Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

Зууны мэдээ сонины “Бизнес хөгжил” булангийн энэ удаагийн дугаарт “Сэцэн фэйшн” компанийн гүйцэтгэх захирал У.Ганцэцэгийг урилаа.

 

-Танай компани ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ. Хэдийд байгуулагдсан бэ?

-Манай компани 2015 онд байгуулагдсан. Мэргэжлийн загвар дизайны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Цаашилбал, дэлхийн зах зээлд өрсөлдөх, олон улсад монгол үндэсний онцлогийг агуулсан бүтээгдэхүүнийг экспортлох зорилготой.

Манай компанийн хувьд малын гаралтай түүхий эдээр орчин үеийн чиг хандлагад нийцүүлсэн монгол хувцасны соёлыг дэлхийд таниулахыг хичээж байна. Түүнчлэн хувцас болон бусад бүтээгдэхүүнд инноваци шингээн, дизайнерийн онцлогийг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

-Үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд бүтээгдэхүүний борлуулалт тулгамдсан асуудлын нэг юм байна. Тэр дундаа экспортод гаргана гэдэг амар биш гэдгийг салбарынхан ярьж байна л даа?

-Манай компани Дэлхийн банкны дэмжлэгтэй экспортын төсөлд хамрагдан амжилттай ажиллаж байгаа. Мэдээж олон улсын төслийг хэрхэн үр өгөөжтэй ашиглаж болохыг харуулыг хичээж байна. Түүний цаана бид бүтээгдэхүүнээ экспортлох гарцыг бий болгохын зэрэгцээ олон улсын зах зээл дээр малын гаралтай түүхий эд, оёмол бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг бий болгохын төлөө зорьж байгаа юм. Түүнчлэн Монгол загвар зохион бүтээгчийн ур чадвар, шийдлийг дэлхийд таниулахаар ажиллаж байна.

Мөн энэ төсөл амжилттай хэрэгжихийн хэрээр манай компани каластераар үйлдвэрлэлийг хөгжүүлэх гарцыг бий болгох учиртай. Энэ бол бидний хамгийн том зорилт гэж болно. Бид энэ төслийг амжилттай хэрэгжүүлж зорилгодоо хүрч чадвал үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг экспортод гарах замыг бий болгоно гэж хардаг. Гэхдээ манай улсаас бүтээгдэхүүн экспортод гаргана гэдэг амар биш.

-Экспортод бүтээгдэхүүн гаргах тухай ярихаар стандартад нийцэж асуудал яригддаг. Танайх бүтээгдэхүүнээ экспортод гаргахад ямар асуудал тулгарч байна вэ?

-Ямар нэгэн бизнес эрхлэх гэж байгаа бол стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнчлэн зураасан код ч ялгаагүй олон улсын стандартад нийцсэн байх шаардлагатай. Монголчуудын онцлог гээд бүхий л зүйлийг өөрийнхөөрөө хийгээд байж болохгүй гэдгийг ойлгох учиртай. Хэрэв үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэж байгаа бол тухайн улсын хүсч байгаа зүйл нь юу вэ. Манай улсыг юугаар илэрхийлэх вэ гэдгийг нарийн тунгааж хослуулах ёстой. Бидний урлаж байгаа бүтээгдэхүүний загварыг монголчууд шинэ гэж хараад байх шиг санагддаг. Харин бид олон улсад хөл нийлүүлэн алхаж бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж байна гэдэгт эргэлздэггүй.

Хамгийн гол нь экспортод гарах бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийдэг болсон нь сайн тал. Гэхдээ төрийн бодлогын залгамж халаагүй, эмх цэгцгүй байгаа нь сул тал юм шүү дээ. Энэ нь экспорт, худалдааг зохицуулах хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргаж борлуулахад саад болж байгаа юм. Өнгөрсөн сард зохион байгуулагдсан дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын үеэр нэг үйлдвэрлэгч 20 тонны ачааг буцааж авах асуудал тулгарч байна гэсэн. Энэ бол бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн хэцүү бэрхшээл. Хамгийн эхлээд санхүүгээр асар их алдагдал хүлээх болно. Магадгүй үүнийг дагаад ажлын байраа хумих бүр цаашилбал, дампуурах ч эрсдэл рүү түлхдэг.

-Импортыг орлох, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг төрөөс баримталдаг. Үүний үр дүн ч чамгүй гарч байна гэж хардаг шүү дээ?

-Бодит байдал ямар байгаа талаар энэ удаагийн олон улсын хурлын үеэр хүмүүс хангалттай ярьж байна. Учир нь шууд нислэгтэй орнууд руу бас ч харьцангүй гайгүй. Харин дамжин өнгөрөх ачаа тээвэрт маш их асуудал гардаг. Яагаад гэвэл худалдааны тухай хууль, бодлого нь ойлгомжгүй, тодорхой биш учраас дамжин өнгөрөгч орнуудтай ойлголцоход хүндрэл учирч байгаа хэрэг. Тиймээс үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн борлуулалтыг нэмэгдүүлэхийг төрөөс бодлогоор дэмжиж, зорьж байгаа бол нэн тэргүүнд худалдааны тухай хуультай болох шаардлагатай. Зохицуулалтгүй орчны уршгийг үйлдвэрлэгчид, бизнесийнхэн нуруундаа үүрнэ шүү дээ.

-Үнэн хэрэгтээ манай улс массын үйлдвэрлэл хөгжүүлж чадаагүй байгаа шүү дээ. Тэгэхээр экспортод гаргах бүтээгдэхүүний тоо хэмжээ болоод хамтран ажиллах талтай хэрхэн тохиролцох вэ гэдэг асуудал гардаг байх. Таны хувьд?

-Манай улсын хувьд мэдээж их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох боломж одоохондоо хомс. Тиймээс эхний удаад монгол хэв маяг, донжийг агуулсан, олон улсын стандартад нийцсэн байхын зэрэгцээ борлуулах зах зээл дээрх хүмүүсийн хүсэл сонирхлыг ч мөн харгалзан үзэж эцсийн бүтээгдэхүүндээ шингээх хэрэгтэй гэж хардаг. Бидний хувьд загвар дизайны шийдлээрээ бусдаас ялгарсан багц бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарал хандуулж байна. Дэлхийн хүсч байгаа зүйлийг бид үйлдвэрлэж борлуулах бүрэн боломж бий. Манай улсын хувьд малын гаралтай түүхий эд, арьс шир, мах, ноос ноолуур гээд нүүдэлчдийн соёлыг хадгалсан бүтээгдэхүүнийг сонирхоно гэдгээ гадныхан илэрхийлдэг. Тэгвэл бид тэдний сонирхлыг татах инноваци шингээсэн, технологийн дэвшлээр шинэлэг загварын бүтээлүүдийг урлах боломжтой. Үүнийг зөвхөн үйлдвэрлэгчдэд эсвэл ямар нэг компанид хамаатай асуудал гэж харж болохгүй. Харин төрийн бодлогоор оновчтой зохион байгуулалт хийж, худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарах цаг болсон гэж хардаг.

-Та худалдааны тухай хууль чухал гэдгийг ярилцлагын эхнээс л хэлж байна. Үүнийг тодруулж өгнө үү?

-Монгол Улс нэлээдгүй стандарттай атлаа яам хоорондын хамтын ажиллагаа, залгамж халаа байдаггүй юм байна гэж харагддаг. Учир нь дотоод, гадаадын олон л төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Тэр ч бүү хэл үйлдвэрлэгчдэд хандсан хөнгөлөлттэй болон буцалтгүй зээл гардаг боловч “бай”-гаа онодоггүй гэдгийг монголчууд бүгд л ярьж байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй байх. Энэ бүхэн төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоогүй байдлаас л үүдэлтэй юм шүү дээ. Гэтэл үүн дээр худалдааны салбарт хууль эрх зүйн зохицуулалт байхгүй учраас хөрөнгө оруулалт татах боломжгүй. Нэгэнт хөрөнгө оруулалт татаж чадахгүй учраас үйл ажиллагаагаа явуулахын тулд арилжааны банкнаас зээл авч ажилладаг. Энэ нь зээлийн хүүгийн дарамтаас мултрах боломжгүй байдалд хүргэдэг тал бий. Энэ мэтчилэн зовлон тоочоод байвал дуусахгүй л дээ.

Гэтэл бидний дууриах дуртай гадны улс орнууд жижиг, дунд үйлдвэрлэлээ хэрхэн дэмжиж байгааг цахим орчны тусламжтайгаар хүн бүр мэдэх боломжтой цаг үед амьдарч байна. Бид төслийнхөө шугамаар Япон улс руу бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тэр улсад үйлдвэрлэгчид, жижиг, дунд бизнесийнхнээ хэрхэн дэмждэг вэ гэдгийг харлаа. Учир нь жижиг, дунд үйлдвэрлэл ажлын байрыг олноор бий болгодог гэдэг зарчмыг тэд баримталдаг юм байна. Тиймээс ажлын байрыг тогтвортой хадгалах, нэмэгдүүлэх гол хүч нь энэ салбар учраас төрөөс бодлогоор дэмждэг юм байна шүү дээ.

Нөгөөтэйгүүр манай улсын хувьд үйлдвэрлэл төдийгүй бүхий л салбарт мэргэжилтэй боловсон хүчний дутагдалд орсон байна. Манай компанийн хувьд хүмүүсээ сургахын хамт хүний хөгжилд нь анхаарч ажиллаж байна.

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улс бүхий л салбартаа ямар бодлого баримтлах вэ. Ямар алдаа гаргав. Юуг анхаарах ёстой вэ гэдгээ харчихлаа. Одоо бодлогоо зөв тодорхойлж, асуудлыг шийдвэрлэхдээ бодит хөрсөнд буух хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. МЯГМАР ГАРАГ. № 140 (7125)