Н.ЖАРГАЛМАА

 

Дэлхийн дахинд  хэт халалт явагдаж, өнгөрсөн даваа гарагаас эхлэн дэлхийн дундаж хэм түгшүүрийн хэмжээнд очжээ.   Азийн орнууд тэр  дундаа Энэтхэгт үргэлжилсэн аадар бороо орж, үерийн аюул нүүрлэж гамшгийн үед авах арга хэмжээг нэмэгдүүлсэн.  Мөн БНСУ-д үерийн гамшиг нүүрлэв. Харин Европын орнуудад хэт халалт үргэлжилж байна. 

Улс орнууд ард иргэдэд хэт халалт, наршилтаас сэргийлэх зөвлөмжүүдийг хүргэсээр байна.   Италийн Эрүүл мэндийн яамнаас энэ халалтад улаан түгшүүр зарласан бол Францын Нийгмийн эрүүл мэндийн агентлагаас хэт халалтаас үүдэлтэй эмнэлгийн тусламж авагсадын тоо нэмэгдэж байгааг мэдээлжээ. Өнгөрсөн жил хэт халалтын улмаас европ тивд 61 мянган хүн амь үрэгдсэн байх боломжтой гэх албан бус тоо байдаг.

Эрдэмтэд агаар мандал дахь нүүрстөрөгчийн хийн хэт их дэгдэлтээс үүдэн дэлхийн цаг уурт ноцтой өөрчлөлт гарах болно гэдгийг сануулсаар байжээ. Одоогийн байдлаар АНУ-ын баруун болон өмнөд хэсгээрээ халалтын хэмжээ дээд цэгтээ хүрч байгаа бол нутгийн зүүн хойд хэсгээр үерийн гамшиг тохиож дунд хэсэгт хээрийн түймэр гарсаар байгаа ажээ. Дэлхий дахиныг хамарсан цаг уурын хямралын эсрэг АНУ,Хятад улстай  Уур амьсгалын талаарх хэлэлцээ хийж байгаа билээ.  Хоёр улс метан хийн ялгарлыг багасгахын тулд нүүрснээс гарах эрчим хүчний ашиглалтыг бууруулахад хамтарсан арга хэмжээ авахаар болжээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 141 (7126)