Д.ДАРАМБАЗАР
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн баярын босгон дээр салбартаа манлайлж буй эрхмүүдэд төрийн дээд, одон медаль гардуулсан. Энэ үеэр Монголын рок поп ертөнцөд өөрийн өнгө төрхөөрөө танигдсан "рок мангас" Б.Мөнхсайханд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол олгосон. “Зууны мэдээ” сонин “Төрийн хишигтэн” буландаа Р.Мөнхсайханыг урьж ярилцлаа.
Эхэндээ "Рав мөнхсайхан" нэртэй байлаа
-Таньд “Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсанд баяр хүргэе” гэх мэдээг сонсох үед ямар мэдрэмж төрж байв?
-Надад Ерөнхийлөгчийн Тамгын газраас шагнал авах тухай албан ёсоор хэлэх хүртэл нэлээд сандарсан шүү. Учир нь хэл хүргэхийн урд өдрөөс эхлээд хүмүүс утсаар ярьж баяр хүргээд, цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлээд эхэлсэн. Гэтэл шагнал авах, үгүйгээ мэдэхгүй гэртээ суугаад л байлаа. Харин шагнал авах болсон гэж хэлсний дараа тайвширч, баярлалаа гэдэг мессежийг мэнд хүргэсэн бүх хүмүүстээ илгээсэн.
-Таныг “рок мангас” Мөнхсайхан гэдгээр илүү мэддэг. Яагаад энэ нэрийг зүүх болсон юм бэ?
-Бага насны минь түүхтэй холбоотой. Дөрөвдүгээр ангид байхад рок сонсдог хоёр найзтайгаа нийлж хамтлаг байгуулсан юм. хамтлагуудаас өөр байхын тулд овгийнхоо гурван үсгийг урдаа авч нэрлэсэн. Би эхэндээ Рав Мөнхсайхан гэдэг нэртэй байлаа. Харин ОХУ-д суралцаж ирсэн даруйдаа "рок" болсон. Энэ нь миний стиль, нийгэмдээ үзүүлж байсан төрхтэй минь холбоотой.
-Оросоос ирсэн даруйдаа рок хөгжмийн урсгалыг хүмүүст таниулах болсон. Энэ үед хүмүүст буруугаар ойлгогдож байсан үе бий юу?
-Монголд 1980-аад онд рок хөгжим хориотой байлаа. Рок гэхээр их муухай, эвгүй, социализмын эсрэг хөгжим гэж ойлгодог байсан. Тийм болохоор рок хөгжмийн тухай тайлбарлаж ярьж явах нь маш хэрэгтэй болсон. Үүний балгаар нийгмийг аюулаас хамгаалах яаманд хүртэл дуудагдаж, буруу зүйл сурталчиллаа гэх үгийг сонсож байсан. Шилжилтийн үед нэг нөхөр “Рок хөгжим ийм учиртай. Үг, ритм нь ийм байна” гэж ярьдаг байлаа. Одоо бол арай өөр болжээ. Ерөнхийдөө рок хөгжмийг хүмүүс ойлгодог болсон байна. Гэхдээ нарийн мэдэхгүй зүйлс олон байгаа. Үүнээс гадна Монголын эстрад уран бүтээлчдийг рок уран бүтээлчид гэж ойлгож ирсэн. Эсвэл амьдралын хэв маяг нь гэсэн үг. “Бидний ажил рок байна” гэвэл маш бүтэмжтэй байна гэсэн утгатай. Энэ болгоныг тухайн цаг үед тайлбарлах шаардлагатай байсан учир сэргийлэхэд дуудагдах тохиолдол олон гарсан. Үүнээс гадна би “Харанга” хамтлагийг байгуулсан хүний нэг. Хамтлагийнхан “Чи тэр үед рок хөгжмийн талаар аймар их ярьдаг байсан” гэдэг. Би зогсолтгүй ярьсаар л ирсэн хүний нэг. “Харанга” хамтлагаас ч өмнө рок хөгжмийг сонирхдог, сонсдог байлаа.
-Та 1988 онд Соёмбо хамтлагийн “Байна уу байна уу” дууны үг аяыг, “Хуучны пянз” дууны шүлгийг бичсэн. Энэ дууныхаа тухай сонирхуулаач?
-“Соёмбо” хамтлаг 1984 онд үлээвэр хөгжимтэй жазз хамтлаг байсан. Тэдэнд зориулж жазз маягийн дуу хийсэн, нэг нь рок-н-ролл дуу байсан. Ийм дуунуудыг хийж “Соёмбо” хамтлаг дуулж, тоглоход тэр дуу хүмүүст их хурдан хүрч дуртай болсон. “Соёмбо” хамтлагийн тоглолтыг найруулж хийлгэж байлаа. Тэр үеийн “Соёмбо” хамтлаг гэдэг бол ер нь “Харанга” шүү дээ. “Соёмбо” хамтлагаас “Харанга” хамтлаг үүсэж гарсан учиртай.
-Таныг шоу тоглолтоос гадна дуу, киноны зохиолч гэдгийг хүмүүс сайн мэддэггүй. Гэтэл та маш олон хит дууны эзэн шүү дээ?
-ОХУ-аас их сургуулиа төгсөж ирэхэд надтай арван жилд хөгжим тоглож байсан Ц.Оюунболд маань “Соёмбо” хамтлагт дуулж байсан. Бид хоёр өмнө нь Монголын рок хөгжмийн эцэг З.Зундарийн санаачлан байгуулсан “Мөнгөн хүрхрээ” хамтлагт орж байлаа. Уран бүтээлчид тэр хаалттай нийгэмд рок хөгжим тоглодог л байсан. Олон юмыг давж байж концертуудаа хийж байсан. Дараа нь н.Тамираа маань Улсын циркт бөмбөрчин болсон. Тухайн үед хамгийн мундаг хөгжимчин циркт бөмбөрчин болдог байлаа. Одоогийн “Харанга” хамтлагийнхан тэр чигээрээ “Соёмбо” хамтлагт байсан. Тэнд би анх “Байна уу, байна уу” гэдэг дууны үгийг зохиож, “Харанга” хамтлагийн Чука найруулгыг нь хийж, тоглосон. Миний анхны дуу тэгж л хит болсон. Хүмүүсийн итгэлцэл ч өндөр байсан болохоор дуугаа дуулж, олонд танигдсан.
Мюзикл нь шууд амьд хөгжимтэй явдаг
-Үндэсний урлагийг түгээн дэлгэрүүлэх, залуу үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Улаанбаатар чуулгыг 2006 онд байгуулсан. Ямар уран бүтээл хүргэхээр ажиллаж байна вэ?
-Уран бүтээлчдийн тоог нэмэх гэхээсээ илүү орчин үеийн технологийг ашиглаж уран бүтээлээ хийхээр төлөвлөж байна. Ер нь модерн поп оркестр нь үндэсний хөгжимд ямар байх вэ гэдэг шинжилгээний ажлыг захиалгаар хийлгэж байна. Хөгжмийн зохиолч Б.Чинбат болон манай уран бүтээлчид хөгжмийн зэмсгийн дуугаралтыг хэмжиж, ийм зэмсэг тийм тоглолтод тэдэн ширхэг байна гэж тоог нь нарийвчлан гаргаж, хөгийг онолын үүднээс бий болгосон. Үүнээс үүдэн бүтцээ хийхийг зорьж байна.
-Олон ажлын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг амаргүй байна уу?
-Өнгөрсөн хэдэн жилд театрынхаа даргын албыг хашиж байсан учраас уран бүтээлүүдэд зохиолч, найруулагчаар ажиллах боломжгүй байлаа. Харин Цагаан сарын өмнөхөн даргын албаа дараагийн хүнд нь хүлээлгэж өгөөд, уран сайхны удирдагчаар ажиллахаар болсон. Тиймээс театрынхаа уран бүтээлийн дотор орж ажиллах боломжтой болсон. Би хөгжимд сонирхолтой учраас рок опера, мюзиклд их дуртай. Тиймээс энэ ондоо багтаан мюзикл хөгжмийг толилуулахаар бэлтгэл ажлаа өрнүүлж байна. Мюзикл нь шууд амьд хөгжимтэй явдаг. Фонограммаар хийхээр амьгүй болчихдог талтай. Монголд маш сайн хөгжимчдийн баг байгаа. Мюзикл нь өндөр ур чадвар шаарддаг. Дуулж, бүжиглэж, жүжиглэхээс эхлээд олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг. Тиймээс “Мюзик рүүм” продакшны залуустай хамтран ажиллаж эхэлж байна. Үзэгчдийн сэтгэлд нийцсэн мюзикл үзүүлэхийг зорьж байгаа. Энэ бол хошин урлаг, драмын жүжигчин гэдэг шиг шинээр мюзиклын жүжигчин гэдэг мэргэжил Монголд бий болгохын төлөө ажиллаж, олон уран бүтээлийг зэрэг үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөж байна.
Гитар хөгжим бол миний амьдралын нэг хэсэг
-Таныг гитар хөгжимгүй төсөөлөхийн аргагүй. Гэхдээ хэсэг хугацаанд энэ хөгжмөөрөө тоглоогүй юм билээ?
-2000 он гарсны дараа гитар хөгжмөө орхихоор шийдсэн. Өөрт байсан бүх хөгжмөө зарж, найруулагчийн ажлаа хийхээр болсон. Харин нэг өдөр найз маань чамайг юугаар чинь төсөөлөх юм гэж асуусан. Би хариуд нь найруулагч Р.Мөнхсайхан гэдэг хүн энэ жүжгүүдийг найруулж байсан юм хэмээн хариулсан. Гэтэл чамайг гитаргүй төсөөлөхийн аргагүй гэж хэлсэн. Би ч хэсэг хугацаанд бодож үзээд гитар худалдаж авсан. Авсан даруйдаа тоглож үзээгүй, шууд хураачихсан. Харин нэг орой гитараа бариад, ая тоглотол багын дурсамж минь сэргэж дахин тоглохоор болсон.
-Тэгэхээр гитар хөгжим амьдралын тань нэг хэсэг байх даа?
-Гитар хөгжим урлагт орох замыг маань зааж өгсөн. Тиймээс энэ хөгжимд их баярлаж явдаг. Одоо ч гитар хөгжмөө тоглодог. Багаасаа тухайн үеийн хүүхдийн Пионерын ордонд ангийнхаа хоёр найзтай хөгжим тоглодог байсан. Миний хувьд арван жилийн сургуулиа төгсөөд ОХУ руу театрын сургуульд суралцахаар явсан юм. Гитар хөгжмөө тоглосоор, сургуулийнхан маань дэмжсээр байгаад урлагийн хүүхэд болсон гэх үү дээ. Тэгэхээр намайг гитар хөгжим их урлаж өгсөн. Дөч гаруй жил урлагт хүчин зүтгэсний эцэст Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм шагналын эзэн боллоо.
-Урлагийн гэгээн ертөнцөд 20 гаруй жил амьдарчээ. Энэ он жилүүдээс авсан, мэдэрсэн үнэт зүйл юу байв?
-Энэ талаар ер бодож байгаагүй юм байна. Гэхдээ урлаг гэгээн сайхан атлаа их хатуу ертөнц юм гэдгийг ойлгосон. Хүнд урлагт зүтгэх тодорхой цаг хугацаа байх хэрэгтэй юм шиг. Цаг нь болохоор “баяртай” гээд явчихдаг. Тийм л зоригтой байх хэрэгтэй. Гэхдээ бид урлагт автаад гарч чаддаггүй. Тэгэхээр урлаг маш нарийн вирус юм. Миний урлагт зүтгэсэн он жилүүдийн алдаа нь ч гэсэн үнэ цэнтэй санагдаж байна.
-“Уулыг цас эрийг нас дарлаа” гэж ярьдаг. Заримдаа таньд одоо баяртай гэх цаг боллоо гэдэг бодол төрөөд байгаа юм уу?
-Би энэ талаар одоохондоо бодоогүй. Өөрийгөө хөгшрөөгүй, унтраагүй, бүдгэрээгүй байгаа л гэж боддог. Гэхдээ хүн нас нэмэх тусам сайхан болдог шүү дээ. Үйл хөдлөл нь удаашраад, үг нь ч хүнд даацтай тусна. Уран бүтээлийн тал дээр мэдээж Ромео юм уу Жулеттагийн дүр олдохгүй. Энэ жаахан харамсалтай юм. Цаг хугацаа намайг элээж, би ч цаг хугацаатай уралдаж явна.
-Таны “Нандин шүтээн” дуу хүмүүст их хүрсэн. Дууны санааг яаж олсон юм бэ?
-Би өөрийнхөө амьдралыг зохиол, шүлэг болгоод байвал урлагийн утга алдагдана. Ц.Батчулуун бид хоёр ярилцаж байгаад л хийчихсэн. Түүнээс онгодоор, эмзэглэлээр хийгээгүй. Гэхдээ хүмүүст сайн хүрсэн шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 30. БААСАН ГАРАГ. № 130 (7115)