Доржийн ОЮУНЧИМЭГ
Засгийн газраас 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барилаа. Төсвийн тодотгол хийх шаардлага нь цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгохтой холбоотой үүссэн. Энэ талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяатай ярилцлаа.
-Төсвийн тодотголыг өргөн барилаа. Тэгэхээр тэтгэврийн зөрүүг ойртуулах тухай асуудал олныг төөрөгдүүлээд байна л даа. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Одоо 481.5 мянган хүн тэтгэвэр авч байна. Үүнээс 364.3 мянган хүн тэтгэврийн доод хэмжээгээр авч байгаа. 2020 онд Засгийн газар бүрэн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн хэмжээг 400 мянган төгрөгт хүргэсэн. Энэ удаагийн төсвийн тодотголоор тэтгэврийн зөрүүг ойртуулахын зэрэгцээ үнийн өсөлт, амьжиргааны түвшинтэй уялдуулан нэмэхээр тусгалаа.
-Тэтгэврийн зөрүүг ойртуулах итгэлцүүр гэдэг нь юу билээ?
-Тухайн үеийн тэтгэвэр авагчийн цалинг өнөөгийнхтэй дүйцүүлж тооцдог аргачлал юм. Өмнө нь үүнийг тооцоогүйгээс үүдэн тэтгэврийн мөнгөн дүн инфляцид идэгдсэн юм шүү дээ. Хамгийн сүүлд 2014 онд инфляцитай уялдуулж тооцсон байдаг. Түүнчлэн жил бүр үнийн өсөлттэй холбогдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлээгүйгээс болж амьжиргааны түвшинд нийцэхгүй байна гэж хэлж болно.
-Тэгвэл одоо итгэлцүүрээр хэдэн хүний тэтгэвэр ямар хэмжээтэй болох вэ?
-Өндөр насны тэтгэвэр авдаг нийт 139.411 хүний тэтгэврийг итгэлцүүрээр нэмэгдүүлнэ. Тэдгээрийн тэтгэврийн хэмжээг нэмэхдээ одоогийн итгэлцүүр ашиглах юм. Энэ мэтчилэн энэ удаагийн нэмэгдлээр 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг нь итгэлцүүрээр ойртуулна. Ингэхдээ ажилласан жил, цалингийн хэмжээ зэргээс хамаарч өөр, өөр хэмжээгээр нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Дорж 1998 онд тэтгэвэр тогтоолгохдоо улсад 29 жил их эмчээр ажилласан байна. Түүний тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин 30.277 төгрөг. Үүнийг итгэлцүүрээр нэмэгдүүлэх үеийн тооцооллоор 592.120 төгрөг болгож одоогийн авч байгаа тэтгэврийн хэмжээ 540.948 төгрөг болсон. Тэгэхээр одоогийн тэтгэврийн зөрүүг ойртуулах итгэлцүүрийн тооцооллоор Б.Доржийн тэтгэвэр 740.684 төгрөг болох юм. Энэ нь өмнөх дүнгээс 199.736 төгрөг буюу 37 хувиар өсч байна гэсэн үг.
-Цаашид инфляцитай уялдуулж нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх бодлого баримталж ажиллана гэх юм. Үүнийг тайлбарлана уу?
-Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэврийн хэмжээг жил бүр инфляцитай уялдуулж нэмнэ гэдэг заалт оруулсан. Мөн итгэлцүүрийн тооцооллыг жил бүрийн эхний гурван сард тогтооно гэж тусгаж өгсөн. Ингэхдээ тухайн жил тэтгэвэрт гарч байгаа хүнийхийг тооцох юм. Жишээлбэл, 2023 онд тэтгэвэрт гарч байгаа бол сүүлийн таван жилийн цалингаасаа бодууллаа гэхэд. Энэ нь 2018-2023 оны үндсэн цалингаас бодогдох юм. Тэгэхээр 2018 оны цалингийн хэмжээг инфляцитай уялдуулж итгэлцүүрээр тооцоолно. Тиймээс итгэлцүүрийн тооцоолол шинээр тэтгэвэр тогтоолгох хүнд хамаарах учраас үргэлж одоогийнх шиг том дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, цаашид энэ удаагийн итгэлцүүрээр нэмэх тооцоолол ирээдүйн бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн үг.
-Тэтгэврийн зөрүүг ойртуулахад хувиараа нийгмийн даатгал төлсөн, хувь тэнцүүлсэн, нийгмийн даатгал нөхөн тооцуулсан хүмүүс хамрагдах уу?
-2022 онд тэтгэвэр нэмэгдүүлсний дараа гарсан гомдол, саналд таны асуусан зүйлийн талаар хамгийн их дурдсан байдаг. Улсад огт ажиллаж байгаагүй, нөхөн тооцуулсан эсвэл хувь тэнцүүлсэн хүмүүс улсад 20, 30 жил ажилласан хүмүүстэй ижил түвшинд байгаад л хүмүүс гомдоллосон юм шүү дээ. Нөгөөтэйгүүр 2012 оны ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд 608 орчим мянган хүн хамрагдаж, 38 тэрбум төгрөг төлсөн. Эдгээрээс 324 мянга нь одоо тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт хоёр их наяд орчим төгрөгийн тэтгэвэр олгосон байгаа юм. Тиймээс эдгээр хүмүүсийн тэтгэврийн хэмжээг итгэлцүрээр нэмэхгүй. Харин нийтлэг нэмэгдүүлж байгаа 10 хувьд хамрагдах юм.
-Тэгвэл тэтгэврийн зөрүүг ойртуулж, нэмэхээс гадна нийгмийн халамжийн бүлэгт ямар байдлаар нэмэгдэл тооцох вэ?
-Тахир дутуу, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авагч 86.769 хүн бий. Үүнээс 6.333 тэтгэвэр авагчийнхыг итгэлцүүрээр тооцоолж нэмнэ. Харин халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийг 12.8 хувиар нэмэгдүүлж байгаа бөгөөд нийт 79 орчим мянган хүн хамрагдана. Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэсэн. Үүнд 66 орчим мянган хүн хамрагдах судалгаа гарсан. Үндсэндээ ирэх сарын 1-нээс 1.3 наяд төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэл болон хүүхдийн мөнгөнд зарцуулахаар төсвийн тодотголд тусгалаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 114 (7099)