Сүрнээгийн УЯНГА
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Ээлжит зочноор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн /МСНЭ/ Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмааг урилаа.
СЭТГҮҮЛЧИД ЗӨРЧИГДСӨН ЭРХЭЭ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ДЭВШҮҮЛЭН ТАВИХ БОЛОМЖТОЙ
Блиц
Боловсрол:
-СЭЗИС-ийн магистрант
Ажлын туршлага:
-1997-1999 онд: Монголын үндэсний радиод сурвалжлагч, парламентын тоймч,
-1999-2000 онд: Mongolia this week сонинд сурвалжлагч,
-2000-2004 онд: “Өнөөдөр” сонинд Улс төр, гадаад мэдээний албанд сурвалжлагч,
-2004-2013 онд: “Ардын эрх” сонин, News агентлагт албаны дарга, тоймч,
-2013-2015 онд: Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хэвлэлийн төлөөлөгч,
-2016-2019 онд: “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч,
-2019-2020 онд: МСНЭ-ийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч,
-2020-2022 онд: МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч.
-2022 оноос: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Хууль, мэргэжлийн ёс зүй хариуцсан дэд ерөнхийлөгч.
-Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Их хурал болж шинэ удирдлагууд сонгогдоод жил болох гэж байна. Энэ хугацаанд эвлэл олон чиглэлд идэвхитэй ажиллаж байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гол онцлог бол гадаад харилцаа хамтын ажиллагаа байдаг. Учир нь Монголын хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн бус байгууллагуудаас МСНЭ Дэлхийн сэтгүүлчдийн холбооны гишүүн юм. Өнөөдрийн байдлаар 1500 сэтгүүлчийн квоттой ажиллаж байна. Гишүүдийнхээ тоогоор жил бүр татвар төлж баталгаажуулдаг.
Дэлхийн сэтгүүлчдийн холбоо НҮБ-д дуу хоолойгоо хүргэдэг нэр нөлөөтэй олон улсын байгууллага. Сэтгүүлчид зөрчигдсөн эрхээ олон улсын хэмжээнд дэвшүүлэх тавих шаардлагатай бол Дэлхийн сэтгүүлчдийн холбоонд хандаж хамтарч ажиллах бүрэн боломжтой. Монголоос 1500 сэтгүүлчийн квоттой байна гэдэг бол энэ салбарт ажиллагсдын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Эзэлж байгаа квот, суудлын тооноос хамаараад Дэлхийн сэтгүүлчдийн холбооны бүтцийн байгууллагад ажиллах эрхүүд нээгддэг. Монголоос өнөөдөр Дэлхийн сэтгүүлчдийн холбооны Ази, Номхон далайн орнуудын бүс нутаг хариуцсан зөвлөх, Жендэрийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүнд Монголын сэтгүүлчид төлөөллөө ажиллуулж байгаа.Бидний ойрхны түүхээс харвал 1990 оны хувьсгал, долдугаар сарын 1-ний үймээнийг олон улсын агентлагууд анхаарал хандуулж мэдээлж байсан. Ер нь аливаа улс орны туулж өнгөрүүлж байгаа хэцүү хүнд бэрхийг дэлхий ертөнц мэдэхгүй зөвхөн дотооддоо дарагдаад өнгөрөх эрсдлийг дэлхийн сэтгүүлчдийн сүлжээ хамтын ажиллагаа ил болгож, тусалж байдаг. Олон улсын тавцанд мэдээлсэн сэтгүүл зүйн тэмцлийн үр дүнд тухайн улс орны хувь заяа өөрчилж байсан үйл явдлууд ч бий. Тиймээс үүнийг маш үнэ цэнтэйгээр авч үздэг учраас гадаад харилцааг онцгойлон анхаарч өргөжүүлэх учиртай. Гадаад харилцаа гэхээр зөвхөн аялал зугаалга гэдэг байдлаар хандаад байгаа болохоос цаад утгаараа маш чухал үр нөлөөтэй.
МСНЭ гадаад харилцааны хүрээнд Монгол-ОХУ, Монгол-Хятадын сэтгүүлчдийн форумыг цар тахлын үед завсарлахгүйгээр тасралтгүй зохион байгуулж ирсэн. Монгол, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан хоёр орны хэвлэл мэдээллийн форумыг танхимаар зохион байгуулсан. Мөн Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн форумыг 13 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулчихаад байна. Гуравдагч хөршүүдээс Солонгос улстай нэлээн идэвхтэй хамтарч ажиллаж байна. Анх 2019 онд Монгол-Солонгосын хэвлэл мэдээллийн форумыг Улаанбаатарт манай тал хүлээн авч зохион байгуулж байлаа. Хоёр дахь форум энэ оны тавдугаар сард Сөүлд боллоо. Монголын сэтгүүлчид нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Удахгүй Монгол-Хятадын форумыг урд хөршид зохион байгуулна. Энэ хүрээнд МСНЭ-ийн удирдлагууд ажлын уулзалт хийгээд ирлээ. Хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага, танилцах аяллыг зохион байгуулдаг уламжлалтай. МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн зүгээс сэтгүүлчдээ аль болох олноор нь хамруулахыг хичээн ажиллаж байгаа.
ТӨР ДЭРГЭДЭЭ ХЭВЛЭЛТЭЙ БАЙЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛЬТАЙ Ч БҮГД ГАЗАР, АГЕНТЛАГТАЙ БОЛЧИХЛОО
-МСНЭ-ийн үндсэн үүрэг нь хэвлэл мэдээллийн эрх, эрх чөлөөг эрхэмлэн олон талт үзэл санааг эрхэм болгож, сэтгүүлч, гишүүдийнхээ мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэг юм. Сэтгүүлчид маань бичсэн нийтэлсэн бүтээлийнхээ төлөө гомдол, заналхийлэлд өртөх, хууль хяналтын байгууллагад дуудагдах нь аль ч цаг үед мэргэжлийнх нь онцлог, эмзэг тал нь байсаар ирсэн. Сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хамгаалах, дуу хоолойгоо хүргэх, шаардлага, мэдэгдэл, уриалга гаргах, тодорхой зорилго бүхий тэмцэлд салбарынхнаа нэгтгэх зэрэг хэлбэрээр бид ажиллаж ирсэн. МСНЭ нь өмнөх бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд мэргэшсэн хуульч, өмгөөлөгчтэй хамтран ажиллаж, өмгөөлөгч Г.Балжмаа 2018-2022 оны хооронд давтагдсан тоогоор 30 гаруй хэрэг дээр бараг хагас тэрбум төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдүүлсэн. Энэ бол их өндөр тоо гэж боддог. МСНЭ-ээс гадна тухайн редакц бизнесийн байгууллагын хувьд өөрийн өмгөөлөгчтэй ажилласан, Глоб интернейшнл зэрэг өөр байгууллагаас өмгөөлөл авсан зэрэг тохиолдлуудтай нийлбэл чамгүй тоо гарна.
Ер нь хэвлэл мэдээллийн байгууллагыг эдийн засгийн дарамтад оруулж сүрдүүлэх арга замаар мохоох хандлагыг эрх мэдэлтэн, улстөрчид гаргасаар ирсэн.
Өмгөөллийн тухай хуулиар байгууллага, компанийн хуулийн зөвлөл өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжгүй учраас эвлэл дэргэдээ өмгөөлөгч ажиллуулахаа больж, өмгөөллийн фирмтэй гэрээгээр хамтран ажиллах болсон. Сэтгүүлчдийг аль болох гомдол маргаанд ороогдож цагдаа шүүх дээр очихоос сэргийлэх нь хамгийн чухал. Харин ямар нөхцөлд ийм байх вэ гэхээр хэвлэлийн эрх, эрх чөлөө нь хуулиар болон нийгмийн соёлоор хамгаалагдсан байх тохиолдолд л чадна. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрх зүй талаасаа хэвлэлийн эрх, эрх чөлөө, иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах Үндсэн хуулийн эрхэд үндэслэгддэг. Эдгээр эрхийг баталгаажуулсан хууль, эрх зүйн орчин нь сэтгүүлч мэргэжлийн ажлаа аюулгүй, айдасгүй хийлгэх боломж олгоно. Хуулийн бөгөөд нийгэм соёл, ёс суртахууны аюулгүй орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт л МСНЭ-ийн алсын хараа, зорилго чиглэж байна. Алсын хараа гэдэг бол ирээдүйд учирч болох эрсдэл дээр анхаарч, өнөөдрөөс угтуулан ажиллахыг л хэлдэг.
ТӨР ЗАСГААС ХУУЛЬ ШИЙДВЭР ГАРАХ БОЛГОНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХУУЛЬГҮЙ МЭТ ААШИЛЖ БАЙНА
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль дөрвөн заалттай. Тухайн үедээ төрийн мэдлийн байсан хэвлэл мэдээллийн байгууллагыг хувьчлахад зориулагдан гарч байсан ч чөлөөт хэвлэлийн баталгааг бий болгох үндсэн зарчмыг хадгалсан төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулж болохгүй, агуулгад цензур тогтоохгүй гэдгийг зааж өгсөн. Гэвч төр засгаас хууль шийдвэр гарах болгонд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуульгүй мэт аашилж байна. Төрийн шийдвэр, үйлдэл, хандлага энэ хуулийн эсрэг явж байгаа. Төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулж болохгүй гэсэн хуультай боловч бүгд газар, агентлагуудтай болчихлоо. Наад талдаа хэвлэл мэдээлэлд нээлттэй мэдээлэл өгч байгаа мэт харагдавч төрийн байгууллага өөрийн бэлтгэсэн нийтлэл, нэвтрүүлэг, контентыг бэлэн өгч байна гэдэг агуулгын хяналт. Тэдний бэлтгэсэн агуулгыг нийтэлж нэвтрүүлэх зам руу орж байгаа нь буруу. Энэ мэтээр Хэвлэлийн эрх чөлөөний хуульд харшлах, баталгаа алдагдах хандлага, аюул учирч байна. Гэтэл бидэнд хуулийг мөрдөхгүйгээр эрх ашгаа хамгаалах баталгаа байхгүй.
Хэвлэн нийтлэх эрх чөлөөний хамгаалалт сул байгаагаас гадна мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эх сурвалжаа хамгаалах баталгаа алга. Хамгаалалт шаардахаар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэх шаардлага үүсдэг. Өөрчлөх гэхээр Эрх зүйн байдлын хууль болгож хэвлэлийн салбарыг хяналтад оруулах хандлага гарч ирдэг. Хууль санаачлагчид хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллагыг төсвөөс санхүүжүүлэн хэвлэлийн шүүх байгуулахыг санаархдаг. Өөрийн зохицуулалтыг хуулийн зохицуулалт болгох гэдэг. Харин сэтгүүлчид бид мэргэжлийн үйл ажиллагаанд эх сурвалжаа хамгаалах, Эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэхгүй байх, нэр төртэй холбоотой асуудал хөндөгдсөн бол тухайн албан тушаалтан тайлбар мэдээлэл өгөх зэргээр хэдхэн тодорхой зохицуулалтыг хүсдэг. Энэ хамгаалалтуудыг өөр бусад салбарын хуулиуд дээр оруулаад явах боломжтой гэж үзэж байгаа. Тухайлбал, хэвлэл мэдээллийн байгууллага хамгийн сайн шүгэл үлээгч учраас эх сурвалжийг нь шүгэл үлээгчийн хуулиар хамгаалах боломжтой. Мөн шүлэг үлээдэг тогтолцоог чөлөөт хэвлэлийн үүрэг гэж харах, нөгөө талаас төр мэдээллийг матаас хэлбэрээр мөнгөөр худалдаж авах бус хэвлэл гэдэг институцийг дэмжих цаг болсон.
ИРГЭДИЙГ МЭДЭЭЛЭЛГҮЙ ОРЧИНД ОРУУЛЖ БАЙГААД СОНГУУЛЬ ЯВУУЛНА, ТЭД ЗӨВ СОНГОЛТ ХИЙНЭ ГЭЖ НАЙДАЖ БУЙД ЯМАР Ч ЛОГИК АЛГА
- Төрийн дэргэдэх хэвлэлийн алба өөрсдийн бэлтгэсэн контентоо дуртай сувгаараа нийтэлж нэвтрүүлж байгаа нь хүссэн мэдээллээ гаргаж, агуулгад оролцож байна гэж хэлж болно. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл зөвхөн түгээлтийн дэд бүтэц болох вий. Сэтгүүл зүйн бүтээл, өнцөг, асуулт хаагдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагын контент үйлдвэрлэл, соён гэгээрүүлэхэд төсөвлөдөг байсан зардлаа төр өөрөө авч үлдэж байна. Хэмнэлтийн хууль ярьж, зардал багасгах халхавчин дор чөлөөт хэвлэлийн ард түмнийг мэдээлэлжүүлэх, соён гэгээрүүлэх эрхэд халддаг. Энэ нь цаанаа иргэдийн мэдэх эрхийг хааж байна. Мэдээлэлтэй хүн л илүү зөв, оновчтой шийдвэр гаргаж чаддаг. Мэдээлэлгүй, тэр тусмаа бодит байдлын талаарх буруу мэдээлэлтэй хүн улам мунхарч орхидог. Гэтэл төр засгаа сонгох, байгуулахаас эхлээд бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Иргэдийн мэдэх эрхийг хангах ёстой төр хянаж, хуулиар халхавчлан улам хааж ирлээ. Төсвийн хэмнэлт хийх болоход хэвлэл, шуудан харилцааны зардал, хэвлэл мэдээллийн гэрээний зардлыг ханадаг. Энэ хандлага жишиг болж тогтож байгаа нь харамсалтай.
Иргэдийг соён гэгээрүүлж, мэдэх эрхийг нь хангахын тулд төсвийн байгууллагууд мөнгө зарцуулах ёстой. Энэ бол дэлхий нийт, ардчилсан орнуудад ч байдаг жишиг. Жишээ нь БНСУ-д эдийн засгийн 90 хувийг нь үндэстэн дамнасан, экспортод чиглэсэн томоохон корпорациуд нь бүтээдэг. Энэ утгаар томоохон компани корпориациудын зар сурталчилгааны орлого хэвлэл мэдээллийн орлогод маш өндөр хувьтай. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагууд нь улсын төсвөөс санхүүжилт авдаг ч үүнийг дагаад төрийн албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хэвлэлд нөлөөлөх вий гэдгийг аль аль талдаа хянадаг. Бас Төрийн өмчит компанийн зар сурталчилгааны тухай хуулийг 2018 онд батлан гаргаж, хэвлэлийн салбар руу орлогын эх үүсвэр болгож байгаа юм билээ. Энэ дэмжлэгийг хуулиар баталгаажуулж бий болгосон байна. Нэг ёсондоо үйлчилгээний хөлс, гэхдээ хуультай, хэм хэмжээтэй байх ёстой гэсэн үг. Гэтэл Монгол Улсад төр дэргэдэх хэвлэл мэдээллээрээ дамжуулж агуулга болоод эдийн засгийн хяналт, дарамт үзүүлж байна. Сүүлдээ иргэдийн мэдэх эрхийг хааж сонин хэвлэлийн захиалгыг хориглож, чөлөөт хэвлэлийг “хэмнэлт”-ээр халхавчлан ад шоо үзэх, мохоохыг оролдож байна. Үүний хамгийн сүүлийн жишээ нь Сонгуулийн тухай хууль. Сонгуулийн хуулиар хэвлэмэл хэвлэлийн хуудасны тоо, сурталчилгааны хоногийг багасгаснаар зардал 50 хувь буурна гэж тооцоолж. Хулгай, хууль бус бүхэн хэмжээ хязгааргүй болсон энэ үед ард түмэнд таалагдахын тулд “хэмнэлт” гэдэг үгийг маш их ашиглаж байна. Харин энэ үйлдлээрээ хэмнэх ёстойгоо биш иргэдийн мэдэх эрх рүү халдаж байна. Хэвлэлийн зардлыг хэмнэнэ гэдэг иргэдийн мэдэх эрхийг хааж байгаа хэлбэр. Мэдээлэл бол хүний сэтгэн бодох, дүгнэх, итгэл үнэмшил, үзэл санаа бүрдэх гол түүхий эд, материал нь байдаг. Энэ бүхнийг хаана гэдэг хоосон зууханд гал түлэх гээд байгаатай адил.Иргэдийг мэдээлэлгүй орчинд хашиж байгаад сонгууль явна, тэр нь зөв сонголт хийнэ гэж найдаж байгаад ямар ч логик алга. Хууль тогтоох бодлого боловсруулагчид байтугай хэний ч хийж зүрхлэхээргүй бүдүүлэг үйлдэл л дээ. Тэр тусмаа хэвлэмэл хэвлэл бол түүх, өдөр тутмын сонин бол Монголын сэтгүүл зүйн үнэт зүйлс мөн. Өдөр тутмын сонин сэтгүүл зүйн амин сүнс, үзэл санаа, үнэт зүйлийг тээж яваа. Хоёр зуун дамжсан Монголын сэтгүүл зүйн 110 жилийн түүх хэвлэмэл сонин дээр тулгуурладаг шүү дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 19. ДАВАА ГАРАГ. № 120 (7105)