Д.ДАРАМБАЗАР
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн улсын баяр наадам болоход долоо хоног үлджээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бөхийн галууд сорилго барилдаанаа зохион байгуулсан. Тус бөхийн галууд хаана байршсан, сорилгод хэн гэдэг бөхчүүд түрүүлсэн талаар мэдээллийг нэгтгэн хүргэе.
Увс нуур бөхийн дэвжээ Харзтай "Шүтээн" амралтад байрлаж байгаа бөгөөд сорилго барилдаан өнгөрсөн Бямба гаригт болов. Тус барилдаанд 128 бөх барилдсанаас улсын гарди Ө.Бат-Орших түрүүлж, аймгийн арслан Д.Тогтохжаргал үзүүр булааж улсын харцага Т.Баасанхүү, Сэлэнгэ аймгийн заан Г.Ганбаяр нар их шөвөгт шалгарчээ.
Харин Өвөрхангай аймгийн Их монголын хүчтэн бөхийн дэвжээ Бугын сангийн аж ахуйд байршиж байна. Тус галынхан долдугаар сарын 1-нд сорилго барилдаанаа хийсэн. Сорилго барилдаанд улсын харцага Ц.Бямба-Отгон түрүүлж, Аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэсэн. Их шөвөгт Аймгийн арслан Д.Батсайхан, Аймгийн харцага Б.Өлзийсайхан нар шалгарсан байна.
Төв аймгийн Дүнжингарав бөхийн дэвжээний сорилго барилдаан Бугын сангийн аж ахуйд болжээ. Тус галын сорилгод улс, аймгийн цолтой болон залуу 64 бөх зодоглож, улсын начин Г.Ганжад түрүүлж, улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэжээ. Харин Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээний сорилго Харзтай шүтээн амралтад болж Увс аймгийн Сагил сумын харьяат аймгийн начин Д.Ядамсүрэн түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Б.Бат-Орших үзүүрлэсэн байна.
Эх сурвалж: www.zms.mn