Сүрнээгийн УЯНГА
“Зууны мэдээ” сонин “Бизнес, хөгжил” буландаа “Хушхан” брэндийг зах зээлд нийлүүлэгч “Nord Road” компанийн захирал Д.Энх-Амгаланг урьж ярилцлаа.
-Самрын бизнес зөвхөн дотоодын хэрэгцээ биш дэлхийн зах зээл дээр гарч байна. Манай улсын хуш модны самрыг гадныхан хэр сонирхдог, тэр хэрээр салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?
-Монголд самрыг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж экспортод гаргасан буюу албан ёсоор бизнес болж хөгжөөд арваад жил болж байна. Үүнээс өмнө яг л байгалиас түүж авчирсан хэлбэрээр нь ил, далд янз бүрийн байдлаар урд хөрш рүү гаргадаг байсан. Харин 2014 оноос үйлдвэрийн аргаар боловсруулсан хуш модны самрыг экспортлохыг зөвшөөрч, байгалиас түүсэн хэлбэрээр нь гаргахыг хориглосон. Энэ нь Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, валютын урсгалыг дотооддоо авч үлдэхээс гадна ургамлын генетик нөөц зэрэг олон шалтгаан, ач холбогдолтой. Үүнээс хойш самрын бизнес тасралтгүй хөгжиж илүү сайжирсаар байна.
Үйлдвэрийн аргаар боловсруулсан самрыг өмнө нь Эрээнээр дамжуулж зөвхөн Хятад улс руу экспортолдог байсан бол өнөөдрийн байдлаар Солонгос, Япон, Итали, Испани, Герман, Турк, АНУ-ын зах зээлд нийлүүлж байна.
Ингэхдээ зөвхөн бизнесийн хөгжлөөс гадна технологийн ололт амжилтыг нэвтрүүлсээр байгаа. Ялангуяа, европын орнууд руу экспортлоход сүүлийн үеийн нарийн технологиор эрүүл ахуйн маш өндөр шаардлагад нийцүүлж боловсруулна. Өөрөөр хэлбэл, олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартуудыг хангаж байж тэдгээр улс орнууд руу гаргах эрхтэй болдог.
Олон улсын зах зээлд гарах шаардлагуудад нийцнэ гэдэг амаргүй л дээ. Гэхдээ үйлдвэрлэлийн болон технологийн хөгжлөөрөө бусад улс орноос хоцрохгүйг хичээж байна. Хамгийн наад зах нь ISO 22000 стандартыг нэвтрүүлсэн байх ёстой. Ажилчид тогтмол эрүүл мэндийн үзлэгт ордог байх, сав баглаа боодол, тоног төхөөрөмжөө хаанаас нийлүүлэх вэ зэргээр нарийн хяналт, шаардлага тавьдаг л даа. Энэ мэтээр самар боловсруулах бүх процесс ISO 22000 стандартад нийцэж байж эрхээ авдаг. Салбартаа олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхдагч компани манай “Хушхан” брэнд эрхийн гэрчилгээ авахын тулд хоёр жилийг зарцуулсан. Тиймээс өөрсдийнхөө мэдсэн сурсан туршлага дээр тулгуурлаад бусад компаниудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх байдлаар ажиллахыг зорьж байна.
Салбар жилдээ 100 орчим сая ам.долларын экспорт хийж байгаа ч илүү нөөц боломж, эрэлт хэрэгцээ бий. Бизнес талаас нь харвал дэвшилтэд технологи, хүний нөөцөөс эхлээд дахиад хичээх юм бол одоогийн 100 сая ам.долларыг 200 сая ам.доллар болгох бүрэн боломжтой гэсэн тооцоо гарсан. Тэр хэрээр ажлын байрнаас эхлээд нийгмийн хариуцлага нэмэгдэж байдаг. Манайх зөвхөн үйлдвэр болон оффист тогтмол 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна гэрээгээр самар бэлтгэдэг хүний тоо хэдэн мянга бий. Салбарын хэмжээнд яривал нэлээн их тоо гарна л даа. Үндсэндээ самрын бизнес эрхлэгчид дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна дэлхийн зах зээлд ч амжилттай өрсөлдөж байна.
- Цар тахалтай залгаад дэлхийн геополитик худалдаа, эдийн засагт шинэ нөхцөл байдал, сорилт авчирч байна. Экспортын тал дээр та бүхэнд саад бэрхшээл байна уу?
-Самрын бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудал олон бий. Шинэ тутам хөгжиж буй салбар учраас хууль эрх зүйн орчин дутагдалтай. Дүрэм журам бодит нөхцөл байдалтай нийцэхгүй байх үе ч байна. Энэ болгонд салбар дотроо ярилцаад санал санаачилга гаргаж БОАЖЯ-нд ханддаг. Бидний саналыг хүлээж авах, авахгүй гээд янз бүр л байна.
Биднээс шалтгаалахгүйгээр төр засаг, МҮХАТ-аас зайлшгүй анхаарч туслаач гэж хүсэх нэг зүйл байгаа нь цар тахлаас болоод олон улсын худалдаанд томоохон бэрхшээл тулгарлаа. Тэр бүхнийг даваад гартал ОХУ, Украины харилцаатай холбоотойгоор самрын тээвэрлэлт эрсдэлтэй боллоо. ОХУ-ын нутгаар дамжин өнгөрөх ачаа бараан дээр европын компаниуд даатгал хийхээ зогсоосон. Тэгэхээр манай ачаа Монголын хилийг даваад хойд хөршийн газар нутгаар дамжин өнгөрөх хүртлээ ямар ч даатгалгүй болж байгаа юм. Тухайлбал, 20 тонн ачаа гэхэд л ойролцоогоор 300-400 мянган ам.долларын өртөгтэй. Манай компани сард 3-4 контейнер тогтмол ачуулдаг. Энэ хэмжээний мөнгөн дүнтэй ачаа даатгалгүй явж байгаад эрсдэл гарвал яах вэ. Бүх хохирлыг манай тал дангаараа хүлээх гэрээний нөхцөлтэй ч гэсэн Европ талын худалдан авагчид санаа зовж, эрсдлээс сэргийлэхийн тулд далайн тээвэр хийхийг зөвлөдөг. Тяньжин боомт хүртэл төмөр замаар тээвэрлээд тэндээс цааш европ руу усан онгоцоор зөөх нь хамгийн аюулгүй гэсэн шаардлага тавьж байгаа.
Далайгаар тээвэрлэе гэхэд хамгийн том бэрхшээл нь Монголын хуш модны самар Хятадын нутгаар дамжаад европ руу экспортод гарах зөвшөөрлийг тус улсын гааль юм уу холбогдох яамнаас нь авах ёстой. Өмнө нь Солонгос руу 300 тонн самар гаргах зөвшөөрлийг Хятадын зуучлалын компаниар дамжуулаад авсан. Маш их зардал, цаг хугацаа ордог юм билээ. Дээр нь зөвшөөрөл авах үйл явц хагас жил үргэлжилдэг учраас худалдан авагчтайгаа үнэ тохироод гэрээ хийчихсэн үед аль аль талдаа хүндрэлтэй. Мөн дундын зуучлалын компанийн хөлс хэтэрхий өндөр байгаагийн дээр урьдчилж төлбөрөө төлдөг учраас эрсдэлтэй юм билээ. Одоо Европ, АНУ-руу Хятадын нутгаар дамжиж экспорт хийхээр дахиад л зөвшөөрлийн асуудал гарч ирнэ. Хөөцөлдөх гэхээр дундын зуучлалын компани эрсдэлтэй, өөр арга зам олдохгүй байна л даа. Тиймээс энэ асуудал дээр манай холбогдох яамд, танхим анхаарч өгөхийг хүсч байна. Гадаад харилцааны яам Хятадад суугаа Элчин сайдын яамтай холбож тусалж өгдөг бол хамгийн том дэмжлэг болно. Гэхдээ бид зүгээр суухгүйгээр холбогдох яаманд хандаад явж байгаа. Одоогоор хариу өгөөгүй байна.
-Бүх нийтээр байгальд ээлтэй байх үзэл санааг чухалчилж байна. Гэтэл уулнаас самар түүх, бэлтгэх үйл явц байгаль экологийг сүйтгэж байна гэсэн шүүмжлэл дагуулдаг. Бүр самар түүхийг хориглох санаачилга ч өрнөдөг. Яг “гал тогоо”-нд нь ажилладаг хүний хувьд бодит байдал ямар байдаг вэ?
- Нэг талаас мод гэмтээдэг, хог тарьдаг, байгаль сүйтгэдэг, амьтны хоол булаадаг гэж шүүмжлэх хэсэг бий. Энэ бүхэн самрын бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн хувьд яах аргагүй толгойны өвчин болдог. Тиймээс самрын бизнес эрхлэгчид санал санаачилга, хөрөнгө мөнгө гаргаад яаж ажиллавал байгальд ээлтэй байх вэ гэдэг судалгааг Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн тайгыг бүсчилж багагүй хугацаанд хийлээ. Нэг сонин жишээ хэлэхэд, бидний судалгаагаар хуш модны сэргэн ургалт Сэлэнгэ аймагт нэг га талбайд 10 см хүртэлх өндөртэй зулзаган хуш 700 ширхэг байна. Гэтэл Хэнтийд яг ижилхэн нэг га талбайд 10 хүртэлх см өндөр зулзаган хуш 6500 гаруй байна. Эндээс харвал зөрүү нь бараг арав дахин байх жишээтэй. Яагаад ийм зөрүүтэй гарав гээд самранд явж байгаа хүмүүсийн дунд судалгаа хийж үзсэн. Нэг сонирхол татсан зүйл нь Хэнтийн Батширээтээс самранд явдаг иргэдийн талаас илүү нь нутгийн уугуул иргэд байна. Тэд самар бэлтгэхдээ идээ будаа өргөж байгалиа аргадах зан үйл үйлддэг юм байна лээ. Багаасаа ингэж байгалиа хайрлах, хамгаалах төлөвшил суучихдаг юм байна. Ийм ухамсар сэтгэхүйгээр хандаж байгаа хүмүүс хог новш хаях, мод сүйтгэх нь харьцангуй бага байна. Харин Сэлэнгэд самар бэлтгэж байгаа хүмүүсийн ихэнх нь Төв, Увс, Ховд, Говь-Алтай, Улаанбаатар, Дорнод, Сүхбаатар гээд Монгол орны өнцөг булан бүрээс очдог. Тэр хэрээр байгаль бохирдож сүйдэж сэргэн ургалт зогсч байна. Тэгэхээр хамгийн эхэнд хүмүүсийн ухамсарыг дээшлүүлэх ёстой юм гэдгийг харуулж байгаа биз. Өөрөөр хэлбэл, байгаль хамгааллыг ухамсарт нь суулгаад нэмээд аргыг нь заагаад өгчихвөл учиртай юм гэдэг дүгнэлтэд хүрч болохоор.
Үүнээс гадна хуш модноос самрыг нь бэлтгэхийн тулд хэр их гэмтээдэг, тэр нь модны амьдрах чадварт яаж нөлөөлдгийг судалсан. Модыг гэмтээх юм бол хортон шавьжнаас эхлээд давирхайгаа алдах зэргээр сөрөг үр дагавартай. Мөн орчны бохирдол тодорхой хэмжээнд байгаа ч төсөөлснөөс бага гарсан. Хортон шавьжинд идэгдсэн, шатсан талбай хэдэн мянган га байгаа нь сүүлийн хоёр жилийн судалгаагаар гарсан. Үрийн ургах чадварыг ч мөн судаллаа. Энэ бүхнээс үндэслээд байгальтай зөв зохистой харьцах ёстой гэдэг нь харагдаж байна. Үүний тулд энэ салбарт бизнес эрхэлж ашиг орлого олж байгаа аж ахуйн нэгжүүд өндөр ухамсартай, байгаль хамгаалах сэтгэхүйтэй, байгаль экологитой зөв зохистой, соёлтой харилцаж хариуцлагатай байх зүй ёсны шаардлага тавигдаж байна. Ингэж байж байгаль хамгаалах асуудал яригдана.
-Судалгаан дээр үндэслээд байгалиа хамгаалах цаашлаад иргэд рүү чиглэсэн ямар бодит ажил хийх вэ. Дуртай нь уул руу очоод самар түүдэг байдал өөрчлөгдөх үү ?
-Уул руу орж самар бэлтгэж байгаа хүмүүсийг сургалтад хамруулахаас өөр сонголт байхгүй. Байгальтай зөв зохистой харьцах, хамгаалах ухамсар суулгахаас гадна самар бэлтгэх аюулгүй ажиллагааны зааварчилгаа агуулсан аргачлал боловсруулж түүний дагуу ажиллуулах хэрэгтэй. Ингээд сургалтад хамрагдсан хүмүүст үнэмлэх олгох шаардлагатай. Харин үнэмлэхгүй баг, бригад, хувь хүн уул руу орж самар бэлтгэх гэж байвал мэдээлэл өгдөг, хяналт тавьдаг тогтолцоог бий болгох цаг ирсэн. Нэгэнт сургалтад хамрагдаад байгальд ээлтэй аюулгүй ажиллах зааварчилгаа авчихсан хүмүүс үнэмлэхгүй эрсдэл гаргаж мэдэх иргэдийн өмнөөс хариуцлага хүлээж болохгүй. Ийм зарчмаар ажиллах бүрэн боломжтой.
Байгаль хамгаалах бас нэг шийдэл бол хуш модыг их хэмжээгээр тарих юм. Бид Испани, ОХУ, Хойд Солонгос, Хятад улсад амжилттай хэрэгжсэн богино хугацаанд хуш модыг их хэмжээгээр тарьдаг туршлагыг судлаад ирсэн. Ямар нэг химийн аргаар биш зуун хувь биологи, байгалийн залгаацын аргаар таван жилийн дотор үрээ өгдөг хуш мод тарих технологи оруулж ирэхээр төслөө бэлэн болгочихсон байна. Энэ технологийг хуш мод ургадаг 30 орчим суманд нэвтрүүлж болох юм билээ.
Их хэмжээгээр хуш тарьчихвал байгальд ч ээлтэйгээс гадна үлдсэн хушин ойгоо хамгаалж чадна. Боргоцойны болц гүйцээгүй түүхий байхад нь модноос салгаж авч гэмтээгээд байдаг. Харин сум орон нутагт нь их хэмжээний хушин ойтой болчихвол эхлээд таримал ойгоос самар бэлтгэж байтал аравдугаар сар гарч ойн болц гүйцээд ирнэ. Тэр үед нь самар бэлтгэвэл мод гэмтэхгүй зэрэг олон эерэг үр нөлөөтэй. Мөн мод гэмтээхгүйгээр самар бэлтгэдэг багажийг энэ намраас хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Уул руу орж байгаа хүн тус бүрийг сургалтад хамруулж, хүнээ, модоо ч гэмтээхгүй байх аюулгүй ажиллагаатай аргачлал, багажаар хангана. Энэ мэтээр салбарын аж ахуйн нэгжүүд зарчимч хариуцлагатай, ёс зүйтэй, засаглал сайтай болохын зэрэгцээ судалгаагаа шинэчилсээр байх болно.
Цөөнгүй улс орноор явж туршлага судаллаа. Манайхтай адил самрын мод ургадаг улс орнуудын жишгийг харвал хорих биш харин эсрэгээрээ аж ахуйн нэгжүүдэд хариуцуулдаг системтэй. Ойг тодорхой хугацаанд эзэмшүүлэх юм уу эсвэл менежментээр нь гэмтэл, аюулгүй байдал гээд байгаль хамгааллыг бүхэлд нь хариуцуулдаг. Үүнийхээ хариуд самар бэлтгэх зарчмаар ажилладаг жишиг бий.
-Самар бэлтгэгчдийг сургаж бэлтгэх үнэмлэхжүүлэх ажлыг дан ганц хувийн хэвшил хийхээс илүү төртэй хамтарч байж үр дүн гарах байх. Хэзээнээс ямар шат дараалалтай хийх вэ?
-Салбар ийм тогтолцоо руу орохыг дэмжиж байгаа аж ахуйн нэгж олон бий. Ерөнхийд нь аргачлалыг бэлэн болгоод явж байна. Аж ахуйн нэгжүүд эхнээсээ нэгдээд салбарын яам, ойн агентлаг, орон нутагтай хамтарч ажиллахаар бэлтгэж байна. Мөн байгаль хамгаалах зорилготой иргэний нийгмийн байгууллагууд хөндлөнгөөс хяналт тавих боломжтой.
Сургалтын хөтөлбөр бэлэн болчихвол хамгийн түрүүнд самар ургадаг 30 орчим сумаар явж нутгийн иргэдэд сургалт явуулах ёстой юм билээ. Мөн самар түүхээр ирж байгаа хүмүүсийг бүртгэлжүүлээд бригадаар нь хувааж сургалтад хамруулж, шалгалт аваад үнэмлэх олгох байдлаар шат дараатай зохион байгуулна.
Самар бэлтгээд эхлэхээр хорих асуудал гарч ирдэг учраас хорьсон жилийн судалгааг хийж үзсэн. Бид судалгаа хийх явцдаа архиваас бүх материалыг авч үзсэн л дээ. Гэтэл хорьсон жил нь ууланд их хэмжээний гэмт хэрэг гарч самрын далд бизнес жинхэнэ утгаараа цэцэглэхээс биш зогсдоггүй юм байна. Харин ч хэсэг бүлэг хүмүүст илүү ашигтай болж байгаль сүйтгэх, авлига хээл хахууль эрс нэмэгддэг гэдгийг хил, гааль, цагдаагийн байгууллагын тоон мэдээлэл харуулдаг. Хариуцлагатай, ёс зүйтэй ил тод бизнес эрхлэлт зогсож судалгаа шинжилгээний ажил, дүрэм журам, аргачлал, техник төхөөрөмжийн сайжруулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах процесс удааширч салбарын хөгжил хоцрогддог. Өөрөөр хэлбэл, хориглосноос илүү сөрөг үр дагавартай учраас хааж хорих нь шийдэл биш юм байна гэж хэлж болно.
-Зарим аж ахуйн нэгж хоёр ам.доллараар нөгөөх нь 15 ам.доллараар гэрээ байгуулах үнийн зөрүү байна гэдэг. Энэ хэр бодит мэдээлэл вэ. Мөн дэлхийн зах зээл дээр самрын үнэ ханш хэр савлагаатай байдаг вэ?
-Салбар хэтэрхий замбараагүй байгаа учраас зах зээлийн үнээс хэт багаар мэдүүлэх тохиолдол бий. БОАЖЯ болон татвар, гааль, цагдаагийн байгууллага энэ асуудалд анхаараад эхэлчихсэн юм билээ. Цэгцэрч байна гэж ойлгосон.
Самар бэлтгэх хэмжээг жил бүр тогтоож өгдөг. Журмаараа ууланд ургасан самарны 40 хувийг үйлдвэрийн зориулалтаар бэлтгээд үлдсэн 60 нь байгальдаа үлдэх ёстой юм. Салбарын аж ахуйн нэгжүүд хүнээ бэлтгэж сургаж үнэмлэхжүүлээд хариуцлагатай ажиллаад ирэхээр ямар нэг хууль бус асуудал үүсэх боломж багасна. Дэлхийн самрын ассоциациос гаргадаг статитистик мэдээгээр самрын үнэ ханш сүүлийн арваад жил 14 ам.доллараас буусан тохиолдол гараагүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 132 (7117)