Д.ДАРАМБАЗАР
Дэлхийд алдартай "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон Монгол Улсад гурав дахь удаа, энэ сарын 18-нд болно. Time сэтгүүлээс тус марафоныг хүний тэсвэр тэвчээрийн хязгаарыг хамгийн их шалгадаг уралдаан гэжээ. Хэт холын зайн гүйлт нь цар тахлын улмаас завсарлаж, энэ жилээс үргэлжлүүлэн 40 гаруй орны 110 гаруй оролцогчид оролцохоор бүртгүүлсэн байна. "Монголд зочлох жил"-ийн хүрээнд энэ марафон болж байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Олон улсын ультра-марафоныг Өмнөд Америкийн Атакама, Африкийн Сахар, Антарктидын Мөсөн цөл, Азийн говьд зохиогддог. Хамгийн хуурай, хүйтэн, халуун, салхитай газарт тэсвэр тэвчээрийн хязгаарыг шалгадаг. Долоо хоногт 250 км туулдаг хэт холын 18 дахь удаагийн марафонд оролцогчид Булган аймгийн Дашинчилэн суманд байрлах Хар бухын балгасаас гараагаа эхлүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин суманд бариандаа орно. Үндсэн зохион байгуулагч болох RacingThePlanet нь Монгол талаас "Дисковер Монголиа" компанитай хамтран зохион байгуулж байна. Тамирчид зөвхөн үүргэвчтэйгээ гүйдэг. Өдөрт 2.5 литер ус уух нормтой, унтаж амрах гудас мешокоо үүргэвчиндээ авч явна. "Дөрвөн цөл" олон улсын ультра-марафон нь дэлхий дахинаа аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болтлоо хөгжсөн юм байна.
Эх сурвалж: www.zms.mn