Доржийн ОЮУНЧИМЭГ
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. Тиймээс бид энэ удаагийн “Нэгдүгээр хүн” буландаа Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг урьж, ярилцлаа.
-Дүүргийн хөгжил гэж юу вэ. Магадгүй эдийн засгийн чадавхитай эсвэл ая тухтай амьдрах орчин бүрдүүлснээр нь хэмжих үү?
-Дүүргийн хөгжил гэдэгт нэгдүгээрт иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх асуудал хамрагдана. Гэхдээ дүүрэг бие даасан эдийн засгийн бодлого хэрэгжүүлдэггүй. Монгол Улс нэгдсэн төсвийн бодлоготой. Үүнийг дагаад Улаанбаатар хотын төсөв батлагддаг. Үүнд дүүргийн нэгдсэн төсөв багтдаг. Манай дүүргийн тухайд орлого бүрдүүлэгч бөгөөд төрийн байгууллагын үйлчилгээний хураамж, төрөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагааны орлогоос бүрддэг. Дүүргийн орлогын бүрдэлтэд иргэд, аж ахуйн нэгжийн татварын орлого голлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс манай хамт олон жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжих бодлого баримталж ажилладаг.
Гэсэн хэдий ч дүүргийнхээ иргэдийн аюулгүй, таатай амьдрах орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Мэдээж оршин суугчдын амьдрах орчин ая тухтай байхын зэрэгцээ аюулгүй байх нь хамгийн чухал. Тиймээс гэр хорооллын дундах зам төдийгүй орон сууцны дундах замыг шинэчлэн сайжруулах, зарим газарт шинээр зам тавих зэрэг ажлыг ээлж дараатайгаар хийж байгаа. Түүнчлэн оройн цагаар аюулгүй зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн гэрэлтүүлэг тавих ажлуудыг ч хийж байна. Эдгээр ажил нь дүүргийн хөгжлийн нэгээхэн хэсэг нь гэж болно. Сүүлийн жилүүдэд дүүргүүд төдийгүй нийслэл иргэдийнхээ ая тухтай амьдрах, ажиллах орчныг бүрдүүлэхэд анхаарал хандуулж байгаа. Тухайлбал, барилга дунд баригдсан гражуудыг буулгах ажлыг эрчимжүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд 4000 гаруй гражийг буулган нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөн ногоон байгууламж, авто зогсоолыг барьсан. Ингэхдээ тухайн хэсгийн оршин суугчдын санал хүсэлтэд тулгуурлан хийх ажлаа эрэмбэлсэн.
Түүнчлэн “Хашаа” арга хэмжээний хүрээнд тодорхой ажлууд хийсэн нь үр дүнд хүрсэн гэж болно. Тухайлбал, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулах, орчны өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхөөс гадна хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулах эрсдэл дагуулдаг. Тэр ч бүү хэл, шуурхай хүрэх үйлчилгээ буюу түргэн туслам, онцгой, цагдаагийн авто машины явах гарцыг хаасан нь хүний амь нас, аюулгүй байдалд ч сөргөөр нөлөөлж байсныг иргэд мэдэж байгаа. Тиймээс энэ арга хэмжээг хэрэгжүүлсэн хүмүүсийн амьдрах таатай орчныг бүрдүүлсэн алхам болсон.
Нөгөөтэйгүүр иргэдийн амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд камерын хяналтыг эрчимжүүлж байгаа. Дүүргийн хэмжээнд хоёр дахь жилдээ “Ногоон бүс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн камержуулах ажлыг хийсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороо буюу хүмүүсийн хэлж заншсанаар Төв шуудангийн зүүн уулзвараас Үндэсний музей, баруун тал руу УИД хүртэлх нийт 19 га газрыг бүрэн камержуулсан. Энэ хэсэгт жуулчид ихэвчлэн зорчдог бөгөөд 145 ширхэг камер байршуулсан. Ингэснээр гэмт хэргийн гаралт эрс буурахын зэрэгцээ хэрэг илрүүлэх явцад эерэгээр нөлөөлж байна.
Чингэлтэй дүүргийн хувьд замын байгууламж тэр дундаа гэр хорооллын холбоос замууд өргөжиж байна. Миний хувьд дүүргийн даргын ажлыг авснаас хойш нийт 13 км замыг шинээр бариулсан. Зам барихад зөвхөн зорчих хэсгээс гадна тухайн замд харъяалагдах байгууламж, усны хаялга, хашлага, хаалт, тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийг хамтад нь шийдэх ёстой. Түүнчлэн бид хог хаягдлын менежментийн тухайд өмнөх жишгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа. Дүүргийн хэмжээнд хог хаягдлын хуримтлал үүсдэгүй. Энэ мэт бид төрийн байгууллагын зүгээс хийж, хэрэгжүүлэх ажлуудыг цаг алдалгүй хийсээр байна. Мэдээж иргэд тодорхой хариуцлага хүлээх учиртай. Үүний тулд иргэний нийгмийн байгууллага болоод иргэдийн хамтын ажиллагаа, нэгдэл чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хамтын ажиллагааны хүрээнд хороо иргэнтэйгээ нягт байхын зэрэгцээ дүүрэгтэйгээ мэдээллээ солилцон хамтарч ажилладаг байх хэрэгтэй.
-Дүүргийн хөгжлийн нэг илэрхийлэл нь үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын хөгжлөөр тодорхойлогдох болов уу. Магадгүй танай дүүргийн хувьд үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхэд ямар бодлого баримталж байна?
-Энэ жилийг Чингэлтэй дүүрэг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Учир нь манай дүүргийн эдийн засгийн бүтцийг харвал томоохон хэмжээний олборлох аж ахуй, үйлдвэрлэл байдаггүй. Ихэвчлэн банк санхүүгийн байгууллага, төрийн байгууллагын үйлчилгээ түүний хураамжийн орлогоос бүрддэг. Манай дүүрэгт албан бус тоогоор 30-аад мянган хүн үйлдвэрлэл эрхэлдэг. Үүний 50 хувь нь дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэлийн төвд бүртгэлтэйгээр байнгын үйл ажиллагаанд оролцдог 800 гаруй аж ахуйн нэгж байна. Үйлдвэрлэлийг салбараар нь авч үзвэл хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл түлхүү ажиллаж байна. Тэр дундаа манай дүүрэгт оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл давамгай. Тиймээс бид үйлдвэрлэлийг каластераар хөгжүүлэх боломжтой гэж хардаг. Тухайлбал, улсын хэмжээнд нийлүүлэлт хийдэг бээлийний үйлдвэр манай дүүрэгт харъяалагддаг. Мөн оймсны Янмал, Тод зэрэг үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхэлж байна.
Үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг дүүргийн ИТХ-аар шийдвэр гаргуулан ажиллаж байгаа. Бид үйлдвэрлэлээ дэмжсэнээр тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг өсгөх, бүр цаашилбал, ядуурлыг бууруулахад голлох нөлөө үзүүлдэг. Түүнээс гадна үйлдвэрлэгч эцсийн дүндээ баялаг бүтээгч болж байгаа юм. Бидний баримталж байгаа зарчим бол үйлдвэрлэлээ хөгжүүлснээр үйлдвэрлэгчдийн эцсийн бүтээгдэхүүний гарц, чанар, сав баглаа боодол илүү сайн болохын зэрэгцээ борлуулалтыг нь нэмэгдүүлэх хөшүүргийг хэрхэн хийх вэ гэдэг арга замыг эрэлхийлж байна. Үйлдвэрлэгчдийн хувьд техник, технологийн дэвшлийг нэвтрүүлж үйлдвэрлэлээ өргөжүүлэх нь ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашилбал экспортод бүтээгдэхүүнээ гаргах, үндэсний томоохон үйлдвэр болгох боломж бий. Энэ бүхний эцэст баялаг бүтээгч болж байгаа үйлдвэрлэгчдийн дүүргийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ өсөх боломжтой. Эцсийн дүндээ энэ нь дүүргийн хөгжилд томоохон хувь нэмэр үзүүлэх хөшүүрэг гэж болно. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл хөгжих нь Чингэлтэй дүүргийн эдийн засгийн бүтцэд голлох нөлөө үзүүлэх юм шүү дээ.
-Танай дүүргийн хувьд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарал хандуулж байгаа юм байна. Тэгвэл дүүргийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулахын тулд юу хийж байгаа вэ?
-Манай дүүргийн хувьд ажилгүйдлийг нийт хөдөлмөр эрхлэх насныхны дунд авч үзвэл 20 гаруй хувийг эзэлж байна. Үндсэндээ ажил хийх боломжтой хэдий ч идэвхитэй хайхгүй байгаа гэсэн судалгаа гарсан. Нөгөөтэйгүүр хүмүүс удаан хугацаанд, тогтвортой ажиллах хүсэл, сонирхолгүй байна гэж харж байгаа. Бид үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчидтэйгээ уулзалт хийдэг. Энэ үед ажиллах хүн олдохгүй байна гэдэг асуудал хамгийн түрүүнд яригддаг. Түүнээс гадна хүмүүс тогтвортой ажиллахаа больсон гэдгийг ч тэд хэлдэг. Жишээлбэл, модон эдлэлийн үйлдвэрт туслах ажилтнаар орсон “Б” гэдэг хүн байлаа. Тэрбээр жил орчим уйгагүй ажиллана. Үүний дараагаар “Би хүнээр удирдуулахгүй. Өөрөө энэ ажлаа хийгээд бизнес эрхлэгч болно” гээд яваад өгдөг нийтлэг дүр зураг бий болсон гэдгийг ажил олгогчид хэлдэг. Нөгөөтэйгүүр цалин буулаа, ямар нэг шалтгаангүйгээр холбоо барихгүй алга болдог. Бүр огт хэл чимээгүй “Ажлаасаа гарчихсан” гээд хэнэггүй явж байдаг зэрэг нийтлэг дутагдал монголчуудын дунд бий болсон. Энэ нь зөвхөн бизнесийн салбар, үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудал биш. Төр захиргааны байгууллагад ч ийм асуудал гардаг. Ажиллах хүчний хомсдол байнгын сэдэв болохын сацуу улирлын чанартай болж хувирсныг үйлдвэрлэгчид тэр дундаа барилгын салбарынхан учирладаг. Монголчууд зуны дэлгэр цагт гэр бүлээрээ хөдөө орон нутагт амарч зугаалах, наадамлах ёстой гэсэн “хуульчлагдаагүй” ойлголт бий. Тэгж байтал намар самар, жимсэнд яваад мөн л ажиллах хүн олддоггүй. Үүгээр тогтохгүй ажил олгогчоос шаардлага тавихад хүлээж авахгүй байдал газар авсан. Энэ нь хувь хүний аливаад хандах хандлага, үг даах чадвар, бусдыг хүндэтгэх, ажилдаа чин сэтгэл гаргах зэргээр илэрхийлэгддэг юм билээ. Залуус нь гадаад руу явж ажилладаг болсон. Ялангуяа Солонгос руу бүгдээрээ явчихлаа гэлцдэг. Тэнд монголчууд хамгийн сахилга баттай, ажлаа ягштал хийдэг гэж үнэлэгддэг атлаа эх орондоо хийж бүтээхээрээ хойрго ханддаг байж болохгүй л дээ. Энэ бүхэн монголчуудын дунд нийтлэг болсон хөдөлмөрийн сахилга бат алдагдсаны тод хэлбэр. Тэгэхээр сахилга батыг сахиулдаг механизм хуучирсан байна. Эндээс харвал, хөдөлмөрийн сахилга батыг сахиулдаг аргачлалыг шинэчлэх шаардлага үүсчээ.
-Ажил хийхгүй байгаа нь халамжийг хэтэрхий хавтгайруулсантай холбоотой гэж тайлбарладаг шүү дээ. Магадгүй дүүргийн хэмжээнд энэ асуудалд ямар нэг зохицуулалт хийх эрх зүйн боломж бий юу?
-Халамжтай холбоотой асуудлыг дүүргийн Засаг даргын хувьд шийдвэрлэх эрх зүйн болон бусад бололцоо байхгүй. Магадгүй 1000 гаруй хүнтэй хөдөөгийн суманд арай өөр аргаар үзэж болно. Гэтэл Монгол Улсын Үндсэн хуульд сум, дүүрэг хоёр ижил статустай. Засаглал, эрх мэдэл, эдийн засгийн хөшүүргийн хувьд ямар ч ялгаа байхгүй. Тэгэхээр хүн амын нягтралтай уялдуулсан бодлого шийдвэр, статусын ялгаа байх шаардлагатай гэж хардаг.
-Үер усны асуудал хотын буруу төлөвлөлтөөс үүдэлтэй гэж байна. Тэгэхээр цаашид юу хийх ёстой вэ гэдэг чухал гэдэг чухал асуулт гарч ирнэ. Тухайлбал, танай дүүрэг ирээдүйн хөгжлийн шинэ шатанд хүрэхийн тулд ямар төлөвлөлтөөр явах вэ?
-Бид байнга л шинэ зүйлд суралцаж байна. Чингэлтэй дүүргийн дараагийн зураглалыг шинээр харах ёстой гэдгийг зөвхөн үерээс гадна олон зүйл дээр анзаарч байна. Гэхдээ дүүргийн төлөвлөлт, хөгжил гэдгийг зам, барилга барих, гэрэлтүүлэг хийх зэрэг байгууламжийн хэмжээнд төсөөлдөг. Тэгвэл том зургаар нь харвал улсын хөгжлийн төлөвлөлтөд хатуу болон зөөлөн бодлого баримтлах ёстой гэж боддог. Чингэлтэй дүүргийн ирээдүйн хөгжлийн төлөвлөлтийг хийхдээ хатуу бодлого буюу бүтээн байгуулалтын ажлыг хийхдээ нарийн төлөвлөж, зураглах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлтийн бодлогыг эрүүл, шударгаар харах ёстойг өнгөрсөн өдрүүд харуулж байна.
Түүнээс гадна зөөлөн бодлого буюу засаглалын бодлого бидэнд хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүрэг 170 мянга гаруй хүн амтай. Бидний явуулж байгаа бодлого шийдвэр, төрийн үйлчилгээгээр дамжаад нийт хүн амдаа хүрч чадаж байна уу. Өнөөгийн хороо, дүүрэг гэдэг засаглалын нэгж оновчтой юу. Нийслэлийн бүтэц хэр зөв байна вэ зэрэг асуудлыг зайлшгүй анхаарах шаардлага үүсч байна. Сүүлийн үед засаглал, хотын шинэ загварчлал гаргах тухай ярьдаг болсон байна. Үүнийг энэ цаг үед анхаарал хандуулах сэдэв гэж боддог. Улаанбаатар хотыг байгуулж байх тэр цаг үеийг өнөөдрийнхтэй харьцуулахад асар их ялгаатай.
380 гаруй жилийн өмнө Монгол Улсын нийслэл нь байнга л нүүдэллэж байсан тухай түүхийн баримт бичигт бий. Улаанбаатар хот байгуулагдсан тэр үед байгалийн болоод газар зүйн өгөгдөл, техникийн нөхцөл, хүчин чадал нь хоорондоо зохицож байсан бол өдгөө даац нь хэтэрсэн гэдгийг хүн бүр хэлдэг. Үүнтэй маргах аргагүй. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Улаанбаатар хот эрчимтэй хөгжсөн. Нийслэлийн хүн ам эрс өссөн. Барилгажилт нягтаршсан. Замын ачаалал нэмэгдсэн. Үүнийг дагаад ундны ус, бохир татан зайлуулах, дулаан, цахилгаан хангамжийн асуудал тулгарч эхэлсэн. Түүний дараагаар автомашины зохицуулалт, нийтийн тээврийн хүртээмж, хүнсний хангамжийн асуудал тулгамдсаар байна.
Үндсэндээ шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдал өөрчлөгдөж эхэлсэн. Тухайн үед 500 гаруй мянган хүнтэй хотын засаглал одоогийн 1.5 сая хүн амтай нийслэлийн засаглалд өөрчлөлт огт ороогүй. Тиймээс хотын засаглалын бодлогыг өөрчлөх цаг нь болсон гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, засаглалыг шинэчлэхдээ нийслэлийн дарга болоод дүүргийн даргыг хаанаас, хэн сонгодог байх вэ гэдгээс эхлээд одоогийн нийслэлийн 207 хороо оновчтой зохион байгуулалт мөн эсэх. Түүнчлэн хороод эрх зүйн болоод эдийн засгийн чадамжтай байгаа эсэх зэрэг олон асуудлыг нарийвчлан судалж, бодит үр дүнд тулгуурласан засаглалын шинэчлэлийг хийх бодит хэрэгцээ, шаардлага үүссэн.
-Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх дунд, доод шатны байгууллагын уялдаа холбоо муу байна уу гэж хардаг. Нөгөөтэйгүүр өрхийн эмнэлэг чухам хаана харъяалагддаг вэ. Улсын эмнэлэг гэж ойлгогддог ч хоорондын уялдаа муу байна уу?
-Тухайн дүүргийн хороо иргэдийн санал, хүсэлтийг зангидах байдлаар ажилладаг боловч бодит байдалд энэ нь бэрхшээл дагуулдаг. Учир нь хорооны Засаг даргад санхүү, эдийн засгийн эрх мэдэл байхгүй. Тэдний хувьд дүүргээс өгсөн үүрэг даалгаврын талаар иргэдэд мэдээлэл хүргэж биелэлтийг хангуулах ёстой. Мөн иргэний санал хүсэлт, өргөдөл гомдлыг дүүрэгт уламжлах үүрэгтэй. Би дээр хэлсэн одоогоос 20 жилийн өмнө энэ засаглалын систем ажиллахад асуудал гардаггүй байсан. Гэтэл орчин цагт хүн амын тоо өсөх тусам хорооны Засаг даргын хүртээмж муу болж байна. Тиймээс хорооны зохион байгуулалтыг зайлшгүй өөрчлөх шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн эрх мэдэлтэй, тодорхой хэмжээний шийдвэр гаргах чадамжтай удирдлага хороодод байх хэрэгтэй болж байна. Нөгөөтэйгүүр өрхийн эмнэлгийн тухайд зангидаж чадахгүй байна гэдэг нь маргах аргагүй үнэн. Бид маш олон зүйлийг хүлээдэг атлаа түүнийг зангиддаг эрх зүйн тогтолцоо нь өөр, өөр байдаг. Жишээлбэл, өрхийн эмнэлэг хүмүүсийг харахад төрийн үйлчилгээ. Учир нь үйл ажиллагаа эрхэлж байгаа байр, тоног төхөөрөмжийг төрийн санхүүжилтээр шийдвэрлэсэн. Гэтэл өрхийн эмнэлэгт Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т зааснаар сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага. Цар тахалын үед өрхийн эмнэлгийн үйлчилгээний тарифыг нэмэгдүүлсэн. Тэд өөрсдөө орлого олж, ашгаа авдаг. Тэгсэн мөртлөө ажлын байрныхаа урсгал зардал, засварыг төрийн байгууллагаар хийлгэдэг. Түүнчлэн өрхийн эмнэлэг дээр алдаа дутагдал гарахад хариуцлагыг нь төрийн байгууллага хүлээх болдог. Цаашид энэ зарчмаар явах гэж байгаа бол эсвэл төр бүх эрх мэдлээ ав. Эсвэл хувийн хэвшилдээ бүгдийг хүлээлгэж өг. Энэ нь зах зээлийн нийгэмд илүү шударга, ойлгомжтой болно шүү дээ.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд олон зүйлийг шинэчлэх ажлыг хийж байна. Орон нутагт реформ хийх гэхээр Эрүүл мэндийн тухай хуульд заасан өрхийн эмнэлгийн статус бодит амьдрал дээр анхан шатны бүтэц зохион байгуулалттай мөргөлдчихөөд байгаа юм. Энэ мэтчилэн хууль эрх зүйн орчны хувьд зөрчилдөх тохиолдол гардаг. Тэгэхээр үүнийг зөв голдиролд нь оруулж зохион байгуулалтын оновчтой бүтцэд оруулахын тулд эрх зүйн тогтолцооны өөрчлөлтийг хийх хэрэгтэй болж байгаа юм. Эндээс харвал, бид хот төлөвлөлтийн талаар сайн ярьж байна. Бас хийж хэрэгжүүлж байна. Гэтэл засаглалын асуудлыг орхигдуулчихаж байна л даа. Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга аль хүрээнд нь асуудлыг шийдвэрлэх, ямар эрх мэдэлтэй байх вэ. Харин аймгийн Засаг дарга мөн ямар түвшний эрх мэдэлтэй байх вэ гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Учир нь нийслэл, аймаг хоёр ижил түвшний статустай. Тиймээс удирдаж байгаа албан тушаалтны эрх мэдэл адилхан. Гэтэл бодит амьдрал дээр 1.5 сая хүн амтай нийслэл, 70 мянган хүн амтай аймаг удирдах асар ялгаатай. Аймаг-нийслэл, сум-дүүрэг, баг-хороо гэдэг нэгжүүдийг ижил түвшинд авч үзсэн тэр цаг хугацаанд үүргээ хангалттай гүйцэтгэснийг үгүйсгэхгүй. Харин орчин цагт энэ нь хүн амын нягтаршил, нийгмийн асуудлаас эхлээд ялгаатай байдлыг бий болгож байна. Тиймээс зайлшгүй шинэ хандлага, шинэ зохион байгуулалттай болгох ёстой. Өөрөөр хэлбэл, 1.5 сая хүн ам удирдаж байгаа хотын дарга 70 мянган хүн удирдаж байгаа аймгийн даргаас эрх мэдэл, эрх зүйн чадамжийн хувьд ялгаатай байх ёстой гэдгийг л хэлж байгаа юм. Үүнийг дагаад дунд, анхан шатныхад ч өөрчлөлт орох учиртай. Эцсийн дүндээ шинэчлэл хийж буй энэ цаг үед дээд шатны байгууллагаас гаргасан бодлого шийдвэрийг дунд, анхан шатанд түүчээлж бодит хөрсөнд буулгахад анхаарч ажиллах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 26. ЛХАГВА ГАРАГ. № 146 (7131)