Н.ЖАРГАЛМАА

 

БНСУ-д энэ сарын 1-12-ны хооронд болж байгаа олон улсын скаутын чуулганы үйл ажиллагаа хэт халалт болон хар салхины улмаас цуцлагдах нөхцөл байдал үүслээ. Одоогоор тэнд цуглаад байсан оролцогчдыг Сөүл хот руу нүүлгэн шилжүүлж байна. 37 мянган скаутыг тээвэрлэхэд 1000 гаруй автобус ашиглаж,  аюулгүй байдлын үүднээс тус цувааг дагалдан цагдаагийн эргүүлийн 273 машин, дөрвөн нисдэг тэрэг явж байгаа гэсэн мэдээлэл байна.  Оролцогчдыг аюулгүй хэмээн үзсэн 128 газарт байршуулахаар болжээ.

Хүн төрөлхтний олимпийн наадмын адил дөрвөн жилд нэг удаа болдог "Жамборе" олон улсын скаутын зуслангийн энэ жилийн арга хэмжээнд оролцохоор нийтдээ 155 орны 40 мянган сайн дурын скаут цуглаад байжээ. Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор ихэнх нутгаар хэт халалт үргэлжилсээр байна.  Мөн  энэ өөрчлөлт нь БНСУ-ын зуны ид халууны оргил үетэй давхцаж байгаа юм.  Тиймээс халалтын түвшин аюултай хэмжээнд хүрч болзошгүй байна.  Өчигдрийн байдлаар  хөрсөн дээр 37-38 хэм хүртэл халсан гэж цаг уурын газраас мэдээлжээ.

Олон улсын скаутын чуулганд 12-17 насны өсвөр үеийнхэн оролцдог.  Тэд бие биенээсээ суралцаж, нөхөрлөж хөгжих боломжтой.  Скаутыг  дэмжигч орнуудын оролцогч нар  энэхүү олон улсын зусланд өргөнөөр хамрагддаг байна. Мөн нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед зарим улс орон эрсдлээс хамгаалах үүднээс  өөрсдөө оролцогчдоо нүүлгэн шилжүүлсэн байна. Тухайлбал, Их Британи улсын Скаутын холбооноос 4000 гаруй оролцогчийг ням гарагт чуулганы хуарангаас нийслэл хот Сөүл рүү эргүүлэн татжээ.  Скаутын хорооны гүйцэтгэх захирал Мэтт Хайд "Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь залуу скаут болон насанд хүрэгчид, сайн дурынхны аюулгүй байдалд маш ихээр санаа зовсон" хэмээн албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ.   Мөн тэрбээр чуулганы хуаран ариун цэврийн шаардлага хангаагүй, хоол хүнс, эмнэлгийн үйлчилгээний хүртээмжгүй байдлыг дурдаж, мөн хэт халалтын бүсэд өсвөрийн залуу скаутыг үлдээх нь шийтгэл байх болно”  хэмээн нэмж хэлжээ. Уг нүүлгэн шилжүүлэлтэд Их Британийн Скаутын холбооны нөөцөөс нэг сая гаруй фунт стерлингийг зарцуулсан байна.  Энэ тухай гүйцэтгэх захирал Мэтт хэлэхдээ “Бид  нөөц хөрөнгөөс их хэмжээний мөнгө зарцуулсны улмаас ирэх 3-5 жилийн үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдах боломжгүй боллоо” гэжээ.

Энэ удаагийн чуулганд АНУ болон Сингапур улсуудаас хамгийн олон скаут оролцож байгаа  ба эдгээр улсууд ч мөн оролцогчдоо нүүлгэн шилжүүүлж, аюулгүй газар хүргэжээ. Норвегийн 700 гишүүнтэй багийн ахлагч Гейр Олав Кассе хэлэхдээ “Норвегийн скаутууд хамтарсан нүүлгэн шилжүүлэлтийн үед үүсэж болзошгүй эмх замбараагүй байдлаас зайлсхийхийн тулд өмнө нь буюу даваа гарагийн орой хуаранг орхиж эхэлсэн" гэлээ.  Мөн тэрбээр  нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд Данийн оролцогчидтой хамтран ажиллаж байгаа гэж хэлсэн боловч Даничууд ч мөн адил орхиж эхэлсэн эсэх нь тодорхойгүй. Бид скаутуудыг аюулгүй, сайн байлгаж, шилжүүлгийг аль болох саадгүй явуулахын тулд чадах бүхнээ хийж байна. Бид бие биедээ тусалж, сэтгэл санаагаа өөдрөг байлгадаг” гэж Кассэ мэдэгдэлдээ дурджээ. Мөн Шведийн мэдээллийн “TT” агентлагийн мэдээлснээр, Шведээс ирсэн 1500 орчим скаутыг Норвеги, Данийн скаутуудын хамт Хамфрейс Камп руу шилжүүлсэн байна.

Өнгөрсөн сарын сүүлчээр номхон далайд хэд хэдэн хар салхи үүссэн нь бүс нутагт хүндхэн нөхцөл байдлыг бий болгосон. Гуравдугаар зэргийн хар салхи болох “Канун” өнгөрсөн долоо хоногт Японы арлын Окинава мужийг дайрч тус мужийн нийт барилгын гуравны нэг нь тог цахилгаангүй болоод байсан юм. БНСУ-ын цаг уурын албанаас мэдээллснээр энэхүү хар салхины давалгаа пүрэв гараг гэхэд тус улсад хүрэх ба, зургаан инч (150 мм) их хэмжээний хур тунадас оруулах төлөвтэй байгаа аж.  Өмнөд Солонгосын Аюулгүй байдлын яам энэ шуурганы улмаас лхагва гарагаас баасан гараг хүртэл орон даяар хүчтэй салхи шуурга, бороо орно. Тийм учраас далайн эрэг орчмын бүсүүд, явган аяллын замууд, голын цэцэрлэгт хүрээлэнгүүд, газар доорх нүхэн гарц болон үерт өртөмтгий бусад салбаруудыг хаахад бэлтгэхийг орон нутгийн албаныханд үүрэг болгожээ. Цахим орчинд оролцогчдын ар гэрийнхний санаа зовж байгаагаа илэрхийлсэн нийтлэлүүд хөвөрч,  Ливерпүүлийн 57 настай Жон Колеман 17 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн өсвөр насны охиныхоо "насан туршийн аялал" байх ёстой зүйл нь "гамшиг болж хувирсан" хэмээн “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа дурьджээ. Цар тахлын дараагаар албан ёсоор зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулганы үйл ажиллагаанд оролцохоор ирсэн Их Британийн скаут нэг бүр ойролцоогоор 3500 фунт стерлингийг зарцуулсан байна.

Одоогоор нэг өрөөг таван скаут  хуваан ашиглаж байгаа ба Сөүл хотын зочид буудлын хүлээн авалтын танхимд 250 хүн хонож байгаа ажээ. Тус улсын эрх баригч Ардчилсан намын дарга Ким Ги Хён даваа гарагт олон нийтээс уучлалт гуйж, татвар төлөгчдийн мөнгийг бэлтгэл ажилд зөв зарцуулсан эсэхэд хяналт хийх болно гэдгээ хэлжээ.  "Жамборе"-гийн үйл ажиллагааг цаашид хэрхэн зохицуулах талаар зохион байгуулах хорооны дарга, Жендэрийн эрх тэгш байдал, гэр бүлийн сайд Ким Хён Сок "Бид үйл ажиллагааг заавал зогсоох шаардлагагүй" гэж хэлэв. Тэрбээр "Бид чуулганы анхны байрлалаас нүүлгэн шилжүүлсэн бусад бүс нутгийн засаг захиргаатай хамтран шинэ хөтөлбөр боловсруулж байгаа тул Жамборе өргөжиж байна гэж хэлж болно "гэлээ.  Өнгөрсөн даваа гарагт зохион байгуулагчид хар шуурга ирэхээс өмнө скаутуудыг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө гаргахаар яаран ажилласан ч үйл ажиллагааг зогсоох талаар мэдэгдэл хийгээгүй юм. "Жамборе"-гийн  зохион байгуулах хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Чой Чанг-Хаен хэлэхдээ “Зохион байгуулагчид оролцогчдыг нүүлгэн шилжүүлэхээр ойролцоох бүс нутгуудын олон нийтийн төв, биеийн тамирын заал зэрэг 340 гаруй газрын үйл ажиллагааг өргөжүүлэхээр бэлтгэж байгаа” хэмээн мэдээллээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7141)