Баатарын НЯМСҮРЭН

 

Үс сайхан байх нь үзэсгэлэнтэй харагдахын нууц билээ. Үсээ сайхан засуулсан эмэгтэй аз жаргалтай байдаг.  “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа үйлчилгээний гавьяат ажилтан, үсчин Д.Одонгоог урилаа. Тэрбээр салбартаа тасралтгүй 32 жил ажиллаж байгаа юм.

 

-Та хоёр жилийн өмнө үйлчилгээний гавьяат ажилтан болж байсан. Олон жилийн хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлэх мэдрэмж ямар байсан бэ?

-Үсчин мэргэжлийг эзэмшээд 31 жилийн дараа хөдөлмөрөө үнэлүүлж үйлчилгээний гавьяат ажилтан болсон. Эргээд бодоход 31 жил бол богино хугацаа биш юм билээ. Энэ  эрхэм шагналыг гардах мөч үнэхээр сайхан байсан. Миний баярыг багш, шавь нар, ойр дотны хүмүүс минь ирж хуваалцсан нь сэтгэлд тод нандин дурсамж болж үлдсэн шүү. Есөн хөлт цагаан тугийн дор шагналаа гардах сайхан юм билээ.

Тэнгэрт байгаа аав ээж минь намайг харж байгаа гэж бодсон.

Манай салбараас үйлчилгээний тэргүүний ажилтан гурав төрж гарсан. Үүний нэг болсондоо баярлаж байгаа. Энэ эрхэм шагналыг авахаас өмнө яамны тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн.

-Энэ бахархам амжилтын ард мэргэжлийг нь өвлүүлсэн багш нарын ач бий дээ?

-Миний үндсэн мэргэжил багш, орчуулагч. Урлах эрдэм дээд сургуульд таван жил ажилласан. Өмнө нь 10 жил бүжиглэсэн болохоор урлагийн мэдрэмжтэй болсон байх. Мөн бүтээлч сэтгэлгээ илүү хөгжсөн нь үсчин болоход давуу талтай байлаа. Анх ээж минь мастер үсчин Я.Заман багшид шавь оруулсан юм. Багш минь үсчин мэргэжлийн суурийг нь заасан ачтан. Мөн өдий зэрэгтэй үсчин болоход мастер үсчин “Смайл” салоны үүсгэн байгуулагч Ч.Болдхуяг багштай салшгүй холбоотой. Эдгээр хүмүүстээ үргэлж талархдаг. 

-Чадварлаг багш нараас суралцаж сайн үсчин болжээ. Багш нар нь танд юу гэж захидаг байсан бэ?

-Намайг анх үсчин болоход нийгэм цаг үе одоогоос өөр байлаа. Тиймээс багш нар минь эд зүйлдээ гамтай байж, чин сэтгэлээсээ ажлаа хийдэг байхыг сургасан. Ч.Болдхуяг багш хүний толгойтой "ажиллана" гэдэг хэврэг шаазантай ижилхэн. Тиймээс бусдын тэргүүнд хүндэтгэлтэй хандахыг захидаг байлаа. Эдгээр үнэт  зөвлөгөөг нь дагасаар өдий хүрсэн. Харин би шавь нартаа үсчин гэдэг таван үсгээс бүтсэн нэршилтэй мэргэжил  учраас нандин гэж захидаг. Тиймээс хүний толгой дээр муу үг унагаж болохгүй. Сайхан сэтгэл, эерэг энергиэр  ажлаа хийж байхыг зөвлөдөг.

-Олон шавь бэлтгэж гаргасан. Тэдний салбартаа ажиллаж байгааг нь харах мэдрэмж ямар байдаг вэ?

-Салоноо байгуулаад 25 жил болжээ. Өнгөрсөн хугацаанд олон сургалт дамжаанд хамрагдаж цаг ямагт  хөгжиж дэвжихийг хичээсээр ирлээ. Бусад улсын стиль загварын чиг хандлагыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Анх урлагийн хүмүүсийн тоглолтын ард ганцаараа ажилладаг байлаа. Одоо хүртэл манайд үсний стиль имижээ даатгаж, хамтарч ажилладаг урлагийнхан олон. Одоо бол шавь нар бэлдээд тэднийгээ ажиллуулдаг болсон. Тэдэндээ өөрийн мэддэг, чаддаг бүхнээ  зааж сургахыг хичээсээр ирлээ. Мэргэжил нэгт нөхдөдөө багагүй сургалт явуулсан. Шавь нар маань нийслэл хот, хөдөө орон нутагт мэргэжлээрээ ажиллаж байна. Тухайлбал, 17 нь нийслэлд салон байгуулсан. Мөн орон нутагт ч салон нээгээд ажиллаж байгаа шавь олон бий.

-Та олон тэмцээнд амжилт гаргасан. Харин сүүлийн үед шавь нараас  нь амжилтыг нь үргэлжлүүлээд байгаа нь ажиглагддаг?

-Би дүүрэг, хотын аварга, олон улсын тэмцээнүүдэд их оролцдог байсан. Манай салоноос дэлхийн аварга төрсөн. Европ, Азийн аварга төрж гарахад их баярласан. Манайх үсчингүүдээ мэргэжлийн түвшинд сайн бэлтгэж гаргадаг. Мөн манай салоны үсчин дэлхийн хүрэл медальт Азийн гран при шагналт Г.Ганцоож дэлхий аваргын тэмцээнд оролцохоор бэлдэж байна. Манай байгууллага үсчидээ чадваржуулахад анхаардаг. Сургалт дамжаанд явуулж, ур чадварыг нэмэгдүүлнэ. Ер нь залуустай ажиллах сайхан шүү.

-Анх үсчин болж байхад цаг үе ямар байв. Одоо үед мэргэжлийн багаж хэрэгсэл нь боловсронгуй болсон байх?

-Цаг хугацаа өнгөрөх тусам стиль өөрчлөгдөж байдаг. Өөрөөр хэлбэл, 10 жилийн өмнөх загвар одоо трэнд болох жишээтэй. Анх үсчин болж байхад цэцгэн, золбоо, карсон, сезон, мөөгөн тайралт их хийлгэдэг байлаа. Харин одоо эдгээр тайралт  давтагдаж байна. Одоо үед энгийн тайралтыг хүмүүс их сонирхдог болжээ.  Тухайлбал, нэг үйлчлүүлэгч 1980-аад оны тайралт хийлгэе гэсэн. Би тухайн үед үсчин байгаагүй ч алтан үеийн үсчидтэй хамтарч ажиллаж байсан. Тиймээс тэдний арга барил техникийг мэдсэн нь давуу тал болсон. Мөн үсний багаж хэрэгслүүд ч цаг үеэ дагаад боловсронгуй болжээ. Тухайлбал, үсийг шулуун болгохдоо сойтог ашигладаг байсан. Харин одоо индүү гарчихсан байна. Мөн  үсний будаг хүртэл олон сонголттой  боллоо шүү дээ.

-Хүний үсэнд энерги нь шингэсэн байдаг. Ер нь хүн хэдий хугацааны давтамжтай үсээ тайруулж байх ёстой вэ? 

-Зарим хүмүүс өөрөө урд талын үсээ тайрах нь бий. Хүний гоо үзэсгэлэн урдаасаа харагддаг. Тиймээс өөрөө үсээ тайрах нь буруу. Хүн үсний үзүүрээрээ бүх зүйлтэй холбогдсон байдаг. Орос улсын нэгэн алдартай үсчин “Хүн сар бүрийн эхний 15 хоногт үсний үзүүрээсээ тайруулж муу энергиэсээ салах ёстой” гэж зөвлөсөн байдаг. Учир нь  хүнд хуримтлагдаж байгаа муу энерги нь үсний үзүүрт үлддэг. Мөн мэргэжлийн талаас хүмүүс үсээ ургуулж байгаа гээд тайрахгүй яваад байхаар үсний үзүүр нарийсдаг. Учир нь нар салхинд яваад байхаар өвчилж байгаа нь тэр. Үүнийг тайрах хэрэгтэй. Тиймээс үсний эмч бол үсчин юм.

-Таныг оддын үсчин гэсэн нэр тодотгодог. Урлагийнхантай их хамтарч ажилладаг юм билээ?

-Үсчин мэргэжил нийгмийн бүх давхаргад үйлчилдэг. Үс засахдаа үйлчлүүлэгчдээ амар тайван байдлыг мэдрүүлж, халуун дотно яриа өрнүүлэх нь таатай. Энэ сайхан буянтай мэргэжилдээ их хайртай. Би ажлаа чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Бүх үйлчлүүлэгч нартайгаа ижил тэгш харьцахыг хичээдэг юм. Мөн нарийн мэдрэмж шаарддаг. Үйлчлүүлэгчдээ сэтгэл ханамж өгөх нь миний гол зорилго. Манай хамт олон салбар салбарын хүмүүстэй хамтарч ажилладаг. Бид сүүлд Б.Маралжингоо, Ц.Хулан Э.Агиймаа нарын тоглолтод хамт олноороо очиж ажилласан. Тэд “Одонгоо эгч ясны тайзны ард байдаг хүн шүү” гэж хэлэхэд бөөн инээдэм болж байлаа.

-Бүсгүйчүүд үсээ их будуулдаг. Мэргэжлийн хүний хувьд өөрт зохих үсний өнгөө хэрхэн сонгох ёстой вэ?

-Арьс болон нүдний өнгөндөө тохируулах хэрэгтэй. Мөн тухайн хүнд тохирох өнгө гэж бий. Үүнийгээ мэдэж аваад үсний өнгөө өөрчлөх нь зөв. Жил бүр тодорхой нэг өнгө трэнд болдог. Тухайн өнгө нь хүн бүрт зохих нь ховор.

-Таны ажлын чухал багаж хайч байх. Өдий болтол олон хайч сольсон нь лавтай?

-Хүмүүс үсний хайчийг энгийн байдаг л эд зүйл гэж ойлгоод байдаг. Харин үсчний хайч үс засах тусам хурцлагдаж эр ордог. Өдий хугацаанд олон хайч элээсэн. Зарим нэгийг нь хадгална. Мөн шавь нартаа дурсгал болгож өгдөг.

-Ер нь та мөрөөдлийнхөө  хэдэн хувьд хүрсэн гэж боддог вэ?

-Санаа сайн бол заяа сайн гэсэн үг бий. Аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй талаас нь харж болохгүй. Ямар ч зүйл тохиолдсон болгож бүтээхийн төлөө явдаг. Анх салоноо “Видал старс” нэртэйгээр байгуулж байлаа. Харин таван жилийн өмнө “Одонгоо” болгосон.  Мөн цаашид бодсон зүйл багагүй байна. Үсчин болох үедээ бодсон төлөвлөсөн мөрөөдлийнхөө ихэнх хувийг нь биелүүлсэн. Үүний ард асар их тэвчээр хөдөлмөр бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 18. БААСАН ГАРАГ. № 163 (7148)