Доржийн ОЮУНЧИМЭГ

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн зочноор “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн ерөнхий захирал, эдийн засагч Б.Лакшмийг урилаа.

 

ХҮҮХДЭД ЭЦЭГ, ЭХИЙН ҮЛГЭРЛЭЛ ХАМГИЙН ЧУХАЛ

 

-Эдийн засагч Б.Лакшми багадаа ямар хүүхэд байсан бэ гэдгээс ярилцлагаа эхэлье?

-Би нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Анги болон сургуулиас зохион байгуулсан ажлыг алгасахгүй л оролцдог. Урлагийн үзлэг, сагс, волейбол гээд ер нь л хоцорч байгаагүй. Одоо эргээд бодоход олон зүйлийг сонирхдог  байжээ гэж хардаг.

-Бүх л зүйлд оролцоотой байсан тухайн цаг үеэс үлдсэн тод дурсамж. Магадгүй тэр үедээ “од” байжээ дээ?

-Бидний үед хүүхдүүд нэг их сондгойроод байдаггүй, хүүхэд бүр л аливаад оролцоотой байсан санагдана. Тэгэхээр “од” гэдэг ойлголт байгаагүй болов уу. Нийгмийн идэвх сайтай байхыг алхам тутамдаа мэдэрч өссөн гэж болно. Намайг 10 жилийн сурагч байхад ганцхан бүтэн сайнд амарна. Өвөл бол цас цэвэрлэнэ. Мэдээж би ганцаараа биш. Байрны хүүхдүүд нийлээд гаднах цасаа цэвэрлэх нь төвөгтэй асуудал биш. Хэзээ ч үүнд түүртэж байсангүй. Зун нь цэцэг усална.

Нөгөөтэйгүүр ээж, аав минь ажлыг ул суурьтай сайн хийх дадлыг суулгасан нь миний амьдралын гол зарчим. Үүний зэрэгцээ хүнд худлаа хэлж, хуурч болохгүй шүү гэдэг аав, ээжийнхээ захиасыг хэзээ ч мартаж байсангүй. Тэгэхээр хүүхдэд гэр бүлийн хүмүүжил тэр дундаа эцэг, эхийн үлгэрлэл хамгийн чухал манлайлал юм байна гэж харж байгаа.

Миний аав, ээж Дорноговь аймгийнх гэдэг ч аав маань хотод төрж, өссөн. Харин ээж маань тухайн үеийн Батмөнх сум, одоогийнхоор Өргөн суманд төрсөн юм билээ.  Аавыг Боожоо гэдэг. Шинжлэх ухааны академи, Унгар, Болгарын ЭСЯ-нд орчуулагч хийдэг байсан. Мөн МУИС-д ажиллаж байлаа. Ээж худалдааны эдийн засагч мэргэжилтэй. Материал хангамж техникийн хороонд ажиллаж байсан юм. Манай хоёр гадаад хэлээр тэр дундаа аав 10-аад орны хэл мэднэ. Харин ээж минь герман, орос хэлтэй.

Миний аав хэд хэдэн ном орчуулсан. Тэр ч бүү хэл социализмын үед хориотой байсан  монгол бичгийг ээж, ааваараа заалгаад сурсан юм гэдэг. Нийгмийн шилжилтийн үед “Монголын жаран” сонинг судар хэлбэртэй, монгол бичгээр гаргасан 1990 оны наймдуугаар сарын 2-нд анхны дугаар нь хэвлэгдэж байлаа. Би оюутан ахуйдаа аавынхаа хэвлэсэн сонин ч борлуулаад гүйж явсан нь одоо ч тод үлдсэн дурсамж. Эдийн засаг хүндрэлд орсон үед Хөх хотод хоёр дахь дугаараа хэвлүүлсэн юм билээ. Хэдийгээр зарим хүмүүс магнайдаа хүргээд авдаг байсан ч эхний хэвлэлт олигтой борлуулагдаж чадаагүй учраас санхүүгийн бэрхшээл тулгарч хоёр дахь хэвлэлтээ үйлдвэрээс нь авч чадаагүй юм. Эргээд бодохоор тухайн үед яаж ийгээд авах хэрэгтэй байжээ гэж харамсдаг. Тухайн үед бид аавынхаа хийж байгаа зүйлийг нь дэмжээд санхүүжилтийг олоод сонинг нь үйлдвэрээс нь авхуулдаг байж гэж ярилцдаг. Ер нь цаг хугацаа өнгөрөх хэрээр аливаа зүйлийн ач холбогдол, эрэмбэ дарааг илүү ухаж ойлгодог юм болов уу даа.

Миний сэтгэлээс гардаггүй нэгэн дурсамж бий. 1990-ээд оны эхээр Германы телевизийн сурвалжлагч аавын маань хэвлэх үйлдвэрээс нэвтрүүлэг хийсэн нь Германы бүх телевизүүдээр цацагдаж аав минь Германаар ярьж ярилцлагаа өгсөн нь надад үнэхээр сайхан санагдаж билээ. Бас нэг сонирхолтой нь аавын маань хэвлэлийн газар одоогийн Төв шуудангийн урд байдаг Ардчилсан намын байрны нэг давхарт баруун гар талд байдаг байлаа.

Бүхий л зүйлд чин сэтгэлээсээ ханддаг аав, ээжийн тусгал өнөөдөр охидод нь бий. Ер нь хүнд чин сэтгэлээсээ туслахад хариу нэхээгүй ч баярласан сэтгэлийн “өглөг” нэг боломж хаагдахад  нөгөөх нь нээгдэж байх замыг засдаг юмуу гэж хардаг.

 

ЛОГИК СЭТГЭЛГЭЭ

 

-Хүүхэд бүр л хурдан оюутан болохсон гэж мөрөөддөг. Сурагч эсвэл оюутан Лакитай харилцах хүмүүсийн хандлагын ялгааг мэдэрч байсан уу?

-Би Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Мэдээж манай сургууль нэлээд чанга.

Чанга гэдэг нь маш сайн сахилга баттай гэсэн үг. Тийм орчинд сурч байсан хүн Германд их сургуульд сурах болсноор сургалтын ялгааг олж харсан. Нэгдүгээрт багш нарын заах арга барил өөр санагдсан. Бид нар 10 жилдээ томъёог ягштал цээжилдэг байсан бол Германд очоод их сургуульд гаргалгааг нь үздэг байлаа.

Эндээс нэг зүйлийг анзаарсан нь томъёог цээжлэхээс илүү гаргалгааг нь олж сурснаар хүний логик сэтгэлгээ илүү хөгждөг юм болов уу гэж харагдсан.

Мөн манай сургуулийн оюутнууд томъёоны ном ашигладаг. Түүнийг шалгалтад авч орж хэрэглэж болно. Гэхдээ түүнийг ашиглахын тулд томъёоныхоо гаргалгааг маш сайн мэддэг байх ёстой л доо.

Оюутан байхдаа тухайн улсын хүмүүстэй харьцуулахад надад боломж хязгаарлагдмал байх юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс аль болох ихийг сурч эх орондоо очиж ажиллаж, амьдрах ёстой юм байна гэж бодсон. Сургуулиа төгсөөд Германд ажиллах боломж байсан ч эх нутагтаа ирэхийг эрхэмлэсэн. Гэрийн нохойн сүүл өөдөө гэдэг монгол хэлц үг бий. Мэдээж хүн бүр надтай адил байх албагүй. Тэгэхээр тухайн орчин нөхцөл, магадгүй ажиллах боломж нь Монголоос илүү байвал хүн өөрийн сайн сайхан амьдралын төлөө явж байгаа учраас хувь хүний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй л дээ.

-Монголчууд гадаад хүмүүс “бүх юмны дарга” байж болно гэх хандлагатай. Мэдээж үүнийг хавтгайруулж ойлгож болохгүй. Гэхдээ нийтлэг хандлага, үзлийг өөрчлөх хэрэгтэй болов уу?

-Гадаад, дотоод гэж ялгахгүйгээр хувь хүний боловсрол, хүмүүжлийг анхаарч үздэг байх ёстой. Ялангуяа хүмүүжил гэдэг хамгийн түрүүнд анхаарах учиртай асуудал. Хэдийгээр дэлхийд өндрөөр үнэлэгддэг сургуульд боловсрол эзэмшсэн байлаа ч хүмүүжлийн доголдолтой бол тэр хүнээс сайн юм хүлээх хэрэггүй.

Нөгөөтэйгүүр монголчууд боловсрол, мэдлэг, чадвар, ажлын туршлагаараа гадны экспертүүдээс ч илүү түвшний мэдлэгтэй байдаг болсон. Сүүлийн үед цахим, технологийн салбарт ажилладаг залуус дэлхийн топ компаниудад урилгаар ажиллах болсон нь үүний илрэл хэмээн харж байна.

 

ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧЭЭС ЭДИЙН ЗАСАГЧ БОЛСОН ТҮҮХ

 

-Анх загвар зохион бүтээгч болохоор оюутан болсон гэдэг.  Гэтэл яагаад эдийн засагч мэргэжил эзэмших болов?

-Анх Герман руу загвар зохион бүтээгчийн ангид сурахаар явж байлаа. Учир нь ээж маань их уран хүн, бидний хувцсыг оёод өгчихдөг байсан. Эгч маань надаас түрүүлээд Германд оюутан болоод явсан юм шүү дээ. Амралтаараа ирэхдээ ганц нэг хувцас авчирч өгнө. Түүнийг нь би 10 жилд байхдаа аминдаа л загварыг нь өөрчлөөд өмсчихнө. Тэгээд л загвар зохион бүтээгч болно гэж шийдсэн хэрэг л дээ.

1990 онд хоёр Герман нэгдэж ихэнх сургууль хаагдаж, зарим нь нэгдсэн. Энэ үед монгол оюутнуудыг буцааж ч магадгүй сураг гарч байлаа. 10 жилээ төгсөөд нэг жил их сургуульд суралцсан. Дахиад нэг жил хэлний бэлтгэлд явсан учраас буцах хайран санагдаж байсан үе. Аз таарч тэр үед Германд сурахаар очсон оюутнуудыг өөр байгууллага хариуцан сургах болсон. Ингэхдээ анх сонгосон мэргэжлээ өөрчлөх шаардлага гарсан юм. Зориод очсон учраас ямартай ч мэргэжил эзэмшээд харих ёстой гэж өөртөө бодсон. Тэгээд л эдийн засагч болсон хэрэг л дээ. Гэхдээ одоо энэ мэргэжлийг сонгосон доо баярладаг.

-Германд оюутан байсан цаг үеийг одоогийнхтой харьцуулахад, ямар дүр зураг гарах вэ. Магадгүй энэ цаг үед зайлшгүй шаардлагаар мэргэжлээ солих сонголттой тулвал ямар шийдвэр гаргах бол?

-Ялангуяа монголчууд хүүхдүүддээ алдах, аливаа зүйлтэй нүүр тулах сонголтыг өгдөггүй юм байна гэж боддог. Хүүхэд өөрийнхөө хүсэл, сонирхолыг олоход чамгүй хугацаа зарцуулдаг. Ихэнх ээж аав өөрийн мөрөөдлөө хүүхдээрээ гүйцэлдүүлэх гээд байдаг. Би сургуулиа төгсч ирээд хувийн хэвшилд ажиллаж үзсэн. Гэхдээ намайг ажиллаж байх тэр үед бизнесийн салбар төдийлөн хөгжөөгүй байсан. Ингээд Герман төгсөгчдийн уулзалтад оролцож яваад Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв байгуулагдах гэж байгааг сонсч энд ажиллаж эхэлсэн байдаг юм.

Мэдээж судалгааны байгууллагад дасах эсэх, цаашид урт хугацаанд ажиллах эсэх тодорхой биш л дээ. Миний хийж чадах, чадахгүйгээс эхлээд би сонирхох үгүй ч мөн л шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйл шүү дээ.

Судалгаа, шинжилгээний салбар миний хувьд зөв сонголт байжээ гэж одоо хардаг. Тэр ч бүү хэл судалгааны ажил ямар сонирхолтой вэ гэдгийг дотор нь орж ажилласныхаа дараа л мэддэг болж байна. Сонирхолтой, хөрвөх чадвартай, хамгийн чухал салбар юм байна гэж харж байгаа.

 

СУДАЛГААГ ЗӨВ АШИГЛАВАЛ ХӨГЖИХ ХӨШҮҮРЭГ БОЛНО

 

-Өрсөлдөх чадварын тайлан гараад 10 гаруй жил болж байна. Хүмүүсийн хандлага ямар болж байна вэ. Өмнө нь манай аймаг яагаад сүүлийн байр эзэлж байгаа юм бэ гээд шүүхэд ханддаг тухай сонсч байсан?

-Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан гардаг шүү дээ. Тэндээс харж байхад Монгол Улсыг бусад орнуудтай харьцуулахад хүмүүсийн анхаарлыг төдийлөн татахааргүй байдаг. Тэгвэл улсын хөгжил сул байгаагийн хариуцлагыг хэн үүрэх вэ. Мөн хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлийг тодорхойлох шаардлагатай.

Харин аймгуудыг харьцуулахад шууд утгаараа хэн нэгнийг буруутгах боломжгүй л дээ. Бусдаас юуг нь авч хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгээ харьцуулаад харах боломж аймгийн удирдлагууд, сонгогдсон УИХ-ын гишүүд, ИТХ-ын гишүүдэд нь бий. Мэдээж аймгууд байршил, газар нутгийн онцлог зэргээс шалтгаалан бүгд ижил байх боломжгүй. Тэгэхээр хөгжлийн түвшинг 180 үзүүлэлтээр дүгнэдэг. Ингэхдээ сүүлд орсон аймаг бүх үзүүлэлт муу байна гэж өрөөсгөл ойлгож болохгүй. Тэр дунд бусдаас илүү сайнаар үнэлэгдэх үзүүлэлт ч бий. Тиймээс сайнаас муу нь илүү давамгай байна гэж харах ёстой.

Нөгөөтэйгүүр, аймгийн өрсөлдөх чадварын тайланг маш чадварлагаар ашиглаж аймгаа хөгжүүлсөн Засаг дарга бол Сүхбаатар аймгийн Засаг дарга асан, одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь. Боловсролын салбарын муу үзүүлэлтийг илүү дэлгэрүүлж судлан түүнийгээ сайжруулах ажлуудыг эрэмбэ дараатай хийж байсан тухай ярьдаг. Энэ нь ч үр дүнгээ өгсөн гэдэг юм билээ.

Үндсэндээ өрсөлдөх чадварын судалгааг тухайн аймаг, орон нутаг хөгжихийн тулд юунд илүү анхаарал хандуулах вэ гэдэг замыг зааж байгаа хэрэг л дээ.

Ер нь судалгаа гэдэг ямар нэг зүйлийг магтах эсвэл муулах гэж хийдэг зүйл биш. Харин үүнийг алдаагаа засах хэрэглэгдэхүүн болгож ашиглах нь илүү үр дүнтэй болов уу. Орон нутагт төсвийн тодорхой эрх мэдэлтэй болсон. Түүнийгээ хэрхэн зарцуулж байна гэдгээс гадна бизнесийн орчныг сайжруулах ямар ажлууд хийж байна гэх мэтчилэн өрсөлдөх чадвараа сайн болгох бүхий л алхмуудыг хийх боломж нутгийн удирдлагуудад бий. Жишээлбэл, тухайн орон нутаг хөгжих боломжоо тодорхойлохдоо аль салбарыг түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг илүү нарийвчлан судлах хэрэгтэй.

 

ЭМЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ АМБИЦТАЙ. ГЭХДЭЭ...

 

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн манлайллын талаар эрчимтэй ярих болсон. Тэгвэл манлайлагч эмэгтэй гэж хэнийг хэлэх вэ. Таны хувьд манлайлалд ямар нэг шалгуур бий юу?

-Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй атлаа манлайлагч гэхээр төгс төгөлдөр байх ёстой гээд харчихдаг тал бий. Манлайлагч эмэгтэй гэж нэрлэхээсээ өмнө манлайлал гэдэг юу вэ. Ямар хэм хэмжээтэй вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй болов уу. Жишээлбэл, нэгэнт бид үлгэр дуурайлал авна, биднийг түүчээлнэ хэмээн манлайлагч гэж нэрлэж байгаа бол алдаа дутагдал гаргахыг нь ч мөн хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ хүмүүс хүлээн зөвшөөрөх юм чинь алдаа гаргая гэх хүн гарахгүй л байх. Тэгэхээр тухайн гаргасан алдааг уучлах боломжтой юу үгүй юу гэдгээ эхлээд тодорхойлох нь зөв болов уу.

Эмэгтэй манлайлагчийн хувьд нийгэм илүү өндөр шалгуур хангуулахыг хүсдэг. Манлайлагч эмэгтэйчүүдээ дэмжинэ гээд яриад байгаа боловч бодит байдал дээр дэмждэггүй. Тухайлбал, ганган дэгжин, үргэлж сайхан зантай, уурлаж аашилдаггүй байвал манлайлагч эмэгтэй гэж харж байна. Мөн манлайлагч эмэгтэй гэр бүлээ, үр хүүхдээ авч явдаг байх ёстой, гэрийн ажлыг чамбай хийхийн сацуу ажил, алба эрхэлдэг байх шалгууртай. Өөрөөр хэлбэл, “супер” эмэгтэй байж сая нийгэмд манлайлагч гэдгээ хүлээн зөвшөөрүүлнэ. Гэтэл эрэгтэй манлайлагчийн хувьд шалгуур маш энгийн тэр хүн гэр бүлийнхээ санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хэмжээнд ажиллаж чадаж байгаа бол үндсэндээ нийгэм хүлээн зөвшөөрчихөж байгаа юм. Эндээс нийгэмд эмэгтэйчүүдээс хүлээж байгаа шалгуур нь хэт ялгаатай нь анзаарагдах болов уу. Нөгөөтэйгүүр, эмэгтэйчүүдийн алдааг нийгэм даяараа шүүмжилж тэр эмэгтэйд байх орон зай үлдээхгүй шахам болдог. Гэтэл эрэгтэйчүүдийг түүнээс том алдаа гаргахад байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг ялгавартай байдлыг арилгах шаардлагатай. Түүнчлэн эмэгтэйчүүд хамтран ажиллаж нэгнээ хамгаалах, өмгөөлөх тал дээр хэт сул, дорой байна. Магадгүй бүр нухчин дарчихгүй л бол болж байгаа мэтээр ойлгодог болсон нь эмгэнэл.

Нөгөө талаас нь харвал, эмэгтэйчүүд эрчүүдээс ч илүү амбицтай юм байна гэж анзаарсан. Гэсэн атлаа түүнийгээ эрчүүдтэй өрсөлдөхөд биш өөр хоорондоо өрсөлдөхдөө л гаргах юм. Жишээлбэл, байгууллагын дарга нь эрэгтэй хүн байхад дараагийн суудал эмэгтэй гэж тооцъё. Энэ тохиолдолд хэзээ ч даргынхаа оронд тушаал дэвшинэ гэдэггүй. Гэтэл хэрэв эмэгтэй даргатай бол түүний оронд би очих нь зөв гэж боддог. Энэ мэтчилэн ярих нэг өөр, бодит хөрсөнд буулгах нэг өөр гэдгийг эмэгтэйчүүдийн манлайллаас харж болно. Тэгэхээр нийгмийн энэ хандлагыг өөрчлөх хэрэгтэй байх. Үүний тулд бид үлгэрлэх ёстой. Мэдээж залуу үе аливаад илүү соргог байх учиртай. Ухаантай хүн бууж өгдөг гэдэг Германы зүйр үг бий.

Эцэст нь хэлэхэд, улс орны хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс эмэгтэйчүүд үүнийгээ зөвөөр ухамсарлаж жинхэнэ манлайлагч илүү хүлээцтэй, тэвчээртэй, аливаад хандах хандлага нь бусдыг уриалан дуудах чадвартай байхад суралцах шаардлага бий.

-Б.Лакшмигийн ирээдүйн зорилго юу вэ?

-Их л олон зүйлийг амжуулахсан гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэхдээ үе шаттайгаар, төлөвлөгөөтэйгээр ажиллахгүй бол хүч тарамдаад алийг нь ч гүйцэтгэж чадахгүй болчихно. Тиймээс энэ удаад докторынхоо ажлыг хийж дуусгахаар төлөвлөсөн. Загасчны морь усгүй гэдэг шиг, өөрөө судалгааны байгууллагад ажилладаг атлаа өөрийнхөө судалгааны ажлыг хойш тавиад нэлээд удчихлаа. Одоо нэг “дайраад” дуусгая гээд шийдчихсэн л сууж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 172 (7157)