Баатарын НЯМСҮРЭН
Их спортоор тив дэлхийд нэрээ мандуулж, үндэсний бөхөөр улсын цолонд хүрч, уран барилдаанаар үзэгч олноо цэнгүүлсэн тамирчин олон бий. Тиймээс “Зууны мэдээ” сонин “Дугаарын зочин” буландаа Чөлөөт бөхийн ОУХМ, Орхон аймгийн харьяат Улсын начин Ө.Батзултай ярилцлаа.
-Та багаасаа бөх болох сонирхолтой байсан гэдэг. Бөхийн замналтай холбогдсон түүхээс ярилцлагаа эхлэе?
-Би бага байхдаа бөх болно гэж битүүхэн мөрөөддөг байлаа. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхээр 2008 оноос чөлөөт бөхийн бэлтгэлд хамрагдсан түүхтэй. Энэ үеэс чөлөөт бөхөөрөө тэмцээнд оролцсоор ирсэн. Сүүлийн зургаан жил үндэсний бөхийг хослуулж бэлтгэлээ хийж байна. Үндэсний бөх нь монгол түмний хайртай спортын нэг. Дан чөлөөтөөр дагнаж барилдахгүйгээр үндэсний бөхийг хослуулбал давуу талтай юм билээ. Хоёр спортын төрөлд өөрийгөө сорьж байгаа нь бахархалтай санагддаг. Үндэсний бөхөөр барилдахад чөлөөтийн суурь давуу тал болсон. Их спортоос олж авсан барилдааны арга техник, ур чадвар, мэдрэмж, богино хугацаанд шийдвэр гаргах зэрэг нь давуу тал болдог.
-Анх барилдаж эхэлсэнээсээ багагүй хугацааны дараа амжилт гаргасан юм билээ?
-Би чөлөөт бөхөөр хичээллээд шууд амжилт гаргаагүй. Бэлтгэл хийж эхэлснээс долоон жилийн дараа Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс 96 кг жинд мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаасаа аливаад тууштай байх хэрэгтэйг ойлгож, өөрийгөө хурцалсан. Амжилт гаргаагүй байхдаа ч бөхийн спортоос холдож чадаагүй. Учир нь бөхөд дуртай, барилдах сонирхолтой болохоор тэр л дээ. Ер нь бэлтгэлээ сайн хийгээд явж байхад амжилт цаг хугацааны асуудал юм билээ. Мөн 2016 онд насанд хүрэгчдийн тэмцээнд хүрэл медаль хүртсэн. Энэ үед хүчит гардийг ялсан юм. Тэгээд их урам авч, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн шүү. Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт 2017 оноос орсон. Өнгөрсөн он хүртэл 97 кг-т улсаа төлөөлөөд барилдлаа. Энэ хугацаанд олон улсын тэмцээнээс 13 медаль хүртсэн байдаг. Ази тивийн аваргат гурван удаа финалд шалгарсан. Мөн ДАШТ-д хүрэл медалийн төлөө барилдаж шагналт байрт орсон.
-Харин үндэсний бөхийн амжилт нь 2016 оноос эхлэлтэй. Өнгөрсөн жил аймгийн хурц арслан цолноос Улсын начин болсон шүү дээ?
-Миний хувьд 2016 онд үндэсний бөхөөр цолгүй, залуу бөх байхдаа чөлөөтийн бэлтгэлээсээ үндэсний бөхөөр барилдаад аймгийн харцага цолны болзол хангасан. Дараа нь бүх цэргийн баяр наадамд барилдаж цолоо баталсан. Аймгийн наадамдаа хоёр удаа, нийт гурван удаа харцага цолоо баталж байлаа. Харин 2018 онд улсын наадамд анх барилдахдаа аймгийн арслан цолтой барилдвал амжилт гаргах боломжтой санагдсан. Ингээд 2020, 2021 онд аймгийнхаа баяр наадамд түрүүлж хурц арслан болж амжилтаа ахиулсан. Нийт зургаан удаа аймгийн наадамдаа зодоглосон. Харин өнгөрсөн жил улсын наадамдаа амжилттай барилдаж улсын цолтны эгнээнд багтсан. Түмнийхээ уухайн дуунд баяраа хуваалцах сайхан юм билээ. Улсын аварга өндөрлөөд 10 хоногийн дараа улсын наадамдаа барилдсан нь энэ. Ер нь амралтын байдалтай байсаар улсын наадамдаа зодоглосон.
-Өнгөрсөн жил бэлтгэл сайн байгаа харагдаж байлаа. Улсын наадмын зургаагийн даваанд Н.Золбоо харцагатай таарч барилдсан?
-Заал танхимын барилдаанд түрүүлсэн. Мөн улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хэдэн удаа шөвгөрсөн байсан. Төрийн наадмын зургаагийн даваанд Н.Золбоо ахтайгаа таарч харгүй сайхан барилдсан.Бид хамт бэлтгэл сургуулилт хийдэг. Ахаасаа би үргэлж суралцаж, хүндэлдэг. Эргээд бодоход 2022 он бэлтгэл сургуулилт жигдэрсэн ээлтэй жил байлаа. Тухайлбал, чөлөөт бөхөөрөө улсын аваргад дөрөв дэх удаагаа түрүүлсэн. Мөн Азийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медалийн эзэн боллоо. Азийн медалиа ихэрлүүлсэндээ баяртай байгаа.
-Улсын цолтон болоод түмэнтэйгээ баяраа хуваалцахдаа бүжиглэж байсан. Хүүхэд байхдаа урлагаар хичээллэдэг байв уу?
-Хүүхэд байхдаа “Энэрэл” асрамжийн төвдөө олуулаа өссөн. Мөн урлагийн тэмцээн уралдаанд их оролцдог байлаа. Дуу, бүжгийн тэмцээнд орно. Би анхны медалиа урлагаар авсан. Үүнээс өөрийгөө зөв илэрхийлэх, нээлттэй байх арга барилд суралцсан байж мэднэ. Бүжиглэж дуулахад тайвширлыг мэдэрдэг.
-Үндэсний бөхөөр ямар багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна вэ?
-Үндэсний бөхөөр бэлдэж, заавар зөвөлгөө өгдөг багш байхгүй. Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний дасгалжуулагч болон Н.Золбоо ахаас зөвлөгөө авдаг. Мөн өөрийн их спортоос олж авсан ур чадвараа хослуулж барилдахыг хичээж байна.
-Энэ жилийн наадмаар өөртөө хэрхэн дүгнэлт хийв?
-Энэ жилийн наадамд доор даваанд унасан. Өмнө би Н.Дашдаваатай таарч барилдаж байгаагүй. Тухайн үед хөлийг нь аваад л өвдөг шороодсон. Ялалт ялагдал хоёр ээлжилдэг. Ялагдал бүхэн муу байдаггүй, ялалт бүр сайн байхгүй шүү дээ. Бүх зүйл ээлж дараатай. Бэлтгэл сургуулилтаа хийгээд явахад амжилт гаргах цаг хугацаа байгаа гэдэгт итгэдэг. Энэ дашрамд ялж ялагдахад минь дэмжиж, хайрласаар байдаг дотны хүмүүстээ баярлаж явдагаа илэрхийлье. Мөн нутгийн зон олон болон "Бадрах өглөө девелопмент" компанийнхаа хамт олондоо баярлалаа. Миний анхны багш н.Идэрсайхан багш, Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ хамт олондоо баярлалаа.
-Санасандаа хүрч барилдаагүй үе гарна. Энэ нь дараагийн амжилтанд эерэг нөлөө үзүүлдэг байх?
-Бэлтгэлийг тогтмол хийхэд амжилт ирдэг. Амжилт гаргах нь олон жилийн хөдөлмөрийн үр дүн. Аливааг эхлүүлсэн бол шантрахгүйгээр үргэлжлүүлэх зан чанарыг бөхийн спортоос олж авсан. Тууштай байдлыг суралцсандаа талархдаг. Миний зан бол их наргианч, найрсаг. Олонтойгоо яваад ийм зан сурсан байх.
-Үндэсний бөх мэргэжлийн түвшинд хөгжиж байгаа. Харин салбар холбооноос нь гаргаж байгаа дүрэм нь таатай бус. Үүнд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Бөхийн спорт нь хурд, хүч авхаалж самбаа, ур ухааныг шалгадаг. Үүнд таарсан дүрэм баталбал шударга байж, үзэгчдийг баясгаж цэнгүүлнэ. Үндэсний бөхөөс өөр цаг барилддаг спортын төрөл байхгүй. Тиймээс цагт баригдах хэрэгтэй. Мөн барилдааны идэвх санаачлагыг харж сануулга өгөх нь зөв. Нэг нь барилдахгүй зугтаад олон минут болбол үзэгчдэд уйтгартай шүү дээ. Тиймээс үнэн хүчийг үзүүлсэн, уран барилдаанаар бөхөд хайртай түмнээ цэнгүүлэх нь чухал. Ухраад барилдахгүй байгаа бөхчүүд барилдахад төвөгтэй байдаг. Тиймээс дүрмийг батлахдаа нарийн авч үзвэл илүү сайн шийдэлд хүрнэ. Тухайлбал, хоёр хүн зогсож байвал ямар байх вэ, хөдлөөд алхаж байвал өөр харагдана. Энэ нь идэвхийн дүрэмтэй хамаарах зүйл. Тиймээс дүрмээ батлахдаа зөв уян хатан хандах хэрэгтэй байх. Мөн үндэсний бөхөөрөө дамжуулж их спортоо хөгжүүлбэл зохистой. Үүнээс тамирчид өндөр амжилт гаргах боломжтой. Үүнийг зөвхөн дүрмээр зохицуулна.
-Жил бүрийн наадмын дараа сэргээшийн асуудал дуулиан дагуулдаг?
-Би сэргээшийн эсрэг байр суурьтай байдаг. Чөлөөт, жүдогийн тамирчид жилд хэдэн удаа олон улсын тэмцээнд орохдоо шинжилгээ өгнө. Үүнтэй адил үндэсний бөхөд шинжилгээг жилд олон давтамжтай авч, ил тод нээлттэй, шуурхай байвал асуудал нь цэгцэрнэ гэдэгт итгэлтэй байна.
-Харин чөлөөт бөхийн спортод залуу дасгалжуулагч дутагдалтай байгаа нь ажиглагддаг?
-Чөлөөт бөх бол дэлхийн хүн төрөлхтнийг нэгтгэдэг спорт. Анх спорт хэдхэн төрлөөр үүссэн гэдэг. Үүний нэг нь чөлөөт бөх. Тамирчин хүнээс тэвчээр, зориг, хурд шаарддаг. Өрсөлдөгчөө ялаад амжилт гаргаад явахад бахархахгүй байхын аргагүй. Чөлөөт бөхийн зөрчилдөөн нь үзэгчдийн дургүйцлийг хүргэж, нэр хүнд нь унаад байх шиг. Удирдах албан тушаалтан, багш дасгалжуулагч, тамирчид нэгнээ ойлгож нэг зорилгын төлөө яваасай гэж хүсдэг. Мөн залуу үеэр хүч нэмж ажиллах чухал. Харин 1990-ээд оны багш нар зөвлөөд явбал зохистой. Залуус орж ажилласнаараа эрч хүчтэй байж шинийг санаачилж ажиллана.
-Ер нь залуу хүний хувьд ирээдүй үедээ хэлэхийг хүсдэг зүйлээсээ хуваалцахгүй юу?
-Миний амьдрал бөхтэй салшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд гаргасан амжилт бүрдээ хайртай. Гэхдээ би амжилтдаа ханах болоогүй. Цаашид бэлтгэл сургуулилтаа хийж ямар амжилт гаргаж болохоор байна, тэр хүртлээ явна. Хожим харамсахгүйн төлөө хичээж хөдөлмөрлөнө. Үндэсний бөхөөр барилдах гэж буй хүүхдүүд чөлөөт, жүдо бөхөөр сууриа тавивал буруудахгүй. Ингэж чадвал бөхийнхөө зам мөрийг зөв тавьж байна гэж ойлгох боломжтой. Учир нь амжилттай барилдаж буй бөхчүүдийг харахад эх спортоор эхэлж хичээллэсэн байдаг. Бүх зүйл хүнд цаг хугацаатай ирнэ. Өөрийгөө хэр дайчилснаас амжилт хамаарна. Тиймээс дүү нартаа хандаж хэлэхэд хүн бүрт боломж тэгш байдаг. Бүү уйдаж, шантраарай, сэтгэлдээ сайхан зүйлийг бодож хөдөлмөрлөөрэй гэж захимаар байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 165 (7150)