Баттулгын БЯМБАЖАРГАЛ
Балгас болсон байшин, гудамж, талбай, нурангин дороос аврал хүлээх дүр төрх, гамшгийн голомтыг гэрэл зургийн дуранд буулгасан “Нуранги” үзэсгэлэн Сүхбаатарын талбайд олны хүртээл боллоо. Энэ үзэсгэлэн бол БНТУ-д болсон газар хөдлөлтийн хүнд нөхцөл байдлыг бодитоор мэдрүүлэх гэрэл зургийг буулгаж халуун голомтод нь ажилласан гэрэл зурагчин Э.Ганзоригийнх. Гэрэл зургийн үзэсгэлэнд үнсэн саарал болсон Хатая хотын гудамж, нурсан байшингийнхаа өмнө гал түлэн дулаацах иргэд, нурангин дороос хурааж хадгалсан хөрөнгөө олсон нэгний баярт царайнаас эхлээд хэмхэрч бутарсан цементэн дороос аврал эрэх нэгний хүндхэн зургууд дэлгэгджээ. Гамшгийн дараах нөхцөл байдал хүнд, урьдчилан сэргийлэх, бэлэн байх ямар чухлыг үзэсгэлэнд дэлгэгдсэн гэрэл зургууд сануулах шиг. Тийм ч зорилгоор нээсэн нь тодорхой юм.
Манай улсад 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн давтамж жил бүр нэмэгдэж эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс газар хөдлөлтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг ослын үед хариу арга хэмжээ авч тусламж үзүүлэх, мэдээллийг түгээхээр зорилгоор “Бэлэн бай” аяныг ОБЕГ-аас санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Аяныг ОБЕГ-аас “Оюу толгой” ХК-тай хамтран зургадугаар сарын 9-нийг хүртэл зохион байгуулах аж. Аяны хүрээнд “Нуранги” үзэсгэлэнг дэлгэж аюул, гамшгийн үед бэлэн байхыг уриаллаа. Энэ талаар БНТУ-д тохиолдсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх, аврах, эмнэлгийн яаралтай тусламж дэмжлэг үзүүлэх Монголын аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр “Үзэсгэлэнд дэлгэгдсэн энэ зургууд бол бодит зургууд. Монгол Улсын аврах багийн үүрэг гүйцэтгэсэн Хатая хот нь газар хөдлөлтийн голомт бөгөөд хамгийн их хохирол амссан. Байгалийн гамшигт үзэгдэл, газар хөдлөлтийн аюулыг олон нийтэд таниулах зорилгоор “Бэлэн бай” аяны хүрээнд “Нуранги” үзэсгэлэнг дэлгэлээ. Газар хөдлөлтийн улмаас ямар их хохирол, уй гашуу, үгүйрэл сүйтгэл учирдгийг бид нүдээрээ харлаа. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр газар хөдлөлтийн аюул тохиолдоход болон давж гарахад бид бэлэн байна уу гэдгийг сануулах зорилготой. Тиймээс газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, давах туулахад анхаарч стратегийн команд штабын сургуулийг хийнэ. Байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг сайжруулах том зорилгын хүрээнд сургуулийг зохион байгуулна” гэв.
Газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал, үүссэн хор уршиг, аж амьдрал камерийн дуранд тод үлджээ. Энэ талаар гэрэл зурагчин Э.Ганзориг “Газар хөдлөлтийн голомт, гамшгийн хүнд нөхцөлд очиж байгаагаа мэдэж байсан ч газар дээр нь очиж нүдээр үзэхэд илүү хүнд тусаж байсан. Манай улсын аврах баг бусад улс орноос техник, хэрэгслээр дутуу байсан ч илүү чадварлаг ажиллаж нурангин дороос найман хүний амь аварч ажилласан. Тэр бүх аврах ажиллагаа, гамшгийн дараах Хатая хотын төрх, амьд гарсан иргэдийн байдлыг гэрэл зурагт буулгаж хадгалж авсандаа гэрэл зурагчний хувьд олзуурхаж байгаа. Аврах ажиллагааны үеэр Монголын аврах багаас холдож болохгүй хагас цэрэгжилтийн байдалтай явсан учраас цэргийн госпиталын эмнэлгийн тусламж үзүүлж байгаа үеийг буулгаж чадаагүйдээ харамссан” гэсэн юм.
Олон нийтийг газар хөдлөлтийн гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх, даван гарахад “Бэлэн бай”-лгахын тулд ирэх зургадугаар сарын 8-ны өдрийн 16:00 цагт Улаанбаатар хотод суурилуулсан зарлан мэдээллийн дохиог дуугаргаж иргэд өөрсдийн гэрт ойр аюулгүй цэгт очих дадлага, сургуулалтыг хийнэ. Нийслэлийн хэмжээнд НИТХ-аар баталсан 191 аюулгүй цэг байдаг. Мөн мэргэжлийн байгууллагууд аврах ажиллагаа болон хээрийн эмнэлэг дэлгэх, эрэн хайх ажиллагаа хийнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)