Баатарын НЯМСҮРЭН

 “Зууны мэдээ” сонин Булган аймгийн Тэшиг сумын “Эрэн” багийн дарга О.Мөнхтүвшинтэй ярилцлаа.

 

-Та “Эрэн” багийн даргаар хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа. Танай багийг нэлээдгүй онцлогтой гэж сонслоо?

-Би долоо дахь жилдээ  Булган аймгийн Тэшиг сумын Эрэн багийн даргаар ажиллаж байна. Манай багийн газар нутагт ой мод зонхилдог. Багийн нийт газар нутгийн 87 хувь ой мод. Үлдсэн 13 хувь нь бэлчээрийн газар нутаг. Манай баг 417 хүн амтай, 123 өрхтэй. Иргэдийн 60 хувийг нь буриад түмэн эзэлж байгаа. Манай багийн нэг онцлог нь Булган аймгийн хэмжээнд хамгийн олон буриадтай. Малчид мал аж ахуйгаа түшиглэж ахуй амьдралаа залгуулдаг.

-Танай багийнхан ихэвчлэн бог мал, үржүүлж байна уу, бод мал уу?

-Тэмээнээс бусад мал бий Нийт  7000 гаруй толгой мал идээшиж байна. Хонь ямаа  цөөн, ихэвчлэн үхэр бий. Бог малын тоо толгой бага болохоор мянгат малчин цөөн.  Мөн жил өнгөрөх тусам залуу малчид цөөрч байна. Сумын хэмжээнд 90 наснаас дээш настай 12 ахмад бий. Тэдний найм нь манай багт аж төрж байгаа буриад ястан. Саяхан манай багийн өндөр настан н.Дугарсүрэн гуай 100 насны ойгоо хийсэн. Манай буриадууд их ажилсаг. Зүгээр суухыг мэддэггүй хөдөлмөрч хүмүүс дээ.

-Та энэ хугацаанд багаа хөгжүүлэхэд чиглэсэн ямар ажлыг санаачлан хэрэгжүүлсэн бэ?

-Хамгийн эхэнд багийн төвөө шинэчилж, засварласан. Мөн багийн иргэдээ хамт олонч болгохын тулд багагүй ажлыг санаачилсан байна. Үүнээс гадна буриад түмний соёл, ёс заншлыг сурталчлах зорилгоор музейтэй болохоор ажиллаж байна. Одоогоор байшинг нь барьж дууссан. Мөн эмнэлгийн байрны засвар хийхээр материалыг нь бэлдсэн гээд багагүй ажлыг онцолж болохоор байна. Зарим иргэд рүү чиглэсэн ажлыг гүйцэлдүүлэхийн тулд малчдаасаа хандив авдаг. Энэхүү мөнгөөрөө өнгөрсөн долдугаар  сард багийн наадмаа хийж, урамшууллаа.

-Намрын улиралд малчдын хамгийн том ажил нь хадлан.  Танай багийнхан хадлангаа хурааж эхэлсэн үү? 

-Манай баг усны ундарга сайтай, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон сайхан нутаг. Ургамал нь ч шим ихтэй. Сумын малчид өвлийн улиралд оторт явдаггүй. Нутагтаа л малаа маллаж тарга тэвээргийг нь авахуулдаг. Малчид ихэвчлэн өвөлжөө хаваржаанаасаа хадлан тэжээлээ базаадаг. Үүний жишгээр манай малчид өөрсдийн хуваарт талбайгаасаа малын тэжээлээ хурааж байна. Манай багийн төв давааны ард Жаргант хэмээх газар байрладаг юм. Бид тэндээ хурлаа хийж, сум орон нутгаас гаргасан шийдвэр, шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй малчдадаа дамжуулан ажилладаг. Шаардлагатай үед багийн айл  бүрээр орно. Багийн зарим хэсэгт сүлжээ барьдаг учир утсаар холбогдоод мэдээлэл дамжуулах ч үе байна.

-Ингэхэд та  ямар мэргэжилтэй вэ?

-Би зургадугаар ангиасаа Булган аймагт спортын дунд сургуульд суралцсан. 2001 онд Шонхор биеийн тамирын дээд сургуульд элссэн. Уг нь жүдо бөхийн ангид суралцсан юм. Оюутан байхдаа жүдогийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож байсан. Гэвч медаль хүртэж чадаагүй. Харин Залуучуудын аваргаас медаль хүртэж байсан удаатай.  Манай сургуульд харцага Д.Батболд, начин Отгонбаяр гээд сайхан бөхчүүд суралцдаг байсан.

-Мэдээж багаасаа ноцолдож өссөн байх.  Яагаад бөхөөрөө тууштай хичээллээгүй юм бэ?

-Би эхээс зургуулаа. Дээрээ гурван ах, дороо хоёр дүүтэй. Дэрсхэн дөрвөн хүү хоорондоо  ноцолдож өссөн. Надаас гадна манай хоёр ах сумын цолтой. Биеийн тамирын багш намайг 11 настай байхад биеийн тамирын багш  ахтай минь хамт аймаг руу явуулж үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулж байлаа. Тухайн үед манай сумаас таван хүүхэд барилдаж билээ.  Ах бид хоёр түрүүлээд, багаараа гуравдугаар байр эзэлсэн. Энэ үеэс үндэсний бөх сонирхох болсон юм. Би 17 насандаа сумын наадамд үзүүрлэсэн. Тухайн үед түрүү булаалдахаар аймгийн арслан н.Ганчулуун ахтай үлдэж байлаа. Тэр үед хүмүүс намайг арслан ахаас очиж гуйгаад түрүүлэхийг зөвлөсөн. Миний аав сумын заан хүн. Би ааваас асуутал “Миний хүү өөрийн хүчээрээ л барилд”  гэж хэлсэн. Ингээд би өвдөг шөороодсон юм.  Жаахан байсан учир харамсаад уйлж байснаа санадаг. Харин дараа жил нь  18 насандаа н.Ганчулуун ахыгаа давж шөвөгт үлдээд түрүүлж байлаа.

-Аав, ах  нар нь барилддаг байсан юм байна. Тэд цолтой юу?

-Манай аавыг Д.Оюунбаяр гэдэг. Суиын заан хүн бий. Эр хүнд байх ёстой бүхийл сайхан зан чанарыг цогцлоосон хүн.  Уг нь аав аймгийн цол авах хэмжээний байсан гэдэг. Даанч хүүхэд байхдаа хашаан дээгүүр дамжиж байгаад хөлөө гэмтээсэн юм билээ. Анх удаа сумын наадамд барилдаад заан цол хүртсэн. Харин миний том ах О.Амартүвшин, дээд талын ах О.Сүхтүвшин хоёр сумандаа хоёр удаа начин цолоо баталсан.

-Үндэсний бөх удам дамжих нь бий. Та аавын талаасаа бөхийн удамтай юм байна?

-Манай ээжийн талд барилддаг хүн ховор. Аавын талд улсын заан Б.Бадам гэж заан бий. Улсын наадамд хоёр удаа зодоглож байсан гэдэг. Хоёр дахь удаагаа барилдахдаа заан цолоо баталсан юи билээ. Бид өсөж том болсны дараа сумынхаа наадамд аавтайгаа таарч барилдаж байсан. Аав цаашаа сайн барилдахыг зөвлөөд тахимаа өгнө.  Олон ч тунаанаас гаргаж өгсөн шүү. Би бөхөөрөө тууштай хичээллэсэн бол аймгийн цолтон болох байсан байх. Ер нь Булган аймгаас манай үеэс л сайн бөхчүүд төрсөн байдаг. Би барилдахаа болиод  морь уяж эхэлсэн.

-Таныг  сумынхаа  уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан гэж сонссон. Одоо ажлын хажуугаар морио уяж байна уу?

-Би 2016 оноос сумынхаа уяачдын холбооны тэргүүнээр найман жил ажилласан. Энэ хугацаанд манай холбоо аймгийн шилдэг холбоогоор хоёр удаа шалгарсан. Мөн жил бүр наадмын морины комиссоор ажилладаг. Өнгөрсөн хавар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө. Ингээд уяачийн эрдэмдээ түлхүү шамдаж байна гэхүү дээ. Сумын наадамд азарга маань түрүү хүртсэн. Энэ хүлгийн угшил нь Сүхбаатарын халзан сумын Р.Мөнхтөр гэж хүний унаган адуу. Хутаг-Өндөр суманд  уяачдын зөвөлгөөн болсон юм. Энэ үеэр аймгийн алдарт уяач Ө.Ганбаатар ах сугалаа явуулахад би азтан болж даага хожсон. Энэ хүлгээ “Ёндоо халзан” гэж нэрлэсэн. Эцэг нь их сайн хүлэг байсан гэсэн. Ганбаа ах надад даагаа өгөхдөө хязаалан наснаас нь сайн уяаарай гэж хэлж байсан юм. Ингээд хязаалан наснаас нь уяхад сумын наадамд аман хүзүүнд хурдалсан. Соёолон насанд нь аймагт уралдуулахад 19 дээр ирсэн.

-Та бөхийн удмыг ааваасаа өвлөжээ. Харин таны үйл хэргийг үргэлжүүлэх хүү  байгаа юу?

-Манай том хүүг М.Баасан-Очир гэдэг. Өнгөрсөн жил жүдогийн өсвөрийн улсын аварга болсон. Харин энэ жил мөнгөн медаль хүртсэн. Мөн жиюү жицү, кураш  бөхөөр хичээллэдэг. Самбо бөхийн улсын аваргаас хоёр жил дараалан  хүрэл медаль хүртсэн амжилттай. Саяхан өсвөрийн жүдогийн дэлхий аваргын тэмцээнд  явж барилдаад эзэн орны тамирчинд ялагдсан. Тэгэхээр бөхийн удам үргэлжилж байна гэж баярладаг.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 186 (7171)