Д.ДАРАМБАЗАР
Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 98, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудал байгуулагдсаны 66 жилийн ой угтан энэ сарын 26, 27-нд шүхэрчдийн үзүүлбэр болон БНСУ-ын DJ, хип хопчид, репперүүд, рок попынхон оролцсон хөгжмийн фестиваль зохион байгуулахаар болжээ. Энэ талаар “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын холбогдох хүмүүс “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал “Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг БХЯ, ЗТХЯ, ОБЕГ, НЗДТГ хамтран зохион байгуулж байна. Шоунд БНСУ-ын нисэхийн чиглэлийн хоёр сургууль хамтран оролцохоос гадна жижиг, дунд үйлдвэрүүд 100 гаруй үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүүхдийн тоглоомын хэсэг гарган, олон төрлийг агаарын хөлгийг танилцуулж, хүсвэл нисэж үзэх боломжийг олгохоор ажиллаж байна. Эхний өдрийн хөтөлбөрөө залууст зориулсан бол хоёр дахь өдрийг гэр бүлээрээ үзэхэд зориулж бэлтгэсэн” гэв. Харин BU Airshow-ны продюсер О.Энх-Од “Нэг өдрийн билет 30 мянга, хоёр өдрийн билет нь 50 мянган төгрөг байхаар тусгасан. Хоёр өдрийн турш 11.00-24.00 цаг хүртэл үргэлжлэх агаарын шоу үзүүлбэрийг 0-12 насныхан харгалзах хүнтэй бол үнэ төлбөргүй үзэх боломжтой. Мөн тус арга хэмжээний хоёр өдрийн тасалбар нь Бээжинд хосоороо аялах эрхийн бичиг болон хүүхдүүдэд зориулсан сугалаатай. Үүнээс гадна ХУД-ийн 120-ын автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал хүртэл автобус үнэгүй үйлчилнэ” гэж мэдээлэв.
Эх сурвалж: www.zms.mn