Доржийн ОЮУНЧИМЭГ
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал З.Батырбекийг урилаа.
БОЛОВСРОЛ БА ТҮГЖРЭЛ
-Монгол Улсын хөгжлийн суурь нь боловсролын систем. Тиймээс одоогийн системийг эрс шинэчлэх шаардлагатай гэж хардаг. Учир нь энэ цаг үед үүсч байгаа бүхий л асуудал эцэст нь боловсролтой шууд холбогдоно л доо.
Нийслэлчүүдийн хувьд түгжрэл, агаарын бохирдол хамгийн тулгамдсан асуудал болж байна. Яг одоо бидэнд түгжрэлийг хэрхэн шийдэх вэ гэдэг нэн тэргүүний асуудал бий. Тодруулбал, түгжрэл цаг хугацааны хувьд хохирол учруулж байгаа мэт боловч дам нөлөө нь эдийн засаг, хувь хүний ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байна шүү дээ. Тэгэхээр түгжрэл яагаад боловсролтой холбогдох вэ гэж асуух байх. Бид үр хүүхдэдээ хамгийн сайн боловсролыг олгохын тулд аль ур чадвар, туршлагатай, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн багшид хүүхдээ өгөхийг хүсч, зорьж байна. Энэ нь тухайн хүний амьдарч буй орон зайтай шууд холбогдохгүй байгаа учраас хүмүүсийн хэлдэгээр нэг захаас нөгөө зах хүртэл нь явах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тиймээс сургууль, цэцэрлэг эхлэх үетэй зэрэгцэн түгжрэлийн оргил үе эхэлж байгаа хэрэг.
Боловсролын салбарын шинэчлэлд шаардлагатай бас нэгэн зүйл нь багшийн хөдөлмөрийн үнэлэмж. Олон улсын жишгийг харахад хамгийн үнэ цэнтэй ажлыг багш эмч нар хийж байна. Тэд хамгийн чадварлаг байгаа учраас өндөр цалин авч байна. Яагаад гэвэл, тухайн улс орныг авч явах ирээдүйн иргэдэд анхан шатнаас нь эхлээд суурь боловсрол олгох ажлыг багш нар хийдэг. Гэтэл манайд багш нарын үнэлэмж муу. Тэр ч бүү хэл ур чадваргүй гэгдэх болсон. Бүр цаашилбал, багшийн сургуулийн босго оноо хамгийн багадаа тооцогдож байна. Энэ бүхэн боловсролын салбарт шинэчлэл хийх хэрэгтэйг харуулж байгаа юм шүү дээ. Хэрэв бид боловсролын салбарын системийг шинэчлэн багш болох оюутны сурлага, аливаад хандах хандлага, нийгмийн идэвх зэрэг үзүүлэлтийг өндөр босго тавьж дүгнээд эхэлбэл хүмүүс сайн багш хайж алслагдсан газрыг зорихгүй. Тэд гэрт хамгийн ойр байгаа сургуульд хүүхдээ өгөхөд бусадтай эн тэнцэхүйц суралцах боломжтой гэдэгт итгэдэг болвол түгжрэлийг бууруулах гол зангилаа байх болов уу гэж хардаг.
Хэрэв манай улс эдийн засгийн чадавхтай байхыг зорьж байгаа бол багш, эмч нарын ур чадварт дүйцэхүйц цалин хангамж олгодог болох хэрэгтэй. Магадгүй гадаад, дотоодын их дээд сургуульд маш сайн боловсрол эзэмшээд ирсэн залуус хөдөө орон нутагт битгий хэл нийслэлд ч яг одоогийн цалин хангамжаар ажиллахгүй. Мэдээж амьжиргаанд нь хүрэлцэхүйц орлого бүрдүүлж чадахгүй бол хүн таатай, тухтай амьдрах газрыг сонгох болно. Тэгэхээр эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл хийхдээ ур чадварт анхаарахаас гадна цалин хангамж, хөдөлмөрийн үнэлэмжийг ч олон улсын түвшинд хүргэхэд анхаарах хэрэгтэй.
ГАДААД СОЁЛ, ҮНДЭСНИЙ УЛАМЖЛАЛ
-Энэ цаг үед зайлшгүй шаардлагатай байгаа хэмээн тооцож буй асуудлыг богино хугацааны шийдлээр гарц гаргах боломж бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төвлөрлийг бууруулахын тулд дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх нь зүйн хэрэг. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болгох, амьдрах орчныг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хувийн хэвшил хийх бүрэн боломжтой. Үүний тулд төр оролцох, эс оролцох асуудлыг эрэмбэлэх нь зүйтэй. Хэрэв орон нутагт амьдрах орчин бүрдээд, багш, эмч нарын цалин хангамж олон улсын түвшинд хүрвэл нийслэлийн төвлөрөл саарах болно.
Монголчууд шинжлэх ухаан, технологийн хөгжил хийгээд дэлхийн хөгжлийн түвшнээс хоцрохгүй гэвэл төрийн бодлогоор залуусаа дэмжиж гадаадад боловсрол эзэмшүүлэх ёстой. Ингэснээр манай улсын хөгжилд хамгийн том хувь нэмрийг оруулна. Учир нь Япон улс дэлхийн хоёрдугаар дайны дараа дэлхийн хөгжилтэй орнууд руу мянга мянган залуусаа сургасан байдаг. Түүнчлэн Сингапур хэрхэн хөгжсөн талаар хүмүүс хэлдэг. Тэд бүгд залуусаа гадаадад сурган тэдний мэдлэг боловсролыг эх орныхоо хөгжил дэвшилд ашигласан юм шүү дээ.
Манай улсын хувьд 1920-оод оны эхээр монгол залуусаа европ руу сурган улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан туршлага бий. Тухайлбал, нэрт яруу найрагч Д.Нацагдорж европ руу явж суралцсан залуусын нэг. Түүнийг соён гэгээрүүлэх олон бүтээл туурвисныг монголчууд андахгүй. Мэдээж гадаад ертөнцийн соёл, ёс заншил, амьдралын хэв маягийг эх орондоо нутагшуулахдаа үндэсний үүх түүх, өв соёл, ёс заншлаа хадгалах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, гадаад болон дотоод ёс заншил, үүх түүхийг хослуулан өөрийн өнгө төрхийг авч үлдэхэд анхаарах хэрэгтэй юм. Гэхдээ гадаадад суралцах нь илүү өгөөжтэй мэтээр хэт туйлширч болохгүй. Гол агуулга нь монголын хөрсөнд шингэх эдийн засагтай, үүнд таарсан төрийн хар хайрцагны бодлоготой байх учиртай.
Нэг үеийг бодоход залуус гадаад ертөнцтэй танилцан, сурч боловсрохын сацуу ажиллаж хөдөлмөрлөх болсон. Тэгэхээр тэд эх орноо бусад улстай харьцуулан Монголдоо юу хийж болох вэ гэдгээ тодорхойлох түвшинд хүрч байгаа юм. Энэ сайн тал. Гэхдээ Монгол Улсад бүхий л зүйл нь болохгүй, бүтэхгүй байгаа мэт аяглаж бас болохгүй. Хийх хүнд арга нь олдоно. Хийхгүй хүнд шалтаг мундахгүй гэж үг бий. Гадны улс оронд сурч боловсроод ирсэн залуус маш их орон зай бий гэдгийг ойлгох учиртай. Нөгөөтэйгүүр бусдаас бүх зүйл шалтгаалаад байгаа мэт байж бас болохгүй л дээ. Магадгүй “би” гэх төв үзлээс ангижрах шаардлага ч зарим үед анзаарагддаг.
Монгол Улс хөгжихийн тулд одоогийн хүнд нөхцөлийг давж гарах хэрэгтэй юм. Монголчуудын хувьд энэ цаг үе илүү боломжийг бий болгох мөч гэж хардаг. Бид дараагийн 30 жилд илүү хол явах суурийг бий болгож байна гэдэгт итгэдэг. Харин энэ удаагийн алдааг давтахгүй байхын тулд алдаагаа хүлээн зөвшөөрч, засч залруулахын төлөө ажиллах хэрэгтэйгээс гадна эерэг нөлөөлөл, үлгэр дууриалал үзүүлдэг байгаасай гэж боддог. Нөгөөтэйгүүр манай ирээдүйн түүчээлэгч залуус олон зүйлийг харьцуулж, үзэж, харж, сонсч, боловсрол эзэмшиж байна. Энэ хэрээр Монголын ирээдүй гэрэлтэй байна. Мэдээж бусад улс орны сайн жишиг, илүү үр өгөөжтэй бизнес санааг эх орондоо хэрэгжүүлэхийг тэд эрмэлзэж байгааг анзаардаг. Би үүнд эргэлздэггүй.
НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ЯЛГАА...
-Залгамж халаагүй хөгжил гэж үгүй. Тиймээс орчин цагийн залуус илүү сайн боловсрол эзэмшиж байгаа нь өнгөрсөн цаг хугацаа, өнгөрсөн үеийг үгүйсгэх, төвөгшөөх шалтгаан байж болохгүй. Өнгөрсөн цаг хугацаанд одоогийн “адлагдаад” байгаа хүмүүс залуу ахуйдаа хийж бүтээсэн, хөдөлмөрлөсөн өнөөгийн оршин байгаа бүхнийг бий болгосон. Үүнийг алдаатай, оноотой нь хамт хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин алдааг нь дахин давтахгүйгээр илүү хөгжилтэй нийгмийг, илүү чадавхтай эдийн засгийг үлдээхийн төлөө хичээх, ажиллах ёстой.
Орчин цагийн залуус аливаа зүйлийг хийж гүйцэтгэснийхээ дараа хэрхэн хийснээ нэг бүрчлэн тайлбарлаж урмын үг сонсч түүгээрээ тэжээгддэг юм билээ. Харин хүмүүсийн хэлдгээр 1970-аад оныхон хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн бол тэр тухайгаа бусдад тайлагнахгүй. Тиймээс тэр, энэ үеийнхэн гэдэг ойлголтын зөрүү гарч байна уу гэж боддог. Тэгэхээр хүмүүс хоорондын харилцаа, хандлага, харилцан бие биенээ сонсож ойлголцох нь зүйтэй. Үүний дараагаар өмнөх үеийн туршлага, одоо цагийн боловсролыг хослуулан ирээдүйн хөгжлийг бий болгох учиртай гэж хардаг.
Эцэст нь хэлэхэд дэлхийн улс орнуудын хөгжлийн суурь нь эрүүл мэнд, боловсролын салбар гэж үздэг учраас багш, эмч нарыг тэргүүн эгнээнд эрэмбэлдэг юм байна. Үүний цаана ирээдүйд хөгжилтэй, чадавхтай улсын иргэний суурь хүмүүжлийн гол хөдөлгөгч хүч болсон багшийн чадамж, чадвар өндрөөр үнэлэгдэж үнэ цэнтэй байдаг. Харин эмч яагаад чухал вэ гэвэл хүний амийг аварч, эрүүл энхийн манаанд зогсч байна шүү дээ. Тиймээс эрүүл мэндийн салбар ч одоогийнхоос илүү чадамж, чансаатай байх ёстой. Үндсэндээ хүний амийг аварч, амьдралыг шийдэж байгаа эмч, багш гэдэг аль ч улсын хамгийн үнэ цэнтэй, эрхэм, нэр хүндтэй ажил, мэргэжил гэж болно. Бид энэ цаг хугацаанд улсаа хөгжүүлсэн. Гэхдээ юунд алдав, яаж онов гэдгээ шударгаар, зөв тодорхойлж, алдаагаа давтахгүй, оноогоо ахиулахын төлөө хичээх хэрэгтэй. Мэдээж алдаагаа ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний дараагаар Монгол Улсын эдийн засаг чадавхжих, нийгмийн амьдрал илүү сайн болох гарц нээлттэй гэж хардаг. Магадгүй бид энэ цагийн хүнд ачааг өөрсдөө үүрч гарах нь зөв шийдвэр байж болох юм. Энэ нь ирээдүйд дэлхийн жишигт хүрч хөгжих эхлэл ч байж болно шүү дээ. Манай улсын хөгжлийн хөшүүрэг нь боловсролын салбарын шинэчлэл гэдгийг онцлон тэмдэглэмээр байна.
Блиц:
Боловсрол:
Уул Уурхайн инженер-эдийн засагч, Эрх зүйч
Ажлын туршлага:
2003-2007 ХасБанкны салбарын захирал
2007-2010 Иргэдийн банкны бүсийн захирал
2010 Цахим банк төвийн захирал
2010-2016 Уул Уурхайн Бизнес Үйлчилгээний Төв, Корпорейт Банкны дэд захирал
2016-2018 Иргэдийн Банкны бүс хариуцсан захирал
2018-2021 Премьер Капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал
2022 оноос Монгол Улсын Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал, Эрсдэлийн удирдлагын газрын захирал
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 24. ДАВАА ГАРАГ. № 144 (7129)