Сүрнээгийн УЯНГА
Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин “Нэгдүгээр хүн” буландаа Увс аймгийн засаг дарга Ч.Чимэдийг урьж ярилцлаа.
УВС АЙМАГ ИХ НАЯДЫН ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛНО
-Та аймгийн удирдлагын багт арав гаруй жил ажиллахдаа яг л бодлого боловсруулахад гар бие оролцож ирсэн юм билээ. Хэрэгжилтэд нь ч хяналт тавьж ажилласан. Нутаг орноо сайн мэдэх хүний хувьд орлого олох боломжийг хэрхэн эрэлхийлж ирэв. Увс аймаг төсвөө өөрөө бүрдүүлдэггүй болохоор мөнгө олохгүй бол санаж төлөвлөснөө хэрэгжүүлэх боломж тэр бүр хумигдмал байх?
-Аймгийн удирдлагын багт 2004 оноос ажиллаж эхэлсэн. ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007-2012 онд Баруун бүсийн эдийн засгийг хөгжүүлэх олон улсын төсөлд Увс аймгийн төлөөлөгчөөр ажилласан. Үндсэндээ тэр үед л Увс аймгийг эдийн засгийн ямар кластераар хөгжүүлэх вэ гэсэн онцлогийг олж харсан л даа. Хөдөөгийн хөгжил, хоршоодыг дэмжих чиглэлээр олон ч төсөл хэрэгжүүлсэн. Үүний дараагийн дөрвөн жилд аймгийн ИТХ-ын даргаар ажиллахдаа бие даасан эдийн засгийн хөгжлийг бий болгох үндэс суурийг тавьж “Их наядын Увс” хөтөлбөрийг анх боловсруулж батлуулж байлаа. Тухайн үед аймгийн ДНБ 260 орчим тэрбум төгрөг байсныг дөрөв дахин нэмэгдүүлж нэг их наяд болгон нэмэгдүүлэх амбицтай байсан.
Увс аймгийг их наядын эдийн засагтай болгох гол суурь нь хөдөө аж ахуй. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь мал аж ахуй буюу “Мах тарья” гэсэн бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, нэгж малаас авах махны гарцыг нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг малын тооны өсөлтөөр хол явахгүй. Бэлчээрийн даац хэтрэхээс цаашгүй. Ингэж мах “тарих”-ын тулд тэжээлийн ургамлыг их хэмжээгээр тариалж аймаг бие даасан үйлдвэртэй болох шаардлагатай. Малаа бордож байж мах “ургаж” ахиу хэмжээний махаар эдийн засгийн эргэлтээ сайжруулна. Хоёрдугаарт, аймгийн өвөрмөц байгаль, хүн ардын амьдралын соёл, зан заншил, язгуур урлагаар орлого олох боломж байна. Соёлын хөндөгдөөгүй өвийг эргэлтэд оруулж бүтээлч үйлдвэрлэл хөгжүүлэхдээ байгалийн онцлог, зан заншлыг аялал жуулчлалтай хослуулж чадвал дараагийн нэг эдийн засгийн хөшүүрэг болно. Увс аймаг чацаргана жимсний эх орон. Монгол Улсын хэмжээнд хурааж авсан чацарганы тал хувийг манай аймаг бэлтгэж байна. Энэ сайхан үнэ цэнтэй брэндийг эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зах зээлд гаргаж орлого олох боломж байна. Эдгээр гол чиглэлээс гадна аймгийн газарзүйн байршил онцлогтой. Увс ОХУ-тай хиллэж тус улсын иргэд байнгын ажиллагаатай хоёр боомтоор их зорчдог учраас гадаад худалдаанд түшиглэсэн тээвэр логистикийн сүлжээгээр орлого олох гарц бий. Энэ бүхнийг хэрэгжүүлснээр аймгийн эдийн засаг их наядад хүрнэ гэсэн тооцоо судалгааг гаргаад байна.
Одоогийн байдлаар аймгийн эдийн засаг 500 гаруй тэрбум ам.доллар болж хоёр дахин өссөн. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Алсын хараа-2050, Шинэ сэргэлт, хөдөөгийн хөгжлийн бодлоготой уялдуулбал зорилгодоо хүрэхэд ойртлоо гэж найдаж байгаа. Бидэнд уул уурхайн баялгаас эхлээд олон төрлийн эрдэс түүхий эд байна. Харамсалтай нь тээвэрлэх авто зам, төмөр замгүй учраас богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд орох боломж алга. Тиймээс газар тариалан мал аж ахуй хосолсон малчин тариалагч аль аль нь хождог байх бодлого баримтална. 50 мянга гаруй га эргэлтийн талбайд үр тариа тариалах боломж байгаа. Баруун туруун хөдөө аж ахуйн цогцолборт түшиглэж “Мах тарья” хөтөлбөртөө түлхүү анхаарна. Гэхдээ зөвхөн тарьж ургуулаад зогсохгүй тэжээлийн ургамал, үр тариаг боловсруулах шаардлагатай. Үүний амин сүнс нь баруун бүсийг хангах гурил тэжээлийн үйлдвэр юм. Энэ үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийг хийсэн. Одоо хамтарч ажиллах бизнесийн түншлэгч хэрэгтэй. Бэлэн зураг төсөл, газар, цахилгаанаар дэмжие энэ дэд бүтэц дээр ирээд үйлдвэр байгуулах түншлэгчээ урьж байгаа. Баруун таван аймаг ОХУ-аас малын тэжээлээ, нийслэлээс гурилаа 100 хувь авдаг. Энэ зах зээл дээр үйлдвэр байгуулж хамтарч ажиллая гэж байгаа юм. Эргээд уламжлалт мал ахуйг дэмжиж мал бордох ажлыг хийснээр тариаланч, малчин хоёулаа хожно.
-Боомтын хөгжил, хил газраа байршлаа харвал олон улсын худалдаа үйлчилгээ хөгжих өргөн боломж харагддаг. Энэ давуу талаа хэрхэн ашигладаг вэ?
-Манай аймагт ОХУ-аас өдөртөө дунджаар 500 орчим хүн орж ирж худалдаа үйлчилгээ авч байна. Тиймээс цаашид хил дамнасан, олон улсын худалдааг хөгжүүлж энэ том сүлжээгээр дамжуулж ОХУ-ын зах зээл рүү гарах, орлого олох боломжтой. Энэ гарц шийдлийг харж Монголд анх удаа нэг аймгийн хэмжээнд Олон улсын худалдаа тээвэр логистикийн сүлжээний ТЭЗҮ-г хийсэн. Төрөөс дэд бүтцээр нь дэмжиж хувийн хэвшилтэй хамтарснаар 3000 орчим ажлын байр бий болох тооцоо судалгаа гарсан. Олон улсын худалдаа тээвэр логистикийн сүлжээ давхар аялал жуулчлалтай холбогдоно. Увс аймаг дээр эхлэлийн цэгээ аваад 1000 км радиуст дэд бүтцээр холбогдсон газруудаа харвал өөрийгөө Монгол угшилтай гэж үздэг зургаан сая хүн байна. Энэ хүмүүсийг соёлын брэнд, худалдаа үйлчилгээ, ачаа тээвэр, аялал жуулчлалаар татах нь чухал. Зургаан сая хүний зах зээл бол чамлахааргүй боломж гэж харж байгаа. Төмөр замтай болох хүртлээ ийм байдлаар эдийн засгаа төлөвлөж Засгийн газарт танилцуулаад ажиллаж байна.
Боршоо боомтыг иж бүрэн шинэчилж бүтээн байгуулалт хийж дууслаа. Одоо ОХУ Хандгайт боомтыг шинэчилж байгаа юм билээ. Бүтээн байгуулалтын ажил дуусахаар олон улсын статустай болж өмнө нь хоёр орны иргэд зорчдог байсан бол аль ч орны ачаа тээвэр, хүн зонд нээлттэй болно. Боомт, замын хөгжил аялал жуулчлал, ачаа тээврийн эргэлтийг сайжруулдаг. Увс аймгийг Ховдтой холбосон 163 км замыг хатуу хучилттай болгоно. Энэ зам баригдсанаар Алтай хэмээх том уулыг тойрсон Хятад, ОХУ, Монгол маршрут бүхий аялал жуулчлал, ачаа тээврийн том сүлжээ бий болж эргээд бүс нутгийн эдийн засгийн хөшүүрэг болно.
-Баруун хязгаарт 3000 ажлын байрыг дэмжих зургаан сая хүний зах зээл гэдэг том боломж. Төр, хувийн хэвшилтэй түншилж чадвал хөдөөгийн сэргэлт жинхэнэ утгаараа хэрэгжих нь гэсэн хүлээлт бий. Та бүхэн бусад аймаг, Улаанбаатарыг зорьж хөгжлийн бодлогоо танилцуулж байгаа нь анхдагч хийгээд шинэ санаачилга боллоо. Хамгийн гол нь үр дүн гарч байна уу?
-Хүн амын тооцоо судалгаагаа харвал 1990-ээд оны эхээр Увс аймаг 90 гаруй мянган хүн амтай байсан. Социализмаас зах зээлийн эдийн засаг руу шилжихэд хүмүүсийн ажиллаж амьдрах орчин нөхцөл өөрчлөгдөж ялангуяа бизнес эрхлэх дэд бүтэц сул байснаас иргэд төв суурин газар руу нүүсэн шүү дээ. Энэ үед манай аймгийн хүн ам 72 мянга болтлоо буурсан ч 2010 оноос буцаад жаахан нэмэгдэж одоо 85 мянга хүрч байна. Энэ нь дэд бүтэц сайжирч бизнес эрхлэх боломж хот хөдөөд ялгаагүй болж байгаатай холбоотой. Хэрэв 30 гаруй жилийн өмнө хөгжлийн бодлогоо зөв тодорхойлж чадсан бол өнөөдөр манай аймаг 145 гаруй мянган хүн амтай болох байлаа. Өөрөөр хэлбэл, 60 орчим мянган хүн буюу төдий хэмжээний үнэ цэнтэй хүмүн баялгаа Эрдэнэт, Дархан, Улаанбаатарт ажиллах хүчнээр “алдсан”. Энэ хүмүүсээ нутаг руу нь татаж чадахгүй юм гэхэд Увсад ажиллах амьдрах таатай нөхцөл байна шүү гэдгийг танилцуулаад явж байна. Аймгийн хөгжлийн бодлого бизнес эрхлэх боломжоо Орхон, Дархан-Уул аймагт танилцууллаа. Увс аймагт ажиллаж амьдрахыг урихын зэрэгцээ нэн шаардлагатай урт хугацаандаа тогтмол байх 60 орчим ажлын байр санал болголоо.
Өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар UB palace-ийн их танхимд 19 сумынхаа боломжийг танилцуулж аймаг, сум шилжин ирсэн иргэд, аж ахуйн нэгжийг хэрхэн яаж дэмжих вэ гэдгийг нүүр нүүрээ хараад ярилцлаа. Их чухал үр дүнтэй уулзалт арга хэмжээ болсонд сэтгэл дүүрэн байна. Бид бизнесменүүдээ газрын бодлогоор дэмжиж байна. Тухайлбал, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэх боломжтой, газар тариалан эрхлэх нэгж талбар, орон сууц барих ямар боломж байгааг сум тус бүрээр нь судалж тогтоогоод төлөвлөсөн. Бизнесүүдээ уриад хамтарч ажиллаж байна. Цаашид Улаанбаатараас Увс аймагт шилжин суурьшиж бизнес эрхэлж баялаг бүтээх юм бол эхний хэдэн жил цахилгаан дулаан, НӨАТ-ын татвар гээд тогтмол зардалтай дэмжлэг үзүүлье гэсэн саналыг орон нутгийн удирдлагуудын зүгээс Засгийн газарт тавьж байгаа. Үйл ажиллагаа тогтмолжоод татвар төлөх тэнхээтэй болох хүртэл бодит дэмжлэг тэдэнд хэрэгтэй.
Цар тахлын үед бизнес эрхлэгчдээ цуглуулаад тус тусдаа жижиг жижиг “юм” хийгээд тал талд суух уу, эсвэл хамтаараа хөгжих үү гэдгээ тойрч суугаад ярилцсан. Үр дүнд нь үйлдвэрлэлийн кластер үүсгэхээр болж ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа хүмүүс нэг брэндийн дор нэгдэе.Аймгаараа нийлээд хүнс, хөнгөн үйлдвэрийн брэнд гаргахаар болж “UBC” брендийг бий болгосон. Стандартын шаардлага хангасан аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм бол маркетингийн дэмжлэг үзүүлж томоохон сүлжээ дэлгүүрүүд рүү холбож өгсөн. Жишээлбэл, Тариалан сумынхан 300 орчим га-д арвай тариалдаг байсан, Арвайн брэндийг бий болгож маркетингаар нь дэмжээд өгөхөөр борлуулалт нь сайжирч байна. Үр дүнд нь ирэх жил арвайг 300 биш 800 га-д тариалах боломжтой. Үүний цаана ажлын байр бий болно. Энэ жишгээр хамгийн их нөөцтэй арвайгаас гадна жамц давсанд суурилсан 20 гаруй брэнд хөгжүүлж UBC кластерт нэгтгээд явж байна. Ингэж брэндэд суурилсан ажлын байрыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байгаа нь эхнээсээ бодит үр дүнгээ өгч байна. Үргэлжлүүлээд үйлдвэрлэлийн кластер болгож савлах төхөөрөмжөөс эхлээд хоорондоо хуваалцаж, хамтаараа хөгжих юм. Үүнээс гадна Соёлын сэргэлтийг ярихаас өмнө бид хийсэн. Соёлын байгууллагууд хүн ирвэл тоглолтоо үзүүлчихээд суух биш нэмэлт орлого олохын тулд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Соёлын брэндийг эргэлтэд оруулж мөнгө олох зорилго тавилаа. Үүний эхлэл болгож 3000 жилийн тэртээгээс өвөг дээдэс маань тоглож ирсэн морин хуурын эцэг гэгддэг икэл хөгжмийг зөвхөн гэртээ өлгөх бус соёлын брэнд, бие даасан чуулга болгон өргөжүүлж байна. Морин хуур 300 гаруй жилийн түүхтэй бол икэл хөгжим 3000-аас цааш жилийн түүх яригддаг. Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэл болгож Эрдэнэт, Дархан, Улаанбаатар хотод икэлийн чуулгаа тоглууллаа. Алсдаа икэл чуулгаа дэлхийн зах зээлд гаргана.
-Эрчим хүчний хараат байдлаас ангижрах хамгийн чухал Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц барих төсөл баруун гурван аймаг дамжин хэрэгжиж байна. Эсэргүүцэл, тэмцэлтэй ч их туллаа. Ялангуяа танай аймгаас шалтгаалах ажлууд хэр ахицтай байна вэ?
-Цар тахал бидэнд их зүйлийг ойлгууллаа. Улс л юм бол хүнс, өмсөх хувцсаа өөрсдөө үйлдвэрлэ, бусдаас хараат байж болохгүй гэдгийг “хэлж” өглөө. Цахилгаан дулаанаа дотооддоо үйлдвэрлэ гэсэн дохиог өгсөн.
Баруун гурван аймаг эрчим хүчнийхээ 70 орчим хувийг хойд хөршөөс авч байна. Харин бие даасан ногоон эрчим хүчийг бий болгоход Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгийг хамарсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлж байна. Манай аймгийн зүгээс газар чөлөөлөх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил явагдаж бүх талаар дэмжиж хамтарч ажиллаж байгаа. Аймгийн нөлөөллийн бүсэд байгаа иргэдтэй ойлголцож гэрээгээ хийсэн. Нийт хүмүүсийн 90 гаруй хувь нь зөвшөөрч дэмжиж байна. Бие даасан эрчим хүчний эх үүсвэр бол үндэсний аюулгүй байдлын асуудал учраас Увс аймгийн зүгээс шалтгаалах саад бэрхшээл байхгүй.
УВС, ХЯРГАС НУУРЫН ХӨВӨӨНД НЭГДСЭН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖТАЙ БОЛНО
-Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авах амбицтай байгаа. Үүний нэг гол тоглогчийн нэг нь Увс аймаг. Тиймээс ч Улаангом руу орон нутгийн нислэгийг сэргээж тийзний үнийг чамлахааргүй хямдрууллаа. Жуулчдыг хүлээж авахад бэлэн үү?
-Цар тахлын өмнө гадаадын 64 мянга орчим жуулчныг Увс аймаг хүлээж авч үйлчилж ирсэн. Энэ онд эргээд 100 мянга гаруй аялагч хүлээж авахыг зорьж байна. Ковидын жилүүдэд дотоодын аялал жуулчлал идэвхижиж бидний төсөөлөөгүй тооны аялагч ирлээ. Ковид цар тахлын өмнө нь дотоодын 30 гаруй мянган жуулчин хүлээж авдаг байсан бол цар тахлын хоёр жилд 80 мянган болтлоо өссөн. Үүнд бэлэн байгаагүй учраас заримд нь үйлчилж чадахгүй гомдоогоод явуулах нөхцөл байдалд орсон ч Хяргас, Үүрэг, Увс нуурууд аялагчдыг бидний өмнөөс сайхан хүлээж авч баярлуулаад явуулсан. Энэ сургамж дээрээ туршлагажаад үйлчилгээгээ яаж сайжруулах вэ гэдэг гарц гаргалгаа эрэлхийлж аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогоо хэрэгжүүлээд явж байна. Жуулчны баазууд олноор баригдаж орон нутгийн зүгээс ч дэмжиж байгаа. Энэ жил гадна, дотныхон нийлсэн 100 мянга гаруй жуулчин хүлээж авч үйлчилнэ гэсэн төлөвлөгөөтэй улирал бүр эвент арга хэмжээ зохион байгуулаад явж байна.
Манай аймаг руу долоо хоногт ганцхан удаа онгоц нисдэг. Жуулчдаас гадна албан ажилтай, ахмад настай, эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст нэлээн хүндрэл учирсан. Үүнээс болоод эрүүл мэндийн тусламж авч чадаагүй амь нас эрсэдсэн харамсалтай явдал ч мэр сэр гарсан. Мөн гадаадын жуулчид 1400 км газар автомашинаар аялана гэдэг үнэхээр бэрхшээлтэй.
-Аялал жуулчлал ярихаар ариун цэврийн байгууламж, хог хаягдлын асуудал хөндөгддөг. Гэхдээ аймгийн дарга яриад сууж байх ёстой зүйл ч биш. Гэхдээ л улиг болтол ярьдаг ч олигтой урагшлахгүй байна?
-Ариун цэврийн байгууламж болон хог хаягдал байгальд түшиглэсэн аялал жуулчлалын хувьд яах аргагүй хүндрэлтэй. Хатуу хог хаягдлын тал дээр менежментээ гаргаад аймаг, сум, жуулчны бааз ямар үүрэг, оролцоотой байх вэ гэдэг дээр ойлголцсон. Ер нь хог бол баг, сумын даргын л засаглах асуудал. Ямар ч захирамж дүрэм журам гаргаж шаардлага тавиад ажиллах бүрэн бололцоотой. Тиймээс энэ чиглэлд баг сумын дарга нарыг нэлээн шахаж шаардаж байна. Болж бүтэхгүй зүйл ч бий.
Шингэн хог хаягдлыг эко, байгаль орчинд аюулгүй байх шаардлагыг жуулчны баазуудад өгч, мөрөөр нь хяналт тавьж байна. Ялангуяа, хүн олноор цуглардаг Увс, Хяргас нуурын хөвөөнд нэгдсэн цэвэрлэх байгууламжтай болохоор тооцоо судалгаа, ТЭЗҮ хийгээд явж байна. Цэвэрлэх байгууламжийг төр өөрөө хариуцах ёстой. Жуулчны баазууд нэгдсэн цэвэрлэх байгууламжинд холбогдож мөнгөө төлж үйлчилгээ аваад явна.
-Ямар нэг болохгүй бүтэхгүй зүйл гарвал “Дижитал Увс” апп руу илгээхэд шууд хариуцсан хүндээ очдог юм билээ. Цахимаар асуудлыг шийдвэрлэхэд алдаа, оноо хэр гарч байх юм?
-Ер нь бол иргэн, аж ахуйн нэгж төрийн ажилтны үүд сахихгүйгээр мэдээ мэдээллээ авч, саналаа өгдөг болсон. Цахим засаглалыг бэхжүүлэх Дижитал аймаг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих 12 системийн шийдлийг нэвтрүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, хүнд сурталгүй хүргэж байна. Мөн эрүүл мэнд, боловсрол, шуурхай удирдлага, нэгдсэн мэдээллийн дашбоард, ухаалга хаалганы системээс гадна 20 гаруй үйлчилгээг нэгтгэсэн иргэний гар утасны аппликейшн зэрэг системүүдийг хөгжүүлсэн.
-Орон нутгийг хөгжүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Зарим төрийн байгууллага босоо удирдлагатай байдаг зэргээс аймгийн даргын эрх мэдэл хүрэхгүй байх, бодож санаснаа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зүйл гардаг уу?
-Ярилцлагын эхэнд асуусанчлан Увс аймаг улсын төсвөөс татаас авдаг. Өөрөө орлогоо бүрдүүлж чадахгүй бусдын олсон орлогоор амьдардаг учраас зардлаа бүрэн төлөвлөж чадахгүй бэрхшээл бий. Улсын төсвөөс өгсөн дэмжлэгийг яаж оновчтой зарцуулах вэ гэдэг асуудалтай нүүр тулж ирсэн. Тиймээс ямар замаар бие даасан орлоготой болох вэ, зардлаа өөрсдөө олдог болчихвол хөгжил ярих гээд байгаа. Засгийн газартай маш сайн ойлголцож, хөгжлийн асуудлаа танилцуулахаас гадна нутгаас сонгогдсон Их хурлын гишүүд бүрэн дүүрэн дэмжиж байж санасан төлөвлөсөн ажлаа хийх боломж бүрдэнэ. Ерөнхий сайд энэ жилийн төсвийг газар дээр нь очоод ард иргэдийг нь суулгаж байгаад эрэмбэлүүлнэ гэсэн. Энэ санааг дэмжинэ. Дээд, дунд, доод шатандаа хөгжлийн асуудлыг нэг түвшинд ойлголцож чадвал бодит үр дүн гарна. Энэ бодлого хэрэгжээд явах юм бол татаас авдаг байна уу, үгүй юу гэдэг нь сонин биш болно.
Хоёрдугаарт, боловсон хүчний чадавхын асуудал хүнд байна. Хийж байгаа ажилдаа эзэн болдог чадварлаг боловсон хүчин хэрэгтэй. Давтан сургах, төрийн бодлого төлөвлүүлж хэрэгжүүлж чаддаг байхад Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагаа Монгол Улсын хүний нөөцийн бодлого чиглэх шаардлагатай. Харамсалтай нь төрийн албаны зөвлөл улс төрөөс хараат бус ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Тусгай шалгалт шалгагчаас хэт хараат байна. Сургалтын чанар яригдана. Хөгжлийн асуудал эцсийн цэгтээ хувь хүний боловсрол дээр очоод унадаг. Хэдийгээр хувь хүний мэдлэг боловсрол юм шиг хэрнээ цаана нь улсын хөгжил шүү дээ. Тэгэхээр энэ боловсон хүчний асуудал дээр цэцэрлэгээс нь анхаарах шаардлагатай. Бүтээдэг, боловсруулдаг, инженерчилдэг хүмүүс хэрэгтэй. Хөгжлийн бодлого төлөвлөлтөө энэ чиглэлд хандуулах ажил нэн шаардлагатай байна. Аль ч түвшиндээ хамтраад зүтгэх хэрэгтэй гэж харж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 21. ЛХАГВА ГАРАГ. № 122 (7107)