Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН
“Стоклаб секьюритиз” ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ё.Амарбаттай автомат хөрөнгө оруулалтын тухай ярилцлаа.
-Хүмүүст хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт төдийлөн байдаггүй. Ерөнхийдөө хувьцаа, бонд болон бусад хөрөнгийн зах зээлийн үнэт цаасууд нь урт хугацаандаа ашигтай байдаг гэдгийг мэддэг. Тэгвэл хөрөнгийн зах зээлд хуримтлал үүсгэх явцдаа хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг болов уу?
-Таны хэлсэн тун зөв. Манай иргэдийн хувьд хуримтлалаа ихэвчлэн банкны хугацаатай хадгаламжийг сонгож хуримтлуулдаг. Ирээдүйдээ, тодорхой зорилгынхоо дагуу эсвэл сар бүрийн хүүхдийн 100 мянган төгрөгийг, цалингийнхаа 10 хувийг, орон сууцаа томруулах зэргээр хуримтлал үүсгэдэг.
Эндээс үзэхэд хүний хуримтлал, хадгаламж нь ихэвчлэн урт хугацааных байдаг. Тэгвэл банкны хугацаатай хадгаламжийн жилийн хүү 7.2-13 хувийн хооронд. Гурван жилийн нийлмэл хүү ойролцоогоор 23.2-38.2 болно. Харин хуримтлал биш хөрөнгө оруулалт хийснээр илүү их ашиг хүртэх боломж байгааг тэр бүр мэддэггүй. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индекс сүүлийн гурван жилд 92.73 хувиар өссөн. Дээрх компаниудын хувьцаанаас авсан бол гурван жилийн нийлмэл хүү 92 хувиар өсөх байсан гэсэн үг.
Гэхдээ сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хөгжиж иргэд хөрөнгө оруулалтыг ихэд сонирхох болсон. Тиймээс манай “Стоклаб секьюритиз” ҮЦК нь “Автомат хөрөнгө” оруулалтын шинэ үйлчилгээг хөрөнгийн зах зээлд нэвтрүүлсэн. Энэ бүтээгдэхүүн нь хөрөнгийн зах зээлийн хуримтлалын үйлчилгээ юм. Тус үйлчилгээ нь яг л бидний банканд мөнгөө хэрхэн хуримтлуулдагтай ижил. Хэрэглэгч өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр хүссэн дүнгээрээ хөрөнгө оруулах буюу хуримтлал үүсгэх боломжтой юм. Жишээлбэл, долоо хоног бүхийн лхагва гарагт 20 мянган төгрөгийн хуримтлал үүсгэхээр тохируулна. Дараагаар нь дээрх мөнгөн дүндээ ямар компанийн хувьцаа авах вэ гээд өөрийн хувьцааны багцаа бүрдүүлнэ. Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй нэгдүгээр ангиллын 22 компанийн хувьцааны үнэ 20 мянган төгрөгөөс доош байдаг. Тиймээс өөрийн сонирхож буй хэдэн ч компанидаа хөрөнгө оруулах боломжтой. Дараа нь өөрийн 20 мянган төгрөгийн багцынхаа 50 хувийг ХААН банк ХК-д үлдсэн 50 хувийг Сэндли ББСБ ХК-н хувьцаа авахаар тохирууллаа гэж бодоход долоо хоног бүрийн Лхагва гараг бүрт миний хуримтлалын 20 мянган төгрөгт ХААН банк ХК, Сэндли ББСБ ХК-ийн хувьцаанаас таны өмнөөс автоматаар зах зээлийн үнээр тогтмол худалдаж авна гэсэн үг юм.
-Үнэхээр шинэлэг сонсогдож байна. Тэгвэл хуримтлалаа юунд хөрөнгө оруулахаа мэддэггүй хүн олон байгаа. Сая хэлсэнчлэн багцынхаа 50 хувийг ХААН банк ХК-, үлдсэн 50 хувийг Сэндли ББСБ ХК-д гэж хэлж байна шүү дээ. Тэгвэл аль компанийн хувьцааны ханш илүү өсөх бол, аль нь тогтмол ногдол ашиг тараадаг зэргийг хэрхэн мэдэх вэ?
-Хүн бүр өөрийн судалгаа, харах өнцөг тэр ч бүү хэл зөн совингоороо хөрөнгө оруулалт хийдэг. Гэхдээ анхлан хөрөнгө оруулагчдад тулгардаг хамгийн том асуудал бол юунд хөрөнгө оруулах вэ гэдэг асуулттай байнга тулгарна. “Стоклаб секьюритиз” ҮЦК нь эдгээр хүмүүст зориулж автомат хөрөнгө оруулалтын үйлчилгээндээ бэлэн багц санал болгодог. Энэ багц нь “Стоклаб секьюритиз” ҮЦК-ийн мэргэжилтнүүдийн боловсруулсан багц юм. Тухайн хүний сонирхдог салбар, хөрөнгө оруулах давтамж, хөрөнгө оруулалтын дүн зэрэгтэй уялдсан нийт дөрвөн багцыг санал болгодгоороо давуу талтай.
-Стоклаб секьюритиз ҮЦК-д хэрхэн данс нээлгэж, хуримтлуулах мөнгөө яаж татуулах вэ?
-“Stocklab” нь төлбөр тооцооны HiPay аппликейшний “Санхүүгийн үйлчилгээ” дотор мини аппликейшнаар байрладаг. HiPay аппликейшнийг ашигладаг хүн бүр “Stocklab” дээр үнэт цаасны дансаа нээж арилжаанд оролцох боломжтой. Автомат хөрөнгө оруулалтын үйлчилгээний авто таталт хийхдээ харилцагчийн HiPay хэтэвчний үлдэгдлээс нь эсвэл HiPay аппликейшнд холбосон өөрийнх нь банкны картнаас таталт хийдэг. Хэдэн ч карт холбож, аль ч картнаасаа тогтмол таталт хийж хөрөнгө оруулах боломжтой.
-HiPay аппликейшнд санхүүгийн олон төрлийн үйлчилгээ байдаг гэж сонссон. Хөрөнгө оруулалттай холбоотой өөр бүтээгдэхүүн үйлчилгээ байдаг болов уу?
-Санхүүгийн үйлчилгээ дотор Stocklab-с гадна“Хөрөнгө оруулалт” гэсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлээд байна.Бид хөрөнгө оруулалт гэж ярингуут шууд л хувьцаа, бонд гэж толгойнд буудаг. Гэтэл хөрөнгө оруулалтын олон хэлбэр, бүтээгдэхүүн байдаг. “Хөрөнгө оруулалт” дээр Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний мэдээлэл, танилцуулга байрладаг. Жишээлбэл, хадгаламжийн бүтээгдэхүүнүүд бий. Хадгаламж гэхээрээ зөвхөн банк биш. Хадгаламж зээлийн хоршоодын хадгаламжийн бүтээгдэхүүнүүдийн нөхцөл зэрэг мэдээллүүд харагдана. Мэдээж бидний хамгийн сайн мэддэг банкны хадгаламжийн хүүнээс өндөр. Мөн банк бус санхүүгийн байгууллагын итгэлцлийн үйлчилгээ, биржийн бус зах зээл дээрх хаалттай бондууд болон хувийн хөрөнгө оруулалтын сангууд зэрэг хөрөнгө оруулах боломжуудыг танилцуулсан үйлчилгээ нэмэгдсэн байгаа.
-Бүтээгдэхүүнүүдтэй танилцаад аль нэгэнд нь хөрөнгө оруулахаар шийдвэл хэрхэн ямар алхам хийх вэ?
-Тухайн бүтээгдэхүүнийг Hipay эсвэл Stocklab гаргаагүй учир шууд хөрөнгө оруулах боломж одоогоор байхгүй байгаа. Олон компаниудаас гаргаж буй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн байгаа учир хэрэглэгч өөрийн сонирхож буй бүтээгдэхүүнээ сонгож, хэдэн төгрөгт хөрөнгө оруулах боломжтой зэрэг мэдээллүүдээ оруулахад бид цааш нь дамжуулж өгөх зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Нэг ёсондоо санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 153 (7138)