П.АМГАЛАНБАЯР

 

2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд "Худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ" гэсэн агуулга бүхий заалтыг нэмсэн. Түүнчлэн 13.15 зүйлд "Доромжлох" гэсэн заалтыг тусгахаар хуулийн төсөл өргөн барьсан билээ. Үүнтэй холбоотой асуудлаар "Глоб интернэшнл төв"-ийн хуульч, судлаач Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-"Глоб интернэшнл төв"-өөс сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг жил бүр хийдэг.  Ярилцлагын эхэнд судалгааны үр дүнгээс танилцуулахгүй юу?

- Энэ удаад  сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааг RSF буюу  "Хил хязгааргүй сурвалжлагчид"  олон улсын байгууллагын гаргадаг судалгаанд  тулгуурлаж хийсэн.  Ер нь жил бүр судалгааны  дүр зураг нийтлэг, төстэй байдаг.  Сэтгүүлчдийн аюулгүй  байдал  дээр хамгийн их санаа зовоож буй гол таван асуудал бий.  Үүний хамгийн эхэнд  бүх цаг  үед байдаг асуудал бол мэдээллийн ил тод байдал хангалтгүй, мэдээлэл өгөхөөс татгалзах явдал. Энэ нь  судалгаагаар хамгийн ихдээ 74,  багадаа 66 хувьтай гарсан.  Дараа  нь сүрдүүлэлт, заналхийлэх,  сэтгүүлчийн бие махбод болон  техник хэрэгсэлд халдах, редакцийн цензур, эдийн засгийн  нөхцөл байдал  зэрэг үзүүлэлт сүүлийн жилүүдэд судалгаагаар нийтлэг  хөндөгдөж байна.  Мөн жил бүр Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний  индексийг гаргадаг.  Уг индексийн гол дөрвөн хүчин зүйлийн  нэг нь сэтгүүлчийн аюулгүй байдал. Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд жагсаж ирсэн. Энэ жил хоёр байр урагшилж 180 орноос 88 дугаар байрт жагсаж буй статистик бий. Манай улсын хэвлэл мэдээллийн салбарт  улс төр, эдийн засгийн асуудал хамгийн эхэнд бичигддэг. Дараа нь хууль эрх зүйн орчин,  сэтгүүлчдийн  аюулгүй байдал ордог. 2002 онд Эрүүгийн хуулиар сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулахыг гэмт хэрэг гэж үздэг байсан. Энэ хууль нь 2017 он хүртэл 15 жил үйлчилсэн.  Энэ хугацаанд нэг ч хүн уг зүйл ангиар буруутгагдаж ял шийтгэл аваагүй.  Гэтэл  сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд  саад учруулсан  тохиолдлууд гарч байсан.

-Эрүүгийн хуулийн 139 дүгээр заалт хэрэгжээгүй гол шалтгаан нь юу байв?

-Судлаад үзэхээр сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааг тодорхойлж чадаагүй. Харин 2017 оны  Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар  14.3 зүйлээр үзэл  бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдах гэсэн гэмт хэрэг шинээр тусгагдсан. Энэ нь  тусгайлан сэтгүүлч гэж заагаагүй Монгол Улсын иргэн бүрт хамааралтай. Уг 14.3 дугаар зүйлээр анхны ял шийтгэл авсан тохиолдол 2022 онд Дундговь аймагт гарсан.  Энэ хуулийн заалтад өөрийн, эсхүл бусдын хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, тараалгахгүй байхын тулд хэвлэн нийтлэгчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл төлбөр төлж зориуд нийтлүүлээгүй. Мөн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулахаар сүрдүүлсэн бол гэм буруутай тооцно гэж тусгасан.  Хэрэгждэг бол энэ маш сайн хуулийн заалт.

-“Худал мэдээлэл тараасан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн агуулгатай заалтыг Эрүүгийн хуулийн 13.14 зүйлд нэмсэнээр сэтгүүлчид төдийгүй, нийгмийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс энэ зүйл заалтаар хохирох тохиолдол цөөнгүй гарсаар байна. Уг хуулийн зохицуулалтын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

 -Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэргийг судлаад үзэхээр энэ нь дэлхий нийтийн асуудал. Техник, технологийн дэвшил гарсантай холбоотойгоор уг асуудлыг  2007-2008 оноос хойш идэвхтэй ярьж эхэлсэн. Үүнийг янз бүрийн аргаар зохицуулах гэж оролдож байна. Жишээ нь, Сингапур улс 2019 онд  худал мэдээлэлтэй тэмцэх тухай хуулиа баталж, хэрэгжүүлсэн ч энэ төдийлөн хангалттай биш.  Герман улс 2015 онд батлаад 2016 оноос хэрэгжүүлсэн нийгмийн хэвлэл мэдээллийн  зохицуулалтын тухай хуультай.  Үүн дээр шинэлэг олон асуудлууд байна. Тухайлбал, Олон нийтийн фэйсбүүк, твиттер зэрэг том сүлжээний суурин төлөөлөгчийн  газраа Германд байгуулсан. Ийнхүү богино хугацаанд хамтран ажиллаж, хяналт тавин худал мэдээллийг хаадаг, хязгаарладаг болсон. Магадгүй тухайн худал мэдээллийг  тараасан  үйлдэл нь нотлогдвол их хэмжээний торгууль хүлээдэг сайн жишгүүд байна. Үүн дээр хамгийн сүүлд "ЮНЕСКО"-гийн арын авлага гарсныг "Глоб интернэшл" төвөөс орчуулж өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан. Уг гарын авлагаас Өмнөд Африкийн жишээг харахад 50:50 хувьтай байсан. Худал мэдээлэл тараах, доромжлохыг Эрүүгийн хуульдаа оруулаад, халаад тогтворгүй байгаа.  Манай улс  мөн үүнтэй ижил.  Жишээлбэл, манай улс 2017 он хүртэл гүтгэх, доромжлол бол гэмт хэрэг гэж үзэж ирсэн. Үүнээс өмнө бүх цаг үед гэмт хэрэг байсан. Жишээлбэл, 1926 оны Шүүх цаазын бичиг, Халх Ойрадын хууль, Ойрадын  цааз бичиг гээд их сонирхолтой, том  сэдэв.  Худал  мэдээлэл тараах гэдэг бол хууль эрх зүй гэхээс илүү ёс суртахуун, нийгмийн асуудал байдаг.  Амьтан, биологийн  талаас үзвэл амьтанд  хүртэл худал мэдээлэл тараах  инститив байдаг. Харин сүүлийн  эрх зүйн системд хаант засгийнхаа эсрэг дуугарах, тогтоосон дэг жаягийн эсрэг заргалдах зэргээр үүссэн байдаг. Энэ нь хуучин социолист системд удаан оршсон.  Хэдий Үндсэн хуулиараа үг хэлэх, хуран цуглах эрхтэй гэж байгаа боловч бодит байдал дээрээ нам засгаа шүүмжлэх боломжгүй.  Утга зохиол, сонин хэвлэлээр магтахаас аргагүй үе байсан. Үүнийг Монгол Улс зоригтой халсан оролдлого бол 2017 он. Энэ үед гэмт хэргээсээ халаад  Зөрчлийн хуулийн 6.21-д гүтгэх зүйл заалтаар оруулсан.  Ингээд хоёр жил зургаан сар зөрчил гэдгээрээ явсан. Үүнээс өмнө ОХУ мөн хагас жил орчим эрүүгийн хуулиасаа халаад зөрчил гэж үзээд буцаагаад Эрүүгийн хуульдаа оруулсан байдаг. Энэ жишгийг манай улс дагасан. Хоёрдугаарт, НҮБ-ын  Хүний эрхийн хорооноос 2015 онд  үзэл бодлоо илэрхийлэх  эрх чөлөөтэй холбоотой найман зөвлөмжийг манай улсад өгсөн байдаг. Үүнийг Монгол Улсын засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард 192 тогтоол гаргаад хүлээж авахаа амласан. Тэгээд Эрүүгийн хуулиасаа халаад хоёр  жил зургаан сарын Зөрчлийн хуульд оруулснаа буцаад Эрүүгийн хуульд оруулахдаа худал мэдээлэл тараах гэж оруулсан. Гэтэл  худал мэдээлэл тараах гэдэг нь уламжлалт гүтгэх, доромжлох гэсэн гэмт хэргийг  хамт багтаасан. Доромжлох, гүтгэх аль алинд нь худал мэдээлэл тараасан гэж үзэж хариуцлага оногдуулж байгаа.

-Эрүүгийн хуулийн 13.14 зүйл дээр УИХ-ын зарим гишүүн улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй гэдэгт санал нийлж хуулийн төсөл гаргасан. Хэрэв  энэ  хуулийн төсөл батлагдвал ямар үр дүн гарах боломжтой вэ?

-Өнгөрсөн хугацаанд  энэ гэмт хэргийн улмаас  шалгаж буй этгээдүүдэд  шүүхээс шалгаж байхад оргон зайлж болзошгүй, шинээр гэмт хэрэг үйлдэх  магадлалтай гэсэн хэдэн нөхцөлөөр 2-53 хоногийн хугацаатай цагдан хорьсон тохиолдол гарсан.  Тиймээс хуулийн зохицуулалт хангалалт байна гэж харж байна. Үүн дээр сэтгэл түгшээж буй асуудлууд бий. Жишээ нь, худал мэдээлэл тараах гэсэн ойлголтоо тайлбарлаагүй.  Юуг ч худал мэдээлэл гэж үзэх боломжтой.  Туйлын үнэн гэж тогтоох бололцоогүй зүйлийг өнөөдөр өргөн хүрээгээр орхичихсон. Мөн нөгөө талаас энэ гэмт хэргийн улмаас хязгаарлалтыг хийж өгөхгүй байгаа. УИХ-ын зарим гишүүд энэ хуульд тайлбар оруулъя. Ялангуяа улс төрийн өндөр албан тушаалтан, төрийн байгууллага гомдол гаргах эрхгүй гэдэгт санал нийлж хуулийн төсөл гаргасан. Энэ сайн үзэгдэл. Олон улсын жишиг. Үүнийг  баталчихвал шүүх, цагдаа, прокурор дээр ирэх ачаалал багасахаас эхлээд гарах үр дүн нь өндөр.  Гэтэл үүнийг батлахгүй байх хүсэл сонирхол давамгайлж байна. Яагаад гэвэл сонгуулийн жилд урвуугаараа хэрэглэгдэх, бие биенээ намнах, хүсэл зорилго, ашиг сонирхол дээр явж байгаа. 

-Та 13.14 заалтыг Эрүүгийн хуулиас хасах гэдэгт ямар саналтай байна вэ?

-Халах  нь зөв гэж үзэж байна. Иргэний хуулиараа шийдэх боломжтой. Гэхдээ зохицуулалтыг нь сайн хийж өгөх хэрэгтэй. Үүн дээр олон улсын судлаач, эрдэмтдийн  хэд хэдэн санал бий.  Жишээ нь, иргэний журмаар нэхэмжлэх гаргахад хариуцагч буруугүй гэдгээ нотлох шаардлагагүй. Нэг улс төрч нэхэмжлэл гаргалаа гэхэд  миний бэлтгэсэн мэдээ нийтлэл, үнэн зөв юм гэдгийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн нотлоод байдаг. Харин олон улсад  ийм баримттай учраас  миний нэр төрд халдлаа гэж тухайн нэхэмжлэл гаргаж  хүн өөрөө нотолдог.  Ер нь процессынх нь хувьд харах зүйл их байна.  2020 онд Эрүүгийн хууль дээр худал мэдээлэл тараах гэмт хэргийн улмаас хамгийн анх шийтгүүлсэн тохиолдол Хөвсгөл аймагт гарсан. Тодруулбал, Иргэн "Хөвсгөл аймгийн албан хаагчид мөнгө аваад аймгийн төвөөс оруулж, гаргаад  байна уу" гэж аймгийн зарын нэгдсэн группт пост бичээд 30 минутын дараа устгасан байдаг.  Үүнийг шүүхээс  худал мэдээлэл тараасан гэж  гэм буруутайд  тооцсон.

-Украйн, Гана зэрэг улс гүтгэлэг доромжлолтой холбоотой заалтыг Эрүүгийн хуулиасаа хассан байдаг. Манай улсын хувьд энэ хуулийн зохицуулалт дээр цаашид хэрхэн анхаарч ажиллах хэрэгтэй  гэж харж байна вэ?

-1999-2002 оны хоорондох 1146 шүүхийн шийдвэр дотор буруутгагдсан тохиолдол байна. Үүний 48.5 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага хариуцлага хүлээсэн. Энэ нь дэлхийд байхгүй үзүүлэлт. Тиймээс хууль санаачлагч нар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтад нэмэлт өөрлөлт оруулах хэрэгтэй. Мөн Дээд шүүх энэ хэргийг яаж шийдэх вэ гэдэгт онолын нөгөө тайлбар гаргавал бүх шүүх, хэрэг бүртгэлийн шатанд хүртэл харгалзан үздэг. Манай улс Улсын Дээд шүүхийн 2008 оны 102 дугаар тогтоолоор тайлбарладаг. Жишээлбэл, олон нийт гэдэг нь хоёр ба түүнээс дээш субъект юм. Доромжлох гэдэг нь хууль ёс суртахуун нийгмийн олон санаа бүхий асуудал байна зэрэг тайлбар бий. Мөн “ЮНЕСКО”-гоос гарч буй бодлогын баримт бичгүүд зэрэг олон улсын байгууллагуудын жишгийг харахад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ойлголтууд 5-8 жилийн давтамжтай шинэ тутамд гарч ирж байна.   Жишээлбэл, бид нар шийдэж чадахгүй нэг асуудал бол хил хязгаарын асуудал дээр өвөрмөц авч үзсэн. Тухайн худал мэдээллийг татаж аваад уншиж буй газрын  харьяалалаар шийдэж болж байна.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан 13.15-д "Доромжлох" гэсэн заалтыг нэмэх хуулийн төслийг өргөн барьсан. Доромжлох заалтыг хуульчилснаар үг хэлэх эрх чөлөөнд ямар сөрөг нөлөө учруулж болзошгүй вэ?

- Дэлхий нийт доромжлохыг бие даасан гэмт хэрэгт тооцохоо болиод халах жишиг тогтож байна. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд тусгах шаардлага байхгүй. Харин доромжлолыг гэмт хэрэг гэж тооцож буй улс орнуудын жишээг аваад үзэхээр засаглал, шашин нь ялгаатай байдаг. Жишээ нь, Арабын 20 гаруй улс доромжлолыг гэмт хэрэг гэж үздэг. Одоо хүртэл хуулиаа өөрчлөөгүй, шинэлээгүй. Мөн АНУ-д тодорхой тооны мужууд 1980-аад оноос хойш доромжлохын улмаас хэвлэл мэдээллийн байгууллагад Дээд шүүхээс хариуцлага оногдуулсан тохиолдол байхгүй. Тиймээс бид нар дэлхийн улс орнуудас суралцахын тулд философи талаас нь харахаас гадна улсынхаа онцлогыг харах хэрэгтэй.  ХЗДХЯ Эрүүгийн хуульд нэмэлт өрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Түүний 13.15-д доромжлолыг бие даасан гэмт хэрэг болгох гэж байгаа. Үүний харьцуулсан судалгааг нь харсан. Судалгаанаас харахад Япон, Финлянд зэрэг засаглал болон шашны хувьд ялгаатай улсууд байсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 25. МЯГМАР ГАРАГ. № 145 (7130)