Баатарын НЯМСҮРЭН

 

Илбэ нь богино хугацаанд хүнийг гайхашруулж, сэтгэлийн баясал өгдөг урлаг билээ. Тиймээс “3ууны мэдээ” сонин энэ удаагийн “Өөр зочин” буландаа “Улаанбаатар” театрын найруулагч, илбэчин М.Баярсайханыг урилаа.

 

-Та циркт ажиллаж байсан гэсэн. Илбийг хэзээнээс сурсан юм бэ?

-Би 1988 оноос циркийн урлагтай амьдралаа холбосон. Харин 1991 онд ажлын шаардлагаар илбэ сурч байлаа. Миний багш бол гавьяат жүжигчин, илбэчин Х.Цэнд-Аюуш. Тухайн үед Соёлын яамнаас шалгалтын  комисс гарч ажлыг маань шалгаж, илбэчний үнэмлэх олгосон. Тиймдээ ч улсын  анхны  илбэчнээр бүртгэгдсэн түүхтэй. Анх илбэ үзүүлэхдээ жи­жиг техникүүдийг сурч байсан бол туршлагажих тусам хүнд буюу агаарын үзүүлбэр хийж сурсан. Илбэ нь байнгын бэлтгэл сургуулилт шаарддаг. Өөрөөр хэлбэл, илбэ сурахад эхний жилүүд их хэцүү. Тиймээс насаараа суралцана гэсэн үг. Хөгжихийн төлөө байгаа түвшнөөсөө үргэлж ахих хэрэгтэй. Одоо би бүхнийг сурсан, болсон гэсэн сэтгэлзүйтэй болчихвол гар хуруу хөшиж, үзүүлбэрээ мартдаг талтай.

-Улсын циркт хэдэн жил ажил­лав. Таны багш юу гэж захидаг байсан бэ?

-Би улсын цирк хувьчлагдах хүртэл ажилласан. Дараа нь хувиараа уран бүтээлээ хийж эхэлсэн. Мөн гадаад руу тоглолтоор их явна. Харин одоо “Улаанбаатар” театрт туслах найруулагчаар ажиллаж байна. Багш маань ирсэн хүн болгоныг авдаггүй байсан. Тиймээс шавь нь болсоноо ховорхон хувь тохиол гэж боддог. Хожим нь багшаас “Та яагаад намайг шавиараа авсан юм бэ” гэж асуухад “Баярсайхан гэдэг хүн хэзээ ч хулгай хийхгүй” гэж билээ. Илбэний аргыг амьдралд ашиглаж болохгүй гэсэн үг. Учир нь зөв бодолтой хүн л энэ урлагийг сурах ёстой. Тиймээс багш маань намайг хараад мэдэрсэн байх.

-Илбэ дотроо олон төрөлтэй. Та ихэвч­лэн аль төрлөөр нь дагнадаг вэ?

-Би тайзны илбэчин. Циркт ажилладаг байхдаа тайзан дээр л ажилладаг байлаа. Мөн гудамжны илбэчин гэж бий. Харин том хэрэгсэл ашиглаж, гарын хөдөлгөөнөөр тоглодог, хүнд үзүүлбэр үзүүлдэг илбэчин ч гэж байгаа.

-Та өнгөрсөн хугацаанд бие даа­сан тоглолт олныг зохион байгуулсан уу?

-Өнөөдрийг хүртэл олон үзүүлбэр үзүүлж, том бага олон тоглолт хийжээ. Мөн гадны орнуудаас гадна 21 аймаг, сумд гээд яваагүй газар ховор. Хамгийн сүүлд өнгөрсөн жил Узбекистанд тоглосон. Эргээд бодоход би амьдралынхаа 80 хувийг тоглолтоор явж өнгөрүүлсэн байдаг юм билээ. Харин 2000 оноос шавь бэлдэж, Х.Цэнд-Аюушийн нэрэмжит “Илбийн ертөнц” төвийг байгуулсан. Заримдаа гадаад болон орон нутаг руу тоглолтоор явахад сургалт маань тасардаг ч үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байна. Илбэ нь хүнээс уйгагүй хөдөлмөр шаарддаг болохоор хүмүүс шантарах тохиолдол бий. Учир нь нэг үзүүлбэр гаргахын тулд олон жил давтана. Эдгээр шалтгааны улмаас 20-30 хүүхэд элслээ гэхэд явцын дунд хоёр хүүхэд л үлддэг дээ.

-Хүүхдүүд илбийг их сонирхдог. Та тэдэнд өөрийн эрдмээс зааж эхлэхдээ ямар шалгуур тавьдаг вэ? 

-Мэдээж хамгийн түрүүнд тухайн хүүхдийн гарын хуруу, хөдөлгөөнийг харна. Мөн биеийн байдал, хүнтэй харьцах харилцаа, тэвчээр, тууштай байдал нь их чухал. Бидний үеийнхний ихэнх нь гэр хороололд мод хагалж, ус зөөж өссөн болохоор гар эвдэрсэн байдаг. Харин одоогийн хүүхдүүдийн гар хуруу эвдэрсэн нь бага байдаг юм билээ. Энэ бүхэн хүртэл илбэ хийж сурахад нөлөөтэй байдаг.

-Ер нь илбэ сурсанаар ямар төлөвшил, хүмүүжлийг олж авдаг юм бэ?

-Би саяхан “Хас суурь” сан дээр 6-8 настай хүүхдүүдэд үнэгүй хичээл орсон. Энэ сургалтаа “Илбэ хүүхэд хөгжлийн сургалт” гэж нэрлэсэн. Учир нь илбээр дамжуулж сэтгэхүйг нь хөгжүүлж болно. Мөн жүжиглэх урлаг, уран уншлага, түргэн хэллэг, шугам зургийн хичээл, хайчилбар хийж сурснаар гарын ур дүйтэй болдог. Хүүхдүүд хийсэн бүтээлээ ашиглаад илбэ үзүүлэхээрээ түүндээ баясах нь үнэхээр өхөөрдөм. Мөн дараагийн хичээлээ тэсэн ядан хүлээдэг. Учир нь дараагийн хичээлээр өөр нэг сонирхолтой зүйл заах болохоор тэр. Тухайн үзүүлбэрийн нууц нь тархи их ажиллуулдаг болохоор их өгөөжтэй гэдгийг онцолмоор байна.

-Илбэчин бүр өөрийн арга барилтай. Харин таны үзүүлбэрүүдийн гол онцлог юу вэ?

-Илбэ хүнээс ухаан их шаарддаг, амаргүй урлаг. Тодорхой хэмжээнд хуурах, заль гаргах техникийг ч шаардана. Харин хүмүүс хараад хялбар мэтээр ярих нь бий. Гэтэл уран бүтээлчид бид үзэгчдийн өмнө гарч илбээ үзүүлэхээс гадна дуулж, бүжиглэж, хөгжим тоглохын тулд багагүй хугацаа зориулсан байгаа. Илбэчинд оёх, урлах, өнгө ялгах, бүтээх гээд олон талын авьяас чухал.  Үүнээс гадна сайн жүжиглэдэг байх хэрэгтэй. Нүүрний хувиралгүй тогловол ямар ч хүн таны үзүүлбэрийг анхаарч, тогтож үзэхгүй шүү дээ.

-Энэ л уран бүтээлч хүний тайзаа, үзэгчдээ хүндлэх нь том соёл байх даа?

-Би аливааг онцлох дургүй. Учир нь тэр л сайхан тайз, энэ үзэгч гоё гэсэн зүйл байдаггүй. Миний баримталдаг нэг зарчим нь ямар ч үед тайз, үзэгчдээ хүндлэх. Гурван хүн намайг үзсэн ч чадлаараа тоглоно. 3000 хүнд ч ялгаагүй. Тайз руу гарахаасаа өмнө хөшигний завсраар үзэгчдээ хараад “Та нартаа баярлалаа” гэж залбираад гардаг. Энэ нь би бүх зүйлээ шавхаж үзүүлбэрээ үзүүлнэ гэсэн санаа юм. Учир нь үзэгчид намайг үзэж, мөнгө төлж байгаагийн буянаар би өдий зэрэгтэй амьдарч байгаа шүү дээ.

-Тоглолт бүр харилцан адил байдаггүй. Хамгийн урт үзүүлбэрээ онцлохгүй юу?

-Үзүүлбэр бүрийн хугацаа өөр. Бүрэн хэмжээний тоглолт цаг гаран үргэлжилнэ. Том хөтөлбөртэй тоглолт хоёр цаг байх жишээтэй. Харин ямар нэгэн арга хэмжээ, баяр ёслолд ганцаараа үзүүлбэр үзүүлж байгаа тохиолдолд 30-45 минут болно. Харин нэг байгууллагын шинэ жилд очоод хөтөлбөрийг нь гаргаад хөтлөгч, илбэчин, дуучин гээд цогц үйлчлэхэд дөрвөн цагийг зориулдаг.

-Та үзүүлбэрийн агуулга, зохиомжоо хэрхэн гаргадаг вэ?

-Өөрөө эрэл хайгуул хийж сурна. Гэхдээ аливаа шинэ зүйл гэж байдаггүй.  Уламжлагдаж ирсэн бүтээлээс санаа авдаг. Түүнээс  гэнэт санаа орж ирээд бүтээл төрнө гэж байхгүй. Үүнийг суут ухаантай хүмүүс л гаргах байх.

-Урлаг бүхэн өөрийн үүрэгтэй. Хүмүүс илбийн урлагаас юуг мэдрээсэй гэж та хүсдэг вэ?

- Би уран бүтээлчийн хувьд үзэгчдийг сайхан ташаал аваасай л гэж боддог. Циркийн урлагийн нэг төрөл нь илбэ. Тиймээс үйл хөдлөл, нүүрний хувирлаараа тоглож чаддаг байх ёстой. Үзүүлбэр бүхэн хялбар байдаггүй. Хүний хараа, сэтгэхүйг хуурамч хөдөлгөөнөөр хариулж үйлдэл хийх нь мэдээж амаргүй. Одоо үед цахим орчин хөгжөөд илбийн тухай их олон бичлэг байдаг болжээ. Харин тайзан дээр гараад үзүүлбэр үзүүлдэг хүн цөөрсөөр байна. Мөн илбэчин хүний нэг анхаарах зүйл нь хувцаслалт. Гадаад үзэмжнээс үзэгчдийн үзүүлбэрийг хэрхэн хүлээн авах, сэтгэл хөдлөл нь хамаарна. Би тайзан дээр богино өмд, подволктой гараад тогловол хэн ч хүлээж авахгүй. Тиймээс үзэгчдийг өөртөө татахын тулд сайхан хувцаслах нь зүйтэй. Мөн нэг секундын техникийг ч алдаж болохгүй, их хариуцлагатай. Алдлаа гэхэд дахин тоглох боломжгүй. Учир нь нууцаа дэлгэчихнэ. Тухайлбал, агаарын үзүүлбэрт алдаа гаргалаа гэхэд эрсдэлтэй. Үүнийг үзэж буй хүмүүс айж, өрөвддөг. Тиймээс үзүүлбэрээ нэг удаа үзүүлэхдээ цэвэр, хурдтай үзүүлж үзэгчдээ гайхашруулах хэрэгтэй.

-Манай улс илбэчин мэргэжлээр хүн сургадаггүй. Харин гадны орнуудад тусгай сургууль байдаг гэж сонссон?

-Циркийг модтой зүйрлэвэл нэг мөчир нь илбэ. Тиймээс циркт илбэ байхгүй болчихвол орон зай нь үгүйлэгдэнэ. Зүүн өмнөд Азид илбэчин бэлддэг сургууль байдаг. Мөн Хонгконг, Солонгост тусгай коллеж бий. Харин манайд циркийн сургууль байдаг ч илбийн анги байхгүй. Яваандаа илбэчин бэлтгэдэг сургуультай болно гэдэгт итгэж байна.

-Та амьдралынхаа ихэнх хугацааг циркт өнгөрүүлсэн хүн. Тиймээс Монголын илбийн урлаг ямар түвшинд хөгжиж байгааг дүгнээч?

-Илбэ үйлдэл дээр тулгуурладаг. Өмнө нь зөвхөн үзүүлбэрүүд үзүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд илбэ нь бүжиг, хөгжимтэй хоршиж, олон утга санааг агуулж байна. Тиймээс үзүүлбэр нь эхлэл, өрнөл, тайлалтай байдаг. Орчин үед техник, технологи өндөр хөгжсөн. Үүнийг дагаад илбэ ч хөгжиж байна. Бусад оронтой ижил үзүүлбэр үзүүлэхэд санхүү чухал. Тиймээс бид өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бүтээл гаргаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 7. БААСАН ГАРАГ. № 136, 137 (7121, 7122)