Баатарын НЯМСҮРЭН
“Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа чөлөөт бөхийн ОУХМ, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Бямбадоржийг урилаа. Тэрбээр удахгүй болох ДАШТ-д 79 кг жинд зодоглох юм.
-Таныг ДАШТ-ий дэвжээ хүлээж байна. Бэлтгэл хэр хангагдаж байна вэ?
-Өнгөрсөн сард чөлөөт бөхийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулах сорил тэмцээн явуулсан. Тус тэмцээнд оролцоод ДАШТ-ий эрхээ авсан байгаа. Тиймээс бэлтгэлдээ шамдаад явж байна.
-Өмнө нь ДАШТ-д оролцож байсан туршлагатай. Амжилт гаргах байх гэж чөлөөт бөх сонирхогчид хүлээж байгаа нь лавтай?
-Хүүхэд байхдаа ДАШТ, Олимпийн амжилтыг мөрөөддөг байсан. Үүнийхээ төлөө хичээсээр өдий хүрлээ. Тиймээс сайн барилдахыг хичээнэ. Би энэ жилээс 79 кг-т барилдаж байна.
-Өнгөрсөн хугацаанд багагүй амжилт гаргасан юм билээ. Амжилтаасаа хуваалцахгүй юу?
- Чөлөөт бөхөөр анх хичээллээд удаагүй байхдаа "Алдар" спорт хорооны нэрэмжит тэмцээнд оролцсон. Үүний дараа Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд ороод түрүүлсэн. Өсвөр, Залуучуудын улсын аваргын бүх насанд нь түрүүлж байлаа. Мөн насанд хүрэгчдийн улсын аваргад хоёр удаа түрүү хүртсэн. ДАШТ-ий тавдугаар байрын шагнал, цэргийн ДАШТ-ий хүрэл медаль авч амжилт гаргажээ. “Poland Open”, Дмитрий Коркин, “Байгаль Опен”, “Монголиа Опен” тэмцээнд амжилттай оролцсон.
-Эдгээрээс хамгийн дурсамжтай нь аль тэмцээн байсан бэ?
-2019 оны дэлхийн аваргын хүрэл медаль авсан тэмцээн их дурсамжтай санагддаг. Тухайн үед Унгарын туршлагатай тамирчинтай учраа таарч ялалт байгуулсан нь илүү хичээх урам өгсөн шүү.
-Та 12 наснаасаа чөлөөт бөхөөр барилдаж эхэлсэн. Багаасаа бөх болох сонирхолтой байв уу?
-Бага байхдаа бөхөд их сонирхолтой байлаа. Аав бөх үзнэ, би хажууд нь зэрэгцээд суучихна. Энэ үеэс бөх болох хүсэлд хөтлөгдсөн дөө. Тиймээс 2008 онд аав Аварга сургуульд чөлөөт бөхийн бэлтгэлд оруулсан түүхтэй. Үүнээс хойш 15 жилийн хугацаа өнгөрсөн байна.
-Тухайн үед хэн багшид шавь орж байсан бэ?
-Гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшид шавь орж байлаа. Багш чөлөөт бөхийн спортын суурийг сайн зааж сургасан. Харин одоо шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа багшийн удирдлага дор бэлтгэл хийж байна. Багшаасаа сүүлийн таван жил бэлтгэл сургуулилтдаа заавар зөвлөгөө авч тэмцээн уралдаанд оролцсоор ирлээ.
-Цаг хугацаа өнгөрөх тусам хүн илүү туршлага суудаг шиг санагддаг?
-Хүн үргэлж суралцсаар байдаг. Анх шигшээ багт ороход Т.Тулга бид хоёр хамгийн бага нь байсан. Харин одоо дүү нар олон бий. Дэвжээнд гарах мэдрэмж догдлолтой, гэхдээ тайван байхыг хичээдэг. Өөрийн бодсон барилдаанаа гаргаж барилдах чухал. Санасандаа хүрч барилдаагүй тохиолдолд өөртөө дүгнэлт хийж, алдаагаа засахыг боддог. Хожигдсон ч шантарч болохгүй. Харин бэлтгэлээ чамбайруулах ёстой. Хүн дуртай зүйлээ хийж байхад амжилт гаргах бол цаг хугацаатай байдаг гэдэгт итгэдэг. Мөн хичээл зүтгэл, тууштай байдал нөлөөлнө. Боломж хүн бүрт нээлттэй. Хэн хичээсэн нь үүнийг мэдэрнэ.
-Мэдээж амжилт гаргах нь бэлтгэлээс шалтгаална. Тиймээс та бэлтгэлдээ ямар зарчим баримталдаг вэ?
- Зорилготой хүний үйлдэл зөв байдаг. Бие халаалтгүй байхдаа мэх, техник давтах их буруу. Бие халаалт сайн хийх хэрэгтэй. Тамирчин санаандгүй байдлаар бэртэл авдаг. Тиймээс болгоомжтой байх нь зүйтэй.
-Тамирчдыг хараад байхад их завгүй байдаг юм билээ. Ер нь гэртээ байх нь ховор байх?
-Жилийн дөрвөн улиралд бэлтгэлээ хийж, тэмцээнд оролцоно. Гэр бүлдээ зарцуулах цаг ховор. Тамирчин хүний амжилтын ард гэр бүл байдаг. Миний амжилт гэр бүлтэй минь салшгүй холбоотой.
-Тэгвэл ямар бөхтэй ойр дотно нөхөрлөж байна вэ?
-Шигшээ багийн тамирчидтай ойр дотно нөхөрлөдөг. М.Лхагвагэрэл, Г.Ганхуяг, З.Занабазар, З.Сумъяабазар нартай ойр дотно байдаг. Бид ямар ч үед нэгнээ түшдэг. Бие биеэсээ суралцсаар ирсэн.
-Чөлөөт бөхийн цаашдын хөгжлийг хэрхэн хардаг вэ?
-Чөлөөт бөх Монголын ууган спортын нэг. Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд сайн хөгжсөн. Харин манай чөлөөт бөхийн холбоо тамирчдадаа ээлтэй бодлого гаргаж ажиллавал жигдэрнэ гэж бодож байна. Үүнийг дагаад тамирчдын амжилт сайжирна. Манай улсын чөлөөтийн тамирчид бусад орны тамирчдаас илүү байдаг. Мөн жил ирэх тусам залуу тамирчид нэмэгдсээр байгаа нь хөгжиж буй хэлбэр.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 170 (7155)