П.АМГАЛАН

Зүлэг ногоон дэвжээнээ цэц мэргэнээ сорьж,  уухайн  түрлэгээр наадамчин олноо баясгах үндэсний сурын харваа амжилттай үргэлжилж байна. Наадмын өнгөрсөн өдрүүдэд хүүхдийн, урианхай сурын төрөлд харваачид цэц мэргэнээ сорьж,  шилдгүүдээ тодруулснаар өнөөдөр шилдэг харваачдад шагнал гардуулав. Энэ үеэр хүүхдийн 9-11 насны ангилалд тэргүүн байр эзэлсэн Э.Энххүслэнтэй ярилцлаа.

-Нэгдүгээр байрт орсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Нийт 28 сум тавьснаас 27-г амжилттай  оносон.  Өөрийгөө түрүүлсэн гэдгийг сонсоод их баярласан. Уйлмаар санагдсан. Улсынхаа их баяр наадамд  амжилттай оролцож түрүүлсэн нь миний багшийн ач гавьяа. Багшийг маань н.Шоовдор гэдэг. Багш миний бэлтгэлийг маань сайн хийлгэдэг. Гэр бүлдээ  зарцуулах цагаа хүртэл бидэнд зориулдагт нь үргэлж баярладаг. Бас намайг үргэлж дэмждэг гэр бүлийнхэн, найзууд, сургуулийнхаа багш нар, бүх хүнд  баярлалаа.

 -Хаанаас ирж оролцож байна?

-Би Орхон аймгийн Бүрэгхангай сумынх.  “Хангарьд” группийн тамирчин.  

-Талбай дээр гарахдаа юуг илүү анхаардаг вэ?

-Би сур харвахаараа их тайван болдог.  Олон зүйлд анхаарлаа сарниулахгүйгээр нэг зүйлд төвлөрөхийг хичээдэг. Нэг суман дээр их  сайн төвлөрч харвах ёстой гэж боддог. Яагаад гэвэл нөгөө сумнуудаа онох болов уу, яах бол гээд бодчихоор онодоггүй.

-Ирээдүйн хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Би Монгол Улсын идэр мэргэн болохыг хүсдэг. Сурын харваагаар хичээллэснээр  тайван,  төлөв даруу болдог. Тиймээс энэ спортоор хичээллээрэй гэж найзуудыгаа уриалмаар байна. Өөрийг тань ямар нэгэн байдлаар өөрчилнө гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж www.zms.mn