Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
Орон сууц түрээслэгчдийн хувьд төлбөрөө бөөнөөр нь буюу 6-12 сараар төлөх нь хүндрэлтэй байдаг. Тэгвэл “Rent pay” компани санхүүгийн асуудлыг шийдэх шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлжээ. Тиймээс “Start-Up” буландаа“Rent pay” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Мөнхбатыг урьж ярилцлаа.
-Орон сууц түрээслүүлэгчид түрээсийн төлбөрөө олон сараар нь авна гэдэг. Энэ нь иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг. Тэгвэл танайх энэ асуудлыг шийдэж, шинэ үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ сэдвээр яриагаа эхэлье?
-Улаанбаатар хотод 50 мянга гаруй иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг бол, үүн дээр нэмж жил бүр 88000 гаруй оюутан орон нутгаас ирдэг. Залуус орон сууц түрээслэн амьдрахад түрээсийн төлбөрөө олон сараар буюу 6+1, 12+1 сараар авах сонирхолтой байдаг.
Харин түрээслэгчид сар сардаа төлбөрөө төлөхийг хүсдэг. Тиймээс энэ асуудлыг шийдэхээр Rentpay буюу байрны эзэн төлбөрөө бөөнд нь авч, түрээслэгч сар сардаа төлөх боломжтой санхүү болон менежментийн үйлчилгээг 2022 оны гуравдугаар сард зах зээлд цоо шинээр нэвтрүүлсэн.
-Шинэ үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, таниулах бэрхшээлтэй байх үе бий. Танайх багагүй үйлчлүүлэгчтэй болсон байна?
-Цоо шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж таниулна гэдэг аливаа бизнесийн хамгийн хэцүү нь байдаг. Хугацаа ч их шаардагддаг. Анх бид зөвхөн түрээслэгч, түрээслүүлэгчийн дунд үүсээд байгаа санхүүгийн асуудлыг шийдэх гэж үйлчилгээгээ нэвтрүүлсэн. Гэтэл түрээсийн орон сууцанд менежментийн үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага тулгарсан. Тухайлбал, монголд орон сууц түрээсийн харилцаан ихэвчлэн хоёр хүний хооронд явагддаг. Иргэд түрээсийн гэрээ байгуулахдаа зарим нь нотариатаар баталгаажуулахгүйгээр байгуулчихдаг. Гэвч дараа нь үүсэх асуудал, эрх зүйн зохицуулалт нь хангалтгүй, барьцаа төлбөрийн асуудал, орон сууцны хэрэглээний төлбөр, түрээслэгч нь тодорхой хугацаанд сууна гэчихээд хугацаанаасаа өмнө гарах, түрээслүүлэгч хэлсэн хугацаанаас өмнө гаргах асуудал үүсдэг тул бид менежментийн үйлчилгээг бий болгож харилцагч нартаа үзүүлж байна.
-Менежментийн үйлчилгээний тухай тодруулахгүй юу?
-Түрээсийн менежментийн цогц шийдэл гэдэг нь түрээслэгч, түрээслүүлэгч хоёр харилцан ашигтай санхүү болон эд хөрөнгө, ашиглалтын менежментийг мэргэжлийн түвшинд хүргэж ажиллахыг хэлнэ. Тодруулбал, бид үнэ төлбөргүй орон сууцны иж бүрэн даатгалд хамруулж хэрэглэгчдээ гэнэтийн санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ. Мөн хэрэглээний төлбөр дээр нь сар болгон хяналт тавьж тухайн түрээсийн хугацаанд болсон үйл явдал, санхүүгийн орлого, зарлагын нэгдсэн тайлан, барьцаа төлбөрийн удирдлага гээд менежментийн үйлчилгээг түрээслэгч, түрээслүүлэгч нарт үзүүлж байна. Мөн СӨХ-ны төлбөрийг байрны түрээсийн мөнгөнд нь шингээж өгч байгаа. Энэ нь дараа нь СӨХ-ны мөнгө төлөөгүй гэх зэрэг асуудал үүсэхгүй байх боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Ямар нэг асуудал үүсэхэд байрны эзэн түрээслэгч хоёр уулзаад маргалддаг биш мэргэжлийн байгууллагаар шийдэж өгдөг соёлыг бий болгохоор ажиллаж байна.
-Байр түрээслэхээр хандсан хүмүүсийг ямар шаардлага, шалгуураар сонгодог вэ?
- Манайд одоогоор 40 орчим мянган хүн орон сууц түрээсэлье гэсэн хүсэлт ирүүлсэн. Хүсэлт илгээсэн харилцагчдаа бид үйлчилгээний эрх нээж өгдөг. Үйлчилгээний эрх нь нээгдсэн 12 орчим мянган хүн байна. Нэг үгээр орон сууц түрээслээд сар сардаа төлбөрөө төлөх боломжтой 12 мянган хүн бий гэсэн үг. Эрэлт ямар байгааг үүнээс харах боломжтой. Гэтэл нөгөө талдаа нийлүүлэлт маш бага. Олон улсад нийт орон сууцны 30-аас дээш хувь нь түрээсийн орон сууц байдаг. Манай улсын хувьд 10 орчим хувь нь түрээсийн орон сууц байна. Тиймээс түрээсийн орон сууцны хөтөлбөрийг сайжруулах, хүртээмжийн нэмэгдүүлэх, стандартыг бий болгох шаардлагатай байна. Санхүүгийн чадамжийг нь шалгахдаа өр орлогын харьцааг нь хардаг. Одоогийн нийгэмд зээлгүй хүн. Тиймээс бид ховор санхүүгийн чадамжаа тодорхойлоход шалгуур тавьдаггүй. Хамтран амьдрагчтай хамтдаа эрхээ шалгуулаад өсгөх боломжтой. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй бол сүүлийн зургаан сарын дансны хуулгаараа эрхээ тогтоолгох боломжтой. Санхүүгийн чадамжаа тодорхойлчих. Бид таны өмнөөс зургаан сараар мөнгийг нь төлье. Та манайд сар сардаа түрээсээ төл гэдэг. Мөн манайх нэг удаа зуучлалын үйлчилгээний шимтгэл авдаг. Тодруулбал, 900 мянган төгрөгийн байр түрээслэхээр манайд хандлаа гэхэд манайд нэг удаа түрээсийн дүнгийнхээ 50 хувийг шимтгэл болгон төлнө. Нэг үгээр бид санхүүгийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө шимтгэл авч байна гэсэн үг.
-Шинээр бизнес эхэлж байгаа хүмүүст уналт босолт олон зүйл тохиодог. Яг одоо тулгамдаж буй асуудал нь юу байна?
-Анх дөрвөн ажилтантай эхэлж байсан бол одоо 30 гаруй болсон байна. Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлд бид мөс хагалж явна. Хууль эрх зүй болон иргэдийн талаас олон асуудал тулгарч байна. Ажил олгогчийн хувьд ажилчдаа тав тухтай орчинд ажиллуулах, цалингаа цагт нь тавих, боломжтой бол хангамжаа сайжруулах хүсэл зорилго бид бүхэнд бий. Тиймээс төрөөс шинээр эхэлж байгаа бизнесүүдэд татварын хөнгөлөлт эсвэл НӨАТ-ыг эхний гурван жилдээ чөлөөлөх гэх мэд хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй байна. Мөн төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх хэрэгтэй.
-Цаашид үл хөдлөх түрээсийн салбарыг хөгжүүлэх, шинэ үйлчилгээг нэвтрүүлэх том амбиц бий байх?
-Бидний алсын хараа, зорилго их өөдрөг байгаа. Монголын үл хөдлөх хөрөнгийн түрээсийн зах зээлд менежментийн цогц үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх мөн гадаадад байгаа 200 гаруй мянган иргэддээ хүрч үйлчлэх гээд томоохон хүслийг тээчихээд урагшаа зүтгэж байна. Энэ жилдээ багтааж хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн үйлчилгээгээ авахад илүү хялбар болох үүднээс гар утасны аппликэйшн хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 156 (7141)