу гарч байгаа экспортын татвар маш өндөр байгаа. Гэтэл манайд ОХУ руу гарч байгаа экспорт бараг байдаггүй. 97 хувь нь Оросын экспорт атлаа татвар бараг 40 хувь. Тиймээс худалдааны энэ тэнцвэргүй байдлыг тэнцвэржүүлэх чиглэлээр мөн яриа хэлэлцээ хийгээд явж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 26. МЯГМАР ГАРАГ. № 191 (7176)