П.АМГАЛАН
Зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд уран мэх, эр бярыг гайхуулж, харваачид цэц мэргэнээ сорьж, уухайн дуугаар шагайн харваачид наадамчин олноо баясган, нар хур тэгширсэн дэлгэрсэн сайхан наадам болж байна. Наадам болохоор догдлоод сурын талбайдаа ирээд сууж байна даа хэмээх эрхэм бол Улсын мэргэн Ц.Алимаахүү. Тэрбээр өдгөө 83 насны босгыг алхаж буй ахмад харваач.Амьдралынхаа 30 гаруй жилийг сурын харваанд зориулж, зүлэг ногоон дэвжээнээ цэц мэргэнээ сорьж явсан гавьяатай түүнийг "Зууны мэдээ" сонин нийтлэлийн баатраараа онцолж байна. Тэрбээр 1978 онд анх Буриад сур харваж монгол түмний дахин давтагдашгүй өв соёлын нэг сур харваатай амьдралаа холбожээ. Энэ тухайгаа" 1978 онд намайг урчуудын эвлэлд ажиллаж байх үед улсын мэргэн, зураач н.Нацагдорж анх удаа сур харвааны тэмцээнд оролцуулж байлаа. Тэр үед би тэмцээндээ ес онож байсан. Энэ үеэс л буриад сур харваж эхэлсэн дээ. Дараа нь халх сур харвадаг болсон. Үүнээс хойш 2010 он хүртэл 30 гаруй жил нум сум харвасан байна. Миний буриад сурын багш бол Дорнод аймгийн Гэнэнбаавай, Пүрэвээ, Гүржав гэж ах дүү гурав бий" гэлээ. Энэ цагаас нийтлэлийн баатар маань нум сумтай салшгүй нөхөрлөж иржээ. Ийнхүү 1983 онд спортын мастер болж, 1984 онд улсын мэргэн болсон байна. Тэрбээр монголын спортын түүхэнд олон жим татсан гавьяатай нэгэн. "Хоршоолол" спорт группийн тамирчин Сүхбаатар дүүргийн Биеийн тамир спорт сургалтын дасгалжуулагч, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргаанд спорт заал бий болоход заал зохион байгуулагчаар ажилласан гээд түүний замнал их аж. Мөн тэрбээр спортоор хичээллэхээс гадна урлагийн салбарт ч гэсэн тод гэрэлтэж явсан гавьяатай нэгэн. Улсын мэргэн, спортын мастер, Хүүхэлдэйн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан гээд л түүний замнал гавьяа олон аж.Нийтлэлийн баатар маань сурын талбай дээр уухай ховор болжээ. Халх, буриад сурын харваа бүр өөр өөрийн гэсэн онцлог уухайтай. Би н.Балдандорж багшаараа халх сурын уухайг заалгаж байлаа. Одоо уухайг сайхан нэвтрүүлж өгөх хэрэгтэй " гэлээ.