Доржийн ОЮУНЧИМЭГ

 

Монголын газар тариалангийн салбарын бүхий л судалгааг өргөн хүрээтэй хийж, таримал ургамлын үр сортуудыг үйлдвэрлэн, нутагшуулж,  тариалалтын технологийн зөвлөмж, гарын авлага гаргасан талаар Дархан-Уул аймаг дахь Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн захирал Н.Баярсүхтэй ярилцлаа.

 

-Энэ сард танай хүрээлэн 60 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх гэж байна. Энэ хугацааны хөгжлийн хамгийн гол ололт, амжилт юу вэ?

-Монгол Улсад Ургамал газар тариалангийн хүрээлэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байна. Манай хүрээлэнгийн хувьд Монгол Улсад газар тариалангийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэл, сургалт хослуулсан цогц үйл ажиллагаа явуулдаг судалгааны цорын ганц байгууллага.

Бид Монгол орны тариалан эрхэлж байгаа бүх л бүс нутагт хүрч ажиллахыг хичээдэг. 60 жилийн хугацаанд үндсэндээ Монголын тариаланд өнөөдрийг хүртэл хэрэглэж байгаа гол, гол технологи, буудай, төмс, хүнсний ногоо, малын тэжээлийн нэг наст ургамал, жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамалуудын олон сортыг үе үеийн эрдэмтэн, судлаачид  бий болгосон байна.

-Өнгөрсөн хугацаанд танайх нийт хэчнээн  төрлийн сорт бий болгож үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бэ?

-Нийт 200 гаруй сорт бүтээсэн. Эдгээрээс 153 сортыг албан ёсоор Монгол орны тариалангийн бүс нутгуудад нутагшуулсан. Эдгээр сортыг манай нийт тариаланч маань тарьж, үр өгөөжийг нь хүртэж байна. Тухайлбал, улаан буудайн 100 орчим сорт бүтээсний дотор 20 орчмыг нь албан ёсоор нутагшуулж, тариаланчдын гарт хүргэсэн.

-Улаан буудайн үйлдвэрлэлд хамгийн өргөн ашиглаж байгаа ямар сортууд байна вэ?

-Тариаланчид улаан буудайн  “Орхон” сортыг хамгийн сайн мэднэ. 1963 онд энэ сортыг бүтээж, Төрийн соёрхол авч байсан юм. Энэ сорт үндсэндээ 50 гаруй жил монголчуудын гурилын хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн шүү дээ. Сүүлийн 10 гаруй жил манай хүрээлэнгийн “Дархан” нэртэй улаан буудайн цуврал сортууд нэлээд үр дүнтэй үйлдвэрлэлд тариалагдаж байна. Тухайлбал, “Дархан 34”, “Дархан 74”, “Дархан 131”, “Дархан 166”, “Дархан 144” зэрэг сорт үйлдвэрлэлд өргөн тархацтай байгаа. Ялангуяа “Дархан 144” сортын хувьд дунд оройн болцтой, ургацын потенциал өндөр, ялангуяа гантай жил тогтвортой ургац өгч чаддаг онцлогтой.

-Өнөөдрийн байдлаар танай “Дархан” нэртэй цуврал сортын Монголын нийт тариаланд эзлэх хувийг тодорхойлбол. Учир нь тариаланчид маань импортын сортыг ч их ашигладаг юм билээ?

-“Дархан 144” сорт бол тариа­ланчдын дунд нэр хүндтэй. Өнөөдрийн байдлаар уг сорт дангаараа  нийт улаан  буудайн тариалалтын 24-25 хувийг эзэлдэг. Ер нь манай хүрээлэнгийн гаргасан “Дархан” цуврал сортууд нийт буудайн тариалалтын 40 орчим хувьд тариалагддаг. Өөрөөр хэлбэл, тариаланчид маань өөрийн улсын шинжлэх ухааны байгууллагын гаргаж, нутагшуулсан илүү баталгаатай үрээр тариалалт хийхийг чухалчлах болсон.

-Нэгэнт үр сорт ярьсан учраас төмс, хүнсний ногооныхыг ч мөн хүмүүс сонирхох байх?

-2004 оноос эхлэн бид “Монгол төмс” хөтөлбөртэй хамтарч ажилласны үр дүнд 2015 он гэхэд үндсэндээ төмсний сортын болон үрийн шинэчлэлийг бүрэн хийж чадсан. Энэ хугацаанд 13 сортыг ирээдүйтэй сортоор батлуулж, 15 сортыг нутагшуулсан. Үүнээс гурван сортыг шинээр бүтээж, нутагшуулсан. Энэ ажлуудын үр дүнд өнөөдөр үндсэндээ төмсний тариалангийн 90 орчим хувьд нь манай хүрээлэнгийн судлаачдын судалж, нутагшуулсан сортууд таригдаж  байна. Мөн төмсний элит үр үйлдвэрлэлийг иж бүрэн шинэчлэх ажлын үр дүнд төмсний вирусгүй эрүүл бичил булцууг 120 мянган ширхэгийг буюу улсын дотоодын хэрэгцээт үрийн 40 орчим хувийг гаргаж байна. Цаашдаа зуун хувь хангах бүрэн боломжтой. Төмсний үр үржүүлэгт биотехнологийн лабораторит эд эсийн аргаар эрүүл ургамал өсгөөд, хүлэмжийн хөрсгүй орчинд аэропонокийн системээр дамжуулаад жилдээ 100 гаруй мянган ширхэг бичил булцуу гаргаж байгаа. Энэ бол манай Ургамал газар тариалангийн хүрээлэнгийнхний төмсний салбарт хийсэн томоохон үр дүн. Улсын төмсний үрийн 40 хүртэл хувийг энэ технологиор хийх бололцоо бүрдсэн гэдэг бол том амжилт. Төмсний хувьд мөн л манай хүрээлэнгийн гаргаж, олон жил тариалсан сортууд байсан бол сүүлийн жилүүдэд төмсний салбарт Голландаас  сайн сортууд авчирч, үрээ шинэчилсэний үр дүнд төмсний өнөөдрийн импортыг 2004 оныхтой харьцуулахад үндсэндээ 7-8 дахин багасгаж чадсан. Өнөөдөр Монгол Улс улаан буудай, төмсний хэрэгцээг дотоодынхоо үйлдвэрлэлээр бүрэн хангадаг түвшинд хүрсэн.

Мөн хүнсний ногооны салбарт нийт 40 орчим таримлын 70 орчим сортыг манай хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн, судлаачид албан ёсоор нутагшуулсан байдаг. Мөн төрөл бүрийн хүнсний ногоо тариалах технологийн заавар, зөвлөмжүүдийг хэдэн арваар нь гаргасан нь нийт ногоочдын хүнсний ногооны тариалалтыг эрхлэх гол гарын авлага болоод явж байна. Жимс жимсгэнэ, чимэглэлийн ургамлуудын үр сортын хувьд 20 орчим жимс, чимглэлийн мод бутны 50 гаруй сортыг судалж нутагшуулсан байдаг. Мөн  малын тэжээлийн таримлын 25 сортыг нутагшуулсан. Сорт судалгаа ургамлын аж ахуйн хувьд ийм үр дүнгүүд бий.

-Танайх улаан буудайн элит болон супер элит үр үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байгаа нь улсын үр үйлдвэрлэлийн хувьд маш өндөр ач холбогдолтой. Энэ үйлдвэрлэл нь хэр явж байна вэ? 

-Шинээр бий болсон сортуудын элит болон супер элит үрийг хүрээлэн өөрийн дэргэдэх үрийн бригадуудаар дамжуулан үржүүлж, тариаланчид болон Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлдэг. Жилдээ хүрээлэн 400-450 тонн буудайн элит үр үйлдвэрлэж байна. Бусад үр тарианы ургамлын 50 орчим тонн үр үйлдвэрлэж тариаланчдад хүргэж байна. Дээр хэлсэн 100 гаруй мянган тонн төмсний бичил булцуунаас гадна мөн хэмжээний  төмсний элит үр гаргаж, үйлдвэрлэгчдэд нийлүүлдэг. Хүнсний ногооны хувьд байцаа, лууван, шар болон хүрэн манжин, сонгино  гээд үндсэн арваад төрлийн таримлын 1200 орчим кг үрийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж байна.

-“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд мод бутны суулгац цаашид улам нэмэгдэнэ гэдгийг салбарынхан ярьж байна. Танайх энэ чиглэлд хэр ажиллаж байна вэ?

-Бидний дараагийн томоохон судалгаа бол тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалах, сайжруулах хөрсний элдэгдэл эвдрэлийг бууруулах чиглэлийн болон төрөл бүрийн хөдөө аж ахуйн таримал ургамлыг ургуулах, тариалах технологи боловсруулах томоохон бүлэг судалгаанууд өргөн хүрээтэй хийгдээд байна. Энэ ажлуудын үр дүнд хүрээлэнд нийтдээ 120 гаруй технологи боловсруулсан байдаг. Эдгээр технологи үйлдвэрлэлд маш амжилттай нэвтэрсэн. Хүмүүст хамгийн ойр жишээ дурдах юм бол өнөөдөр үр тарианы үйлдвэрлэлд  хамгийн өргөн хэрэглэж байгаа уринш-буудайн сэлгээ байна. Энэ сэлгээ манай хүрээлэнгийн олон жилийн судалгааны үр дүнд гарсан сэлгээнүүдийн нэг. Бид хөрс хамгаалах болон бусад чиглэлд олон төрлийн сэлгээний техологиудыг бий болгож, зөвлөж ирсэн. Эдгээрээс хамгийн өргөн нэвтэрсэн уринш-буудайн хоёр талбайт сэлгээнээс  гадна  уриншийг механик болон элдэншүүлэггүй аргаар боловсруулах технологиуд үйлдвэрлэлд нэлээд өргөн хэрэглэгдэж байна. Уриншийг элдэншүүлэггүй аргаар боловсруулах технологи өнөөдөр нийт тариалангийн талбайн 40 орчим хувьд ашиглаж  байна. 

Сүүлийн жилүүдэд бид усалгаатай тариалангийн технологийн судалгааг хийж, үйлдвэрлэлд зөвлөж байна. Мөн хөрсийг эрдэс болон органик бордоогоор бордох технолгиудыг боловсруулсан. Хүрээлэнгийн дэргэд эрдэс бордооны “Био-Ундарга” гарааны компанийг байгуулаад, үр дүнтэй ажиллаж байна.

-Тариаланчид нэг үеэ бодвол хөрсөө бордох болсон. Танай бордооны үйлдвэр хэдий хэмжээний бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай вэ. Ер нь улсын хэмжээний хэрэгцээ шаардлага ямар байдаг вэ? 

-Хүрээлэн жил бүр тариалангийн хөрсний төлөв байдалд үнэлгээ хийгээд Монгол Улсад жилдээ 140-145 мянган тонн эрдэс бордоо шаардлагатай. Мөн 100-120 мянган тонн нэмэлт бордоо хэрэгцээтэй гэсэн тооцоог бид олон жилийн судалгааны үр дүнд тооцоолж судлаад, салбарын яаманд зөвлөдөг.

Мөн манай хүрээлэн 1990-ээд оны үед нийт 1.2 сая га тариалангийн талбайн хөрсний иж бүрэн шинжилгээг хийсэн байдаг. Энэ судалгааг 2008-2013 оны хооронд  дахин давтаж 926 мянган га талбайн тариалангийн хөрсөнд агрофизик, агрохимийн иж бүрэн шинжилгээ хийсэн. Энэ ажлын үр дүнд сүүлийн 60 жилийн хугацаанд ашиглаж байгаа тариалангийн талбайнууд хөрсний үржил шимийн хувьд нэлээд доройтолд орсон байгааг тогтоосон. Нийт тариалангийн талбайн хөрсний 60 гаруй хувь нь салхины эвдрэл элдэгдэлд хүчтэй өртсөнийг  тогтоосон. Хөрсний элэгдэл эвдрэл, доройтлыг бууруулах, багасгах технологийн судлгаануудыг хийгээд, үйлдвэрлэлд зөвлөж байгаа. 

-Танай хүрээлэн Ургамлын генбанктай гэдгээрээ онцлог. Энэ генбанкны талаар товч сонирхуулбал?

-Ургамал газар тараилангийн хүрээлэнд Монгол Улсад цорын ганц байгаа Таримал ургамлын генетик нөөцийн сан бий. Энэ санд өнөөдрийн байдлаар монгол орны 70 гаруй ургамлын 21 мянган  сортыг амьдаар нь хадгалж байна. Энэ материалууд миний түрүүний дээр дурдсан бүх төрлийн таримлын шинэ сортыг гаргах, нутагшуулах гол эх материал бөгөөд Генетик нөөцийн санд хадгалагдаж, ашиглагдаад явж байдаг. Олон улсын стандартаар үрийг -18-21 градуст хадгалах, богино хугацаанд 0-5 градуст хадгалах нөхцөлийг иж бүрэн  бүрдүүлж чадсан банк юм.

Манай хүрээлэн таван лабораторитой бөгөөд хүрээлэнд хийгдэж байгаа бүх судалгаа шин­жил­гээний ажлуудад зориулагдсан шинжилгээг иж бүрэн хийж байна. Түүнчлэн манай Хөрс, агрохимийн лаборатори тариаланчдын захиалгаар хөрсний иж бүрэн шинжилгээг хийж үйлчилдэг.

-Цаашид уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа нөхцөлд газар тариалангийн технологи зөвлөмжүүд, үр сортод  хэр өөрчлөлт, шинэчлэл хийх шаардлага үүсч байна вэ?

-Бид ургамал газар тариалангийн шинжлэх ухааны салбарын  60 жилийн хөгжлийн түүх,  хийсэн ажлаа дүнэн ярилцаж, хэлэлцэж байна. Уур амьсгалын өөрчлөлт эргэлт буцалтгүй болж, үүнээс үүдэн Монголын газар тариалангийн салбарт сөрөг болон эерэг үр дагаварууд ч гарч байна. Эерэг болон сөрөг үр дагаваруудыг бид судалж, сөрөг үр дагаваруудыг нь хэрхэн гэтлэн давах, эерэг өөрчлөлтийг яаж зөв зохистойгоор үйлдвэрлэлд ашиглах боломж байна гэдэгт судалгаа шинжилгээний ажлууд  чиглэгдээд явж байна. Ургамал газар тариалангийн судалгаа шинжилгээний ажилд зориулалтын техник маш их хэрэгтэй болдог. Гэтэл газар тариалангийн нарийн ажиллагаатай техникүүд маш өндөр өртөгтэй. Тиймээс газар тариалангийн судалгааны ажлын өртөг өндөр байдаг. Цаашид  техникүүдийн шинэчлэл хийх, судалгааны зардлыг нэмэгдүүлэх шаардлага бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 15. МЯГМАР ГАРАГ. № 160 (7145)