Доржийн ОЮУНЧИМЭГ
Бичил бизнесээс эхлүүлсэн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хоршоо болгон өргөжүүлсэн Мастер оёдолчин О.Цэвэгжавтай ярилцлаа.
-Танай хоршоо хэдийд үүсгэн байгуулагдсан бэ. Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хэдэн жил ажиллаж байгаа билээ?
-Би энэ салбарт 2005 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Анх гэрээрээ захиалга оёдол хийж эхэлсэн. Зарим үед түрээсийн төлбөрийн асуудлаас үүдэн гэрээр ажиллах үе ч байсан. Ингээд цар тахлын үед Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, НЗДТГ хамтран хэрэгжүүлж буй “Гэр хорооллын хөрөнгө оруулалт”-ын хөтөлбөрийн хүрээнд “Гэр хорооллын бичил бизнес эрхлэгчдийг дэмжих” төслийг хэрэгжүүлэхдээ Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубтэй хамтран зохион байгуулсан юм билээ. Энэ арга хэмжээний хүрээнд Чингэлтэй болон Сүхбаатар дүүргийн дөрвөн хорооны бичил бизнес эрхлэгчдийг хамруулан дөрвөн сарын турш сургалт явуулсан. Үүнд амжилттай хамрагдан шалгаруулалтад тэнцсэн хүмүүс Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан юм. Хамт суралцаж байсан 11 хүний хамтаар “Чин хүслэнт ирээдүй” хоршоог үүсгэн байгуулан ажиллаж байна.
-Тэгвэл бичил бизнесийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг сургалтаас мэдэж авсан гэж ойлгож болох уу. Одоо танай хоршоо зөвхөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг уу?
-Тэр сургалт их өгөөжтэй байсан. Бид тус тусдаа ажиллахаас илүү хамтдаа нэгдэж хоршоо байгуулах нь илүү үр дүнтэй гэдгийг ойлгосон. Тиймээс л хамтраад ажиллах шийдвэр гаргасан юм. Одоо манай хоршоо оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна арьс, эсгий эдлэл, хүлэмжийн аж ахуй, төмөр хийц гээд олон талт үйл ажиллагаа эрхэлж байна.
Бид Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн Сэлбэ дэд төвийн байранд түрээсийн төлбөргүйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Тус газраас хоршоодыг кластераар хөгжих бодлогыг хэрэгжүүлж ажилладаг. Энэ хүрээнд манай хоршоо өнгөрсөн хугацаанд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ирсэн. Мэдээж бид мөн л талбайн түрээс төлөхгүйгээр худалдаа хийдэг.
-Хоршоо байгуулсны давуу тал юу вэ. Магадгүй бүтээгдэхүүн борлуулалт, харилцагч, үйлчлүүлэгчид нэмэгдэж чадсан уу?
-Хоршоо болох нь ганцаараа ажилласнаас илүү өгөөжтэй. Хэрэв гэрээрээ оёдлоо хийж байсан бол зайлшгүй шалтгааны улмаас нэг л өдөр ажиллаж чадахгүй болоход захиалгатай ажил маань хугацаандаа амжихгүй болчихдог тал бий. Тэгвэл бид нэгдсэнээрээ нэг нь нөгөөгийнхөө ажлыг нөхөөд хийчих давуу талтай. Нөгөөтэйгүүр хүн бүрт өөрийн гэсэн үйлчлүүлэгч бий. Тэр нь бидний харилцагчдын тоог нэмэгдүүлж байна. Түүнчлэн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн ментор клубээс бидэнд хамтран ажиллах гарцыг бий болгож өгсөн. Тухайлбал, манай хоршоо “Урбан жийнс”-тэй хамтарч ажилладаг.
-Тэгвэл танай хоршооны цаашдын зорилго юу вэ?
-Анх бичил бизнес эрхлэгч байсан бол одоо гарааны бизнес эрхлэгч болсон. Ирээдүйд массын үйлдвэрлэл эрхлэгч болохын төлөө зорилго тавин ажиллаж байна. Бид нэг үеийг бодоход тусламжаар сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсон. Мөн захиалагч, үйлчлүүлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг цаг хугацаанд чанартай гүйцэтгэж байгаа хэдий ч цалингаас цалингийн хооронд яваад байх уу. Илүү өргөжүүлж, хөгжүүлэх үү гэдэг сонголт гарч ирж байгаа юм. Мэдээж том хэмжээний үйлдвэрлэл эрхлэхэд өргөтгөл болоод барааны эргэлтэд санхүүгийн эх үүсвэр зайлшгүй тулгарч байна л даа.
-Санхүүгийн эх үүсвэр гэхээр хөрөнгө оруулалт шаардлагатай гэж хэлэх гээд байна уу. Танай хоршоо үйлдвэрлэлийг өргөжүүлэх жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломжтой юу?
-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Би сургалтад хамрагдаж байхдаа олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд нэлээдгүй байдгийг анзаарсан. Тиймээс илүү чадавхижиж бойжиж байгаад үйлдвэрлэлээ өргөжүүлэх төсөл хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.
Одоогоор анх хоршоог хамтран байгуулсан хүмүүстэйгээ л зүтгэж байна. Манай салбарт боловсон хүчний дутагдал байгааг анзаарсан. Өмнө нь ганцаараа ажилладаг байхдаа нэг их ач холбогдол өгч байсангүй. Харин одоо оёдолчин бэлтгэх хэрэгцээ байгааг хэлмээр байна. Нөгөөтэйгүүр жижиг, дунд үйлдвэрлэгчдийг төрөөс бодлогоор дэмждэг юм билээ. Харин түүнийг нь бодит хөрсөнд буулгах нь чухал. Саяхан нэг сургалтад сууж байхдаа хоршоодод ажиллаж байгаа хүний нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даана гэж сонссон. Ингэхдээ тухайн хоршоонд тасралтгүй гурван сар ажиллаж НДШ төлүүлсэн байх бөгөөд үргэлжлүүлэн тасралтгүй гурван жил ажиллавал дээрх арга хэмжээг авах юм байна гэж ойлгосон.
Энэ мэтчилэн тууштай ажиллаж чадвал үйлдвэрлэгчдэд боломж байна гэж харж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023.6.13 МЯГМАР № 116 (7101)