ГЭРЭЛ ЗУРГИЙГ Р.ОЮУН

Бүгд Найрамдах Турк улсад үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн болон газар хөдлөлтийн дараах нөхцөл байдлыг харуулсан "Нуранги" гэрэл зургийн үзэсгэлэн Сүхбаатарын талбайд дэлгэгдлээ. Монголын эрэн хайх, аврах багт үүрэг гүйцэтгэсэн гэрэл зурагчин Э.Ганзоригийн “Нуранги” нэртэй тус үзэсгэлэн өнөөдөр, маргааш  үргэлжилнэ. Үзэсгэлэнд Монгол Улсад суугаа Туркийн элчин сайд болон Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн ирсэн байв. Гэрэл зурагт БНТУ-д Хатая мужийн Хатая хотод үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэн хайх, аврах багийн үйл ажиллагаа болон тус мужийн газар хөдлөлтийн дараах нөхцөл байдал, газар хөдлөлтийн улмаас үүссэн хор уршиг, аж амьдралыг иргэдэд хүргэж байна. 

Гэрэл зурагчин Э.Ганзориг "Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг хүний хувьд гамшгийн бүсэд юу болсон, болж байгааг үнэн бодитоор, элдэв хачиргүй харуулна гэх бодол тээсээр очсон нь том алдаа бас сургамжтай байлаа. Газар хөдлөлт болсон газар очиж байгаа хүн аврах ажиллагаа хэрхэн явагддагийг мэддэг байх хэрэгтэйг Туркт өнгөрүүлсэн өдрүүдээс ойлгосон. Орон гэр, эд хөрөнгө, хамгийн гол нь хайртай хүмүүсээ алдсан хэн нэгний зовж шаналсан нүд рүү камераа чиглүүлэх бүрт ажил, мэргэжил минь надаас харгис, хатуу байхыг шаардаж байх шиг санагдсан. Гэвч энэ бол миний сонгосон мэргэжил. Энэ бүхэн болоод өнгөрнө, тоо л үлдэнэ. Харин бодит байдал ямар байсныгг хэн ч мэдэхгүй өнгөрвөл дэндүү харамсалтай. Гэрэл зурагчин Ц.Батзориг агсны хэлснээр "Бид үлдээх юмтай улс" билээ гэсэн юм.

Эх сурвалж polit.mn