ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Чингис хаан үндэсний музей хамтран "Монгол бахархал-2023" гэрэл зургийн үзэсгэлэнг тав дахь жилдээ зохион байгуулж байна.  2019 оноос Соёлын яамны дэмжлэгтэйгээр өнөөдрийг хүртэл жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд 50 гаруй гэрэл зурагчин, уран бүтээлчийн авсан шилдэг 80 гаруй гэрэл зургийг дэлгэжээ. Үзэсгэлэн энэ сарын 15-ыг хүртэл Чингис хаан үндэсний музейд үргэлжлэх юм. 

Соёлын дэд сайд М.Батбаяр "Үндэсний их баяр наадам маань эхэлж байна. Үндэсний их баяр наадмын Урлаг, соёлын салбар хорооноос найман арга хэмжээг хариуцан зохион байгуулдаг. Өнөөдөр "Монгол бахархал-2023" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж байна. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, урлаг, соёлын арга хэмжээ нийтдээ "Эв мөнхийн тусгаар Монгол" гэсэн агуулгын дор зохион байгуулагдаж байна. Гэрэл зурагчидтайгаа хамтраад гэрлээр бичсэн түүх, энэ урлагийн төрлийг наадамчин олон, зочин гийчдэд дэлгэн үзүүлдэг арга хэмжээ нь 2019 оноос хойш тав дахь удаагаа уламжлал болон зохион байгуулагдаж байна. Энэ жилийн гэрэл зургийн тухайд Монгол бахархал агуулгын хүрээнд хүмүүсийн хөгжил дэвшил, аж амьдрал, залуучуудын урлаг соёл, байгаль, хүмүүс гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байна. Энэ жилийн гэрэл зургийн үзэсгэлэнг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Чингис хаан үндэсний музей хамтран энэ танхимд зохион байгуулж байна. Наадамчин түмнийгээ энэ үзэсгэлэнг таалан соёрхохыг хүсэж байна. Үүгээр монгол наадмын урлаг, соёлын арга хэмжээний түрүүч эхэлж байна" гэв.  

 

 

"Монгол бахархал-2023" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн дараа Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооныхон шинэхэн Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин Л.Ганзоригт хүндэтгэл үзүүлсэн юм. 

 

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Соёлын гавьяат зүтгэлтнүүд.

 

Эх сурвалж www.zms.mn