Доржийн ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “BeSmart Enterprise Solution” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал М.Эрдэнэбатыг урилаа.
“ТЕХНОЛОГИЙН ХӨГЖИЛ ҮҮДНЭЭСЭЭ”
Блиц:
Мандах-Эрдэнэ овогтой Эрдэнэбат
Мэргэжил:
2007-2011 он Компьютер програм хангамж
Ажлын туршлага:
2011-2013 он Суурилуулалтын ажилтан, Юнивишн ХХК
2013-2016 он Сервис ажилтан, Юнител ХХК
2016-2018 он Борлуулалтын дараах инженер, Юнител ХХК
2019-2020 он New tur safary, Өргөө кино театр IT инжинер болон Прожекшн
2021-2022 он Таван Богд Групп, Таванбогд Солюшнс ХХК Мэдээлэл технологийн инженер
2022-2023 он Besmart enterprise solution LLC Үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал.
-Монголчууд технологийн мэдлэгээ илүү тэлэх шаардлагатай гэж хардаг. Мэдээж үүний тулд боломжуудыг нээх нь чухал. Манай салбарынхан “Технологийн хөгжил үүднээсээ” гэж хэлдэг.
Тиймээс хүмүүсийн өдөр тутмын хэрэглээг хялбарчлахын зэрэгцээ хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөгжүүлэх шаардлагатай.
Манай компанийн тухайд бид бусдад үлгэрлэж харуулахын тулд ажлын үнэмлэхээ смарт байдлаар шийдсэн. Энэ нь цаг бүртгэл, тухайн ажилтны нэрийн хуудас, ажлын үнэмлэхийг нэг дор шийдэж байгаа юм. Тэр ч бүү хэл хаалганы чипийг орлох боломжтой. Нөгөөтэйгүүр монголчууд нийтээрээ ухаалаг утас хэрэглэж байна. Тэгэхээр хүмүүсийн байнгын хэрэглээ болсон гар утастай нь уялдуулсан бүтээгдэхүүнийг санал болгосноор аажимдаа технологийг таньж мэдэх, хэрэглээндээ нэвтрүүлэх, дадал болгох зэргээр хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн бизнесийн, хувь хүний цаг хугацаа, орон зайг ч хэмнэх боломж гэдгийг ойлгох болов уу. Түүнээс гадна албан байгууллагын ажилтнууд нэрийн хуудас байнга хэрэглэдэг. Энэ нь ногоон бизнес, байгаль орчинд хэчнээн хоруу чанартайг хүмүүс төдийлөн анзаардаггүй. Сүүлийн үед дэлхий нийтээрээ ногоон, эко байх бүхий л зүйлийг эрэлхийлж байна. Бид үүнээс хоцорч болохгүй гэж үзсэн учраас онлайн нэрийн хуудсыг хөгжүүлж байгаа. Ингэхдээ цар хүрээг нь хэрхэн тэлж болох вэ гэдэг нарийн судалгаа хийгээд эхэлсэн. Хүний ажлын үнэмлэх гэрийнх нь өдөр тутмын хэрэглээнд зайлшгүй шаардлагатай бага дүнтэй гүйлгээ, хаалганы чип, магадгүй зарим нэг үйлчилгээний газрын давуу эрхийг ч үүнд суулгах боломжтой. Энгийн нэг тооцоо хийж үзсэн. Тухайлбал, байгууллагын нэг л ажилтан хамгийн багадаа 200ш нэрийн хуудас хэвлүүлдэг гэж бодъё. Энэ 200ш нэрийн хуудсыг бэлтгэхэд зургаан кг мод, 64 л ус, 3000 гр хүлэмжийн хий, 12.8 кВт эрчим хүч зарцуулдаг юм билээ. Түүнээс гадна цаасан нэрийн хуудасны 88 хувь нь долоо хоногийн дотор хог хаягдал болдог гэж байгаа юм. Харин бидний танилцуулж буй BeSmart дижитал нэрийн хуудас дээр дурдагдаж буй бүх хог хаягдал, байгаль орчинд үүсэж буй хор хөнөөлийг бууруулахаас гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлж эргэх холбоог сайжруулах давуу талтай юм. Ганц товшилтоор бизнесээ бусдад танилцуулахын сацуу байгальд ээлтэй, технологийн дэвшилтэт хэрэглээнд нэгдэхийг манай залуус уриалахын сацуу өөрсдөө үлгэрлэж харуулахыг зорьж байна.
ЦАХИМ НЭРИЙН ХУУДАС ХҮН БҮРИЙН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ
-Хэрэв хувийн байгууллага төдийгүй төрийн байгууллагууд бидний санаачлан хийж байгаа ажлыг бодлогоор дэмжвэл зөвхөн нэрийн хуудас төдийхнөөр хязгаарлагдахгүй нөөц бололцоог тухайн картанд суулгах боломж бий. Жишээлбэл, гэр хорооллын иргэд нүүрс болон усны карт болгон ашиглаж болно.
Тэгэхээр системүүдийг нэгтгэн төвлөрүүлж төрийн байгууллага хариуцаад хувийн хэвшил нь мэдээллээ нийлүүлээд явж болно гэсэн үг. Түүнээс цахим шилжилт гэдэг дор бүрнээ нэг систем ашиглахыг хэлэхгүй. Зарим талаараа нэгдэж нийлэх боломжтой атлаа тус тусдаа байгаа нь цаг хугацаа, зардлыг нэмэгдүүлж байна. Ус болон нүүрсний карт тусдаа байснаас нэгтгэх боломжтой л доо. Гадны улс орнууд аль хэдийнэ бидний одоогийн хийж байгаа цахим нэрийн хуудсны системийг нэвтрүүлчихсэн. Жишээлбэл, Солонгос улсад тухайн хүн автобусанд суухдаа өөрийнхөө картыг уншуулчихна. Ажлынхаа ухаалаг цоожийг онгойлгохдоо, СU-д үйлчлүүлэхдээ ч тэрхүү картаа төвөггүй ашигладаг юм билээ. Тэгэхээр монголчууд ч мөн ялгаагүй ухаалаг систем, технологийн дэвшлийг амьдралын өдөр тутмын хэрэглээндээ нэвтрүүлэх шаардлагатай гэж боддог. Нөгөөтэйгүүр хүн бүр цаасны хэрэглээгээ багасгах нь эх дэлхийн зорилгод нийцнэ шүү дээ. Иймээс хуурай газрын эко системийг хамгаалахад өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй гэж үздэг. Хүн бүр эх дэлхийгээ хайрлая гэчихээд цаасны хэрэглээгээ бууруулах боломжийг ашиглахгүй байж болохгүй л дээ.
Нийслэлийн хэмжээнд өдөрт нэг тонн цаас хог хаягдал гардаг гэсэн судалгаа байдаг. Монголчууд цаасыг байгальд хоргүй гэж үздэг. Гэтэл өдөрт гарч байгаа цаасны хаягдал нүүрсхүчлийн хийнээс 18 дахин их хорт хийг агаарт ялгаруулдаг байна. Энэ нь элдэв нян бактери үржих нөхцлийг бүрдүүлдэг гэж үздэг. Тиймээс бид цахим нэрийн хуудас нэвтрүүлэхээр ажиллаж байхдаа эдгээр судалгааны дүнг бууруулахад өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хичээсэн. Харин одоо үүнийг нийгмийн хэрэглээ болгох нь чухал. Энэ нь зөвхөн BeSmart компанийнханд хамаатай асуудал биш гэдгийг ойлгуулахыг зорьж байгаа. Хүн бүр цаасны хэрэглээгээ бууруулаад цахим үнэмлэх ашиглан түүгээрээ дамжуулж өдөр тутмын ухаалаг хэрэглээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй гэж хардаг.
Дэлхийд минут тутамд 190 тонн цаасны хог хаягдал болж гардаг. Тэгвэл манай компанийн залуус ядаж нийслэлд үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд цахим нэрийн хуудсыг ашиглаж хэвшээсэй гэж хүсч ажлаа эхлүүлсэн. Энэ нь цаасан хог хаягдлыг бууруулах тэр ч бүү хэл агаарын бохирдлыг бууруулахад өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хэлбэр гэж харж байгаа юм. Нөгөөтэйгүүр хүмүүсийн гар утсанд тухайн хүний холбоо барих мэдээлэл, ашигладаг сошиал сувгийн хаяг зэрэг мэдээллийг нэг дор багтааснаар эргэлзэхгүйгээр шууд холбогдох боломж бүрдэх юм. Цэцгээ гэдэг хүнтэй холбогдох шаардлагатай боллоо. Гэхдээ тэр хүний нэрийн хуудас байх ёстой боловч хаана байгааг нь санахгүй. Мөн цахим хуудаснаас нэрийг нь бичээд хайя гэхэд Цэцгээ нэртээ олон хүн гарч ирнэ. Аль нь вэ гэдгийг сонгоход бэрхшээл тулгарна гээд хэдийгээр хүмүүс сошиалаас олоход амар гэж байгаа боловч хайсан хүн нь мөн эсэхэд эргэлздэг шүү дээ. Энэ мэтчилэн цахим нэрийн хуудсыг хэрэглээнд нэвтрүүлэх нь хиймэл оюун ухаан, технологийн дэвшлийг ашиглан төвөггүйхэн тухайн хүнтэйгээ холбогдохоос гадна бүхий л мэдээлэл нь өөрийн тань гар утсанд хадгалаастай байх болно.
IT-ИЙН САЛБАРЫН ЭКСПОРТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ХӨШҮҮРЭГ
- Монгол Улс хиймэл оюун ухааны салбараа хөгжүүлэхийг зорьж байгаа бол Мэдээлэл технологийн паркийг одоогийнхоос хэд дахин өндөр түвшинд хүргэх ёстой. Үүний тулд эхлээд үйл ажиллагаа эрхлэх байгууламжийн асуудлыг зайлшгүй ярих хэрэгтэй. Учир нь тэнд ажиллаж байгаа инженер залуус өдөржин дэлгэц ширтэн, код бичдэг. Тиймээс ажиллах орчин нь тав тухтай, амрах боломжтой байх учиртай. Түүнчлэн энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нэгдэж байж асар ихийг бүтээх боломжийг бүрдүүлнэ. Нэгдэж илүү ихийг бүтээснээр дэлхийн зах зээл дээр өрсөлдөхөөс гадна мөнгөний урсгалыг Монгол Улс руугаа татах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, оюуны хөдөлмөр орон зай үл хамааран борлуулагдах боломжтой.
Жишээлбэл, цахим нэрийн хуудсыг төдийлөн олон газар ашиглаагүй шинэ тутам бүтээгдэхүүн. Тэр дундаа манай эргэн тойрны улс орнууд зөвхөн цахим нэрийн хуудсаар дагнасан борлуулалт, үйлчилгээ үзүүлэхэд л валютын урсгалыг дотооддоо чиглүүлэх боломж бий.
ICT expo үзэсгэлэнгийн үеэр Японы зочин бидэнд өөрийнхөө хамтарч ажилладаг компаниудад шинэ бүтээгдэхүүнээ танилцуулан борлуулах санал тавьсан. Манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байсан. Энэ мэтчилэн технологийн салбар зөвхөн дотоод зах зээлээс хамаарахгүйгээр хөгжиж дэвших бүрэн боломжтой. Манай улсын хувьд энэ салбарыг төдийлөн ойлгож, дэмжих нь хомс. Нэг үеийг бодоход бид салбарын яамтай болсон нь дэвшил. Мөн мэдээлэл технологийн парк илүү хөдөлгөөнд орж хүмүүс сонирхож байгаа нь бас л дэвшил. Ер нь аль ч салбарт төрийн бодлогын болон санхүүгийн эх үүсвэрийн дэмжлэг дутмаг байдаг нь цахим, технологийн салбарт тод харагдаж, анзаарагддаг.
Бид шинэ санаачилга гарган, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийгээд гадаадын улс орнууд руу борлуулан ашиг орлого олох боломжтой. Гэхдээ монголчууд нь цахим орчин, технологийн дэвшлийн талаарх мэдлэг, мэдээлэл хомс. Цөөн тооны хүмүүст хамаатай мэтээр цахим, технологийн салбарыг хөгжүүлж болохгүй. Хатуухан хэлэхэд хэсэг хүмүүс ашиг хонжоо харах байдлаар энэ салбарыг ашиглаж болохгүй. Харин илүү далайцтайгаар харж төрийн бодлогоор дэмжихийн зэрэгцээ гарааны бизнесийг бойжих, хөл дээрээ тогтох тэрхүү боломжийг олгоход анхаарах шаардлагатай. Энэ нь эргээд Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах нэг хөшүүрэг байх болно.
ЦАХИМ ТЕХНОЛОГИ ХЭМНЭЛТ ХИЙХ НЭГ ГАРЦ
-Монголчууд бүх түвшиндээ хэмнэнэ гэдэг ч төдийлөн хэмнэлт хийдэггүй гэвэл хилсдэхгүй болов уу. Жишээлбэл, цахим нэрийн хуудсыг төрийн болон бизнесийн байгууллагуудад танилцуулж байх үед тулгарч байсан зарим асуудлыг цухас хэлье л дээ. Төрийн байгууллагад танилцуулга хийхэд тухайн газрын дарга үүнийг ойлгохыг хүсч байгаа юу, үгүй юу гэдгээс гадна танилцуулга хийж байгаа хүн таалагдах эсэхээс л бүх зүйл хамаарна. Тэд “төсөв байхгүй. Эргээд холбогдоё” гэдэг үгээр халхавч хийдэг. Харин бизнесийнхэн тооцооллыг илүү нухацтай сонсдог. Түүний дараагаар ямар хэмнэлт гарах вэ, ямар ашигтай вэ гэдэг тооцоог өөрсдөө хийсний эцэст хариугаа хэлдэг. Хэрэв төрийнхөн тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авахаар болвол бүрдүүлэх бичиг баримт нь л “залхаана”. Гэтэл хувийн байгууллага удирдлагуудынхаа хурлаар оруулан шийдсэн бол ямар нэг шат дамжлагагүй амар.
Үнэн хэрэгтээ цахим нэрийн хуудас зөвхөн өнөөдрийг биш маргаашийг бүр цаашилбал ирээдүйд илүү өгөөж өгөх тэр гарцыг л бий болгохыг зорьсон. Энэ зорилгоо биелүүлэх юм байна гэдгийг бас өөрсдөө хэрэглээд харж байна. Энэ мэтчилэн цахим системийн давуу тал, хөгжлийг ашиглан дараагийн удаад цахим нэрийн хуудасны нэмэлт хөгжүүлэлтийг ухаалаг утастай холбоход анхаарал хандуулан ажиллаж байна.
Цахим технологийн дэвшлийг ашиглан хүмүүс орон зай цаг хугацааг үл хамааран ажиллах боломж дэлхий даяар бий болсон. Үүнтэй монголчууд ч хөл нийлэн алхаж байна. Манай салбарын инженерүүд дэлхийн топ компаниудад нэр хүндтэй, амжилттай ажиллаж байна. Нөгөөтэйгүүр энэ салбарыг эдийн засгийн асар их өгөөжтэй гэдгийг монголчууд андахгүй болсон болов уу. Тиймээс хиймэл оюун ухаан, технологийн салбарыг улсын эдийн засагт асар их өгөөжтэй, солонгоруулах нэг боломж, мөнгөн урсгалыг дотооддоо шингээх хөшүүрэг, залуусын хөгжих суурь бааз, хөрөнгө, санхүү, цаг хугацааны хэмнэлт хийх гарц гэж хараад төр бодлогоор бизнесийнхэн найдвартай хамтын ажиллагаагаар дэмждэг байгаасай гэж хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 154 (7139)