Баатарын НЯМСҮРЭН
Харахад чулуу боловч ая эгшигтэй эл хөгжмийг Чулуун царгил гэнэ. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Хөгжим хэмнэл” буландаа Баянхонгор аймгийн хүүхдийн "Тэмүжин" театрын найруулагч Д.Долгорсүрэнг урилаа. Түүнтэй Чулуун царгил хөгжмийн талаар ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
Чандмань уулнаас хөгжийн чулуугаа бүрдүүлжээ
Чулуун царгил хөгжим нь 1986 оноос үүсэлтэй. Дараа 1989 онд Тэмүүжин дуурь тоглогдоход хоёр Чулуун царгил хөгжим оролцож байжээ. Анх үүсэхдээ Царгил хэмээн нэрлэдэг байсан. Хөгжлийнхөө явцад Чулуун царгил хэмээн нэрлэж заншжээ. Харин 2012 оноос түгээн дэлгэрүүлсэн аж. Тухайн үед Засгийн газраас санаачлан явуулсан Авьяас хөтөлбөрт аймаг бүр өөр өөрсдийн түүх соёлыг илтгэх үзвэр толилуулсан нь бий. Харин Баянхонгор аймаг Чулуун царгил хөгжмөөрөө оролцжээ. Тус хөгжмийг түгээн дэлгэрүүлэх ажлыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг, Д.Байгальмаа нар эхлүүлсэн гэдэг. Чулууг хөгжим болгоход Баянцагаан сумын дуу хөгжмийн багш, Соёлын тэргүүний ажилтан А.Мягмарсүрэн хэмээх хөглөж, хөгжмийг “бүтээсэн” ажээ. Үүнээс хойш түгээн дэлгэрсээр аймгийн төвийн 19 сумын сургуулийн сурагчдад зааж сургасан тухай найруулагч Д.Долгорсүрэн ярьсан юм. Ингэж хөгжсөөр Ламын гэгээний 375 жилийн ойгоор 375 Чулуун царгил хөгжим эгшиглэжээ.
Хөгжмийн зэмсгээ бүрдүүлэхдээ Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр тэргүүтэй сум руу судалгаанд явжээ. Эдгээр суманд дуутай чулуу байсан гэнэ. Дуутай чулуу говийн сумуудаар байдаг. Хангайн сумд ховор. Үүнээс хамгийн сайн хөг аялгуутай нь Баян-Өндөр сумын Чандмань ууланд байж. Чандмань уулын чулуу одоогоор ховорджээ. Тус уулыг улсын тусгай хамгаалалтанд авсан байна.
Харин 2019 онд Чулуун царгил хөгжим соёлын биет бус өвд бүртгэгдсэн. Зарим чулуу эгшигтэй байдаг бол ихэнх чулууг нь хөглөдөг аж. Хөглөж хөгжим болгох нь шат дамжлага арга аргачлалтай. Чулуун царгил хөгжмийг Баянхуур хөгжмөөр хөглөдөг байна. Тус хөгжмийн хөг нь тэр чигтээ тогтдогоороо онцлогтой. Харин хөглөснөөс хойш чулуугаа эвдэлж, гэмтээхгүй байх нь чухал гэнэ.
Богино хэмжээтэй бүтээлийг 12 чулуугаар тоглоно
Баянхонгор аймгийг хүний үүслийн өлгий нутаг гэдэг. Харин Чулуун царгил хөгжмийн суурийг бичигт хадны зургаас санаа авч бүтээсэн. Чулуу байгалийн бүтээл болохоор бичигт хөшөөтэйгөө холбогдуулсан нь энэ. Хөгжмийн цохиурыг хүүхдийн үсний боолтын хуванцрыг нь савханд хийж тоглодог байж. Энэ нь удаан тоглохоор хагараад байсан учраас бог малын шагайгаар орлуулсан гэнэ. Харин сүүлд цавуу ашиглаж цохиураа хийх болжээ. Богино хэмжээтэй бүтээлийг 12 чулуугаар тоглоно. Харин том хэмжээний сонгодог бүтээлийн аяыг 32-64 чулуугаар тоглодог байна. Хонгор нутгийн хөгжимчид М.Бирваа, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа зэрэг авьяаслаг хүмүүсийн бүтээлээс Чулуун царгил хөгжмөөрөө тоглодог. Мөн хүүхдийн уран бүтээлийг толилуулж байгаа юм. Чулуун царгил хөгжмөөр бүх төрлийн ая тоглох боломжтой. Ийм л шидтэй хөгжим аж.
Хүүхдүүд байгальдаа хайртай болдог
Одоогоор Баянхонгор аймгийн "Тэмүжин" театрт байнга ашиглагддаг 20 Чулуун царгил хөгжим байдаг. Сургуулийн хүүхдүүд сургалтад хамрагдаж тоглодог болохоор хамтлаг нь өөрчлөгдөж, солигдсоор явдаг гэдгийг хэлсэн юм. Нэг аяыг тоглоход нот харж тоглодог байна. "Тэмүжин" театрт тоглогдсон бүтээлийн найруулгыг Хөгжим бүжгийн коллежийн гавьяат багш н.Зоригоотой хамтарч гаргасан гэнэ лээ. Жил бүр өөр өөр бүтээлийн аяыг Чулуун царгил хөгжмөөр тоглож, урын сангаа баяжуулсаар иржээ. Чулуун царгил хөгжмийг тоглодог хүүхдүүд байгальдаа хайртай болдог гэдгийг тэдний багш ярив. Анхаарал төвлөрөх, байгалиа хамгаалах, хичээл сурлагадаа сайжрах зэрэг нөлөө гарчээ. Хөгжим нь мэдрэмжийг сайн хөгжүүлдэг байна. Тус хөгжмийг түгээн дэлгэрүүлэх ажлыг Баянхонгор аймгийн "Тэмүжин" театрын багш М.Түмэнсайхан үргэлжлүүлж байгаа юм. Цааш судалгаагаа явуулж байгаа ба дэлгэрүүлэх боломжийг эрэлхийлэн ажиллаж байгаа гэнэ. Одоогоор аймагтаа түгээн дэлгэрүүлжээ. Бусад газруудад таниулж байгаа. Зааж өвлүүлээгүй гэдгийг тэд хэлж байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 173 (7158)