Пүрэвдашийн АМГАЛАНБАЯР
Нийгмийн дуу хоолой болох хариуцлагатай ажилд мөр зэрэгцэн алхаж буй мэргэжилтнүүд бол сэтгүүлчид. Бид нэг алхмын өмнө бодож, сэтгэж өөрийгөө хөгжүүлж, цаг үеэ мэдэрсэн үнэн зөв, гарц гаргалгаатай мэдээ мэдээллийг нийгэмд түгээх үүрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллийн редакцууд болон МСНЭ-ээс тодорхой ажлыг үе шаттай зохион байгуулдаг. Үүний нэг бол Монгол-Солонгосын сэтгүүлчдийн нэгдсэн форум. Энэ хүрээнд хоёр улсын сэтгүүлчид туршлага солилцож, тухайн үеийн нийгэмд тулгамдсан асуудлын талаар хэлэлцэж, саналаа дэвшүүлдэг билээ. Ийнхүү Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форумд оролцох баг БНСУ-ын Сөүл хотыг зорьсон юм. Холын замд дөрөө нэгтгэсэн багийн нэг гишүүн болж, форумын үйл ажиллагааг сурвалжиллаа.
Алсад цэлийн мэлтэлзэх гүн цэнхэр далай, чийглэг дулаан уур амьсгал, орчин үеийн шийдэл бүхий барилга, цэвэр орчин биднийг угтлаа. Монгол-Солонгосын сэтгүүлчдийн хоёрдугаар форум Сөүл хотод эхлэв.
Үндсэн гурван агуулгын хүрээнд санамж бичиг үзэглэв
Форумын эхэнд МСНЭ, Монголын үндэсний сайтын хөгжлийн холбоо, Монголын сайтын холбоо, Солонгос улсын интернэт сонины холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Хоёрдугаар форумыг МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар нээж "Манай МСНЭ 2013 оноос өнөөдрийг хүртэл Солонгосын сэтгүүлчдийн холбоотой найрсаг хамтын ажиллагаатай ажиллаж байна. Үүний үр шим болж Солонгосын цахим сэтгүүл зүйн толгой том байгууллага болох интернэт сонины холбоотой санамж бичиг байгуулж байгаад баяртай байна. МСНЭ, Солонгосын сэтгүүлчийн холбоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах яриа эхлээд 10 жил, санамж бичиг зурж ажил хэрэг болгоод есөн жил болж байна. Энэ хамтын ажиллагааны эхлэлийг тавьж мөн өнөөдрийн хэмжээнд хүртэл хөгжүүлсэн үе үеийн удирдлагуудад талархлаа" гэсэн юм.
Харин Солонгосын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ким Дун Хун "Дөрвөн жилийн өмнө Улаанбаатар хотод анхдугаар форум зохион байгуулж байсан. Цар тахлын улмаас дөрвөн жил завсарласнаар хоёрдугаар форумаа зохион байгуулж байна. Хоёр улсын байгаль орчны асуудалд сэтгүүлчид бидний оролцоо чухал юм. Энэ удаагийн хурлаар олон асуудлыг ярилцаж, шийдлийг эрэлхийлнэ гэдэгт итгэж байна” гэв.
Хоёр орны сэтгүүлзүйн байгууллагуудын хамтын ажиллагаа санамж бичгийн хүрээнд Монгол-Солонгос улсын цахим сэтгүүл зүйн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан мэдээ мэдээлэл, туршлага, боловсон хүчин солилцох боломж бүрдэж байна. Мөн технологийн хувьд харилцан бие биеэсээ суралцах гэсэн гурван агуулгын хүрээнд ийнхүү санамж бичгийг үзэглэв.
Монгол-Солонгосын сэтгүүлчдийн анхдугаар форумыг “Хоёр орны сэтгүүл зүйн хамтын ажиллагаа, дижитал эрин дэх сэтгүүл зүйн ирээдүй” гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцсэн. Харин энэ удаа хоёр дахь форумоо дэлхий дахины өмнө хөндөгдөж буй чухал асуудлыг хөндлөө. Тодруулбал, “Дэлхийн цаг уурын өөрчлөлт байгаль орчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Түүнд сэтгүүлчдийн оролцоо” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулав. Форумын хүрээнд дөрвөн илтгэл хэлэлцүүлсэн юм. БНСУ-ын Байгаль орчны яамны харьяа Ой, байгаль орчны судалгааны төвийн цөлжилтийн эсрэг мэргэжилтэн, доктор Park Ki-Hung “Төв Азийн бүс нутгийн цөлжилт ба газрын доройтол, хамтын ажиллагаа”, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Ц.Мөнхбаатар “Цөлжилтийн эсрэг хэрэгжүүлж буй ойжуулалт, түүнд сэтгүүлчдийн оролцоо, Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн “Дэлхийн цаг уурын өөрчлөлт ба түүнд нөлөөлөх сэтгүүлчдийн оролцоо, МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ууганбаяр “Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудал, сэтгүүлчдийн оролцоо” гэсэн сэдвээр илтгэл өрнүүллээ. Энэ талаар тоймлон хүргэе.
Гал түймэрт өртсөн газрыг сэргээнэ
Эхний илтгэлийг БНСУ-ын Ойн газрын мэргэжилтэн, доктор Park Ki-Hung “Төв Азийн бүс нутгийн цөлжилт ба газрын доройтол, хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хэлэлцүүллээ. Тэрбээр “Цөлжилтийн талаарх дүрс бичлэг үзүүлэв. Бичлэгт цөлжилт нь хүн амьтанд халтайгаас гадна ургамалд хүртэл ямар хор хөнөөлтэйг харуулсан юм. Солонгос улсад 2000 оны эхээр шороон шуурганы асуудал эрчимтэй хөндөгдөж эхэлсэн байна. БНСУ-ын Байгаль орчны яам дэлхийн 21 улстай хамтран ажилладаг. Үүнээс Хятад, Монгол Улстай 1990 оны сүүлээс хамтран ажиллаж эхэлжээ. Ийнхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын цөлжилтийн эсрэг арга хэмжээ авч, тодорхой хэмжээний тусламж үзүүлэн ажиллаж байна. Тухайлбал, 2007-2016 онд Төв аймгийн Лүн, Өмнөговь аймгийн Даланзадгад, Баянзагт цөлжилтийг багасгах зорилгоор ойжуулах ажлыг хийсэн. Үүний дараа 2017-2021 онд эхний хийсэн ажлуудаа дүгнэх мөн хоёр дахь хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг эхлүүлсэн. Харин гурав дахь хамтын ажиллагааны хүрээнд 2022-2026 онд хийх ажлуудаа төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажиллаж эхэлжээ. Ингэхдээ гал түймэрт өртсөн газрыг сэргээн засварлах зорилгыг барьж ажиллаж байна. Ойжуулна гэдэг урт хугацааны ажил. Бид ч гэсэн цаашдаа илүү судалгаа хийнэ. Тухайн хийж буй ажлыг цаашдаа хэрхэн авч явах вэ гэдэг нь чухал. Мөн тухайн газрыг ойжуулаад алдаж болно. Энэ нөхцөл байдлыг ашигтай, алдагдалтай гэж дүгнэхээс илүү өөр өнцгөөс харж судлах хэрэгтэй. Судалгааны ажилд алдсан мэдээлэл, туршлага чухал хэмээн үздэг. Жишээлбэл, ойжуулах явцад адилхан технологи ашигласан ч гэсэн А бүсэд сайн ургасан байж болох ч Б бүсэд алдагдал хүлээж болно. Үүнээс Б бүсэд яагаад сайн ургаагүй вэ гэдгийг судалж шалтгааныг нь мэдчихвэл илүү сайн арга технологи бий болно” гэсэн юм.
Байгаль орчны сэтгүүлчдийг мэргэшүүлэх нэг жилийн сургалт болно
Хоёр дахь илтгэлийг МСНЭ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ууганбаяр “Цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудал, сэтгүүлчдийн оролцоо” гэсэн сэдвээр өрнүүллээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудаас байгаль орчны сэдвээр 200 орчим сэтгүүлч мэдээ мэдээлэл бэлтгэж байна. Үүнээс мэргэшсэн 68 сэтгүүлч байна гэсэн судалгаа бий. Тэд “Байгаль орчны сэтгүүлчид”, “Ногоон дэлхий” гэсэн хоёр клубт харьяалагдаж хамтран ажилладаг. Сэтгүүлчид иргэдийн мэдэх эрх, ойлгуулах тал дээр хариуцлагатай ажилладаг учраас өөрсдөө тухайн асуудлаа мэдэж байж бусдад түгээнэ. Энэ ажлын хүрээнд байгаль орчны чиглэлээр сэтгүүлчдийг мэргэшүүлэх, чадваржуулах ажлыг МСНЭ цаашид хэрэгжүүлж хамтран ажиллахаар төлөвлөн ажиллаж байгааг дурдлаа. Тухайлбал, БОАЖЯ-ны дэмжлэгтэй цуврал сургалтуудыг ирэх намраас хийхээр төлөвлөжээ. Мөн ирэх сараас Хэвлэлийн хүрээлэн дээр байгаль орчны сэтгүүлчдийг мэргэшүүлэх нэг жилийн сургалт эхлэх юм байна.
Монголын сэтгүүлчид ихэнх тохиолдолд уул уурхай түүнээс үүдэлтэй байгаль орчны доройтлыг хөндсөн мэдээ, мэдээлэл зонхилж, мэдээлдэг байсан. Харин одоо хариуцлагатай уул уурхай, түүнээс үүдэлтэй байгаль орчны нөхөн сэргээлт гэсэн мэдээллийг уул уурхайн тал дээр баримтлан бичиж байна. Байгаль орчны сэдэвтэй холбоотой сэдвийн 40 орчим хувийг уул уурхайтай холбоотой мэдээлэл эзэлж байгааг дурдсан юм. Зөвхөн уул уурхайгаас гадна дэлхийн дулаарал байгалийн доройтол, байгаль хамгаалах орчинд ээлтэй үйл ажиллагаа гэсэн өргөн хүрээг хамарсан цуврал мэдээ, мэдээллийг нийтлэх хандлага манай хэвлэл мэдээллийн салбарт ажиглагдах болсон гэв.
Дэлхийн дундаж дулаарал ойрын үед 2.4-2.7 хэм хүрэх тооцоотой байна
Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн “Дэлхийн цаг уурын өөрчлөлт ба түүнд нөлөөлөх сэтгүүлчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг тавилаа. Эднийх 52 жилийн түүхтэй судалгааны байгууллага юм. Илтгэлд дурдсанаар дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн таван жилийн өмнөөс БНСУ их алдагдал хүлээжээ. Тухайлбал, 2018 онд Солонгост анх удаа хэт халж, Сөүлд +40 хэм хүрсэн байна. Мөн өнгөрсөн долоон жил Солонгост болсон хамгийн халуун үе байжээ. 2020 онд 52 өдрийн турш үргэлжилсэн бороо орсон. Өнөөдрийн байдлаар зун 118, өвөл нь 87 хоног үргэлжилдэг болжээ. Үүнээс дэлхийн дулаарал хэрхэн явагдаж байгааг харж болно. Дэлхийн дулаарал нэмэгдэж буй гол шалтгаан нь хүлэмжийн хийн ялгарал. Тиймээс нүүрстөрөгчийг хэр зэрэг ялгаруулж байгаа улс вэ гэдгээсээ шалтгаалаад дэлхийн дулааралд хор нөлөө үзүүлж буй нь тодорхойлогддог.
Монгол Улсын хувьд нүүрстөрөгчийг бага хэмжээгээр ялгаруулдаг учраас хохирогч улс гэж хэлж болно. Харин БНСУ-ын хувьд нүүрстөрөгчийг их хэмжээгээр ялгаруулж байгаа болохоор хохироогч улс болж илүү өндөр хариуцлага хүлээх шаардлагатай байна гэсэн үг. Германы судалгааны газраас аль улс их хохироогч болон хохирол амсаж байгааг жил бүр шинэчилж гаргадаг байна. Судалгаанаас үзэхэд Монгол Улс дэлхийн 200 гаруй улсаас 46-д жагсаж, дэлхийн дулаарлаас үүдэн их хохирол амсаж байна. 2021 оны байдлаар БНСУ 616 сая тонн, Монгол Улс 50 сая тонн нүүрстөрөгчийн хий ялгаруулжээ. Дэлхийн 200 гаруй улсаас нүүрстөрөгчийн хий ялгаруулж буй байдлаар Солонгос 10-т, Монгол 57-д бичигдсэн байна. Харин нүүрстөрөгчийн хийн 50-аас дээш хувийг АНУ, Хятад ялгаруулдаг байна. БНСУ-ын хувьд нүүрстөрөгчийн хийг ялгаруулж байгаа гол салбар нь газ, тос, нүүрс байна. Харин манай улсын хувьд нүүрс ихэнх, газрын тос бага хувийг эзэлжээ.
1700-1800 он буюу аж үйлдвэрийн хувьсал үүссэнээс хойш дэлхий 1.1 хэмээр байнга дулаарчээ. Энэ үзүүлэлт дээр нэмээд 0.4 хэмээр нэмж дулаарвал жилд 1.5 хэм болно гэсэн үг. Хэрэв ийм байдалд хүрвэл дэлхий дээр амьд амьтан ургамал үлдэх боломжгүй. БНСУ, Монгол Улс гээд дэлхий нийтээрээ дэлхийн дулаарлын эсрэг зорилго дэвшүүлжээ. Жишээлбэл, БНСУ 2018 онд хамгийн их буюу 700 сая тонн нүүрстөрөгчийн хийг ялгаруулжээ. Тиймээс 2030 он хүртэл энэ хэмжээг 40 хувиар багасгах зорилтыг тавин ажиллаж байна. Улс орнууд дэлхийн дулаарлын эсрэг зорилгоо хэрэгжүүллээ гэхэд дэлхийн дундаж дулаарал ойрын үед 2.4-2.7 хэм хүрэх тооцоотой байна.
2015 оны Парисын хэлэлцээрээр дэлхийн дулаарлыг 1.5-2 хэмд барина гэжээ. Яагаад гэвэл жилд 1.5 болон хоёр хэм дулаарахад дэлхийд ямар өөрчлөлт гарах вэ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа байгаагүй. Тиймээс судлаачдад харьцуулсан судалгаа хийх үүрэг өгсөн. Ингээд 2018 онд БНСУ-д зохион байгуулсан хурал дээр үр дүнг танилцуулахад 2015 онд Парисын хэлэлцээрээр хоёр хэм гэж баталсан нь маш аюултай тоо байна. Учир нь жилд хоёр хэм дулаарвал ойрын хэдэн жил далайн нэг эст ургамлын 99 хувь устаж үгүй болно. Өөрөөр хэлбэл, далай тэнгисийн эко системийн 99 хувь устана гэсэн үг. Харин 1.5 хэм дулаарвал 70 хувь нь устана гэсэн үр дүнг танилцуулжээ.
Энэ хэлэлцээрээр жилд гарч байгаа хүлэмжийн хийн ялгарлаа бууруулна гэж улс орнууд амлалт өгчээ. Гэвч одоо хүртэл хүлэмжийн хийгээ хэдэн хувиар бууруулах, ямар арга хэмжээ авахаа зарлаагүй улс олон байна. Дэлхийн дулаарал 2.7 хэм гэдэг бол шинжлэх ухааны нотолгоотой гаргаж байгаа тоо. Хэрэв судлаачдын үндэслэлээр гурван хэм хүрнэ гэдгийг илтгэлийн үеэр хэлж байв. Үүнээс үзэхэд дэлхийн дулаарал зөвхөн цаг уурын асуудал биш. Ийм нөхцөлд бид амьдарна гэж тооцвол ган гачиг, хоол, шим тэжээл, цэвэр усны хомсдол бий болно. Дэлхийн дулаарлыг цаг уур, байгаль орчны асуудал ярьдаг. Гэвч энэ нь цаашлаад эдийн засаг, хоол тэжээл, цэвэр усны асуудал юм. Байгаль орчны асуудалд хил хязгаар гэж байхгүй. Тиймээс хил хязгаарыг давсан илүү хамтын ажиллагаа зайлшгүй чухал гэдгийг Грийнфийс олон улсын байгууллагын БНСУ дахь төвийн мэргэжилтэн онцолж байв.
Ийнхүү форумын хоёр дахь өдөр үзэсгэлэнт Жэжү хотыг зорьсон юм. Тухайн газар нутгийн оршин тогтнохын төлөө туулсан түүх замнал их үнэ цэнтэй байдаг. Тиймээс Жэжүгийн дөрөвдүгээр сарын 3-ны үйл явдлын талаарх сурвалжлагаа дараагийн нийтлэлдээ хүргэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 103 (7088)