ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадамд зориулан монгол өв соёлоо өвлүүлэн үлдээх, хүүхэд залуус хойч үедээ таниулан сурталчлах, үзмэр бүтээлийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах зорилгоор Б.Шаравын алдарт бүтээл "Үрс гарч байгаа нь" тусгай үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 1995 онд Засгийн газрын 241 дүгээр тогтоолоор Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлд бүтгэгдсэн олноо Марзан хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын "Үрс гарч байгаа нь" бүтээлийг эх хувиар нь дэлгэн үзүүлж байгаа ажээ. Түүний энэ зурагт 1920-оод оны дунд үеийн Монголыг харуулсан байна. Энэ бүтээлд айраг сархад ууж, дуулж хуурдан наргиж, наадаж байгаа язгууртан дээдэс, баяд, ноёдын дүр. Мөн гүү саах, мал хөнгөлөх, унага тамгалах, аргал түүж байгаа малчин ардын дүртэй харьцуулан харуулжээ. Дүр бол зураачийн ургуулан бодох оюун сэтгэлгээний хүчээр бий болсон гоо сайхны учир холбогдол бүхий хүний аж амьдралын дүр төрх. Зураач уран сайхны дүрээр ертөнцийг танин мэдэж, эрин үеийнхээ хүсэл тэмүүллийг гаргаж чадснаараа түмэнд алдаршдаг.  Тус бүтээлийн зарим нэг өгүүлэмж, дүр дүрслэлийг орчин үеийн гэрэл зургийн хальсанд хэрхэн буусныг харж болно. Үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.

Баяд ноёд, хутагт хувилгаад хагартлаа найрлан наргиж, согтож, ам хамраа ноход долоохыг ч мэдэхээргүй болтлоо хөлчүүрч хөглөж байхад харц ардууд тэдний гэр, гадны бүх ажлыг үнэнчээр амжуулж, хоёр нарны хооронд борви бохисхийх чөлөөгүй зүтгэж байгаа нь тэнгэр, газар шиг амьдрал, тухайн нийгмийн нүүр царайг дүрслэн харуулжээ. 

Тал нутгийн байгаль, түүний сайханд умбан амьдарч буй жирийн эзэн малчин хүний үнэн дүрийг харуулсан байна. 

 

Судлаач И.И.Ломакина "Богд хааны ордны зураачийн хувьд бүх том хэмжээний зургуудаа зөвхөн хааныхаа зарлигаар туурвисан нь хэнд ч ойлгомжтой. Иймээс л Шарав зураач нийтдээ хэдэн зураг зурсныг тогтоох боломжгүй юм" хэмээн 1974 онд хэлж байжээ. Тэгвэл Урлаг судлалын ухааны доктор Л.Батчулуун "Б.Шаравын "Үрс гарч байгаа нь" хэмээх цуврал монгол зураг онцгой уран сайхантай бүтээл болсонд маргашгүй юм. Түүний уран бүтээлд нүүдэлчин малчны гүн ухааны учир шалтгаан эх үрийн холбооны учир ээдрээнээс санаагаа нээн олж, ургуулан бодож боловсруулаад тэр болгонд дүрээ холбон илэрхийлж, уран сайхны дүрээ аль болох этгээд зөрчилт, эхэн, төгсгөлийн егзөрийг тайлан нэгжиж ухсан шинжээр уран санаагаа хурцатгаж дүрсэлсэн байна. Энэ бүхэн шог хошигнол, эерүүлэл, уран ёгтлол, дүрийн утга санааны өсөлтийг нэвтрэн гарах улаан шугамын учир шалтгааныг үе үе зангидаж, учирлаж тайлсан, хөврүүлэн урсгасан уран яруу шинжээрээ яруу найраглаг шинжтэй байна. Зураачийн уран бүтээл монгол зургийн туульс уянгын цараатай том хэлбэрийн уран сайхны сэтгэлгээний уламжлалт туршлагад үндэслэсэн урлан туурвих их онгод, авьяасын үүлний хур буух мэт хосгүй юм" хэмээн хэлж байсан ажээ. 

Эмнэг догшин хангалтай эн тэнцүүхэн тэмцэлдэх эр бяртай адуучин, багтаж ядталаа идэж уух баяд ноёд төдийгүй барьж тавьж сурсан номхон ноомой адуу, буруу зан авир сурсан гүүг ч далд ёгт утга агуулсан шог хошин дүрээр илэрхийлсэн байна.

Эх суралж www.zms.mn