ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Отгонтэнгэр хайрханы гэрэл зургийн 108 бүтээлийн үзэсгэлэн нээгджээ. Байгалийн гэрэл зурагчин Пүрэвхүүгийн Баатарзоригтын үндэсний онцлог дээр тулгуурласан орчин үеийн минимал өнгө аяс шингээсэн бүтээлүүд гэрэл зургаар олон түмний мэлмийг гийгүүлж байна. Тэрбээр монголчуудын эртнээс тахин шүтэж ирсэн Отгонтэнгэр уулын гэрэл зургийг  2013 оноос эхлэн 10 жил авчээ. Ингэхдээ жил бүр аялал тус бүр тухайн цаг болон аяллын бэрхшээлийг үл ажран аль болох харагдсан тал бүрээс нь өөр өөр зохиомжоор Отгонтэнгэр уулын төрхийг буулгадаг байсан аж. Анх зурагаа авахдаа аль таалагдсан өнцгөөс шууд харагдаж байгаагаар авдаг байсан бол сүүлийн жилүүдэд тухайн газар усны тогтоц, байршил, байгалийн эрчим, далд энергитэй холбогдохыг хичээдэг болсон байна. Энэ нь түүний бүтээлүүдийн чанар, агуулгад нөлөөлж байгааг анзаарчээ. Орчин үеийн гэрэл зурагт тухайн сонгосон сэдвээ олон жл судлан хөдөлмөрлөж, тухайн сэдэвтэйгээ үнэн голоосоо бие сэтгэл, оюун санаагаа холбосон бүтээлүүд онцгой байр суурь эзэлдэг. Үүний адил П.Баатарзоригтын гэрэл зургаар дамжуулан хуримтлуулсан цаг хугацаа, харах өнцөг, баримт түүнчлэн аяллын туршлагууд бүгд нийлээд нэгэн онцлог цогц бүтээл болж байна.

  

Эх сурвалж www.zms.mn