Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар мэргэжлийн болон техникийн боловсролын төсвийн шинэчлэлийн талаар маш чухал шийдвэр гаргасан. Үр дүнд суурилсан санхүүжилтийг эрүүл мэнд, боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жилээс ЕБС болон СӨБ-ийн салбарт үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн. Үүний адилаар мэргэжлийн болон техникийн боловсролын тогтолцоог үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлээд, мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийн өртгийг тооцдог болох шийдвэр гаргасан. Ингэснээр чадварлаг, авьяастай хүүхдүүд өндөр цалинтай ажиллаж болдог болно. 2012 оноос хойш мэргэжлийн боловсролын санхүүжилтийн тогтолцоо огт өөрчлөгдөөгүй юм байна. Мөн есдүгээр ангиа төгсөөд санхүүгийн бололцоогүй эсвэл амьжиргааны түвшин доогуур хүүхэд мэргэжлийн боловсролоор суралцдаг гэсэн өрөөсгөл ойлголт байдаг. Гэтэл Монгол Улсын хөгжил дэвшил, хөдөлмөрийн эрэлт нийлүүлэлтэд хэрэгтэй байгаа мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо руу шилжүүлэх боломжтой. Тиймээс ЕБС сургуулиа төгсөөд 2,5 жил суралцдаг байсныг 9-р ангиа төгсөөд 3 жил суралцах байдлаар нэг болгож нэгтгэнэ.Энэ нь ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулахын тулд Мэргэжлийн боловсролын хөтөлбөрүүдийн өртгийг тооцдог болох, энд суралцаад төгсөхөд өндөр цалинтай ажилтай, авьяастай хүүхдүүдийг бэлддэг тогтолцоо руу шилжүүлэх түүхэн шийдвэр юм. Жишээ нь, гагнуурчин, үсчинг ч 2,5 жилийн 2 сая төгрөгөөр бэлдэж байна. Гэвч эдгээр хоёр мэргэжлийг бэлтгэх өртөг тусдаа байх ёстой. Бүтээмж өндөртэй мэргэжилтнүүдийг бэлтгэх болно.Өнөөдрийн байдлаар мэргэжлийн боловсролын түвшинд 38 мянган оюутан хувийн болон төрийн 77 МСҮТ-д сурч байгаа. Хамгийн ур чадвартай хүүхдүүд МСҮТ-ээр дамжиж, их дээд сургуульд суралцдаг болох өөрчлөлтийг хийхийг зорьж байна.Түүнчлэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн статусыг дээшлүүлж, сургууль болгон өөрчилнө" гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn