Сүрнээгийн УЯНГА

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” булангийнхаа энэ удаагийн зочноор Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулууныг урилаа.

 

-Та эрчим хүчний зохицуулах хорооны даргаар ажиллаад жил гаруйн хугацаа өнгөрлөө. Эрчим хүчний зохицуулах хорооны хувьд ч, салбарын хувьд ч шинэ хүн биш шүү дээ. Гаднаас нь харахад тамга “аваад” хэвлэлд тэр бүр ярьсангүй, их даруухан нэг жилийг өнгөрөөлөө. Монгол Улсын зөвлөх инженерийн хувьд ажлын туршлагаасаа манай уншигчдад танилцуулна уу?

-Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би цахилгааны  инженер, эдийн засагч мэргэжилтэй.  Анх ажлын гараагаа Дархан-Сэлэнгийн цахилгаан шугам сүлжээний газарт  монтёроос эхэлж байсан. Дараа нь Дэд бүтцийн улсын хяналтын алба, Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газарт  Түлш эрчим хүчний хяналтын улсын байцаагч, албаны дарга,  салбарын яаманд газар, хэлтсийн дарга, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ХК-д гүйцэтгэх захирлаар ажилласан. 2016 оноос Эрчим хүчний зохицуулах хороонд ажиллаж байна. Эзэмшсэн мэргэжлээрээ салбартаа ажиллах нь олон давуу талтай. Миний хувьд салбартаа анхан шатнаас нь эхлээд 30 орчим жил ажиллаж байгаа учраас зовлон, жаргалыг биеэрээ мэдэрч туулсан гэж хэлж болно. Энэ онцлог маань хамт олонтойгоо гар, сэтгэл нийлж ажиллах давуу тал боломжийг надад олгож байна. Өмнөх даргатай нэг баг болж ажиллаж байсны хувьд төрийн бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх, цаг үеийн шаардлагаар зайлшгүй хийх ёстой реформын шинжтэй ажлууд дээр төвлөрч байна.

Манай байгууллага нь Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрлүүдийг олгох, үнэ тарифыг тогтоох,  хангагч хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

Эрчим хүчний зохицуулах хороо байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Өнөөдөр дэлхийн 150 гаруй улс оронд төрийн болон орон нутгийн зохицуулах байгууллагууд эрчим хүчний үнэ тарифыг зохицуулж хянаж байдаг. Түүний нэг нь манай байгууллага. Бас нэг онцлог нь хороо таван зохицуулагчтай, хамтын шийдвэр гаргадаг.

Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс, Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тус тус төлөөлөл оролцдог. Өөрөөр хэлбэл, төрийн гурав, хараат бус хоёр төлөөлөл нийлээд тавуулаа хамтын шийдвэр гаргадгаараа онцлогтой. Ингэж тал талын төлөөлөл оролцож, хамтын шийдвэр гаргах нь талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалахад чухал л даа.  

-Эрчим хүчний салбар 100 жилийн ойгоо угтсан. Энэ бол Монгол Улс хөгжлийн “гэрлээ асаагаад” зууныг үдэж байна гэсэн үг. Тэгвэл манай улсын эрчим хүчний өнөөгийн хэрэглээ, түүнийг хангах нийлүүлэлт ямар хэмжээнд байна вэ?

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2021 онд 9.8 тэрбум кВт.ц байсан бол  2022 онд 10.3 тэрбум кВт.ц болж сүүлийн жилд  5.8 хувиар нэмэгдсэн. Нийт хэрэглээний 79 хувийг дотоодын үйлдвэрлэлээр 21 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авч хангаж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бид дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах, аль болох дотоодын хүчин чадлаа өргөтгөх, шинэ эх үүсвэр барих бодлого баримтлан ажилладаг. Дотоодын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг дулааны цахилгаан станцууд, үлдсэн 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр үйлдвэрлэж байна. Импортын цахилгаан эрчим хүчний 66 хувийг Оюутолгой ХХК-ийн хэрэглээ, 34 хувийг бусад бүс нутгийн хэрэглээ эзэлдэг. Харин Дулааны эрчим хүчний хэрэглээ өмнөх оноос 8.5 хувиар нэмэгдэж 16.3 сая Гкал-д хүрлээ. Энэ нь эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчид ямар ч нөөц тоноглолгүй, хүчин чадлынхаа дээд хязгаарт тулж ажиллаж байна гэсэн үг. Дээр нь нэмээд хөрш орнуудаас эрчим хүч импортолж, ачааллыг даван туулах хэмжээнд хүрч байна.

-Өнөөгийн байдлаар танай салбар хүндхэн цаг үеийг туулж байх шиг байна. Тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Улс орны хөгжилд эрчим хүчний салбар онцгой үүрэгтэй. Хөгжингүй орнуудын хөгжсөн гол шалтгаан нь эрчим хүчний салбартаа түлхүү ач холбогдол өгч, эрчим хүчний дэд бүтцийг орчин үеийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулж түрүүлэн хөгжүүлсэн байдаг. Түүнийгээ дагаад улс орны хөгжил ч  хурдтай өсдөг. Тэгэхээр эрчим хүчний хүндрэл, бэрхшээл бол зөвхөн нэг салбарын асуудал биш юм. Манай улсын хувьд 100 жилийн түүхтэй энэ салбар бүтээн байгуулалтын ажлаас эхлээд, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг сайжруулсан зэрэг ололт амжилт чамгүй бий. Гэвч өнөөдөр бидэнд хэд хэдэн асуудал тулгараад байна.

Нэн тэргүүнд  эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон. Одоогийн ажиллаж байгаа эх үүсвэрүүд 40-60 жилийн насжилттай. Энэ хугацаанд эрчим хүчний томоохон эх үүсвэр ашиглалтад орсонгүй. Гэтэл эрчим хүчний хэрэглээ өссөөр байна. Жилд дунджаар 6-7 хувиар өсөн нэмэгдэж байна. Эх үүсвэр, хүчин чадлаа нэмж амжаагүй байхад хэрэглээ өсөж, үйлдвэрлэл хэрэглээгээ гүйцэхгүй болж байна. Энэ нь бусад салбарын хөгжилд ч сөрөг нөлөөтэй. Эрчим хүч хэрэглэдэггүй салбар гэж байхгүй шүү дээ. 

Хоёрдугаарт, эрчим хүчний салбар алдагдалтай ажилласаар байгаа. Үйлдвэрлэлийн өртгөө гүйцэхгүй, хямд үнээр эрчим хүчийг хэрэглэгчид худалдаж байна. Эрчим хүч бол тасралтгүй үйлдвэрлэл, тасралтгүй хэрэглээ. Эрчим хүчний хангамж нь уурхай нүүрсээ олборлохоос эхэлнэ. Эрчим хүчний үнэд нүүрсний уурхайн зардал, тээврийн зардал, үйлдвэрлэлийн зардал, дамжуулах, түгээх зардал гээд бүгд багтдаг. Салбар өөрөө алдагдалтай ажиллаж байгаа тул тоног төхөөрөмж, шугам сүлжээний шинэчлэлийг хангалттай түвшинд хийж чадахгүй байгаа.

Дараагийн нэг анхаарах ёстой асуудал бол эрчим хүчний хэмнэлт юм. Эрчим хүч бол дараа хэрэглэнэ гээд “далд хийчихэж” болдоггүй тийм л онцлогтой бүтээгдэхүүн. Тиймээс хэрэглэгч та бидний хувьд хэмнэлттэй хэрэглээ нь бас л чухал асуудал.

-Салбарынхан цахилгаан, дулааны үнийг нэмэх шаардлагатай гэсэн тооцоо судалгааг жил бүр танилцуулдаг. Олон жил хурааж хуримтлагдсан алдагдлаа нөхөж чадахгүй яваа. Зоригтой шийдэл гарахгүй байсаар сонгуулийн жилтэй туллаа гэх санал шүүмжлэл гарч байна. Үнэ тарифын тал дээр та бүхэн ямар бодлого баримталж байна вэ?

-Эрчим хүчний үнэ тарифт нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл бий. Тухайлбал, жилээс жилд валютын ханш өсөж, үүнийг дагаад  шатах, тослох материал, сэлбэг хэрэгслийн  үнэ нэмэгдэж байна. Нүүрсний тээврийн үнэ өссөн, хэрэглээний  усны үнэ, татвар шимтгэлийн хувь хэмжээ өссөн. Энэ бүх үнийн өсөлт эрчим хүч үйлдвэрлэх бодит зардлыг өсгөж байгаа.

2022 оны арваннэгдүгээр сард аж ахуйн нэгж, байгууллагын цахилгааны тарифт 14-38 хувиар өөрчлөлт оруулсан боловч айл өрхийн цахилгаан, дулааны тарифт огт өөрчлөлт оруулаагүй.

Цахилгааны нэгжийн бодит өртөг 2022 онд 224 төгрөг байсан бол 2023 оны тооцоогоор 243 төгрөг болоод нэмэгдчихсэн. Ялангуяа ахуйн хэрэглэгчдэд 140 төгрөгөөр борлуулж байгаа нь бодит өртгөөс 74 хувиар доогуур байгаа юм. Дулааны эрчим хүчний тариф Улаанбаатар хотод бодит өртгөөс 38 хувиар, бусад аймгийн төвүүдэд бодит өртгөөс 68 хүртэл хувиар доогуур түвшинд байна.

Үнэ тарифыг тогтоохын тулд эрчим хүчний бодит өртөг зардлыг тооцохын зэрэгцээ Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа бусад бараа бүтээгдэхүүний үнэ, айл өрхийн орлого, нэг өрхийн орлогод эрчим хүчний үнийн эзлэх хувь хэмжээг тооцдог. Судалгаанаас үзэхэд 4 ам бүлтэй айл өрх сард дунджаар 220 кВт.ц хэрэглээтэй, 36000 төгрөгийг сардаа цахилгаан эрчим хүчний төлбөрт өгч байна. Орон сууцны дөрвөн ам бүлтэй 50 м2 талбай бүхий айл өрх жилд 394 мянган төгрөгийг халаалт, халуун усанд зарцуулдаг бол гэр хорооллын айл өрх 2 сая төгрөгийг зарцуулж байна шүү дээ.

ЭХЗХ-ны хувьд Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлж, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэхэд гарах үйл ажиллагааны бодит өртөг, зардалд тулгуурлаж, эрчим хүчний компаниудад зохих ашгийн түвшин бүхий үнэ тарифыг тогтоох үүрэгтэй. Гэхдээ эрчим хүчний үнэ тарифыг нэмэхдээ инфляцын түвшин, эдийн засагт ямар сөрөг үр дагавар гарах вэ зэрэг олон хүчин зүйлийг нарийн тооцох ёстой болдог. Тиймээс хэрэглэгчдэд аль болох төлбөрийн дарамт багатай байхаар зохицуулж үйлдвэрлэгч, хэрэглэгчийн эрх ашгийг тэнцвэртэй хангах нь бодолгыг хэрэгжүүлж ажиллах нь манай байгууллагын үүрэг юм.

-Тодорхой хэлбэл, үнэ тариф дээр ямар шинэчлэл хийх вэ?

-Үнэ тарифтай холбоотой асуудал нэг хоёр жил ч хуримтлагдаагүй. Үндсэндээ 20-30 жил байнгын алдагдалтай явж ирсэн. Тиймээс өнгөрсөн хугацааны алдааг засч залруулж, зах зээлийнх нь зарчмаар явуулах зайлшгүй шаардлага бий.

Эдийн засгийн хүндрэлтэй байгаа нөхцөлд инфляцад огцом нөлөө үзүүлэхгүй байхаар тооцож, хэрэглэгчдийн эрчим хүчний тарифыг хэрэглээнээс хамааруулан ялгаатай байдлаар нэмэгдүүлэх зарчмыг баримталж байна.

Айл өрхийн цахилгааны хэрэглээнээс хамаарсан шатлан нэмэгдэх тарифын шатлалыг нэвтрүүлэх, өндөр хэрэглээний тарифыг бодит өртөгтэй уялдуулах, айл өрхийн цахилгааны хэрэглээнд гурван тарифт буюу оргил цагийн тарифыг нэвтрүүлж хэрэглэгч сонголтоо хийх боломжийг бий болгох бэлтгэл ажлыг хангасан. Үе шаттай хэрэгжүүлнэ. Манай улстай ижил төстэй орнуудын жишиг ч ийм байдаг.

Айл өрхийн дулааны бодит хэрэглээнд суурилсан тарифт шилжих боломжтой болгох, эрчим хүчний хэрэглээ ба хангамжийн таацад үндэслэн шинэ эх үүсвэр болон бусад хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг хангасан тарифын таамаглал хийж хэрэгжүүлэх тооцоо судалгааг хийсэн.

Хэрэглэгчийн эрчим хүчний тарифыг бодит өртөгт нь хүргэх, тарифын бүтэц загварыг сайжруулах, цаашид тарифыг индексжүүлэх зарчимд шилжсэнээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эрчим хүчний шинэ эх үүсвэр, өргөтгөлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих боломж бүрдэхээс гадна эрчим хүчний салбар санхүү эдийн засгийн бие даасан тогтолцоонд шилжин ажиллах боломж бүрдэнэ.

-Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, бууруулахад хүчин чармайлт гаргаж байна. Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх аль болох ногоон байх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Дэлхий нийтээрээ байгальд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хөгжүүлэхэд анхаарч байна. Эрчим хүчний эх үүсвэрийн бүтцэд шилжилт явагдаж байгаа. Аль болох хүлэмжийн хий ялгаруулдаг эх үүсвэрээс татгалзаж, ногоон эрчим хүч рүү шилжиж байна. Манай улс нь олон улсын өмнө хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээсэн. Тийм ч учраас төр засгийн бодлогод сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх талаар тусгагдсан байгаа. “Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлогод 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийг нийт суурилагдсан хүчин чадлын 30 хувьд хүргэх зорилт тавигдсан. Сэргээгдэх эрчим хүч гэхээр зөвхөн нар, салхи гэж ойлгож болохгүй. Усан цахилгаан станц, Газрын гүний эх үүсвэр, биомасс гэх мэт олон эх үүсвэрүүд байна. Дээр нь ус төрөгч, байгалийн хий гэх мэт.

Манай улс сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины арвин нөөцтэй ч гэсэн  зарим нэг саад бэрхшээл гарч байна. Одоогоор суурилагдсан хүчин чадлын 10 орчим хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээг бүрэн хангахад горим ажиллагааны хувьд хүндрэлтэй. Шөнийн цагт хэрэглээ багасч, эрчим хүчний илүүдэл үүсдэг. Энэ үед нүүрсээр ажилладаг станцуудаа зогсоох боломжгүй. Тогтмол нэг горимоор ажилладаг онцлогтой. Тиймээс суурилагдсан хүчин чадлын хэдэн хувь нь сэргээгдэх эрчим хүч байх, эсвэл тухайн эх үүсвэрийн хэдэн хувьд нь цэнэг хуримтлууртай байх вэ гэдгийг бодлогын түвшинд оновчтой тодорхойлох ёстой. 

2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Энэ хуульд нарны станц нэг кВт цаг нь 15-18 ам.цент, салхиных 8-9.5 ам.центээр авна гээд үнийг шууд гадаад валютаар хатуу заагаад өгчихсөн нь хүндрэл учруулж байсан. Сүүлд 2019 онд хуулиа өөрчилж нар, салхины станцаас авч буй үнийг 0-12 ам.цент болгосон. Мөн шинээр сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр бол яам дуудлага худалдаа зарлах зохицуулалт оруулж өгсөн. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжиж байна.

-Эрчим хүчний салбарын хууль, эрхзүйн орчинд өөрчлөлт хийх шаардлага байгаа юу. Өнөөгийн нөхцөл байдалтай хэр уялдаж байна гэж бодож байна вэ?

-Эрчим хүчний тухай хууль 2001 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ 20 гаруй жилийн хугацаанд салбарын зохицуулалтыг хангалттай хэрэгжүүлж ирсэн. Гэхдээ өнөөгийн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж зарим нэг заалтыг нэмж оруулах зайлшгүй шаардлагатай гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг оруулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацыг нэвтрүүлэх, урамшуулалт зохицуулалтыг дэмжих гэх мэт хуулийн хүрээнд нэмж оруулах, өөрчилж шинэчлэх асуудлууд байна. 

-Танай байгууллага Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй ажилладаг гэлээ. Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн үр нөлөө ямар байна вэ. Эрх зүйн орчноос гадна иргэд олон нийтэд эрчим хүчээ хэмнэх хөшүүрэг, урамшууллын бодлого бий юу?

-Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль 2007 онд батлагдсан. Энэхүү хуулиар хэрэглэгчдийг хэрэглээнээс нь хамааруулж “Үүрэг хүлээсэн хэрэглэгч”-ээр тодорхойлж эрчим хүчийг хэмнэх үүрэг даалгаврыг өгч ажиллаж байна. Энэ нь албадлагын шинж чанартай гэсэн үг. Цаашид хэмнэлтийг арай өөр түвшинд авч үзэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Бид нийслэлийн боловсролын газартай хамтарч бага, дунд сургуулийн хүүхдүүдэд эрчим хүчийг хэрхэн хэмнэх талаар хичээл оруулж байна. Мөн эрчим хүч хэмнэсэн тохиолдолд “Урамшуулалт зохицуулалтын арга”-ыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дэлхийн улс орнуудад эрчим хүчний хэмнэлтийг хамгийн бага хөрөнгө оруулалт болон хамгийн богино хугацаанд шинэ эрчим хүчний эх үүсвэрийг барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж тодорхойлж байна. Тийм учраас ЭХЗХ-оос “Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах” хөтөлбөрийг боловсруулаад ажиллаж байна.

-Улсын хэмжээнд цахим шилжилтийн бодлого, төрийн компаниудын засаглалыг сайжруулах ажил явагдаж байна. Салбар болгон үйл ажиллагаагаа цахимжуулах, ухаалаг болгох талаар нэлээд ажлууд хийгдэж байх шиг. Танай байгууллага, эрчим хүчний салбарын хувьд ямар байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас төрийн аливаа үйлчилгээг цахимжуулах бодлогыг түлхүү хэрэгжүүлж байна. Ялангуяа төрийн өмчит компаниудын менежмент, засаглалыг сайжруулах, бүтцийг оновчтой болгох, үр ашгийг сайжруулах ажлуудыг зарим компаниуд дээр хэрэгжиж байгаа. Эрчим хүчний салбарт ч энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ бол маш зөв шийдвэр. Төрийн үйлчилгээг шуурхай болгох, үргүй зардлыг бууруулах, хүнд суртлыг багасгахад чухал үүрэгтэй. Манай байгууллага Хорооныхоо хурлыг 100 хувь цахимаар хийдэг болсон. Хөдөө орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар хуралд орохоор албан томилолт аваад ирдэг байсан бол одоо орон нутгаасаа цахимаар ордог болсон. Мөн тусгай зөвшөөрлийн материалаа цахимаар авдаг болсон зэрэг хүний хөдөлмөр, цагийг хэмнэж үр ашгийг дээшлүүлэх ажлуудыг хэрэгжүүлсэн.

Ухаалаг болгохын хувьд манай салбарт нэн тэргүүнд хийх нэг ажил байна. Бид эрчим хүчний хангамжийн хэрэглэгчидтэй харьцдаг хэсгээ ухаалаг болгох ёстой. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч нь хаана байгаа байрлалаасаа үл хамаарч өөрийн эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хянадаг, төлбөр төлчихдөг нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Мөн хангагч байгууллага нь алсын зайнаас тасалж, залгах үйлдлээ хийдэг. Заавал айлуудаар яваад байх шаардлагагүй болно гэсэн үг. Хэрэглэгчид үзүүлэх үйлчилгээ нь түргэн шуурхай, чанартай эрчим хүчээр хангадаг, хэрэглэгчдээс чирэгдэл багатайгаар төлбөрөө авдаг болох ухаалаг технологийг нэвтрүүлэх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 177 (7162)