Н.ЖАРГАЛМАА

 

Өмнөд Солонгос улсад багш нар анх удаа багшлах эрхийнхээ төлөө жагсаж байна. Есдүгээр сарын 4-ны өдрийг “Бүх нийтийн боловсролыг зогсоох өдөр” уриан дор тус улсын өнцөг булан бүрээс ирсэн 70.000 багш ажил хаялт зарлаж эрхийнхээ төлөө жагсахаар төлөвлөөд байгаа ажээ. БНСУ-н Засгийн газраас жагсаалд оролцсон багш нарт сахилгын шийтгэл ноогдуулахыг анхааруулсан байна. Мөн тус улсын одоогийн хууль тогтоомжийн дагуу улсын сургуулийн багш нар хамтын ажиллагаа, ажил хаялт хийх эрхгүй тул төрийн албан хаагч багш нар чөлөө авах эсвэл өвчний чөлөө авч жагсаалд оролцох ажээ. Багш нар боловсролын тогтолцоонд нэн яаралтай өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байгааг онцолж, улс орны боловсролын чанарт сөргөөр нөлөөлж буй тогтолцооны асуудлуудыг хүлээн зөвшөөрч, шийдвэрлэхийг Засгийн газарт уриалж байна.  Энэхүү жагсаал нь 23 настай залуу багш боловсролын тогтолцоон дахь тэвчишгүй байдал, сурагчид болоод тэдний эцэг эхээс ирэх дарамтыг тэсэлгүйгээр амиа хорлосноос үүдэлтэй ба есдүгээр сарын 4 нь багшийн амиа алдсаны 49 хоног болох ажээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 4. ДАВАА ГАРАГ. № 174 (7159)