Х.ХАТАН

 

“Анар Монтессори Билингуал” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Х.Пүрэвсүрэнтэй сургуулийн өмнөх боловсролын чанар, стандарт, хөгжил болон эцэг эхчүүдийн анхаарах зүйлсийн талаар ярилцлаа.

 

-Та боловсролын салбарт тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр ажиллахаар яагаад болов?

-Манай цэцэрлэг 2013 онд байгуулагдсан. Миний хувьд боловсролын салбарын хүн биш боловч анх ээж болоод хүүхдийнхээ  нас түвшинд таарсан сургалт хүмүүжлийг цаг алдалгүй зааж сургахсан гэхдээ энэ чиглэлийн ном уншиж, интернэтээс мэдээлэл хайдаг байсан. Тэгэх явцдаа олон улсад хэрэгждэг хэд хэдэн сургалтын хөтөлбөр судлахад Монтессори хөтөлбөр их таалагдсан.

Хүүгээ хувийн цэцэрлэгт явуулахад сургалтын үйл ажиллагаа нь таалагдаагүй. Тиймээс өөрөө энэ чиглэлээр ажиллахаар шийдсэн. Монголд энэ чиглэлийн мэргэжлийн багшийг бэлддэггүй юм билээ. Багш нараа гадагшаа сургалтад явуулахаар төлөвлөж байсан ч зардал мөнгө их орохын зэрэгцээ буцаж ирээд тогтвортой ажиллах эсэхэд нь эргэлзээд  хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ жил төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаадаа баяртай байна. 10 жилийнхээ ойг угтаж сургалт хүмүүжлийн болон нийгэм рүү хандсан ажлууд хийхээр төлөвлөөд байна.

-Монтессори боловсролын онцлог юунд байдаг юм бэ. Хүүхдийн сургалт, хүмүүжилд ямар өгөөжтэй вэ?

-Монтессори боловсрол бол дэлхийн 100 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа олон улсад нэр хүндтэй, маш үр дүнтэй сургалтын хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн онцлог бол хүүхдийг эрт бие даасан өөртөө итгэлтэй, сонголт хийх чадвартай, асуудлыг шийдвэрлэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвартай, шинийг мэдэх гэсэн эрмэлзлэлтэй, хүнлэг, хүмүүжилтэй хүн болгон төлөвшүүлдэг. Мөн нөгөө талаас шинжлэх ухаанчаар бодож хийсэн сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулж хэл яриа, математик, мэдрэхүй, соёл, амьдрах ухаан гэсэн үндсэн хичээлүүд нь хүүхдийн оюуны чадамжийг бүрэн дүүрэн хөгжүүлдэг.

-Олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багшлах боловсон хүчний асуудал чухал байх?

-Монтессори багшийг бэлддэг систем манай улсад байдаггүй, ер нь улс болгонд байдаггүй юм билээ. Энэ удаа манай цэцэрлэг мэргэжлийн монтессори хоёр багшийг урьж авчран сургалт авах гэж байна. Филиппин гаралтай мэргэжлийн монтессори  багш, боловсролын байгууллагад нэг нь 13 жил, нөгөө нь 21 жил ажилласан, хоёулаа англи хэлний TESOL зэрэгтэй, туршлагатай сайн хоёр багш ирж байгаа.

Ер нь монтессори багш нар унаган англи хэлтэй эсвэл хоёрдогч хэл нь англи. Тэд бусад улс орноор уригдан ажилладаг юм билээ. Энэ удаад манай хоёр багш нэг нь Тайланд, нөгөөх нь Вьетнам улсаас ажлын гэрээгээ дуусгаад манай байгууллагад ажиллахаар ирж байна.

-Танай цэцэрлэг олон улсын нэр хүндтэй сургалтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлж байгаа нь талархууштай. Манай улсын сургуулийн өмнөх боловсролын чанар үйлчилгээг дээшлүүлэхэд юу анхаарах ёстой юм бол?

-Манай цэцэрлэгийн хувьд сургалтын хөтөлбөрт анхаарахаас гадна цэцэрлэгийн  эрүүл ахуй, хүнсний эрүүл аюулгүй байдал дээр анхаарч ажилладаг. Ялангуяа коронагийн дараа ханиад томууны вирусийн төрөл маш олон янз болсон. Тиймээс цэцэрлэг дээрээ байнга гараа ариутгах, содтой ус, жамц давсны уусмалаар ам, хоолойг нь зайлуулдаг. Мөн мэргэжлийн эмчийн үзлэгт тогтмол хугацаанд хамруулдаг.

Сүүлийн үед үер усны нөхцөл байдлаас шалтгаалж халдварт өвчин ихсэх хандлагатай байна. Бид өмнө нь ариутгал халдваргүйжүүлэх ажлыг улиралд нэг удаа хийлгэдэг байсан бол одоо сард нэг удаа хийх хэрэгтэй боллоо. Хэдхэн хоногийн өмнө мэргэжлийн компаниар ариутгал хийлгээд хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон.

Мөн хүнсэндээ ямар нэгэн тариа шахуулаагүй, гарал үүслийн бичигтэй эрүүл малын махыг  хөдөө малчны хотноос тогтмол нийлүүлж байхаар гэрээ байгуулсан.

Хамгийн гол нь эцэг эхчүүддээ төлбөрийн таатай нөхцөлийг бүрдүүлж “Таван богд финанс” компанитай хамтарсан төлбөрийн зээлийн үйлчилгээг санал болгож байгаа юм.

-Эцэг эхчүүд сургуулийн өмнөх боловсролын насанд юу анхаарах ёстой вэ. Дэлхийн улс орнуудын жишиг ямар байдаг вэ?

-Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг манай ардын  зүйр цэцэн үг байна. Шинжлэх ухааны үндэслэлээр бол хүний хөгжлийн 80-90 хувь нь тав хүртлэх насандаа төлөвшин тогтдог. Улсын хөгжил хүнээсээ, хүний хөгжил хүүхдээсээ гэдэг. Дэлхийд  өндөр хөгжилтэй улс орнууд боловсролын системдээ маш их анхаарч байна. Манайхаар элсэлтийн ерөнхий шалгалтын хамгийн өндөр оноотой хүн  цэцэрлэг, бага ангийн багш болдог. Тэд хамгийн өндөр боловсролтой болж, хамгийн өндөр цалинтай ажилладаг. Жишээлбэл, Герман улсад их дээд сургууль нь үнэгүй мөртлөө сургуулийн өмнөх боловсролын төлбөр хамгийн өндөр үнэтэй.

Гэтэл манайд эсрэгээрээ хүн болон төлөвшүүлэх хамгийн чухал насанд нь анхаарал бага тавьдаг. Сургуулийн хүүхдээ хэд хоног хичээлд нь явуулахгүй байхад л хоцрогдол үүсдэг шиг цэцэрлэгийн насанд түүнээс илүү анхаарч сургах ёстой. Бидэнд сургуулийн өмнөх боловсролын багшийг  бэлдэх хөтөлбөрөөс эхлээд, улсын цэцэрлэгт ороход нь төлбөрийн тодорхой хувийг эцэг эхчүүдээс гаргуулж хүүхдэд хүргэх боловсролын чанар хүртээмжийг сайжруулах хэрэгтэй байна. Тэр хэмжээгээрээ багшийн ур чадварын үнэлэмжийг нэмэгдүүлнэ.

Цэцэрлэг бол сургалтын байгууллага болохоос хүүхэд хардаг үйлчилгээ биш. Ихэнх эцэг эхчүүд иймэрхүү хандлагатай байдаг. Ялангуяа хувийн цэцэрлэгт явуулахдаа өглөөд оройтуулна, таслуулна. Ерөнхийдөө багшид, цэцэрлэгт хөгжил, хүмүүжлийг нь найдах  аястай. Хүүхдийн хөгжил хүмүүжил багш, эцэг эх, хүүхдийн гурвалсан хамтын ажиллагаан дээр явагдах ёстой.

-Ер нь эцэг эхчүүд сургалтын байгууллагыг сонгохдоо юун дээр анхаарах ёстой вэ?

-Цэцэрлэг, сургуулиуд олон янзын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ бүгдийг судалж үзээд таны хүүхдэд ямар хөтөлбөр санал болгож байгааг, хүүхэд нь ямар мэдлэг чадвар эзэмшихээр байгааг, мэргэжлийн багшийн ур чадварыг асууж, анхаарч сонголтоо хийх хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд олон хичээл зэрэг зааж байвал сайн гэж боддог. Үнэндээ балет, таеквондо зэрэг сургаснаас илүү суурь хүмүүжил,  боловсролыг  төлөвшүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-“Анар Монтессори Билингуал” бол хос хэл заадаг цэцэрлэг. Хос хэл сурснаар хүүхдэд ямар давуу талтай вэ?

-Манай цэцэрлэг англи, монгол хэлийг албан ёсоор хөтөлбөртөө оруулан зааж байгаагаараа онцлогтой. Сүүлийн үед техник, технологи хөгжсөнтэй холбоотой эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь  англи хэлээр хүүхэлдэйн кино болон youtube  суваг үзүүлсээр англи хэлээр ойлгодог,  хазгай мурий ярьдаг болгочихдог. Мэдээж хэрэг глобалчлагдаж байгаа энэ цаг үед дэлхий нийттэйгээ хөл зэрэгцэн алхахад англи хэлийг сурах шаардлагатай. Гэхдээ бид хүүхдэдээ академик түвшинд зааж эзэмшүүлэх хэрэгтэй.

 Монтессори хөтөлбөрийн үндсэн хичээлийн нэг нь хэл ярианы хичээл байдаг. Бид Монгол эх орондоо төрж өсөөд амьдарч байж эх хэлээрээ зөв сайхан ярьж сурах ёстой.  Тийм болохоор мэргэжлийн монгол хэлний багш тухайн насанд таарсан хичээл сургалтыг явуулдаг. Үүнээс гадна бид маш хурдтайгаар өөрчлөгдөж байгаа энэ зуунд үндэсний өв соёл,  хэл уламжлалаа гээж болохгүй. Тиймээс манай цэцэрлэгт монгол хэлний мэргэжлийн багш монгол хэлний хичээлийг заадаг.

Манай гадаад хоёр багш мэргэжлийн монтессори багшаас гадна мэргэжлийн англи хэлний TESOL зэрэгтэй учраас хүүхдүүдэд маань илүү үнэ цэнтэй, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлнэ. Тиймээс бид АНГЛИ-МОНГОЛ хос хэлийг академик түвшинд зааж сургах болно. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 171 (7156)