Доржийн ОЮУНЧИМЭГ 

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнг урилаа.

 

ШАВХАГДАШГҮЙ ЭДИЙН ЗАСАГ

БЛИЦ:

БОЛОВСРОЛ:

1990-2000 онд Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр сургууль

2000-2002 онд Радио, телевизийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр

2002-2003 онд "Хэвлэлийн хүрээлэн" сэтгүүлч

2007-2010 онд “Их засаг” олон улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

 

АЖЛЫН ТУРШЛАГА:

2004-2005 онд “Улаанбаатар телевиз” ХХК-д сэтгүүлч

2005-2006 онд “Инфо” сонинд сэтгүүлч, редактор

2006-2010 онд “Эмнести интернэйшнл” олон улсын хүний эрхийн байгууллагад зохицуулагч, УЗ-ийн гишүүн

2012 оноос “Би Эм Эн Би” ХХК-ийн захирал

2014-2015 онд Сангийн яаманд Сайдын зөвлөх

2015-2019 онд “World” телевизийн захирал

2016 оноос “Дэлхийн чимээ медиа групп” ХХК-ийн захирал

2016-2017 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын зөвлөх

2020 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх

2020 оноос НИТХ төлөөлөгч /Баянгол дүүрэг/,

2020 оны арванхоёрдугаар сараас “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв” НӨҮГ-ын дарга

-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбарт тулгуурласан байдлаар явж байна. Тэгэхээр ирээдүйд шавхагдашгүй нөөцөд суурилсан эдийн засагтай болох арга замыг эрэлхийлэх учиртай. Өөрөөр хэлбэл, монгол хүний гарт байгаа, оюун ухаанаар хийж чадах бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийх ёстой. Үүний тулд жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл биш үйлчилгээ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч 2019 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийн тухай хууль үйлчилгээний салбарыг оруулж өгсөн. Тэгэхээр энэ салбар эдийн засгийн гол багана болгох шаардлагатай. Бид өнгөрсөн 30 жил энэ салбарыг халамж хүртэгсэд мэт харж, хандаж ирсэн. Учир нь бичил болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид зөвхөн мөнгө, санхүүжилтийн асуудал тэр дундаа бага хувийн хүүтэй зээлийн дэмжлэг хүсдэг байсан юм шүү дээ. Үүнтэй хүмүүс маргахгүй байх. Нөгөө талдаа төр энэ салбарынхны дэмжихдээ төсвийн хязгаарлагдмал мөнгийг үйлдвэрлэгчид рүү хуваарилах тухай ойлголттой байсан нь алдаа болсныг цаг хугацаа харууллаа. Мэдээж тухайн үед төрөөс гаргаж байсан шийдвэр, санхүүжилтийн дэмжлэг “бай”-гаа онож хөгжил, дэвшил авчирсан нь ч бий. Үүнийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан зээл, санхүүжилт өнөөдрийн нөхцөл байдалтай харьцуулахад оновчтой, өгөөжтэй байсан уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Яагаад гэвэл, дээрх хугацаанд зарцуулсан санхүүгийн хөшүүрэг жижиг, дунд үйлдвэрлэгчдийг эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэх салбар болгож чадсан уу гэдгийг харьцуулахад хангалтгүй үзүүлэлт гарч байгаа юм. Учир нь зарцуулсан хөрөнгийн хэмжээтэй харьцуулбал жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар эдийн засагт үзүүлэх нөлөөгөөрөө уул уурхайтай ядаж зуузай холбох ёстой гэж хардаг. Тиймээс цаашид эдийн засгийн голлох салбарын нэг нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид байх хэрэгтэй гэж боддог. Мэдээж дундрашгүй баялаг бүтээж шавхагдашгүй нөөцөд суурилсан эдийн засгийг бий болгох гол салбар юм шүү дээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн.

 

УРВУУ ХАМААРАЛ БУЮУ ЖДҮ

 

-Манай улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий 17.3 хувийг бүрдүүлдэг. Гэтэл Япон, Солонгос улсынх дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 90 хувийг бүрдүүлж байна. Дэлхийн  улс орнуудын жижиг, дунд үйлдвэрийн салбар нь хөдөлмөрийн зах зээлийнхээ 70 хувийг бүрдүүлдэг гэсэн судалгаа бий. Түүгээрээ дамжуулан ДНБ-ийнхээ 80-аас дээш хувийг бүрдүүлдэг. Гэтэл манайд хөдөлмөрийн зах зээлийнхээ 70 хувийг бүрдүүлдэг атлаа ДНБ-ийнхээ 17-хон хувийг бүрдүүлж байгаа нь урвуу буюу эсрэгээрээ байгааг харж болно. Тиймээс л бид эдийн засгийн салбар болох ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний тулд яах вэ гэвэл, олон улс болон дотоодын зах зээл дээр үйлдвэрлэлийн хоёр төрлийн бүтээгдэхүүнээр өрсөлдөх шаардлагатай. Нэгдүгээрт, хүмүүсийн хэлдэгээр массын үйлдвэрлэл. Хоёрдугаарт, зөвхөн Монгол гэдэг ондоошлыг илэрхийлэх гар үйлдэврлэлийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээгдэхүүний түүхий эд нь ч зөвхөн Монголд байдаг. Өөр ямар ч газар хуулбарлан хийх боломжгүй өнгө төрх, агуулга байхаас гадна Монгол өв соёл уламжлалыг хадгалсан бүтээгдэхүүн цор ганц Монгол хүний оюун ухаан, гараар бүтдэг байх ёстой. Ингэснээр бид энэ салбарыг эдийн засгийн тулгуур болгож чадна.

Тус бүртээ үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхээс илүү нэгдэж, нийлэх нь цаашилбал, хоршоо, хувьцаат компани болгон хөгжүүлэх нь ирээдүйд илүү өгөөжтэй байх болно. Хэрэв эдийн засгийн тулгуур багана болохыг хүсч байгаа бол дор бүрнээ хийх гэж оролдохын оронд хамтдаа хөгжих алхамыг сонгох нь илүү үр дүнтэй гэдгийг манайхаас хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд харуулж байгаа.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн эх үүсвэрийг нь шийдэхээс илүү ямар тусламж, туслалцаа, зөвлөгөө үзүүлбэл хөгжих вэ. Үйлдвэрлэлээ өргөжүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн. Үүний үр дүн ч гарч байна. Бид өнгөрсөн хугацаанд зээл авахыг хүссэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бүртэй нүүр тулж уулзсан. Тэд мөнгө авчихаад түүнийгээ юунд зарцуулах гэж байгаа. Ямар төлөвлөгөө байна вэ гэдгээс эхлээд ний нуугүй л ярилцсан. Ингээд гадны төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд нь дутагдаж байгаа сувагт нь хүрч үйлчлэхээр ажилласан. Ялангуяа цар тахалын нөлөөгөөр хүнд байдалд орсон. Тэр ч бүү хэл дампуурлын ирмэгт ирсэн үйлдвэрлэгчидтэйгээ ярилцан буцалтгүй тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн. Түүнээс гадна борлуулалтын дэмжлэг үзүүлэх арга замыг эрэлхийлэн бүхий л хүчээ дайчлан ажиллаж байна. Манай салбар эдийн засгийн тулгуур болж чадна гэдгээ өнгөрсөн жилийн цагаан сарын үзэсгэлэн худалдаагаар харуулж чадсан. Аймаг бүрт өөрийн онцлогыг харуулсан брэнд бүтээгдэхүүн бий болж байна.

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД БА ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ

 

-Олон улсын зах зээл дээр гаргах 100 шилдэг бүтээгдэхүүнийг Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийнхөн шалгаруулсан. Одоо бид эдгээр бүтээгдэхүүний маркетинг, брэндингийг нь хийж байна. Ийнхүү төр засаг, засаг захиргааны нэгжээс эхлээд жижиг, дунд үйлдвэрлэгчид, өрхийн үйлдвэрлэгчид хамтран ажиллаж дэмжин энэ салбарыг эдийн засгийн тулгуур болгохын төлөө ажиллах ёстой юм. Дашрамд хэлэхэд бид үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд гадаад, дотоодын зах зээл болон төрийн худалдан авалтаар борлуулалтын сүлжээг бий болгоход анхаарч ажиллаж байна.

Ер нь жижиг, дунд үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэгээс илүү борлуулалтын дэд бүтцийг нь хангах нь илүү дэмжлэг болно гэдгийг өнгөрсөн хугацаанд харж чадлаа. Тэд хөнгөлөлттэй зээл олгооч гэхээс илүүтэй бүтээгдэхүүнийг маань худалдан аваач гэдэг хүсэлтийг тавьдаг. Тиймээс энэ сувгийг нээхийн тулд, борлуулалтын сүлжээг бий болгохын тулд төрийн худалдан авалтаар дэмжих боломжтой. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр монголчууд алба, амины ажлаар гадаадын улс орнуудад зорчдог болсон. Тэндээс тухайн улсын брэнд болсон эсвэл түүх соёл уламжлал, тухайн орон нутгийнх нь өнгө аясыг тодорхойлсон бүтээгдэхүүнийг түлхүү худалдан авдаг шүү дээ. Тиймээс монголчууд ч ялгаагүй өөр, өөрийн өнгө төрхийг агуулсан бүтээгдэхүүнийг борлуулахад түлхүү анхаарах учиртай. Үүний тулд төр өөрөө хамгийн том маркетингийг хийх боломжтой. Төрийн айлчлалаар ирсэн төлөөлөгчдөд Монгол Улсын онцлогыг агуулсан бүтээгдэхүүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчийнхээ брэнд бүтээгдэхүүнийг бэлгэнд өгөх нь л өөрөө сурталчилгаа, маркетинг болж байгаа юм. Би дээр хэлсэн Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчид “Санхүүжилт хүсэхгүй. Харин ажлын байраа нэмэгдүүлж бүтээгдэхүүнийхээ гарцыг өсгөх шаардлага тулгарч байна. Борлууулалтын сүлжээ бий болгох нь хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэснээс ч илүү өгөөжөө өглөө. Баярлалаа” гээд талархлаа илэрхийлээд явж байгаа үйлдвэрлэгчдийг харах сайхан байсан. Түүнээс гадна ӨМӨЗО-ны Хөх хотоос Хятадын цагаан сарыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах санал ирсэн. Энэ мэтчилэн борлуулалтын сүлжээг бий болгох гарцыг нээсэн гэж болно. Харин одоо үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар, нийлүүлэлтийг нь нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлага бий.

Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн дэлхийд танигдах, борлуулагдахын тулд орц найрлагаас эхлээд олон улсын стандарт шаардлагад нийцсэн байх учиртай. Үүний тулд манай байгууллага тухайн борлуулалт хийх улс орны стандарт шаардлага болоод хүмүүсийнх нь сонирхол, амьжиргааны түвшин зэрэг олон талын судалгаа, шинжилгээ хийдэг. Үүний дараагаар хэдий хэмжээний бүтээгдэхүүн борлуулах, ямар үнэ ханшаар зарах вэ гээд нарийн мэдээлэл гарган үйлдвэрлэгчдэдээ санал болгодог.

 

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЧАМЛАХААРГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА

 

-Өнгөрсөн хугацаанд цар тахалын нөлөөнд өртөж хүндрэлд орсон бичил болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, туслах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд сургалт зохион байгуулахаас гадна хамтарч, нэгдэх нь ямар давуу талтай, ямар боломжтой вэ гэдгийг зааж сургасан. Энэ хүрээнд “Чин хүслэнт ирээдүй хоршоо” байгуулагдаж одоо амжилттай ажиллаж байна. Бид сургалтаар дор бүрнээ ажиллаж байсан хүмүүсийг нэгтгэсэн. Ингээд нэг хоршоо байгуулагдахын тулд багадаа 20 “ур чадвар” нэгддэг. Хэрэв тэд кластераар ажиллавал төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээс хэт хамааралтай, магадгүй зарим үед хүний нөөцийн дутагдалд орж эрсдэл үүсэхээс хамгаалагдах нь цаашид хөгжих боломжийг бүрдүүлдэг юм.

Үндэсний үйлдвэрлэл чамлахааргүй хөгжиж байгаа. Бид энэ салбарыг эдийн засгийн тулгуур болгохын тулд чадавхижуулах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэн төрийн зүгээс жижиг дун үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, тусламж үзүүлж ирснийг үгүйсгэх гэсэнгүй. Харин тухайн үед авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэрт дутагдаж байсан борлуулалтын сүлжээний гарцыг олсон учраас дараагийн шатанд гарах боломж бүрдэж байна.

Нөгөөтэйгүүр үйлдвэрлэгчид санхүүжилтээс илүүтэй төрийн бодлогын дэмжлэг, борлуулалтын сүлжээг чухалчилдаг. Үүнийг нь мөн л хийх гарцыг нээж байна. Харин одоо ирэх 10 жилд үндэсний үйлдвэрлэл олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бүх талын оролцоо чухал гэдгийг хэлмээр байна. Төр дэмжлээ ч хувийн хэвшил нь хойргошоод байвал үр дүн гарахгүй. Тиймээс үйлдвэрлэгчид нь ч, төрийн бодлого шийдвэр нь ч нэг шугаман дээр байх ёстой. Тэр ч бүү хэл монголчууд бүгдээрээ худалдан авагчид гэдгээ мартаж болохгүй. Өрх айл бүрийн өдөр тутмын хэрэгцээний бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид хийж байна. Өдөр өнгөрөхийн хэрээр өнгө үзэмж, сав баглаа боодол нь сайжирч байгаа. Бүх зүйлийг бид үйлдвэрлэж байгаа учраас хүн бүр үндэсний үйлдвэрлэлээ худалдан авалтаар дэмжих хандлагыг бий болгох хэрэгтэй байгаа юм. Уриалга төдийхнөөр үүнийг хязгаарлаж болохгүй. Хэрэв Монгол Улс үндэсний үйлдвэрлэлээ дэлхийд өрсөлдөх чадвартай болгож хөгжүүлэхийг зорьж байгаа бол бүх шатандаа нэн тэргүүнд худалдан авалтаар дэмжих шаардлагатай. Ер нь сэтгэлдээ багтааж чадсан бол гартаа барина гэдэг. Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэлийг эдийн засгийн тулгуур салбар болгохын тулд таны, миний худалдан авалт голлох үүргийг гүйцэтгэнэ. Эцэст нь хэлэхэд, өнөөдрийн хийсэн худалдан авалт таван хүний ажлыг байрыг хадгалах хөшүүрэг гэдгийг мартаж болохгүй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 3. ДАВАА ГАРАГ. № 131 (7116)