Д.ДАРАМБАЗАР

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2023”-ын цам харайх бүжгийн төгсгөлд сор заллаа. Сор залах ёслол нь тохиож болох бүх гай барцадыг арилгах бэлгэдэлтэй шашны зан үйл юм. Сүсэгтэн олон бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг юм. Манай оронд “Цам харайх ёс” XVIII зууны эхээр дэлгэрч, анхны цамыг Дээрхийн гэгээн IV Богд Жэвзүндамба хутагт Их хүрээнд 1811 онд болгоосноос хойш “Их хүрээний цам” хэмээн алдаршжээ. Цам цамнахдаа гар, хөл, биеийн олон хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэхийн зэрэгцээ хортон дайсан ад зэтгэрийг догшдын хөдөлгөөнөөр даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг үзүүлдэг байна.

Эх сурвалж: www.zms.mn