Доржийн ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад Мэдээлэл, технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяаг урилаа.
НИЙГМИЙН ОРОЛЦОО
-Монгол Улсын хөгжилд хүн бүрийн оролцоо хамгийн чухал. Өөрийн хийж гүйцэтгэх боломжтой ажлыг бүх шатанд нь оролцоогоо хангаж ажиллах зарчимд суралцах хэрэгтэй. Хэдийгээр орчин үеийн залуус мэдлэг боловсрол, ур чадвараар гологдохгүй ч оролцоо муу байгаагийн зэрэгцээ салбарынх нь бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөд өөрсдийн дуу хоолойгоо хүргэдэггүй.
Санал хүсэлтээ уламжилдаггүй атлаа нэгэнт бодлого, шийдвэр гарсны дараа шүүмжлэлтэй хандах болсон нь сэтгэлгээний буруу хандлага гэж боддог. Манай улс хөгжиж буй улс учраас асар их хийж бүтээх, шинэчлэх ажил бий. Үүнд залуус нийгмийн оролцоогоо хангаж оролцох шаардлагатай.
Нэг хүний хүсэл мөрөөдөл алсыг харж, том зорилго тавьж байгаа ч нийгмийг хамрах хүрээ нь хязгаарлагдмал. Харин олон хүний хүсэл, зорилгыг нэгтгэж чадвал нийгэмд нөлөөлөх нь илүү цар хүрээг хамарч, нэгдэж, хамтарч бүтээх орон зай бий болно. Өөрөөр хэлбэл, зөвхөн минийх гэдэг эзэмших сэтгэлгээгээ бусадтай хуваалцах, түгээх хандлагыг төлөвшүүлэх боломж гэсэн үг. Олны үг оломгүй далай гэдэг шүү дээ. Түүнтэй адил бид хуваалцах сэтгэлгээгээр аливаад хандвал Монгол Улсын хөгжих хурд илүү нэмэгдэнэ.
2013 оноос Монголын үндэсний брэндийг хөгжүүлэх гарааны бизнесийг идэвхжүүлэх ажлыг хамт олныхоо дэмжлэгтэйгээр хийж ирсэн. 2017 оноос гарааны бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн. Мэдээж энэ ажлыг хийхэд зөвхөн манай баг хамт олноос гадна салбарын оролцогчид хамтарч амжилтад хүрнэ. Тиймээс оролцогч талууд буюу төр, их дээд сургуулийн судлаач, эрдэмтэд, хөрөнгө оруулагч, соёлыг түгээх эко системийг хөгжүүлж байгаа залуус зэрэг бүхий л түвшинд хамтарч ажиллах учиртай. Тэгэхээр IT паркийг түшиглэн залуусын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, үүгээр дамжуулан бусдад үлгэрлэхийг зорьж байна. Үүний тулд салбарынхныгаа одоогийн хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудыг үр дүнд хүргэхийн тулд хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгийг ярилцан бүх талаараа оролцоогоо хангаж ажиллахаар зорьж байна. Дэлхийн улс орнуудад тэрбум ам.долларын үнэлгээтэй гарааны бизнесийг хөгжүүлж байгаа жишгийг Монголчууд тэр дундаа монгол залуус хэрхэн хөгжүүлж, амжилтад хүргэж байгааг харуулах нь бидний зорилго. Үүнийхээ төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.
ХҮНИЙ НӨӨЦ БА БОЛОВСРОЛЫН СИСТЕМ
-Бүх салбар тэр дундаа өндөр технологийн системийг хөгжүүлэхэд шаардлагатай нарийн мэргэжлийн боловсон хүчний хомсдол үүссэн нь төр засаг болоод их дээд сургууль, хувь хүний мэргэжил сонголтод ч байнга анхаарлын төвд байдаг сэдэв болох учиртай. Учир нь манай салбар гэхэд хүний нөөцийн асар дутагдалтай. Ойрын 5-10 жил нөхөх асуудлын талаар салбарынхан ярилцдаг. Үндсэндээ хүний нөөцийн бодлого гэдэг боловсролын систем, хүний хөгжлийн асуудалтай холбогддог.
Улс орны хөгжилд хувь хүний оролцоо хамгийн чухал асуудлын нэг. Тиймээс хүний хөгжлийг бид бага боловсролын системээс эхлүүлэх ёстой гэж хардаг. Одоогийн нөхцөл байдлыг харвал бид ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд төдийлөн ач холбогдол өгөхгүй байна. Мэргэжил хэр сонголтод нухацтай хандах учиртай. Өөрөөр хэлбэл, нийгэмд ямар мэргэжил хэр эрэлттэй байна вэ. Хаана ямар сургуульд хэрхэн бэлтгэдэг вэ гэдэг наад захын мэдээллийг ч өгч чадахгүй байна. Мэргэжил гэдэг тухайн хүн ирээдүйд амьдрах, хөгжих магадгүй улсын хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хамгийн чухал асуудал. Гэтэл үүнд бид тоомжиргүй байдлаар хандаж ирсэн муу зуршилтай. Тэгтэл Финландад бага сургууль буюу дөрөвдүгээр ангиас нь эхэлж ямар мэргэжил эзэмших талаар ярилцан сонголт хийх боломж олгон хангалттай мэдээлэл өгдөг. Зарим улс наймдугаар ангиас нь мэргэжил сонголтын талаар ярилцах нь ч бий. Харин Монголчуудын хувьд дунд сургуулиа төгсөх тэр цаг мөчид ямар мэргэжил эзэмших вэ гэдэг сонголтыг хийдэг. Тэгэхээр хүний нөөцийг бэлтгэхэд тал бүрийн оролцоо хэрэгтэй юм. Түүнээс гадна инженер, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх богино хугацааны хөтөлбөрийг гаргах шаардлага тулгарч байна.
Боловсрол гэдэг нь бакалвр, магистр, доктор, профессорын зэрэг хамгаалахаар илэрхийлэгдэхгүй. Мэдээж суурь боловсрол эзэмших нь тухайн хүний хүмүүжил, хандлага олон нийттэй харилцах, нийгмийн харилцаанд оролцох суурь болно. Үүнийг үгүйсгэхгүй. Эмч, багш зэрэг нарийн мэргэжлийг зайлшгүй их, дээд сургуулиар боловсрол эзэмших шаардлагатай. Харин зарим салбарт өөрийн авьяас чадвараар нарийн мэргэжлийн маш сайн боловсон хүчин болох боломж бий. Тухайлбал, IT салбарт ямар нэг сургуульд суралцаж бакалаврын зэрэг хамгаалаагүй ч ажлын туршлага, ур чадвараараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн инженер байж болно. Тэгэхээр салбарын онцлогоос хамаарч байгаа хэрэг.
Хүний хөгжил гэдэг гэр бүлийн хүмүүжил, бага, дунд болон их дээд сургуулийн боловсрол эзэмшиж байгаагаар илэрхийлэгдэж байна. Гэхдээ энд зөөлөн ур чадвар буюу хүн байх боловсролыг орхигдуулдаг. Тиймээс хүн байх боловсрол хамгийн чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон. Хүн гэдэг өөрөө хэзээ ч давтагдашгүй капитал. Мэдээж бусдад ээлтэй, хамтач, нийгмийн оролцоотой байснаар илүү тод харагдаж үлгэрлэлтэй амьдрах болов уу. Үүний тулд хүн байх боловсролыг бага сургуулиас нь эхлээд хүүхдүүдэд олгодог болох хэрэгтэй. Энэ нь зөвхөн гэр бүлийн хүмүүжлээр илэрхийлэгдэх нь хэт өрөөсгөл ойлголт юм.
ЦАХИУРЫН ХӨНДИЙ БА ГАРААНЫ БИЗНЕС
-Монголын цахиурын хөндийг Мэдээлэл, технолонийн үндэсний парк бий болгох ёстой гэж хардаг. Түүнчлэн улсын эдийн засгийг солонгоруулахад дорвитой нөлөө үзүүлэхийн зэрэгцээ мэдээллийн технологиор дамжуулан олон улсын зах зээл дээр гарах боломжийг бүрдүүлэх учиртай. Манай улс цахим засаглалын индексээрээ 193 улсаас 74 дүгээр байрт яваа нь чамлахааргүй үзүүлэлт гэж болно.
Мэдээлэл технологи гэдэг бүх салбарын цахим шилжилтийн гол цөм нь. Дэлхий нийтээр бүхий л салбартаа цахим шилжилтийг эрчимтэй хийж байна. Манай улс дэлхийн чиг хандлагыг дагахгүй уламжлалт аргаараа хөгжих боломжгүй гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тиймээс цахим шилжилтийг хийснээр дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын зэрэгцээ хурдтай хөгжиж, бүтээмжийг дээшлүүлэх нэг боломж гэдгийг хэлмээр байна. Эцсийн бүлэгтээ хүний амьдралын цаг хугацааг хэмнэх, таатай орчныг бүрдүүлэхэд чиглэж байгаа хэрэг. Жишээлбэл, E-mongolia үүссэнээр цахимаар өөрт хэрэгтэй баримт бичгийг цаг алдалгүй авч ашиглах боломж бүрдсэн. Энэ нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй. Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын бичиг баримтад “Мэдээлэл технологийн судалгаа, шинжилгээг өргөжүүлж, мэдлэгт суурилсан инновацын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, зөөлөн болон хатуу дэд бүтцийг хөгжүүлнэ” хэмээн тусгасан. Түүнчлэн Шинэ сэргэлтийн бодлогод “Шинжлэх ухаанд суурилсан өндөр технологи, блокчейн, хиймэл оюун ухааны ололтыг нэвтрүүлж, цахим эдийн засгийн чиг хандлагад нийцсэн аж үйлдвэржилтийг хөгжүүлнэ” хэмээн заасан шүү дээ. Энэ бүхэн эргээд гарааны бизнес эрхлэгчдэд томоохон боломж болоод хөшүүргийг бий болгож байгаа юм. Гарааны бизнес гэдэг бол нийгмийн асуудлыг шийдвэрлэх нэн тэргүүний боломж. Тиймээс хөгжиж байгаа улсын хувьд гарааны бизнес хөгжих орон зай бий. Өөрөөр хэлбэл, нийгэмд тулгарсан асуудлын шийдлийг гаргаж технологийн дэвшил, инновациар шийдвэрлэж байгаа гэсэн үг.
Бизнес гэдэг ашиг олох зорилготой ч амьдралаас үүссэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх хөшүүрэг байхад чиглэсэн үйл ажиллагаа эрхлэхийг гарааны бизнес гэж нэрлэдэг. Үүний дараагаар тухайн эрхэлж буй бизнес хүмүүст хэрэгцээтэй байвал бизнесийн ашиг олох зарчмаа хэрэгжүүлэх боломж бүрддэг. Энэ хугацаанд маш олон хүчин зүйл, асуудал, бэрхшээлийг туулдаг. Одоо цагт гарааны бизнес эрхлэгчид “мөс хагалж” яваа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Нөгөөтэйгүүр, Монголоор дүүрэн асуудал байгаа нь гарааны бизнес хөгжих боломжийг олгож байна. Учир нь хөгжсөн, хөгжингүй улс орнуудын хувьд төдийлөн гарааны бизнес эрхлэх, хөгжих боломж хомс. Учир нь тухайн улс орнуудад нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудал байхгүй гэхэд хилсдэхгүй. Тиймээс бид аливаад бүтээлчээр ханддаг, өөр өнцгөөс хардаг, асуудлыг шийдвэрлэх гарцыг эрэлхийлж түүнийгээ ажил хэрэг болгож байгаа гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.
Нийгмийн олон асуудлыг шийдвэрлэдэг гарааны бизнесийн экосистем хэрэгжүүлэгчийн эрэмбээр манай улс дэлхийн 100 улсаас 79-т эрэмбэлэгдсэн нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хоёр байр урагшилсан үзүүлэлт юм. Түүнээс гадна дэлхийн 1000 хотоос 448-д эрэмбэлэгддэг. Энэ нь дэлхийн улс орнуудын цахим шилжилт, гарааны бизнесийг хөгжүүлэхэд нэгдмэл байр суурьтай ажиллаж чадсаны илэрхийлэл гэж хэлж болно.
UNICORN БУЮУ ФОКУС МЕНЕЖМЕНТ
-Монгол Улс цөөн хүн амтай, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээнд туршилт хийж олон улсын зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж бий. Бүх орнууд 2025 он гэхэд тэрбум ам.долларын үнэлгээтэй “Unicorn” төрүүлнэ гэдгээрээ уралдаж байна. Тэр ч бүү хэл хот, дүүргээрээ өрсөлдөж байна. Тэд гадны улс орноос гарааны бизнес эрхлэгчдийн оруулж ирэхдээ тусгай зөвшөөрөл /StartUp visa/ олгодог. Жилд нэг хувийн хүүтэй зээл олгохын зэрэгцээ ажлын байраар үнэгүй хангах зэрэг олон боломжийг санал болгож байна. Түүнээс гадна гарааны бизнес эрхлэгчдийг хамруулах тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Казахстан улсын “Astana Hub” сүүлийн таван жилд асар хурдацтай хөгжсөн бөгөөд улсаас нь санхүүгийн болон хууль эрх зүйн орчны дэмжлэг үзүүлснээр Төв Азийн бүс нутагтаа хамгийн том технологийн төв болж чадсан. Тэгэхээр манай улс тэрбум ам.долларын үнэлгээтэй “Unicorn буюу ганц эвэрт”-ийг хэрхэн төрүүлэх вэ, юугаараа ялгарч, дөвийлгөх вэ гэдгээ сайн тодорхойлох хэрэгтэй. Экосистемийн хөгжил гэвэл бид Инновацийн хуультай, Цахим хөгжлийн дөрвөн багц хуультай, салбарын яамтай болсон. Энэ бол ахиц. Гэвч бид нэгдэж чадахгүй байгаагаас цаг хугацаа, мөнгө санхүүг үнэгүйдүүлж, үргүй зардал болгож байна. Өөрөөр хэлбэл, мэдээлэл солилцох урсгал муу байна гэсэн үг.
Нөгөөтэйгүүр гарааны бизнес гэдгийг хүн бүр өөр өөрийнхөөрөө ойлгож байгаа нь ойлголтын зөрүү үүсгэж байгаа юм. Тиймээс “Гарааны бизнес” гэдгийг нэг тодорхойлолттой болгох хэрэгтэй. Ер нь гарааны бизнесээ зөв тодорхойлж, дэмжсэнээр ямар үр дүн гарах вэ гэдгийг бидний урд хөршийн "Алибаба" сүлжээнээс харж болно. Тэгэхээр нэг зүйл рүүгээ анхаарлаа хандуулж фокус менежментийг оновчтой ашиглах хэрэгтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, олон зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй гэсэн үг. Тэгэхээр дэлхийн зах зээлд гарах боломжтой гарааны бизнесийг тултал нь дэмжсэнээр манай улс тэрбумын үнэлгээтэй “Unicorn”-ийг хөгжүүлж чадна. Ингэхдээ хууль эрх зүйн орчны болон төрийн бодлогоор, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээр, санхүүгийн дэмжлэгээр тодорхой хугацаанд тасралтгүй “халамжлах” шаардлагатай. Энэ нь ирээдүйд гарах гарааны бизнесийнхэнд гүүр болж замыг нь засах боломж. Тиймээс үүнийг бид дэлхийн зах зээлд гарах боломж гэдгийг мартаж болохгүй.
Манай улсын эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай энэ цаг үед оюуны экспортоор орлого олох боломжийг бүрдүүлэх учиртай. Оюуны хөдөлмөр буюу IT салбарын бүтээгдэхүүн цаг хугацаа, орон зайг үл хамааран хөгжиж бас олон улсад үнэлэгдэж, эрэлт хэрэгцээгээ байнга өсгөдөг. Тэгэхээр Монгол Улсын эдийн засгийг солонгоруулахад мэдээллийн технологийн салбар хамгийн тод гэрэлтэх өнгө байна гэдэгт эргэлздэггүй.
Тиймээс гарааны бизнесийг эхний жилүүдэд тултал нь дэмжиж хөгжүүлэн дэлхийн зах зээлд гаргаснаар дараагийн жилүүдэд эдийн засгийн үр өгөөж нь төсвийн орлогод эерэгээр нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, гарааны бизнесийн төрийн бодлогоор дэмжих нь төрийнхний анхаарах асуудлын нэг. Харин хөрөнгө оруулагчид өнөөдрийн ашгаас илүү нийгмийн асуудлыг шийдвэрлэх цаашилбал, дараагийн таван жилээс ашиг хүртэх боломж гэж харж дэмжих хэрэгтэй юм. Энэ бүхэн эцэстээ Монгол Улсын нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг эерэгээр шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 31. ДАВАА ГАРАГ. № 149 (7134)